info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-04-19

Дугаар 150

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Х.ХашБ  нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан, ...  шүүхийн шүүгч Д.М д холбогдох, Сахилгын хорооны гишүүний 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмгөөлөгч Д.М  сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “...Миний бие ...  шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Т.Б д холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Ш.Б ын өмгөөлөгчөөр оролцсон. Хохирогч Ш.Б ыг “У а з” ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслээр шүүгдэгч Т.Б  явган хүний гарц дээр мөргөж гэмтэл учруулсан. ...Шүүгч “нотлох баримт, хүсэлт байна уу” гэж асуулгүйгээр хэлэлцүүлэг үргэлжилсэн. Тухайн өдөр хохирогч хохирлын төлбөр 4 ширхэг баримтыг авчирсан байсан бөгөөд би хохирогчийн хамт шүүх хурлаас 1 цагийн өмнө ирж хэргийн материалтай танилцсан.  Хохирогч талаас 4 ширхэг баримтыг нотлох баримт наах цаас, цавууг шүүгчийн туслахаас авч наагаад “У а з” ХХК-ийг иргэний хариуцагчаар оролцуулах хүсэлтээ өгөхөөр бэлдсэн байсан бөгөөд намайг ариун цэврийн өрөө ороод гарах зуур хурал эхлэх болж нарийн бичгийн дарга хэргийн материалыг авсан. ...Даргалагчийн яриаг шүүх хуралдааны явцад таслах нь дэг зөрчсөнд тооцогддог. Ирцтэй холбоотой санал асуух үеэр иргэний хариуцагч оролцуулах хүсэлтээ танилцуулсан. Гэтэл хэлэлцүүлгийн явцад гэнэт шүүгчийн зүгээс намайг “Хүсэлт нотлох баримт байна уу гэсэн, та байхгүй ээ, холбогдох баримтыг шинжлэн судлуулна гээд явсан” хэмээн гүтгэсэн. Хуралдаан даргалагч өөрөө “нотлох баримт, хүсэлт байна уу” гэж асуугаагүй болохоор надад хэлэх боломж гараагүй. Улмаар намайг “муухай, сайхан” гэхчилэн дайрч давшилсан. Хурал эхлэх үеэс хохирогч өмгөөлөгчтэй, шүүгдэгч өмгөөлөгчгүй гэж шүүгч илтэд хохирогч тал руу сөрөг хандлага гаргаж эхэлсэн. Шүүгч өөрөө хуульд заасан дэгийн дагуу хурлаа даргалж явуулаагүйгээс үл ойлголцол үүссэн байхад над руу дайрч, “хэрэгт хавчуулсан” гэх зэргээр зохисгүй харилцаа хандлага гаргасан. Шүүгч Д.М гийн дээрх үйлдэл нь хэрээс хэтэрсэн, өмгөөлөгчийг “муухай, сайхан” гэж хувь хүний хандлагаар хандсан. Хурал даргалагч нь хүн загнах, доромжлох, гүтгэх, тухгүй байдал үүсгэх, сэтгэл зүйн дарамт үзүүлэх эрхгүй. Иймд миний нэр төрд халдаж, хууль зөрчиж, зүй бус авирласан шүүгч Д.М д хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэжээ.

