МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-06-30
Дугаар 213
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, сахилгын хэргийн оролцогч шүүгч Д.Г нарыг оролцуулан, ... шүүхийн шүүгч Д.Г-д холбогдох, Сахилгын хорооны гишүүний 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 111 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
“Д Э ” ХХК-ийн захирал А.Б сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “...“Д Э ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгож, дампуурсанд тооцуулах тухай хүсэлтийг ... шүүхэд 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гаргаж, тус шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШЗ2019/07639 дугаар шүүгчийн захирамжаар “Д Э ” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон. Ингээд 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02815 дугаар шийдвэрээр “Д Э ” ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгахаар шийдвэрлэсэн. Тус шийдвэрт ... дүүргийн Татварын хэлтэс гомдол гаргаснаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хэрэг Д.Г шүүгчид хуваарилагдсан. Шүүгч Д.Г нь хэргийг хянан шийдвэрлэх явцдаа холбогдох хуулийг зөрчиж, өөрийн санаачилгаар шинжээч томилох, шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарт шинжээч болон прокурор томилуулахыг санал болгох, шинжээчээр зөвхөн “Г п а” ХХК-ийг томилох, томилогдсон шинжээчээр нэг талыг барьсан дүгнэлт гаргуулах зэргээр хувийн өш хонзон, хувийн сэдлээр хандаж хэргийг хэрэгсэхгүй болгох санаа зорилго агуулан ажилласан. “Г п а” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь хуулийн этгээдийн бус А.Б миний хувийн дансны гүйлгээний орлого хэсгээр дүгнэлт гаргасан. 2015 он хүртэл манай компанийн хувь эзэмшигчийн нэг байсан “Д к” ХХК болон түүний захирал Ж.Э тэй шүүгч Д.Г нь хувийн өш хонзонтой байсны улмаас манай “Д Э ” ХХК-ийг хамаарал бүхий этгээд гэж үзэж ийнхүү хууль бус ажиллагаа явуулсан гэж үзэж байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд “мэтгэлцэх зарчим” хуульчилсныг шүүгч ноцтойгоор зөрчсөн. Хэргийн оролцогчийн зүгээс нотлох баримт бүрдүүлэх, шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй байхад шүүх зохигчийн эрхийг эдэлж, өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх шийдвэр гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн. Манай компани 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр шүүгч Д.Г оос татгалзсан боловч шүүх хүсэлтийг хангаагүй. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу сахилгын хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүгч Д.Г Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...“Д Э ” ХХК-ийн дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлтийг шүүх 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 6266 дугаар захирамжаар дампуурлын хэрэг үүсгэсэн. Цаашлаад 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 7639 дүгээр захирамжаар төлбөрийн чадваргүйд тооцсон байна. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... дүүргийн татварын болон нийгмийн даатгалын хэлтэс нэхэмжлэгчээр оролцсон. Тус шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2815 дугаар шийдвэрээр хүсэлтийг хангаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2361 дүгээр магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Энэхүү хэрэг нь “Д Э ” ХХК-ийн хүсэлтээр онцгой ажиллагааны журмаар үүсгэгдсэн, цаашлаад шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх журамтай. Иймд дээрх магадлалд заасан асуудлыг баримтаар нотолж тодруулах зорилгоор холбогдох баримтуудыг гаргуулсан болно. Ийнхүү баримт гаргуулсан нь Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т нийцсэн гэж үзнэ. Түүнчлэн, хэрэг гүйцэтгэгчээр дахин дүгнэлт гаргуулсан боловч магадлалд заасан асуудлыг нарийвчлан бүрэн гүйцэт тодруулаагүй байсны улмаас мэргэшсэн нягтлан бодогч буюу аудитаар дүгнэлт гаргуулсан. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т зааснаар “Г п а” ХХК-аас дүгнэлт гаргах боломжтой эсэхийг тодруулахад боломжтой гэсэн тул уг хуулийн этгээдийг шинжээчээр томилсон. Шүүгчийн зүгээс шинжээчтэй ямар нэг хувийн харилцаа байхгүй. Иймд зөвхөн нэг этгээдийг шинжээчээр томилсон гэх тайлбар үндэслэлгүй. Үүнээс гадна дүгнэлт гаргах шинжээчид хэн нэгэн буюу шүүгч ямар нэг байдлаар хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй бөгөөд гомдолд ийнхүү дурдсан нь хоосон хардлагын шинжтэй, нотлогдоогүй зүйл байна. Цаашлаад дампуурлын хэрэг үүсгэж, улмаар төлбөрийн чадваргүйд тооцох тухай шүүгчийн захирамж нь хэргийг нэг мөр шийдэж байгаа ойлголт биш юм. Энэ нь хуульд зааснаар дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тул уг захирамж байгаа гэсэн утгаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаас татгалзах, эсхүл дутуу явуулах үндэслэлгүй юм. Мөн шүүх хэргийн оролцогч нарыг эрхээр хангах үүрэгтэй тул нэхэмжлэгч нараас шинжээч томилох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлөн прокурор оролцуулах хүсэл зориг байгаа эсэхийг тодруулах нь шүүхэд хуулиар ногдуулсан үүрэг юм. Өөрөөр хэлбэл, хүсэлт гаргагч талд мэргэшсэн хуульч оролцож байгаа бөгөөд харин нэхэмжлэгч нар нь санхүүгийн мэргэжилтэй этгээд байх тул тэдэнд хууль тайлбарлаж өгсөн нь буруу биш гэж ойлгож байна. Улмаар нэхэмжлэгч ... дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн төлөөлөгч нь төрийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлөн прокурор оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан. Энэхүү хүсэлтийг нэхэмжлэгч татварын байгууллагын төлөөлөгчид дэмжсэн. Энд нэхэмжлэгч нар нь шинжээч томилуулах хүсэлтэй боловч шинжээчийн зардлаас шалтгаалж хүсэлт гаргах боломжгүй гэх тайлбар 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлд тусгагдсан байгааг дурдах нь зүйтэй. Харин прокурор нь хэргийн материалтай танилцсаны дагуу шинжээч томилох тухай хүсэлт гаргасан. Хэргийн оролцогчдод шүүгчийн туслах хэргийн материал танилцуулдаг бөгөөд энэ үед шүүгчийн оролцоогүйгээр прокурор нь дээрх хүсэлтийг гаргасныг шүүгч маргааш өдөр танилцаж, улмаар дараагийн өдөр нь хүсэлтийг хангаж, захирамж гаргасан болно. Шүүгч прокурорын газрын төлөөлөгчтэй ганцаарчлан уулзсан зүйлгүй бөгөөд гомдолд прокурорыг хүлээн авч уулзсан гэж дурдсан нь үндэслэлгүй. Эдгээрээс гадна гомдолд дурдсан Ж.Э гэх хүнийг шүүгчийн зүгээс танихгүй бөгөөд хэргийн оролцогч биш юм. Харин магадлалд дурдсанаар “Д к” ХХК нь хувьцаа эзэмшигч байсны хувьд уг хуулийн этгээд болон түүний үүсгэн байгуулагчийн эд хөрөнгө нь “Д к” ХХК-ийн хөрөнгөнөөс зааглагдсан эсэхийг тогтоохын тулд холбогдох баримтуудыг гаргуулсан болно. Цаашлаад “Д Э ” ХХК-ийн захирал А.Б нь гомдолд дурдсан үндэслэлээр шүүгчийг татгалзан гарах тухай хүсэлт гаргасныг ... шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэсэн хүчин төгөлдөр Ерөнхий шүүгчийн захирамжаар магадлалд дурдсан ажиллагаа явуулсан нь зөв гэх агуулгаар дүгнэсэн болно. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Сахилгын хорооны гишүүн С.Энхтөрийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд:
Нэг. “Шүүгч өөрийн санаачилгаар шинжээч томилсон” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд; Тус шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШЗ2021/06051 дүгээр шүүгчийн захирамжаар “...шинжээчээр “Г п а” ХХК-ийг томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Уг захирамжид хүсэлт гаргагч “Д Э ” ХХК-аас гомдол гаргаж, гомдлыг хянан хэлэлцсэн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШТ2021/00146 дугаар шүүхийн тогтоолоор уг захирамжийг “хэргийн оролцогч нараас шинжээч томилох эсэхийг тодруулаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгосон байна. Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамжийг хуульд заасны дагуу 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянаж, шүүгч шинжээч томилсон ажиллагаанд эрх зүйн дүгнэлт хийсэн байна. Иймд хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй.
