info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-04-26

Дугаар 164

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шүүхийн Ерөнхий шүүгч Д.М, Г.Э нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн М.Б ирүүлсэн өргөдөлдөө: “ ... 2020 оны 06 сарын 17-нд болсон Өвөрхангай аймгийн сум дундын анхан шатны шүүх ... хурлыг шүүгч Г.Э даргалсан... Хурал даргалсан шүүгч 1.Уг машин нь Б.Н-ын эзэмшил өмчлөлд байгааг, 2.Нэхэмжлэгч Б.Н өөрийнхөө машиныг шүүх хурлаас 2 хоногийн өмнө иргэн Д.С гэрчтэйгээр Б үнэ тохирч зарсан болохыг ойлгож мэдсэн. Иймд анхан шатны шүүх хурлыг хойшлуулах нь зүйтэй гэсэн санал гаргасан. Дараа нь шүүгч Г.Э шүүгч нартай зөвлөлдөнө гэж гараад 1 цаг гаруй болсон ... Гэтэл байдал өөрчлөгдөж, шүүгч Г.Э өөрийн байр сууринаасаа ухарч анхан шатны шүүх хурлаас иргэн М.Б Б.Н-ын өмчлөлд байх машиныг 5,5 сая төгрөгөөр төлүүлэх шийдвэр гарсан ... Гэтэл иргэн М.Б анхан шатны шүүхийн хууль бус урьдчилан төлөвлөж, гаргасан шийдвэрээс болж 2020 оны 10-р сарын 01-ээс хойш улсаас өгдөг өндөр насны тэтгэврээ авч чадахгүй өнөөдрийг хүргэлээ. Анхан шатны шүүх хурлын болон Ерөнхий шүүгчийн шийдвэр нь 1.Иргэн М.Б-ын гаргаж өгсөн албан ёсны баталгаа нотолгоог хэрэгсэж үзээгүй, 2.Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль шүүхийн өмнө иргэн бүр эрх тэгш байх зарчмыг хэрэгсэж үзээгүй, 3.Шинээр үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй хэт нэг талыг барьсан шийдвэр болсон ...

...Миний бие анхан шатны шүүх хурлын шийдвэр нь далдуур зорилготой хууль бус Д.М таны нөлөөлсөн өс хонзон санасан шийдвэр боллоо анхан шатны шүүхийн шийдвэрээ хүчингүй болгож өг гэж шүүгч Д.М дээр орсон. Өөрийн туслах Э гэж залуу хамт байсан. Шүүгч Д.М нь өөр шүүгчийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй. Танд зөвлөхөд давж заалдах эрхээ сэргээлгэх боломж байна гэж хэлсэн. Хэлсэн ёсоор нь 2020 оны 11-р сарын 23-нд иргэний давж заалдах эрхээ сэргээлгэх хүсэлтээ тодорхой шалтгаан, нөхцөл, байдал, болсон явдлыг бичиж Өвөрхангай аймгийн Сум дундын анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл иргэний давж заалдах эрхийг сэргээлгэх асуудалд зөвлөж, туслах зорилготой байсан Ерөнхий шүүгч Д.М эсрэгээр 2020 оны 12 дугаар сарын 8-нд захирамж гаргаж М.Б-ын иргэний давж заалдах эрхийг хязгаарласан захирамж гаргасан ... Ерөнхий шүүгч Д.М нь захирамждаа 2020 оны 07-р сарын 17-ны өдөр шүүхийн ажилтнаар анхан шатны шүүхийн шийдвэрийг М.Б-д хүргүүлж, гарын үсэг зуруулсан байна гэж үндэслэл болгосон. Би анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн аваагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас олж мэдсэн, гэдэг тайлбарыг өгсөөр байтал намайг дуудаж таны гарын үсэг мөн эсэхийг үзүүлж тодруулаагүй. Ерөнхий шүүгч Д.М нь миний зүгээс анхан шатны шүүх хурлаас хойш 5 хоногийн дараа шүүгчийн туслах Б.А-т Б.Н нь машинаа зарчихлаа манай хашаанаас аваад явсан би давж заалдах шатны шүүхэд хандах уу? гэхэд тийм бол хая гэж хэлснийг болон хэрэв шүүгчийн туслах давж заалдах нь зөв гэсэн бол би хүсэлтээ гаргах байсан зэргийг үл тооцсон. Шүүгч Д.М нь өмнө нь манай “У” ХХК-ийн Н-ийн нэхэмжлэлтэй шатахууны хэрэгт хүчээр гэм буруутайд тооцсон шийдвэр гаргасан. Энэ тухай Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасанд эмзэглэж өс хонзон болгож, М.Б-ыг чадах зорилгоор шүүгч Д.М нь анхан шатны шүүх хурлын шийдвэрт нөлөөлсөн гэж миний бие үзэж байна. Шүүгч Д.М нь өөрийн албан тушаалыг урвуулан ашиглаж, анхан шатны шүүх хурлын шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт хүргүүлж, иргэний давж заалдах эрхийг зориуд хязгаарлаж, намайг 2 удаа хэлмэгдүүлсэн санаатай үйлдэл боллоо гэж миний бие үзэж байна. Иймд 2 удаагийн хэлмэгдүүлэлтийг шалгаж, гэм буруутай албан тушаалтанд хариуцлага тооцож өгнө үү.

