МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-05-11
Дугаар 178
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
...шүүхийн Ерөнхий шүүгч З.Т, шүүгч Т.Ж нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн С.Б ирүүлсэн өргөдөлдөө: .... аймгийн сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч Т.Ж нар эрх мэдлээ ашиглан шударгаар шүүх ажиллагааг явуулахгүй байгаа тул солих хүсэлтийг 2 удаа гаргасан ба хариу аваагүй байхад шүүх хурал явуулахыг зөвшөөрсөн байна. Шүүгчийн туслах ерөнхий шүүгчийнхээ захирамжийг гардуулж өгөөгүй байж, утсаар мэдэгдлээ шүү гэж хэлэн хууль зөрчлөө.
Хууль зөрчсөн шүүгчийг солих хүсэлт гаргасан боловч ерөнхий шүүгч ямар үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахгүйгээр учир битүүлэг байдлаар шүүх ажиллагааг үргэлжлүүлэх зөвшөөрөл өгсөн байна.
Шүүгч Т.Ж гэгч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш учир битүүлэг шалтгаанаар хурлыг хойшлуулах арга саам хийж 6 сар болголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтыг, энэ хуулийн 72.3-т зааснаар хариуцагч 14 хоногт хариу тайлбараа, 60 хоногийн дотор нотлох баримтаа өгөхгүй бол түүний эзгүйд шийдвэрлэнэ гэж тус тус заасан хуулийн заалтыг зөрчиж 6 сар болгосон байна. Хууль зөрчсөн эсэхийг тогтоож өгнө үү” гэжээ.
...шүүхийн Ерөнхий шүүгч З.Т бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...шүүхийн Ерөнхий шүүгч З.Т би иргэн С.Б-гийн гаргасан гомдол болон Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 90 дугаар тогтоолыг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гардан авч, танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
...С.Б, Б.Т нарын нэхэмжлэлтэй М.Б, С.Б нарт холбогдох иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүгч Т.Ж-г татгалзан гаргах тухай хүсэлтийг хариуцагч С.Б нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 17 цаг 20 минутад гаргасныг тус шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан бүртгэн авч, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ерөнхий шүүгч З.Т надад уг хүсэлтийг танилцуулж, хүлээлгэн өгсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-т ...хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана гэж заасны дагуу С.Б-гийн шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 403 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйл, 91 дүгээр зүйлийн 91.1-т шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй үндэслэлийг тухайлан заасан бөгөөд өөр бусад үндэслэлээр шүүгчийг татгалзахыг хуулиар хориглосон. С.Б-гийн гаргасан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийн үндэслэл нь хуульд заасан шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлд хамаарахгүй байсан тул түүний хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Шүүгчийн туслах Т.Т нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн /Баасан гариг/ 09 цаг 51 минутад хүсэлт гаргагч, хариуцагч С.Б-д түүний 99096062 дугаарын утсаар Ерөнхий шүүгчийн 403 дугаартай захирамжийн агуулгыг танилцуулж, мэдэгдэхэд, тэрээр "За, ойлголоо" гэсэн хариуг өгсөн ба түүнд захирамжийн хувийг хэрхэн гардуулах талаар лавлахад тэрээр "Шуудангаар явуулчхаарай" гэсэн хариу өгсөн байна.
Шүүгчийн туслах 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр буюу Даваа гаригт дээрх захирамжийн хувийг С.Б-д хүргүүлэхээр шууданд хийсэн байна. /тус шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гардуулсан, хүргүүлсэн, мэдэгдсэн тухай Баримт №7-г хавсаргав/
Мөн Ерөнхий шүүгчийн 403 дугаартай захирамж нь өнгөн хувь, хэрэгт, хүсэлт гаргагчид гэж 3 хувь үйлдэгдсэн бөгөөд энэхүү захирамжийн хувь нь С.Б, Б.Т нарын нэхэмжлэлтэй М.Б, С.Б нарт холбогдох хавтас хэрэгт хавсаргагдсан байгаа тул талууд танилцах бүрэн боломжтой.
С.Б нь тухайн иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан дээр дээрх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар асууж тодруулах, хүндэтгэн үзэх шалтгаан байгаа тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад хүсэлтүүдийг гаргах эрх нээлттэй байх тул түүний гомдолд дурдсанчлан "...хүсэлтийн хариу өгөлгүй хүчээр шүүх хурал хийсэн..." гэх үйл явдал болох боломжгүй болно.
Иймд тус шүүхийн ерөнхий шүүгч З.Т миний гаргаж буй тайлбарыг харгалзан үзэж, гомдол гаргагч С.Б-гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
...шүүхийн шүүгч Т.Ж бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...шүүхийн шүүгч Т.Ж би В.Түвшинбат, С.Б нарын нэхэмжлэлтэй М.Б, С.Б нарт холбогдох иргэний хэргийг хэрэг, нэхэмжлэлийг хүлээн авах журмын дагуу нэхэмжлэл хуваарилагдсан ирж иргэний хэрэг үүсгэсэн ба Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан 60 хоног, шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж 30 хоногоор сунгаж, хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч С.Б, түүний өмгөөлөгч, хариуцагч С.Б нар 2 удаа шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаж тус шүүхийн ерөнхий шүүгч З.Т татгалзлыг үндэслэлгүй гэж үзэн шийдвэрлэсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн болно.
С.Б-гийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн гомдолд "шүүгч Т.Ж гэгч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш учир битүүлэг шалтгаанаар хурлыг хойшлуулах арга саам хийж 6 сар болголоо" гэжээ.
Шүүх хурлын болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос хүсэлт гаргах, гомдол гаргах, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах, хариу тайлбар авах зэрэг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан.
С.Б-гийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн гомдолд "Илт хэргийн байдал буруугаар шийдэгдэх мэдээллийн дагуу шүүх хурлаас өмнө шүүгчээс татгалзах хүсэлт өгсөн боловч, хүсэлтийн хариу өгөлгүй хүчээр шүүх хурал хийсэн зөрчлийг ил болголгүй шийдсэнд гомдолтой байна. Төрөөс олгосон эрх мэдлийг урвуулан ашиглаж чирэгдэл учруулж байгаа шүүгчид ... гомдолтой байна" гэжээ.
Шүүгч хэргийг шийдвэрлэхдээ буруу шийдсэн, хуулийг буруу тайлбарласан, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа бол давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх ёстой. Энэ нь Шүүхийн сахилгын хорооны харъяалан шийдвэрлэх маргаан биш. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаж, .... аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдаж байгаа болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51, 52, 53 дугаар зүйлд заасан яг ямар зөрчлийг би гаргасан талаар гомдол гаргагч гомдолдоо дурдаагүй, Шүүхийн Сахилгын хорооны гишүүний 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 584 дугаартай захирамж хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...Ерөнхий шүүгч шүүгчээс татгалзсан татгалзлыг шийдвэрлэж захирамж гаргаснаар түүний хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэсэнд тооцогдох ба тухайн захирамж гарсан болохыг мэдэгдэх, хүргүүлэх тухай асуудал нь Ерөнхий шүүгчид хамааралгүй, түүний хийж гүйцэтгэх харьяаллын бус асуудал болно. Сахилгын хэрэгт авагдсан баримтаар Ерөнхий шүүгч татгалзал шийдвэрлэж захирамж гаргахдаа үндэслэлээ тодорхой дурдсан байсан болох нь тогтоогдож байна. Иймд шүүгчийг солих хүсэлт гаргасан боловч Ерөнхий шүүгч хүсэлтийг хүлээж аваагүй, ямар үндэслэлээр хүлээж аваагүй болохыг мэдээгүй, хүсэлтийг хүлээж аваагүй тухай захирамжаа гардуулж өгөөгүй, утсаар мэдэгдсэн гэх гомдол нь үндэслэлгүй, Ерөнхий шүүгч хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж татгалзлыг хуулийн дагуу шийдвэрлэж захирамж гаргасан тул Ерөнхий шүүгчийг буруутгах, мөн Ерөнхий шүүгч хуулиар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх нөхцөл байдал, үйл баримт тогтоогдохгүй байна. Шүүхийн сахилгын хороо нь шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн эсэх талаарх өргөдөл, мэдээллийг хянах, шалгах, хэрэв зөрчсөн гэж үзэж байгаа бол тухайн зөрчил гаргасан гэх үйл баримттай холбоотой өргөдөл, мэдээллийг хянан шийдвэрлэх, сахилгын зөрчил гаргасан эсэхийг тогтоох хууль зүйн зохицуулалттай. Шүүгч Т.Ж нь иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан шүүгчийн хийхийг хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг шууд болон санаатай зөрчсөн гэх үйл баримт, нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хугацааны дотор багтааж хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гарч шийдвэр давж заалдах журмаар хянагдаж байгаа болох нь сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож нотлогдож байна.
Иймд ...шүүхийн Ерөнхий шүүгч З.Т, шүүгч Т.Ж нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 90 дугаартай тогтоолоор иргэн С.Б-гийн өргөдлөөр ...шүүхийн Ерөнхий шүүгч З.Т, шүүгч Т.Ж нарт холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
Өргөдөл гаргагч өргөдөлдөө “...хууль зөрчсөн шүүгчийг солих хүсэлт гаргасан боловч Ерөнхий шүүгч ямар үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахгүйгээр шүүх ажиллагааг үргэлжлүүлэх зөвшөөрөл өгсөн” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 3788 дугаартай шүүгчийн захирамжаар иргэн С.Б, Б.Т нарын нэхэмжлэлтэй М.Б, С.Б нарт холбогдох “С.Б болон М.Б нарын хооронд байгуулагдсан 000000000 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Э-000000 дугаартай газрыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлэлцэлд тооцуулж, тус үл хөдлөх хөрөнгө, газрыг С.Б, Б.Т нарын өмчлөлд бүртгэхийг .... аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах” шаардлага бүхий иргэний хэрэгт шүүгч Т.Ж хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Тус хэргийн нэхэмжлэгч С.Б 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр, хариуцагч С.Б 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шүүгч Т.Ж-г татгалзан гаргах хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт “Хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана” гэж заасны дагуу Ерөнхий шүүгч З.Т 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 224 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжаар, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 403 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжаар тус тус шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. Дээрх 403 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжийг хүсэлт гаргагчид 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бичгээр гарсан талаар мэдэгдэж, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шуудангаар хүргүүлжээ.
Ерөнхий шүүгчийн захирамжаар “хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан шүүгчийг татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй байх тул хүсэлтийг хангах хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1080 дугаартай шүүгчийн захирамжаар тус иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулсан байх бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдаан явагджээ. Сахилгын хэрэгт авагдсан баримтуудад Ерөнхий шүүгч шүүх хуралдаан хийх зөвшөөрөл өгсөн баримт байхгүй байна.
Иймд өргөдөл гаргагчийн дээрх үндэслэлээр Ерөнхий шүүгч З.Т-г шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хүлээн аваагүй, шүүх хуралдаан хийх зөвшөөрөл өгсөн гэж буруутгах боломжгүй.
Түүнчлэн өргөдөл гаргагчаас “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтыг ....зөрчиж 6 сар болгосон байна” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ” гэж заажээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 3788 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хариуцагч М.Б-д 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдөр, хариуцагч С.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.К-д 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, мөн сарын 09-ний өдөр эрх, үүргийг нь тайлбарлан иргэний хэрэг үүсгэсэн захирамжийг гардуулж өгчээ.
Хариуцагч М.Б 2021 оны 11 дүгээр сарын 12-ны, хариуцагч С.Б 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус тус нэхэмжлэлийн хариу тайлбараа бичгээр гаргаж ирүүлжээ.
2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 4404 дүгээр захирамжаар нотлох баримт гаргуулах хүсэлт шийдвэрлэж, уг захирамжийг хариуцагч М.Б эс зөвшөөрч гомдол гаргасныг хянаад 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1431 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжаар шүүгчийн захирамжид гарсан гомдлыг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг томилж, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Шүүгчийн захирамжид гаргасан гомдол хэлэлцсэн тухай” 58 дугаар тогтоолоор захирамжид өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.
...шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгах тухай” 245 дугаар тогтоолоор тус иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаагаар сунгаж шийдвэрлэжээ.
Түүнчлэн нэхэмжлэгч С.Б, өмгөөлөгч Ж.Б нар шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан байх ба Ерөнхий шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх тухай” 224 дүгээр захирамжаар хүсэлтийг хангалгүй орхисон байна.
2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” 722 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цаг 30 минутад хийхээр товлож, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” 239 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаан хойшлуулахыг хүссэн хүсэлт гаргасан байх тул тэдний хүсэлтийг шүүгч ханган 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагт хүртэл шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ.
2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаас хариуцагчийн өмгөөлөгч Б.Б-ын шүүх хуралдаан хойшлуулахыг хүссэн хүсэлтийг хангаж 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг хүртэл шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх тухай” 403 дугаар захирамжаар шүүгч Т.Ж-г татгалзан гаргах тухай хүсэлтийг хангахгүй шийдвэрлэжээ.
2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж 252 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба шүүгч Т.Ж нь тус иргэний хэрэгт 4 сар 11 хоногийн хугацаанд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд хуульд заасан хугацааг хянан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлээгүй байна.
Иймд шүүгч Т.Ж-г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ...шүүхийн Ерөнхий шүүгч З.Т, шүүгч Т.Ж нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН Х.ХАШБААТАР
Г.ЦАГААНЦООЖ