Хоёр. “Шүүгчээс хэргийн оролцогч хүсэлт гаргаагүй байхад зохигчийн эрх эдэлж, үндэслэлгүй захирамж гаргасан” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд: Тус шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШЗ2021/05745 дугаар шүүгчийн захирамжаар “...“Д к” ХХК-ийн дэлгэрэнгүй мэдээллийг, 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШЗ2021/05926 дугаар шүүгчийн захирамжаар “...Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газраас холбогдох баримтыг” тус тус гаргуулахаар шийдвэрлэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.10-т шүүх хуулийн этгээдийг дампуурсанд тооцох хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан. Шүүгч Д.Г нь уг хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхдээ эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тодруулахаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэснийг хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрсөн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь тухайн үйл баримтыг өөрөөр тогтоох боломжгүй тохиолдолд сонирхогч этгээдийн хүсэлтээр онцгой ажиллагааны журмаар буюу хэрэг хянан шийдвэрлэх ердийн журмаас өөр зохицуулалтаар шүүх өөрийн санаачилгаар тухайн үйл баримтыг тогтоох зорилгоор нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг хийдэг.
Гурав. “Шүүгч “Д к” ХХК болон түүний захирал Ж.Э нартай хувийн өш хонзонтой байсны улмаас манай байгууллагыг хамаарал бүхий этгээд гэж үзэж хууль бус ажиллагаа явуулсан” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:Сахилгын хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд “Д к” ХХК нь 2012 онд “Д Э ” ХХК-ийн 59 хувийн хувьцаа эзэмшиж байгаад 2015 оноос хувьцаа эзэмшихээ больсон байна. Энэ нь “Д к” ХХК-ийн захирал Ж.Э ээс 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбараар давхар тогтоогдоно. Иймд “Д Э ” ХХК, “Д к” ХХК нь хоорондоо хамаарал бүхий байгууллага биш байна. Түүнчлэн, шүүгч Д.Г сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа “...Ж.Э гэх хүнийг танихгүй, магадлалд дурдсанаар “Д к” ХХК нь хувьцаа эзэмшигч байсны хувьд уг хуулийн этгээд болон “Д к” ХХК-ийн хөрөнгөнөөс зааглагдсан эсэхийг тогтоохын тулд холбогдох баримтуудыг гаргуулсан” гэжээ. Иймээс өргөдөлд дурдсан үйл баримт үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл, Ж.Э нь тухайн хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч болон иргэний хэргийн оролцогч биш байна.
Дөрөв. “Шүүгч шүүх хуралдаанд хэргийн оролцогчид шинжээч болон прокурор томилуулахыг санал болгосон” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд: Тус шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2021/13534 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч ... дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т ын гаргасан төрийг төлөөлж прокурор оролцуулах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулжээ. Шүүх хуралдааны явцад даргалагчаас “...Хэрэв хүсэлт гаргагчийн хүсэлт хангагдвал 136,000,000 төгрөгийг татвараас чөлөөлөгдөх асуудал яригдана. Ингэх юм бол төрийн эрх ашиг хөндөгдөж байна гэж та бүхэн тайлбарладаг. Шинжээч томилуулах, прокурор оролцуулах хүсэлт байна уу, нэхэмжлэлээ дэмжиж байна уу” гэж нэхэмжлэгч талаас түүний гаргасан тайлбартай нь холбогдуулан тодруулж асуужээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэх, зохигч эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг шүүх хуралдаан даргалагч асууж тодруулна.” гэж заасан. Энэ хүрээнд, үйл баримтыг онцгой ажиллагааны журмаар тогтоох зорилгоор хэргийн оролцогч нараас тодруулж, асуусан нь хууль зөрчөөгүй. Улмаар ... дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн төлөөлөгч Т.Т оос төрийг төлөөлж прокурор оролцуулахыг хүссэн хүсэлтийг шүүх хуралдааны явцад гаргасныг ... дүүргийн татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас татгалзах зүйлгүй гэж тайлбарласан болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, тэдний бичгээр гаргасан хүсэлт, тайлбараар тогтоогдож байна. Ийнхүү шүүгч Д.Г нь хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасны дагуу хангаж шийдвэрлэсэн тул энэ талаар гаргасан өргөдөл үндэслэлгүй.