... Шүүгч М-ийн өс хонзон санаж гаргасан Анхан шатны шүүхийн шийдвэрээс болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 10 дугаар сарын 01-ээс эхлэн 16 сар өндөр насны тэтгэврийг нэг ч сар хувилж үлдээлгүй авсаар 2022 оны 1 сард 5 сая 500 мянган төгрөг төлж дуусгасан...” гэжээ.

Шүүгч Г.Э нь Сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа: “ ...шүүхийн шүүгчээр томилолтоор ажиллаж байх хугацаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ын нэхэмжлэлтэй хариуцагч С.Б-д холбогдох "12,000,000 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нарт Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохигчдын эрх үүргийг тайлбарлан өгсөн ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санал, хүсэлт гаргаагүй бөгөөд тул хэрэг хянан хэлэцэх шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг 00 минутад товлосон. Тус шүүх хуралдаан хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан ба шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч, хариуцагч нар шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт гаргаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасган, хариуцагч нэхэмжлэгчийн багасгасан хэмжээг зөвшөөрөөгүй учраас шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр шийдвэрээ гаргасан.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар "...Шүүгч, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж, гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд захирагдана..", 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар "...Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүн, аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно ...", 45 дугаар зүйлийн 45.1-т "...Тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө..." гэж хуульчилсан ба шүүгч надад хэн нэгэн заавар өгч нөлөөлсөн бол миний бие нь нөлөөллийн мэдүүлгийг хөтөлж эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх ёстой. Надад хэн нэгэн нөлөөлөөгүй болох нь тус хэрэгт авагдсан нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн баримтаас нотлогдох болно. Миний бие нь хэн нэгний заавраар хууль бус шийдвэр гаргаагүй Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд зааснаар хууль хэрэглэж дотоод итгэл үнэмшлийнхээ хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно” гэжээ.

Шүүгч Д.М нь Сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа: ... Иргэн М.Б нь 2020 оны 11 дүгээр сард надтай уулзах хүсэлт гаргасны дагуу уулзахад "Намайг тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 540 дугаар шийдвэрийг гаргасан шүүгчид нөлөөлж маргааныг миний эсрэг шийдвэрлүүлсэн. Уг шийдвэрээ хүчингүй болгож өг, үгүй бол Шүүхийн сахилгын хороо, Тагнуулын байгууллага, Авлигатай тэмцэх газарт хандана" гэх агуулгаар ярьж байсан. ... иргэн М.Б дээрх шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй гэж тайлбарласан тул шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй тохиолдолд хуульд зааснаар давж заалдах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргах эрхтэй байдаг талаар тайлбарласан бөгөөд өөрийнх нь гомдолд дурдсан "зөвлөгөө" өгөөгүй, миний бие хуульд зааснаар зөвлөгөө өгөх эрхгүй юм.

Дээрх уулзалтын дараа иргэн М.Б-ын "шийдвэр гардаж аваагүй" үндэслэлээр гаргасан давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлт нь тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон журмын дагуу шүүгч надад хуваарилагдсан байсан. Тиймээс миний бие Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын архиваас тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 540 дугаар шийдвэртэй Б.Н-ын нэхэмжлэлтэй С.Б-д холбогдох "12000000 төгрөг гаргуулах" нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг авч үзэхэд шүүхийн дээрх дугаарын шийдвэрийг хариуцагч М.Б-д тус шүүхийн бичиг хүргэгч 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гардуулсан талаар тэмдэглэж, хариуцагч М.Б гарын үсэг зурсан байсан.

Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хариуцагч М.Б-д тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 540 дугаар шийдвэрийг гардуулсан өдөр болох 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс уг шийдвэрт гомдол гаргах хугацааг эхлэн тоолоход 7 дугаар сарын 31-ний өдөр дууссан бөгөөд уг хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон нотлох баримтаа М.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ хавсарган ирүүлээгүй байсан тул шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3064 дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзах шийдвэр гаргасан болно.

 "Н" ХХК нь "Шатахууны төлбөр болох 10140000 төгрөг гаргуулах" нэхэмжлэлийг 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн сум дундын нэгдүгээр шүүхэд гаргасан байна. "Н" ХХК нь шүүхэд гаргасан энэхүү нэхэмжлэлдээ хариуцагчийг "У" ХХК" гэж нэрлэн заажээ. ... иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1/875 дугаар шийдвэрээр ... хариуцагч "У" ХХК-иас 10125000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Н" ХХК-д олгож, нэхэмжлэлээс 959060 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. ... Өвөрхангай аймгийн давж заалдах шатны шүүх уг иргэний хэргийг хуульд заасны дагуу хянан хэлэлцээд 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар магадлалаар ... шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

... Өвөрхангай аймгийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаарын магадлалыг ... Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 33 дугаар тогтоолоор ... шийдвэр, ... магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна. ... иргэний хэрэг ... шүүгч Д.М надад хуваарилагдан ...  2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 167 дугаар шийдвэр гаргаж, ... хариуцагч "У" ХХК-аас 9645000 төгрөг ... гаргуулж шийдвэрлэсэн. ...давж заалдах шатны шүүх нь ... 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэж 16 дугаар магадлал гарган ... шийдвэрийг хэвээр үлдээн, ... шийдвэрлэжээ. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх ... 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гаргасан 243 дугаар тогтоолоор ... шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 000/ШШ2017/00167 дугаартай шийдвэр, ...давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, ... шийдвэрлэсэн байдаг.

... 2019 онд Монгол Улсын шүүхийн ёс зүйн хороонд иргэн М.Б нь Н" ХХК-ийн нэхэмжлэлтэй "У" ХХК, Э.М нарт холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ илт үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж гомдол гаргасан бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 62 дугаар тогтоолоор надад сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн.

... Мөн Б.Н-ын гаргасан "Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай" хүсэлтийг шүүгч Б.Ц хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2358 дугаартай захирамж гарган Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 540 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, гүйцэтгэх хуудас бичин Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлжээ.

Иргэн М.Б-ын гаргасан "Давж заалдах хугацаа сэргээлгэх тухай" хүсэлтийг шийдвэрлэхдээ шүүгч миний бие нь ямар нэгэн байдлаар шүүгчийн ёс зүйг зөрчсөн, зохисгүй байдал гаргасан, шүүгчийн төвч, зарчимч байр суурийг алдагдуулсан үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй. Хууль тогтоомж, эрхийн актаар зохицуулсан шүүгчийн ёс зүйг зөрчсөн зүйл байхгүй, дээрх хүсэлтийг гагцхүү Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэсэн болно” гэжээ.

Илтгэгч гишүүн саналдаа: “...... шүүхийн Ерөнхий шүүгч Д.М, шүүгч Г.Э нар нь иргэн Б.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ын нэхэмжлэлтэй, М.Б-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн, давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт шийдвэрлэсэн, мөн өргөдөлд хавсаргасан “Н” ХХК-иас “У” ХХК-д холбогдуулан төлбөр шаардсан иргэний хэргийн талаар үйл баримтуудад холбогдох шүүгч нар нь ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул Шүүхийн сахилгын хорооны гишүүний 710 дугаар захирамжаар үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ” гэжээ.

                  ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хорооны гишүүний 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 710 дугаартай захирамжаар М.Б-ын өргөдлөөр ... шүүхийн Ерөнхий шүүгч Д.М, шүүгч  Г.Э нарт холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл иргэн Б.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ын нэхэмжлэлтэй иргэн М.Б-д холбогдох “12,000,000 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий иргэний хэрэгт шүүгч Г.Э хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

1. Өргөдөл гаргагч өргөдөлдөө “...шүүгч Г.Э шүүгч нартай зөвлөлдөнө гэж гараад 1 цаг гаруй болсон. Баянжаргал миний хувьд шүүх хурал хойшлох нь маш зөв шийдвэр боллоо гэж ойлгож суусан. Гэтэл байдал өөрчлөгдөж, шүүгч Г.Э өөрийн байр сууринаасаа ухарч анхан шатны шүүх хурлаас иргэн М.Б Б.Н-ын өмчлөлд байх машиныг 5.5 сая төгрөгөөр төлүүлэх шийдвэр гаргасан...” гэж дурджээ.

2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 000/ШШ2020/00540 дугаартай шүүхийн шийдвэрээр хариуцагч М.Б-аас 5,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Н-ад олгохоор шийдвэрлэсэн бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд “хариуцагчаас: Би тухайн машиныг янзлаад н.Б, Б.Н хоёрт хүлээлгэж өгнө. Б.Н бид хоёр  шүүх хуралдаан хойшлуулж бид хоёрт эвлэрэх тухай 2 хоногийн өмнө ярьж тохирсон. Шүүх хуралдааныг хойшлуулж бид хоёр эвлэрэх боломж өгөхийг хүсэж байна. Нэхэмжлэгчээс: Шүүх хуралдааныг хойшлуулахыг хүсэхгүй байна. М.Б ахаас бүх зүйл шалтгаалж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрэв М.Б ах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх юм бол  ямар ч асуудал байхгүй. Би нэхэмжлэлийн шаардлагыг 5,500,000 төгрөг болгон багасгаж байна. ...Даргалагчаас: Хэргийг хэлэлцэхээр түр завсарлаж, шүүгч зөвлөлдөх тасалгаанд оров” гэж тэмдэглэгджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэх, зохигч эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг шүүх хуралдаан даргалагч асууж тодруулна. Зохигчид эвлэрэх хүсэлтэй байгаа тохиолдолд эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах эсэхийг асууна”, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаан завсарласныг мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахын тулд зөвлөлдөх тасалгаанд орно” гэж тус тус заажээ.

Шүүгч нь хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэн шийдвэрлэдэг болно.

Иймд өргөдөл гаргагчийн хурлыг хойшлуулахгүйгээр шийдвэр гаргасан, зөвлөлдөнө гэж хэлээд 1 цаг зөвлөсөн гэх дээрх үндэслэлээр шүүгч Г.Э-г тухайн үед үйлчилж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан хориглосон, хязгаарласан заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

2. Мөн өргөдөл гаргагчаас “шүүгч Д.М нь өмнө нь манай “У” ХХК-ийг “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй шатахууны хэрэгт хүчээр гэм буруутайд тооцсон шийдвэр гаргасан. Энэ тухай Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчийн ёс зүйн хороонд гомдол гаргасанд эмзэглэж өс хонзон болгож, М.Б-ыг чадах зорилгоор шүүгч Д.М нь анхан шатны шүүх хурлын шийдвэрт нөлөөлсөн гэж миний бие үзэж байна” гэжээ.

Шүүгч Г.Э “....Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар "...Шүүгч, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж, гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд захирагдана..", 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар "...Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүн, аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно ...", 45 дугаар зүйлийн 45.1-т "...Тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө..." гэж хуульчилсан ба шүүгч надад хэн нэгэн заавар өгч нөлөөлсөн бол миний бие нь нөлөөллийн мэдүүлгийг хөтөлж эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх ёстой. Надад хэн нэгэн нөлөөлөөгүй болох нь тус хэрэгт авагдсан нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн баримтаас нотлогдох болно. Миний бие нь хэн нэгний заавраар хууль бус шийдвэр гаргаагүй Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд зааснаар хууль хэрэглэж дотоод итгэл үнэмшлийнхээ хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно” гэж тайлбарыг гаргасан нь үндэслэлтэй.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгч Д.М нь хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Э шүүгчид хөндлөнгөөс нөлөөлсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.   

3. Өргөдөл гаргагчаас “Шүүгч Д.М нь өөр шүүгчийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй. Танд зөвлөхөд давж заалдах эрхээ сэргээлгэх боломж байна гэж хэлсэн. Хэлсэн ёсоор нь 2020 оны 11 дүгээр сарын 23-нд иргэний давж заалдах эрхээ сэргээлгэх хүсэлтээ тодорхой шалтгаан, нөхцөл байдал, болсон явдлыг бичиж шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл ...Ерөнхий шүүгч Д.М эсрэгээр 2020 оны 12 дугаар сарын 08-нд захирамж гаргаж М.Б-ын иргэний давж заалдах эрхийг хязгаарласан захирамж гаргасан” гэх үндэслэлийг дурджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно”, 120.3 дахь хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 120.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах ба хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ” гэж заасан.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр М.Б-аас шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг гаргасан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 000/ШЗ2020/03064 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Ерөнхий шүүгч Д.М-тай өргөдөл гаргагч М.Б нар 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр уулзсан бөгөөд шүүгчийн туслах Т.Э хамт байлцаж тэмдэглэл хөтлөн, хэрэгт хавсаргасан байгааг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгч Д.М-г дээрх давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан буруутгах боломжгүй.

4. Өргөдөл гаргагчаас “... “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй “У” ХХК-д холбогдох иргэний хэрэгт ....Шүүгч Д.М-гийн гаргасан шийдвэрүүд нь залилагч н.М, н.Э, н.М нарт илт давуу байдал олгосон тэдэнд хамгаалалт болсон шийдвэрүүд болсон. “У” ХХК-ийг 100 хувь гэм буруутайд тооцож гаргасан шийдвэрүүд нь өмгөөлөгч н.Ш, иргэн Э.М нар шүүгч Д.М-д нөлөөлсөн нөлөөлөл ямар их хүчтэй болсныг баталж байгаа юм” гэжээ.

2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 000/ШШ2017/00167 дугаартай шүүхийн шийдвэрээр “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй “У” ХХК, Э.М нарт холбогдох иргэний хэргийн Ерөнхий шүүгч Д.М хянан шийдвэрлэсэн байна. Уг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч гомдол гарсныг хянан үзээд ...давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, өмгөөлөгч А.А-н гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 001/ХТ2018/0000 дугаартай тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч “У” ХХК-ийн төлөөлөгч М.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Өмнө нь “У” ХХК-ийн захирал М.Б-аас ... шүүхийн Ерөнхий шүүгч Д.М-д холбогдуулан гаргасан гомдлыг Шүүхийн ёс зүйн хорооны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 62 дугаар тогтоолоор сахилгын хэрэг үүсгэхээс татгалзжээ.

Уг өргөдлийн үндэслэлтэй холбоотой гомдлыг хянан шийдвэрлэсэн Шүүхийн ёс зүйн хорооны тогтоол хүчин төгөлдөр байх тул Шүүхийн сахилгын хорооноос шалгах ажиллагаа явуулах үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ... шүүхийн Ерөнхий шүүгч Д.М, шүүгч Г.Э нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, тэдэнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                 Д.АРИУНТУЯА

ГИШҮҮН                                     Д.МЯГМАРЦЭРЭН

О.НОМУУЛИН