Шүүгч Д.М  сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1295 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн. Тухайн хэргийн хохирогч Ш.Б ын өмгөөлөгчөөр Д.М  оролцсон. Хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд өмгөөлөгч Д.М гаас “У а з” ХХК-ийг иргэний хариуцагчаар оролцуулах хүсэлтэй байна гэсэн. Миний тухайд шүүх хуралдаан дээр бус шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед хүсэлтээ гаргаж, шүүх хуралдаанд дуудан ирүүлэх оролцогчийн талаар хүсэлтээ өгч шийдвэрлүүлэх байсныг хэлсэн. Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 1 болон 5 дахь хэсэгт өмгөөлөгч нь шүүх хуралдааны явцад гарсан асуудлаар хүсэлт гаргахыг хуульд тодорхой заасан. Иргэний хариуцагч оролцуулах хүсэлт нь шүүх хуралдааны явцад гарсан асуудал биш бөгөөд энэ хэргийн иргэний хариуцагчаар мөрдөгчийн тогтоолоор С.Сайнзаяаг тогтоосон. Шүүх хуралдааны явцад хэргийн завсар үдэгдээгүй 2 хуудас баримт гарч ирсэн бөгөөд ямар учиртай баримт хэн хийснийг талуудаас тодруулсан. Энэ 2 хуудас нь иргэний хариуцагчаар “У а з” ХХК-ийг оролцуулж өгнө гэсэн агуулга бүхий 1 хуудас, хохирлын 1 хуудас баримт байсан. Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө улсын яллагч болон өмгөөлөгч нараас ямар байр суурьтай шүүх хуралдаанд оролцох ямар ямар нотлох баримтуудыг шинжлэн судлуулах талаар асууж тэмдэглэлд тусгадаг. Хохирогчийн өмгөөлөгч хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулах эрхийг хангаж, хууль зүйн зөвлөгөө өгөх байр суурьтай оролцож, хэргээс тийм тийм нотлох баримтуудыг шинжлэн судлуулна гэсэн. Ингэхдээ хэргийн завсар мэдэгдэлгүйгээр хийсэн баримт болох 2 хуудас баримтынхаа талаар дурдаагүй шинжлэн судлуулах баримтдаа оруулаагүй. Хуралдаан даргалагч миний зүгээс -та шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгчийн туслахад шинээр баримт гаргаж өгсөн юм уу гэж хохирогчоос асуухад өмгөөлөгч нь -бид 2 өглөө 08 цагт ирээд өгсөн гэж хариулсан. Миний тухайд -өглөө 08 цагт ирээд шүүгчийн туслахад нотлох баримт гаргаж өгөхгүй. Харин шүүх хуралдаан дээр нотлох баримтаа гаргаж өгөөд улсын яллагчид танилцуулаад өгөх ёстой...хувийн гуйлгаар ажиллаж байгаа юм шиг хүсэлт, хохирлын баримт гаргаж өгч байгаад муухай санагдаж байна. Талууд шүүх хуралдаанд тэгш байр суурьтай оролцох ёстой тул та шүүх хуралдаан дээр нотлох баримтаа гаргаж өгөөд мэтгэлцэх ёстой гэхэд өмгөөлөгчийн зүгээс -би хурлаас өмнө өгсөн гэсэн тайлбарыг хэлсэн. Шүүгчийн туслах өмгөөлөгчийн зүгээс албан ёсоор нотлох баримт өгөөгүй, хурал эхлэхээс өмнө хэргийн материалтай танилцсан, хэргийн завсар хавсаргаад өгсөн байна, би энэ нотлох баримтын талаар мэдэхгүй гэдгээ хэлсэн. Өмгөөлөгчийн зүгээс -энэнд чинь муухай санагдаад байх юм байхгүй шүү дээ шүүгчээ гэсэн. Гэтэл үүний дараагаас шүүгч муухай гэж доромжилсон учраас татгалзана, олны өмнө муухай гэж доромжиллоо гэх зэргээр илт мушгин гуйвуулж өөр байдлаар тайлбарлаад эхэлсэн. Өмгөөлөгч өөрөө намайг “муухай санагдаж байна” гэж хэлсний дараа энэнд чинь муухай санагдаад байх юм байхгүй гэсэн атлаа муухай гэж зүс царайгаар хэлсэн болгож харагдуулах зүйл ярьж эхэлсэн. Шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааны бичлэгээс миний тухай өмгөөлөгчийн хэргийн завсар хийсэн нотлох баримтын тухайд гаргасан үйлдлийг нь “муухай санагдаж байна” гэж хэлснээс царай зүс болон бусад байдлаар муухай гэж хэлээгүй нь харагдах болно. Д.М  өмгөөлөгчийн тухайд яагаад үгийг мэдсээр байж мушгин гуйвуулж олон нийтийн сүлжээнд хүртэл миний талаар нэр дурдан бичиж бухимдлаа гаргаад байгааг ойлгохгүй байна. Шүүх хуралдаан дээр өмгөөлөгч Д.М  ямар ч зөвшөөрөлгүйгээр дураараа үг хэлж, мушгин гуйвуулж, чамайг сахилгын хороонд өгнө гэх зэргээр хэлж байсан. Энэ хэрэг давж заалдах шатны шүүхээр өмгөөлөгч Д.М гийн гомдлоор хянагдсан болно” гэжээ.