Тав. “Шинжээчээр зөвхөн “Г п а” ХХК-ийг томилж холбогдох хууль зөрчсөн” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд: ... дүүргийн прокурорын газрын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1/44263 дугаар албан бичгээр уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ахлах прокурор П.Мөнхцэцэгийг томилж, тэрээр хэргийн материалтай танилцаж, 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан байна. Ийнхүү прокуророос шинжээч томилуулахаар хүсэлт гаргасныг шүүгч санал болгосон гэж үзэх үндэслэлгүй. Прокурорын хүсэлтийг 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШЗ2021/14515 дугаар шүүгчийн захирамжаар хангаж, шинжээчээр “Г п а” ХХК-ийг томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Уг захирамжид өргөдөл гаргагчаас гомдол гаргаж, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШТ2021/00373 дугаар тогтоолоор гомдлыг хянан хэлэлцэж, тус шүүгчийн захирамжийг хэвээр үлдээжээ. Өмнө нь “Г п а” ХХК-ийг шинжээчээр томилсон 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШЗ2021/06051 дүгээр шүүгчийн захирамж хүчингүй болсон нь тухайн компанитай хамааралгүй байх тул түүнийг дахин шинжээчээр томилоход саад болохгүй юм. Улмаар, тус компанийг дахин шинжээчээр томилсон нь шүүгч хувийн сэдлээр хандсан гэж үзэх үндэслэлд тооцогдохгүй. Үүнтэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүсэлт гаргагч “Д Э ” ХХК-ийн захирал А.Б аас “...шинжээчээр “Г п а” ХХК-ийг удаа дараа томилсон, Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргасан” гэх үндэслэлээр шүүгч Д.Г оос татгалзаж, тус шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 101/ЕШ2022/03534 дүгээр Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хангахгүй орхижээ. Өргөдөл гаргагчаас өргөдөлдөө “...шинжээчийн дүгнэлт А.Б миний хувийн дансны зөвхөн орлого хэсгээр дүгнэлт гаргасан, зарлагын баримт болон компанийн үйл ажиллагаанд зарцуулсан мөнгөн хөрөнгүүдийг орхигдуулсан дүгнэлт гаргаж шүүгчийн захиалгыг биелүүлсэн” гэж дурдсан байх бөгөөд шүүгчийн захирамжийн дагуу томилогдсон шинжээчийн гаргасан дүгнэлттэй холбогдуулан шүүгчийг буруутгах боломжгүй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор хэргийн оролцогчийн зүгээс нотлох баримттай холбоотой хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрх хуулиар нээлттэй. Энэ нь Шүүхийн сахилгын хорооны хянан шалгах ажиллагаанд хамаарахгүй. Иймд шүүгч Д.Г нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүрэн эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэсэнд хамаарахгүй гэж үзлээ. Дээр дурдсан үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулав.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ... шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2815 дугаар шийдвэрээр Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Д Э ” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасан байх ба Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2361 дүгээр магадлалаар дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан, энэ хэрэг нь шүүгч Д.Г-д хуваарилагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Нотлох баримт гаргуулах тухай” 5745, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Нотлох баримт гаргуулах тухай” 5962 дугаар захирамжаар тус тус холбогдох байгууллагуудаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 6051 дүгээр захирамжаар “Д Э ” ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн хэдий хэмжээний орлогыг ямар үйл ажиллагаанаас олсон, улмаар энэхүү орлого болох мөнгөн хөрөнгийн зарцуулалтыг төрөлжүүлэн гаргах, мөн эд хөрөнгөтэй байсан эсэх, бусдад шилжүүлсэн бол ямар үндэслэлээр шилжүүлсэн талаар дүгнэлт гаргуулахаар “Г п а” ХХК-ийг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлснийг ... шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 146 дугаар тогтоолоор хүчингүй болгосон, дахин 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 14515 дугаар захирамжаар ... дүүргийн прокурорын газрын төлөөлөгч П.Мөнхцэцэгийн хүсэлтийг хангаж “Г п а” ХХК-ийг шинжээчээр томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, ... шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 373 дугаар тогтоолоор уг захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдоно.
