info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-04-21

Дугаар 160

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн О.Номуулин, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, шүүгч Ж.Б, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч Ж.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Өмгөөлөгч Ц.М гаргасан өргөдөл /гомдол/-дөө: “...миний бие О.Г-ийн нэхэмжлэлтэй “П” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа болно.

1. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан дууссаны дараа шүүгч Ж.Б нэхэмжлэгч талд өмнө нь шийдвэрлэсэн шүүх хуралдааны үзлэгийн тэмдэглэл нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтын шаардлага хангуулан гаргах талаар зөвлөсөн, мөн “П” ХХК-ийн санхүүгийн аудитлагдсан тайланг гаргаж өгөхгүй юм уу? Нотлох баримтаар шаардахгүй юм уу? гаргаж өгөөгүй тохиолдолд дараагийн шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах талаар тайлбарласан. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад үед хэргийн оролцогч, нэхэмжлэгч талд нотлох баримтаа хэрхэн бүрдүүлэх, хаанаас бүрдүүлэх талаар зөвлөсөн, хэргийн талаар урьдчилж шийдвэр гаргаж, ямар нотлох баримтыг зайлшгүй гэж үзэж буй талаараа урьдчилсан дүгнэлт гаргасан нь талуудын болон хөндлөнгийн байх зарчмыг зөрчсөн. 

2. 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны үеэр шүүгч нэхэмжлэгчийн өмнөөс 8 удаа хариулсан байдаг. Хариуцагчийн өмгөөлөгч: Та 2012 оноос ажиллаж байсан учраас энэ асуултыг асууж байгаа юм. Танай компанид ажиллаж байгаад ажлаас гарсан хүмүүст үр дүнгийн урамшууллыг дараа нь нөхөж олгож байсан удаа байдаг уу? гэхэд

Даргалагчаас: Нэхэмжлэлтэй холбоотой асуултаа асууна шүү дээ гэхэд

Хариуцагчийн өмгөөлөгч: Үр дүнгийн гэрээний урамшууллыг нөхөж олгож байсан удаа гэхээр шаардлагатай нь холбогдоод байгаа гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэгчийн өөрийнх нь шаардлагатай холбоотой шүү дээ. Бусад ажилтны урамшууллыг ярихгүй шүү дээ. Өөрийнх нь нэхэмжлэлтэй холбоотой ярина шүү дээ гэхэд

Хариуцагчийн өмгөөлөгч: Энэ тэмдэглэлд тусаж байгаа тиймээ. Миний асуултыг авах боломжгүй гэж алгасаж байгаа гэсэн үг үү? Гэхэд

Даргалагчаас: Нэхэмжлэгчийн өөрийнх нь шаардлагатай холбоотой асуу. Бусад ажилтанд олгож байсан эсэхийг асуугаад байх шиг байна. Энэ нь хамаарахгүй гэж хэлж байгаа гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: Энэ асуултыг авах боломжгүй гэж тэмдэглэлд тусгуулъя гэв.

Даргалагчаас: Хариулах үгүйг нь би мэдэхгүй ээ. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуултаа л асуу гэж байгаа гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: Би хамааралтай гэж үзээд асуугаад байгаа юм л даа гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэгч өөрт нь биш бусад ажилтнуудад олгож байсан уу? Үгүй юу гэдгийг асуугаад байх шиг байна. Энэ нь нэхэмжлэлтэй хамааралгүй, нэхэмжлэгч өөрийнхөө урамшууллыг нэхэмжилсэн байгаа. Өөр хэлбэрээр асууж болно гэхэд

Хариуцагчийн өмгөөлөгч: Би асуусан та хариулах уу? Гэхэд

Нэхэмжлэгч: Би шүүгчтэй санал нэг байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч: Би шүүгчтэй санал нэг байна гэдгийг тусгуулъя гэв.

Даргалагчаас: Нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй учраас хариулах боломжгүй гэж хэлж байгаа юм байна тийм үү? гэхэд

Хариуцагчийн өмгөөлөгч: Тэгж хэлээгүй шүү дээ. Шүүгчтэй санал нэг байна гэсэн гэв.

Даргалагчаас: Би танаас нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай асуултаа асуу, бусдад урамшуулал олгож байсан уу? Үгүй юу гэдэг асуудлыг энд хамаарахгүй ээ гэсэн гэхэд

Хариуцагчийн өмгөөлөгч: Та хариултыг нь зааж өгч болохгүй шүү дээ гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжинэ. Мэтгэлцэхдээ талууд тэгш эрх байна. ...6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана” гэж заасныг зөрчсөн.

3. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан тарсны дараа шүүх танхимд шүүгч нь нэхэмжлэгч талд тус нэхэмжлэгч болон хариуцагч нартай холбоотой өмнө нь өөрийн шийдвэрлэсэн буюу тухайлбал, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлийг шүүхийн архиваас гаргуулан авч нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулахыг зөвлөсөн. ...Шүүгч хэргийн нотлох баримтыг өөрөө санаачлах, өмнө нь буюу О.Гийн нэхэмжлэлтэй, Пд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн нотлох баримтыг үнэлэх, нотлох баримттай холбоотой итгэл үнэмшлээр тус хэрэгт ач холбогдол өгч хөндлөнгийн байх, мөн деспозитив зарчим, хэргийн бодит үнэнийг тогтоох зарчмуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

4. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш бүх шүүх хурал дээр шүүгч удаа дараа эвлэрэх талаар зөвлөж, хэргийн талаарх дотоод итгэл үнэмшлээрээ асуудалд хандсан, ...энэ нь хэргийг шударгаар шийдвэрлэх талаар үндэслэл бүхий эргэлзээ төрж байна. Иймд өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

... шүүхийн шүүгч Ж.Б хариу тайлбартаа: О.Г-ийн нэхэмжлэл шүүгчдийн зөвлөгөөнөөр баталсан журмын дагуу хуваарилагдсаны дагуу 2021 оны 08 дугаар сарын 30-нд хүлээн авч 2021 оны 09 дүгээр сарын 06-нд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж 2021 оны 10 дугаар сарын 28-нд гарч, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 09:00 цагт товлосон боловч зохигчийн хүсэлтээр хэд хэдэн удаа хойшлогдсон, мөн захирамжид гарсан гомдлыг тухайн шүүх хуулийн дагуу шийдвэрлэсэн ба хариуцагчийн өмгөөлөгч Ц.М-ын шүүгчээс татгалзах тухай хүсэлтийг ерөнхий шүүгч хангахгүй орхисон. Хэргийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 09:00 цагт товлогдсон шүүх хуралдааны дараа зохигчид хэргийн баримтуудтай бүрэн танилцсан эсэх, хэрэгт авагдсан баримт хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаж байгаа эсэх, өөр нотлох баримт гаргах талаар талуудаас тодруулж, шаардлага ханган гаргаж өгөх, боломжгүй тохиолдолд эрх үүргээ эдэлж хүсэлт гаргах эрхтэйг тайлбарласан нь шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй асуулт буюу тодруулбал, “...танай компанид ажиллаж байгаад ажлаас гарсан хүмүүст үр дүнгийн урамшуулал нөхөж олгож байсан удаа байдаг уу” гэсэн асуултын талаар даргалагчаас нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай, холбоотой асуултаа асуухыг анхааруулж, тодруулж байсан нь нэхэмжлэгчийн өмнөөс түүний асуултад хариулах байсан хариултыг хэлсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Шүүгч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талуудыг мэтгэлцээнд чиглүүлэх, тодруулах үүргээ биелүүлсэн.

Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцэх эрхтэй тул шүүгчээс эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжийг мэдэгдэх ажиллагаа явуулсан нь хууль зөрчөөгүй.

Нэхэмжлэгч О.Г өмнө нь хариуцагч “П” ХХК-д холбогдуулан  ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасныг шүүх 2019 оны 08 дугаар сарын 01-нд хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 000/ШШ2019/02201 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн. Нийслэлийн давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн, Улсын дээд шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан байдаг. Дээрх маргаан бүхий иргэний хэрэг шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан журмын дагуу надад хуваарилагдсан. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан үндэслэл болохгүй юм. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд:...Хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй боловч нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй тохиолдолд шүүх уг баримтыг үнэлэхгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.

Түүнчлэн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-т зааснаар шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгөх ажиллагаа явуулна. Хуулийн энэхүү зохицуулалтын хүрээнд шүүгч хэрэгт авагдсан нотлох баримт хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүйг нэхэмжлэгчид тайлбарлах хуулиар хориглосон зүйлд хамаарахгүй. Мөн шүүгч хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасныг үндэслэн хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн нотлох баримтыг холбогдох байгууллагаас гаргуулах захирамж гаргасан нь хүчинтэй байна. 

Шүүгч хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд нотлох баримт гаргуулахаар шаардсан ба нотлох баримтыг хуульд заасан хэлбэрээр гаргах, мөн нотлох баримт гаргуулах хүсэлт гаргах эрхтэйг тайлбарласныг шүүхийн шийдвэрээ урьдчилан танилцуулсан гэж үзэхгүй.

 ...Мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд дээр дурдсан зүйл тусгагдсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авна гэж заасан.

Нэхэмжлэгч 2019 оны үр дүнгийн гэрээний үүрэгт 97,495,877 төгрөг нэхэмжилсэн байх ба шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгчээс тус компанид ажиллаж байгаад ажлаас гарсан хүмүүст үр дүнгийн урамшууллыг дараа нь нөхөж олгож байсан удаа байдаг эсэх талаар асуулт асуусан, шүүгч энэ нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй, шаардлагатай холбоотой асуулт асуу гэх байдлаар тайлбар гаргасныг мэтгэлцэх зарчмыг тэгш хангаагүй гэж үзэх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, зохигч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй холбоогүй, хэрэгт ач холбогдолгүй асуулт асуусан гэж шүүгч үзвэл шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар түүнийг зогсоох арга хэмжээ авах бөгөөд энэ тохиолдолд мэтгэлцэх эрхийг хангаагүй гэж үзэхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 25 дугаар зүйлийн 25.1.7-т зааснаар зохигч талууд эвлэрэн хэлэлцэх, мөн нэхэмжлэлийн бүх шаардлага, эсхүл аль нэг буюу хэд хэдэн шаардлагатай холбогдуулан хэргийг эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах эрхтэй ба шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэхэд шүүх хуралдаан даргалагч зохигчид эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг тодруулж уг эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгох талаар хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан.

Шүүгч хуульд заасны дагуу зохигч талуудаас эвлэрэх эсэхийг асууж, эрхээ эдлэх боломж олгосныг хуулиар хориглосон үйлдэл гаргасан гэж үзэхгүй.  О.Г-ийн өмнө гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг шүүгч Ж.Б шийдвэрлэсэн, энэ нь түүний дараа гаргасан үр дүнгийн урамшуулал шаардсан хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралгүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэл болохгүй юм.

Дээрх үндэслэлээр шүүгч Ж.Б-д сахилгын зөрчил гаргасан гэх байдал тогтоогдоогүй тул түүнд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

                       ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хорооны гишүүний 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 661 дугаартай захирамжаар өмгөөлөгч Ц.М-ын өргөдлөөр ... шүүхийн шүүгч Ж.Б-д холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгч Ж.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 000/ШЗ2021/08250 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн О.Г2ийн нэхэмжлэлтэй “П” ХХК-д холбогдох “2019 оны үр дүнгийн гэрээний үүрэгт 97.495.877 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

 Өргөдөл гаргагч өргөдөлдөө “2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан дууссаны дараа шүүгч нэхэмжлэгч талд өмнө нь өөрийнхөө шийдвэрлэсэн шүүх хуралдааны үзлэгийн тэмдэглэл нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн архиваас авч нотлох баримтын шаардлага хангуулан гаргах талаар зөвлөсөн” гэж заасныг тус тус зөрчсөн гэж дурджээ.

Шүүгч Ж.Б ирүүлсэн тайлбартаа “2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 09:00 цагт товлогдсон шүүх хуралдааны дараа зохигчид хэргийн баримтуудтай бүрэн танилцсан эсэх, хэрэгт авагдсан баримт хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаж байгаа эсэх, өөр нотлох баримт гаргах талаар талуудаас тодруулж, шаардлага ханган гаргаж өгөх, боломжгүй тохиолдолд эрх үүргээ эдэлж хүсэлт гаргах эрхтэйг тайлбарласан нь шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй” гэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”, 38.6 дахь хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ”, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл хэргийн оролцогч өөрийн шаардлагатай холбоотой баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг шүүх бүрдүүлэхээр заасан. Мөн хэрэгт цугларсан нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан байхыг шаардахаар зохицуулжээ.

Иймд шүүгч шүүх хуралдааны явцад нотлох баримтыг шаардлага хангуулах, нотлох баримт гаргаж өгөх талаар хэлсэн нь шүүгч хөндлөнгийн байх, төвийг сахих зэрэг зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Өргөдөл гаргагчаас “2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 11983 тоот шүүх хуралдааны үеэр шүүгч нь мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхгүйгээр нэхэмжлэгчийн өмнөөс 8 удаа хариулсан байдаг. ...мэтгэлцэх зарчмыг зөрчсөн” гэжээ.

2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 11983 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд Хариуцагчийн өмгөөлөгчөөс  “Та 2012 оноос ажиллаж байсан учраас энэ асуултыг асууж байгаа юм. Танай компанид ажиллаж байгаад ажлаас гарсан хүмүүст үр дүнгийн урамшууллыг дараа нь нөхөж олгож байсан удаа байдаг уу” гэх асуултыг нэхэмжлэгчээс асуусан байна. Дээрх асуулттай холбоотойгоор шүүх хуралдаан даргалагчаас: “Нэхэмжлэлтэй холбоотой асуултаа асууна шүү дээ” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна”, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно”,  107.3 дахь хэсэгт “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана”  гэж заасны дагуу даргалагч шүүгч шүүх хуралдааны явцад хуралдааны дэгийг сахиулсан байна.

Иймд шүүгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогчийн мэтгэлцэх зарчмыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

            Түүнчлэн өргөдөл гаргагчаас “шүүгч удаа дараа талууд эвлэрэх талаар зөвлөж, хэргийн талаарх дотоод итгэл үнэмшлээрээ асуудалд хандсан” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэх, зохигч эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг шүүх хуралдаан даргалагч асууж тодруулна. Зохигчид эвлэрэх хүсэлтэй байгаа тохиолдолд эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах эсэхийг асууна” гэж заасан байна.

Анхан шатны шүүх хуралдаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тодорхой дараалал, дэгийн дагуу явагддаг ба хэрэг хэлэлцэх ажиллагааны үед зохигч эвлэрэх эсэхийг даргалагч шүүгч асууж тодруулах үүрэгтэй учир энэхүү эвлэрэх талаар асуусан нь сахилгын зөрчил болохгүй.

 Өргөдөл гаргагчийн “2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шийдвэрлэсэн шүүгч нь дахин хэргийг шийдвэрлэж буй нь мөн адил эргэлзээ төрүүлж байна” гэх үндэслэлийн тухайд:

Шүүгч Ж.Б 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 000/ШШ2019/02201 дугаартай шийдвэрээр О.Гийн нэхэмжлэлтэй “П” ХХК, “П” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох “Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2019/13 тоот ажлаас чөлөөлөх тухайн тогтоолыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэмцэх хэмжээний олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийн нөхөн бичилт хийлгэж баталгаажуулахыг даалгах” тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн.

Мөн О.Г-ийн нэхэмжлэлтэй “П” ХХК-тай холбогдох “2019 оны үр дүнгийн гэрээний үүрэгт 97.495.877 төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Шүүгч сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа “үр дүнгийн гэрээний дагуу урамшуулал олгохыг хүссэн энэ нэхэмжлэл мөн л шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор баталсан журмын 1.4.4, 2.1-д заасны дагуу системээс санамсаргүй хуваарилах аргын дагуу шүүгч надад хуваарилагдсан нь уг хэргийг шийдвэрлэхгүй байх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэл болохгүй юм” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэг “Иргэний хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг, маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй”, 91 дүгээр зүйлд заасан шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй үндэслэл, 91.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 84 дүгээр зүйл, 91.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно” гэж заасан.

2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 000/ШШ2019/02201 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгч Ц.М-ын өргөдөлд дурдсан хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь өөр байна.

Иймд эдгээр хэргүүд өөр өөр нэхэмжлэлийн шаардлагатай тусдаа иргэний хэрэг байх тул дээрх хуульд зааснаар татгалзан гарах үүрэг шүүгчид үүсээгүй.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуульд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилагдах шүүгчийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байх бөгөөд дараах шаардлага хангасан программ хангамжийг ашиглана гэж хуульчилсан тул нэхэмжлэлийг хуваарилахдаа дээрх журмыг баримталж хуваарилна.

Өргөдөл гаргагчаас 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүгч Ж.Б-д холбогдуулан гаргасан өргөдлөөсөө татгалзсан байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 104.2-т заасны дагуу сахилгын хэрэг үүсгэсэн бол өргөдөл, мэдээллээсээ татгалзсан эсэхээс үл хамааран сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна” гэж заасан тул шүүгч Ж.Б-д холбогдох сахилгын хэрэгт шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан байгааг дурдах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ... шүүхийн шүүгч Ж.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

    ДАРГАЛАГЧ                                 Д.АРИУНТУЯА

                            ГИШҮҮН                                   О.НОМУУЛИН

                                                                                                  Х.ХАШБААТАР