Сахилгын хорооны гишүүн С.Энхтөрийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “......  шүүхийн шүүгч Д.М  даргалж, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцсэн А овогт Т-ийн Б д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагч Ч.ББ , хохирогч Ш.Б , түүний өмгөөлөгч Д.М , иргэний хариуцагч С.С, шүүгдэгч Т.Б  нар оролцсон байна. Өмгөөлөгч Д.М гаас “...шүүх хуралдааны явцад шүүгчээс сайхан, муухай гэж хувь хүний хандлагаар хандсан” гэх агуулгаар өргөдөл гаргажээ. Шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу, дүрсний бичлэгээс үзвэл хохирогч талаас гаргаж өгсөн хүсэлт, төлбөрийн баримт гэх 2 хуудас баримт хэрэгт хэзээ, хэрхэн авагдсантай холбогдуулан шүүгчээс уг үйлдэл нь муухай санагдаж байна гэж хэлсэн болох нь тогтоогдож байна. Тодруулбал, нотлох баримт шинжлэн судлах үед даргалагч шүүгч дээрх 2 хуудас баримтыг хэрэгт шинээр хэзээ өгсөн болохыг хохирогч талаас асуухад өмгөөлөгч Д.М  “өглөө шүүгчийн туслахад өгсөн” гэжээ. Гэвч шүүгчийн туслах Б.Б  уг баримтыг хохирогч талаас өөрт нь хүлээлгэж өгөөгүй талаар шүүх хуралдааны явцад тайлбарласан байна. Энэ нь түүний сахилгын хороонд өгсөн гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдоно. Мөн Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд зааснаар хохирогчийн өмгөөлөгч нь баримтыг эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгч системд бүртгүүлээгүй болон шүүх хуралдааны явцад хуульд заасан журмын дагуу гаргалгүйгээр хэрэгт хавсаргасан нь гэрчийн мэдүүлэг, холбогдох бүртгэлийн дэвтэр, шүүх хуралдааны тэмдэглэл, дуу, дүрсний бичлэг зэргээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 3.6.1-т “Мэдээлэл лавлагааны ажилтан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан прокурор, оролцогчийн гомдол, хүсэлтийг систем болон Бүртгэл №2-т бүртгэж, аргачлалын 3.1.4-т заасны дагуу баталгаажуулж, шүүгчид даруй хүлээлгэн өгнө” гэж заасан. Тус шүүхийн гомдол, эсэргүүцэл, өргөдөл, хүсэлт хүлээн авсан 2021 оны бүртгэлийн дэвтэрт шүүх хуралдаан болсон өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Ш.Б  болон түүний өмгөөлөгч Д.М гаас хүсэлт өгсөн талаар бүртгэгдээгүй байна. Иймд өмгөөлөгч Д.М  нь хүсэлт болон нотлох баримтаа шүүх хуралдаанд шинээр гаргаж өгөхдөө шүүхэд зохих журмын дагуу хүлээлгэж өгөөгүй гэж үзэхээр байна. Шүүгч Д.М гаас өмгөөлөгч Д.М д хандан нотлох баримт, хүсэлтийг хэрэгт зөвшөөрөлгүй хавсаргасан үйлдэлтэй нь холбогдуулан муухай санагдаж байна гэж хэлснийг өмгөөлөгч Д.М тай хууль зөрчиж, зүй бус харьцсан, түүний нэр төрд халдсан гэж үзэх боломжгүй юм. Шүүгч Д.М  нь өргөдөл гаргагч Д.М г гадаад төрх байдлын хувьд муухай гэж хэлсэн зүйл тогтоогдоогүй тул Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэсэн үндэслэлд хамаарахгүй. Дээр дурдсан үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулав.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

...  шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/1295 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Б д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба дээрх хэргийг шийдвэрлэсэн шүүгч Д.М д холбогдуулан хохирогчийн өмгөөлөгч Д.М  гомдол гаргаж, үндэслэлээ “...шүүх хурал эхлэх үед шүүгч “нотлох баримт, хүсэлт байна уу” гэж асуулгүйгээр хэлэлцүүлгийг эхлүүлсэн, хэлэлцүүлгийн явцад гэнэт шүүгчийн зүгээс намайг “хүсэлт нотлох баримт байна уу гэсэн, та байхгүй ээ, ийм ийм баримтуудыг шинжлэн судлуулна гээд явсан” хэмээн гүтгэсэн, намайг “муухай, сайхан” гэхчилэн дайрч давшилсан” гэж тодорхойлжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл тухайн өдрийн шүүх хуралдаанд хохирогч талаас гаргаж өгсөн хүсэлт, төлбөрийн баримт гэх 2 хуудас баримт хэрэгт хэзээ, хэрхэн авагдсантай холбогдуулан шүүгчээс уг үйлдэл нь муухай санагдаж байна гэж хэлсэн болох нь тогтоогдсон байна.

Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 3.6.1-т “Мэдээлэл лавлагааны ажилтан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан прокурор, оролцогчийн гомдол, хүсэлтийг систем болон Бүртгэл №2-т бүртгэж, аргачлалын 3.1.4-т заасны дагуу баталгаажуулж, шүүгчид даруй хүлээлгэн өгнө” гэж заасан ба өмгөөлөгч Д.М  нь тус өдөр гаргасан хүсэлтээ уг журмын дагуу мэдээлэл лавлагааны ажилтанд бүртгүүлж шүүгчид өгөөгүй, харин хэргийн завсар хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр нотлогдсон, энэ талаар илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, ...” гэснийг энгийн үг хэллэгээс өөр үг хэллэг хэрэглэж илтэд бүдүүлэг, догшин зан ааш гаргахыг ойлгохоор байх ба Монгол хэлний их тайлбар тольд “зүй бус” гэдгийг “жам ёсноос гадуур” гэж, “авир” гэдгийг “хүний зан ааль аашлах ерөнхий байдал” гэж тайлбарласантай харьцуулбал шүүгч “муухай санагдаж байна” гэж хэлсэн нь хэдийгээр тохиромжтой үг хэллэг биш ч “зүй бус авирласан” гэх зөрчилд тооцогдохгүй байна.

Иймд илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүн С.Энхтөрийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ...  шүүхийн шүүгч Д.М д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй. 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                                         О.НОМУУЛИН

                        ГИШҮҮН                                                                 Д.АРИУНТУЯА

                      ГИШҮҮН                                                               Х.ХАШБААТАР