Дээрх захирамжуудыг гаргасан шүүгч Д.Г од холбогдуулан хүсэлт гаргагч “Д Э ” ХХК-ийн захирал А.Б өргөдөл гаргаж, үндэслэлээ “...өөрийн санаачилгаар шинжээч томилсон, шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарт шинжээч болон прокурор томилуулахыг санал болгосон, шинжээчээр зөвхөн “Г п а” ХХК-ийг томилдог, томилогдсон шинжээчээр нэг талыг барьсан дүгнэлт гаргуулах зэргээр хувийн өш хонзон, хувийн сэдлээр хандаж хэргийг хэрэгсэхгүй болгох санаа зорилго агуулан ажилласан, хэргийн оролцогчийн зүгээс нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаагүй байхад шүүх зохигчийн эрхийг эдэлж, өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх шийдвэр гаргаж хууль зөрчсөн” гэж тодорхойлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.10-т зааснаар хуулийн этгээдийг дампуурсанд тооцох хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэдэг бөгөөд дампуурлын хэрэг нь иргэний хэрэг маргаанаас өөр ажиллагаатай тул тухайн процесс ажиллагааг нарийвчлан зохицуулсан Дампуурлын тухай хуулийн зохицуулалтыг баримтлах учиртай.
Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д “Онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон ерөнхий журмын дагуу шийдвэрлэнэ” гэж заасныг мөн баримтлах үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогч нараас тодруулж асуусан, нэхэмжлэгч талын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцуулсан, прокурорын хүсэлтийг хангаж шинжээч томилсон шүүхийн үйл ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно”, 106 дугаар зүйлийн 106.2-т “нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэх, зохигч эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг шүүх хуралдаан даргалагч асууж тодруулна” гэж заасантай нийцсэн гэж үзэхээр байна.
Энэ талаар болон өргөдөл мэдээлэлд дурдсан “өөрийн санаачилгаар шинжээч томилсон”, “шинжээчээр зөвхөн “Г п а” ХХК-ийг томилдог”, “томилогдсон шинжээчээр нэг талыг барьсан дүгнэлт гаргуулдаг”, “Д к” ХХК болон түүний захирал Ж.Э нартай хувийн өш хонзонтой байсны улмаас хамаарал бүхий этгээд гэж үзэж хууль бус ажиллагаа явуулсан” гэх бусад үндэслэлүүдэд илтгэгч гишүүн зөв дүгнэлт хийж зөрчилд хамаарахгүй гэсэн нь үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Харин холбогдох нотлох баримтуудыг шүүхийн санаачилгаар бүрдүүлэх ажиллагаа хийсэн нь хууль зөрчсөн эсэх, нотлох баримтын шаардлага хангах эсэх, нотлох баримтаар үнэлэх эсэх нь анхан шатны болон дээд шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарах бөгөөд энэ хэргийг шүүх шийдвэрлээгүй байх тул сахилгын хороо дүгнэлт өгөх боломжгүй.
Учир нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг хэнд ч илэрхий тодорхой, ойлгомжтой, маргаангүй хуулийн заалтыг “ноцтой”, “удаа дараа” зөрчсөн байх үр дагавар шаарддаг бөгөөд шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлээгүй байхад үр дагаврыг урьдчилан тодорхойлох эрх сахилгын хороонд олгогдоогүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар шүүгч нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан хэрхэн үнэлж, хууль хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаардаг болохыг дурдах нь зүйтэй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд илтгэгч гишүүнийн саналыг хүлээн авч, нэр бүхий шүүгчид холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүн С.Энхтөрийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 111 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Д.Г-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН