info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-01-31

Дугаар 28

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхмэнд нарыг оролцуулан Шүүхийн сахилгын хорооны хуралдааны танхимд хийв.

Иргэн Б.Б-гаас гаргасан өргөдлийн дагуу шүүгч Ж.О-т Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 89 дүгээр сахилгын хэрэг үүсгэсэн захирамжтай, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны гишүүн Г.Цагаанцоожийн илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Иргэн Б.Б- өргөдөлдөө "... Ж.О- нь 2020.03.23-ны өдрийн шүүх хуралд өөрийн нөхөр П.А-ын ажиллаж буй тэнхим гэдгийг хэргийн холбогдох материалаас танилцсан байгаа. Тэр тусмаа өөрийн нөхрийн зааж буй хичээлүүдийг орох байсан багш гэдгийг мэдэж байгаа. Миний бие ажилдаа эргэн орвол түүний нөхөр П.А-ын МУИС-тай холбогдох хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болох тухай ч мэдэж байсан. Шүүгч Ж.О-т ашиг сонирхлын зөрчил байсан тул хариуцагчийн буюу МУИС-ын талд хэргийг шийдвэрлэсэн. Үнэн мөнийг дэнслэх шүүгч хүн өөрийн нөхрийгөө тухайн ажлын байран дээр үлдээхийн тулд ийм явцуу шийдвэр гаргасанд харамсалтай байна.

Мөн шүүгч Ж.О-ийн нөхөр П.А- нь 2019.08.06-ны өдрөөс 28-ны өдрүүдэд ХБНГУ-ын ... ажилласан. Энэ институт нь намайг ажлаас халсан тэнхимийн эрхлэгч Н.Бурмаагийн төгссөн сургууль юм. Н.Бурмаа нь шүүгч Ж.О-ийн нөхөр П.А-ыг гадаадын судалгааны байгууллагад ажиллуулах нэрийдлээр урамшуулал болон гадаад аялал томилолтыг бэлэглэсэн байна.

Иймд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.1, 4.5-т заасныг зөрчсөн тул хариуцлага тооцож өгнө үү” гэжээ.

Шүүгч Ж.О- тайлбартаа: “...Б.Б-гийн нэхэмжлэлтэй МУИС-д холбогдох иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдаанд даргалагчаар оролцсон ба шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль зөрчсөн, хариуцагч байгууллагын талд ашиг сонирхлын зөрчил үүсгэж шийдвэрлэсэн ажиллагаа гэж үзэхгүй байна. Гомдолд дурдагдсан Н.Б гэх хүнийг танихгүй.

Миний нөхөр П.А- нь 2020 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажилладаг, Үндсэн хууль, захиргааны эрх зүйгээр мэргэшсэн доктор бөгөөд тэрээр МУИС, Билэг, ХСИС, ХҮИС зэрэг сургуулиудад цагаар хичээл заадаг, ...МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт “Шударга бус өрсөлдөөний эрх зүйн зохицуулалт", магистрын хөтөлбөрт “Олон нийттэй харилцах харилцаа” болон докторын хөтөлбөрт “Орон нутаг бүс нутгийн удирдлага" сэдэвт хичээл заадаг гэж хэлсэн болно. Одоо УИХ-ын Тамгын газарт ажилладаг.

Түүнчлэн П.А- нь ХБНГУ-ын ... институтэд өөрөө зардлаа гарган судалгаа хийсэн бөгөөд МУИС-ын шугамаар яваагүй байхад томилолтын хэлбэрээр “бэлэг”, “урамшуулал” авсан мэтээр илт гүтгэсэн байна.

...Б.Б-гийн нэхэмжлэлтэй маргаан нь туршилтын журмаар үндсэн орон тоонд ажиллаж байсан хүний хугацаа дуусаж ажлаас чөлөөлсөнтэй холбоотой бөгөөд магадлал болон УДШ-ийн тогтоолд хэрэгт хамааралтай баримтуудыг дүгнэсэн.

Миний бие дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэх хуралдаанд даргалагчаар оролцохдоо хариуцагч МУИС-д ашиг сонирхлын зөрчил үүсгээгүй, П.А-д давуу байдал бий болгох нөхцөл байдал бий болгоогүй, шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй” гэжээ.

 

Гишүүн Г.Цагаанцоож 2022.01.19-ний өдрийн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналдаа: “...Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар шүүгч нь нийтийн албан тушаалтан бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг; 3.1.3,-т ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгоно гэж тус тус тодорхойлсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 91.1.4-т зааснаар ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй, энэ тохиолдолд татгалзан гарах үүрэгтэй.

Түүнчлэн мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх үед маргаан бүхий иргэний хэрэгт авагдсан тодруулбал, нэхэмжлэл түүнд хавсаргасан баримт, мөн хариуцагчийн тайлбар, түүнд хавсаргасан баримтад өргөдөлд дурдагдсан П.А-тай холбоотой шаардлага, татгалзал тусгагдаагүй, энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй ба шийдвэрт энэ хүнтэй холбоотой ямар нэгэн дүгнэлт хийгдээгүй байна.

Энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх хуралдаан даргалагч шүүгч нь ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзэх, энэ үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах боломжгүй юм.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2012/ 32 дугаар зүйлийн 32.2, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.1 дүгээр зүйлийн 1-т “шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгчийн өөр бусад ажлаас ямагт илүү чухал гэдгийг ухамсарлаж, түүний эрхлэх бусад үйл ажиллагаа, хувийн амьдрал нь мэргэжлийн үүрэгтэй нь зөрчилдөх нөхцөл байдал бий болгохоос зайлсхийнэ” гэж заасан, шүүгч Ж.О- нь энэхүү заалтыг зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй байна.

Харин Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдлын талаар мэдэж байгаа бусад этгээд энэ тухай холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлж болох ба Б.Б- ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзэж буй бол энэ талаар давж заалдах шатны шүүхэд мэдээлээгүй, энэ үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд шүүгч Ж.О-т үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 239 дүгээр шийдвэрээр Б.Б-г МУИС-ийн ОУХ, НУС-ийн нийтийн удирдлагын тэнхимд дадлагажигч багшийн ажилд эргүүлэн тогтоож, ...шийдвэрлэжээ.

Харин Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.29-ний өдрийн 672 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 239 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, ...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Ж.О- ... шүүх хуралдааныг нээж, ямар хэрэг хэлэлцэх гэж буйг мэдэгдэж, ирцийг шалгаж, улмаар шүүх бүрэлдэхүүнийг зарлаж, татгалзан гаргах эрхийг тайлбарлан өгсөн байх бөгөөд нэхэмжлэгч тал хуралдаанд ирээгүй, хариуцагч тал татгалзан гаргах хүсэлт гаргаагүй талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

Хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх үед маргаан бүхий иргэний хэрэгт авагдсан тодруулбал, нэхэмжлэл түүнд хавсаргасан баримт, мөн хариуцагчийн тайлбар, түүнд хавсаргасан баримтад буюу өргөдөлд дурдагдсан П.А-тай холбоотой шаардлага, татгалзал тусгагдаагүй, энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй ба шийдвэрт энэ хүнтэй холбоотой ямар нэгэн дүгнэлт хийгдээгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа ч энэ талаар дурдаагүй байна.

Энэ тохиолдолд ...  шүүх хуралдаан даргалагч шүүгч нь ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзэх, энэ үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах боломжгүй юм.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2012/ 32 дугаар зүйлийн 32.2, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.1 дүгээр зүйлийн 1-т “шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгчийн өөр бусад ажлаас ямагт илүү чухал гэдгийг ухамсарлаж, түүний эрхлэх бусад үйл ажиллагаа, хувийн амьдрал нь мэргэжлийн үүрэгтэй нь зөрчилдөх нөхцөл байдал бий болгохоос зайлсхийнэ” гэж заасан, шүүгч Ж.О- нь энэхүү заалтыг зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байна гэж илтгэгч гишүүн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Өргөдөл гаргагч Б.Б-гийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд: “...Тэнхимийн эрхлэгч Н.Б ажлаас чөлөөлөх тухай албан ёсны шийдвэр, тушаал гараагүй байхад 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 14 цагт намайг ажлаа хүлээлгэн өгөхийг шаардан дахин ирэх ч хэрэггүй, чи халагдана гэх мэтээр аашлан миний хуваарьт хичээлүүдийг багш С.А шилжүүлсэн” гэснээс үзэхэд түүний хичээлийг П.А- заадаг гэж үзэх боломжгүй юм.

Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 00445 дугаар тогтоолд: “...МУИС-ын захирлын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэсэн үндэслэлээр дадлагажигч багшаар ажиллаж байсан Б.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалттай нийцсэн, энэ талаар давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагч МУИС нь нэхэмжлэгч Б.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, энэ тохиолдолд жирэмсэн эмэгтэйг ажлаас халахыг хориглосон хуулийн зохицуулалт хамаарахгүй талаар давж заалдах шатны шүүх мөн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.” гэсэн байна.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга П.А- нь ХБНГУ-ын төрийн захиргаа судлалын институтэд зочин судлаачаар 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 28-ны өдрүүдэд зочин судлаачаар ажиллан захиргааны эрх зүй, нийтийн удирдлагын чиглэлээр судалгаа хийлээ гэсэн мэдээлэл, түүний уг институтэд ажиллаж байх үедээ авхуулсан зураг, мөн захиргааны эрх зүй, нийтийн удирдлагын байгууллагад ажиллаж байх хугацаандаа цаашид 2 байгууллага хамтран ажиллах талаар санамж бичиг байгуулахаар харилцан санал солилцлоо гэсэн мэдээлэл, тус институтийн гадна ганцаараа авхуулсан зураг зэрэг нь Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн цахим хуудаст байршсан байгаа нь тус сахилгын хэрэгт нотлох баримтаар авагджээ. Эдгээр зургуудыг хараад П.А-ыг МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн эрхлэгч Н.Бурмаагаас урамшуулал болон гадаад аялал, томилолтын зардал авч, уг институтэд МУИС-ийн нэрээр зочин судлаачаар ажилласан гэж үзэх боломжгүй юм.

... шүүхийн Ерөнхий шүүгч Ж.О- нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол оролцохоос татгалзах, эсхүл уг болзошгүй нөхцөл байдал үүсэж болохыг шүүх ажиллагаанд оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийн татгалзан гарах санал тавих боломжийг хангах үүрэгтэй.” гэж Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.1-д “Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгчийн өөр бусад ажлаас ямагт илүү чухал гэдгийг ухамсарлаж, түүний эрхлэх бусад үйл ажиллагаа, хувийн амьдрал нь мэргэжлийн үүрэгтэй нь зөрчилдөх нөхцөл байдал байдал бий болохоос зайлсхийнэ” гэж, мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн болно.

Дээрхийг нэгтгэн дүгнээд Сахилгын хорооны гишүүний ... шүүхийн Ерөнхий шүүгч Ж.О-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.8 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, шүүгч Ж.О-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалын хувийг хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Хэргийн оролцогч болон илтгэгч гишүүн магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ГИШҮҮН                Д.ЭРДЭНЭЧУЛУУН

                                           ГИШҮҮД                Ц.ДАВХАРБАЯР

                                                                         О.НОМУУЛИН