info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-04-27

Дугаар 170

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүгч О.О, Н.Д, Г.М, нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

...шүүхийн шүүгч О.О, Н.Д, Г.М нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Өргөдөл гаргагч “М” ХХК-ийн захирал Б.О өргөдөлдөө: ...Нэр бүхий шүүгч нар “М” ХХК-ийн гомдолтой, хариуцагч ....Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ц нарт холбогдох “....татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0000000 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” захиргааны хэргийг хянан хэлэлцээд, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 0344 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсгийн 23 дахь талын 1, 2 дахь догол мөрт -...нийт 814.824.600,81 төгрөгийн төлбөр тогтоосон нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь дээрх татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар ногдуулсан зөрчил нь “М” ХХК-д холбогдох 000000000000 тоот эрүүгийн хэрэгт шинжилгээ хийсэн тухай 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 140 дүгээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.О-ын дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд шинжээч захиргааны хэрэгт гэрчээр орж мэдүүлсэн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна гэсэн нь нотлох баримтыг илтэд гуйвуулан эсрэг утгатай байсан мэтээр худал үнэлэн хэргийг шийдвэрлэсэн”,

“...Шүүх бүрэлдэхүүн дээрх байдлаар дүгнэсэн нь илт үндэслэлгүй худал болохыг дээрх баримтуудаас гадна өөрсдөө нотолно. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 22 дугаар хуудсанд -эрүүгийн хэрэг хэдийгээр гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй боловч шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 268.439.061,46 төгрөгийн төсөвт төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд ....Татварын хэлтэс холбогдох тооцоог нийлж татварыг зохих хэмжээгээр авч болохыг дурдсан. Уг тогтоолд дурдсаны дагуу татварын улсын байцаагч нар хяналт шалгалтыг хуульд нийцүүлэн явуулсан байна гэж дүгнэсэн.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар нотлох баримтыг үнэн зөв, үнэлэх байтал шүүгч нар баримтыг худал үнэлээд зогсохгүй, шүүхэд асуугдсан гэрчийг өөр зүйл ярьсан мэтээр гүтгэсэн. Энэхүү үйлдэл нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар нотлох баримтыг ...бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасан. ...гэтэл шүүгч байгаа баримтыг өөрөөр дурдаж, тийнхүү өөрийн өөрчилсөн агуулгаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Энэ нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-д заасан үүргийг зөрчсөн зөрчил гаргасан” гэжээ.

...шүүхийн шүүгч О.О, Г.М, Н.Д нар Шүүхийн ёс зүйн хороо /хуучнаар/-нд гаргасан тайлбартаа:    Тус шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 0344 дүгээр шийдвэрээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1, 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.3, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар сарын 5.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг тус тус баримлан ....Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0000000 тоот шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, “М” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 0391 дүгээр магадлалаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0344 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Улмаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан ба Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 195 дугаар тогтоолоор хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр татгалзсан.

Үүнээс үзэхэд тухайн маргаан дээд шатны шүүхүүдэд зохих журмын дагуу хянагдсан, шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэсэн.

....Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ц нар татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 35170900400 тоот томилолтын дагуу “М” ХХК-ийн 2011-2013 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, маргаан бүхий акт болох 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0000000 тоот шийтгэлийн хуудсаар,

1. 2013 онд харилцах болон кассаар орж ирсэн 2.233.235.100,36 төгрөгийн орлогын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж, төсөвт төлөөгүй зөрчилд 223.323.510,04 төгрөгийн нөхөн татвар,

2. 2013 онд харилцах болон кассаар орж ирсэн 2.233.235.100,36 төгрөгийн орлогын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд 223.323.510,04 төгрөгийн нөхөн татвар,

3. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2013 оны 01 дүгээр сард 12293731 дугаартай падаанаар 2.029.369.640,00 төгрөгийн, 09 дүгээр сард 12293733 дугаартай падаанаар 1.635.406.167,40 төгрөг, нийт 3.664.775.807,40 төгрөгийн төлбөр тооцоо шилжүүлсэн үндсэн баримтгүй худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх дүнгээс хасаж тооцсон зөрчилд нь 366.477.580,74 төгрөгийн нөхөн татвар,

4. 2013 онд Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000  дугаартай, ....13 дугаар хороо, Мэдээлэл санд нэмэх хаяг гудамж, 70 тоотод байрлах, 343,61 м.кв талбай бүхий, 100.000.000 төгрөгийн үнэлгээтэй худалдаа үйлчилгээний барилга, Эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай, ....13 дугаар хороо, Нарны зам /13332/ гудамж, 70/1 тоотод байрлах, 210 м.кв талбай бүхий 70.000.000 төгрөгийн худалдаа үйлчилгээний барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг татварын албан ирүүлээгүй зөрчилд нь 1.700.000 төгрөгийн нөхөн татвар, нийт 814.824.600,81 төгрөгийн төлбөр тогтоосон нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж шийдвэрлэсэн.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас гэрч асуулгах тухай хүсэлт гаргасныг хангаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.О-ыг гэрчээр оролцуулж, мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан дүгнэсний үндсэн дээр шийдвэр гаргасан. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг зөрчөөгүй.

Нөгөө талаар нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа ....Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0000000 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж шаардлагаа тодорхойлсон бөгөөд 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 140 дүгээр шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хэмжээгээр тооцуулах шаардлага гаргаагүй болно.

Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд уг хэргийг шийдвэрлэсэн, шийдвэрийн үндэслэлээ тодорхой бичсэн, хууль зөрчсөн шийдвэр гаргаагүй, түүнчлэн хянан шийдвэрлэсэн хэрэгтэй холбогдуулж гомдол гаргаж байгаа зэрэг нөхцөл байдлыг сайтар хянан үзэж гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

...шүүхийн шүүгч О.О 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа: Уг хэрэг нь захиргааны шүүхээр өмнө нь нийт 6 удаа шийдвэрлэгдэж дахин хэлэлцүүлэхээр буцаасан хэрэг байсан, ... тус шүүхийн шүүгч О.О надад хуваарилагдаж, миний бие  7 дахь удаагаа шүүх хуралдаанаар 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр илтгэж 0344 дүгээр шийдвэрийг гаргасан ингэж хэргийг хэлэлцэхэд гомдлын шаардлага нь мөн л “....Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0000000 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага байсан, шүүхээс гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ хуралд Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч Ц.О гэрчээр оролцсон. Энэ хурлын тэмдэглэл болон өмнөх 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд шинжээчээр оролцохдоо зөрчлийн талаарх тайлбарласан тайлбар хоёр зөрүүтэй байсан.

Тухайлбал:

2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд 8 тэрбумын тухайд үндэслэлтэй байна гэдэг нь өрөөсгөл ойлголт. Тухайн үед татварын улсын байцаагчийн ирүүлсэн баримтын тухайд дүгнэлт нь үндэслэлтэй. Шинжилгээний явцад 1 дүгээр хавсралтад ....Татварын хэлтсээс илүү төлөлттэй байна гэсэн тодорхойлолт ирсэн. Тиймээс үүнийг суутган төлж болох юм гэж үзсэн...” гэж мэдүүлсэн.

2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шуух хуралдаанд “...8.228.484.461 төгрөг бол ....Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн тогтоосон зөрчил. Шинжээчийн дүгнэлтээр 2.233.235,100 төгрөгийн зөрчилд тооцогдох  татварыг  нотлох  баримтаар   тогтоосон.   2013   оны   касс   харилцахад

7.950.387.448    төгрөгийн   борлуулалтын   орлого    орсноос   2013   оны   баланст

5.717.133.274 төгрөгийн борлуулалтын орлогыг тусгасан байна. Зөрүү нь 2.233.235.100 төгрөг байна. НӨАТ-д 223.323.510 төгрөг, аж ахуйн нэгжийн албан татвар 45.169.551 төгрөг, нийт 268.493.061 төгрөгийн татвар тавигдаж байна. Тухайн зөрчлийг үндэслэлтэй байна гэж шинжээчийн дүгнэлтээр үзсэн” гэх зөрүүтэй мэдүүлгийг шүүх үнэлэхдээ хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтыг харьцуулан тал бүрээс нь судалж шийдвэрээ гаргасан.

Дээрх шүүхийн шийдвэрийг гаргахдаа “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу мөн хуулиар хэргийн оролцогчдын гаргаж өгсөн нотлох баримтаас гадна захиргааны шүүхэд нотлох баримтыг цуглуулах үүрэг байдаг бөгөөд цуглуулсан нотлох баримтыг үнэлэхдээ чөлөөт зарчмын үндсэн дээр тал бүрээс нь үнэлж гомдол гаргагч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар өмнө өгч байсан мэдүүлэг тайлбар шинжээчийн дүгнэлт, түүний мэдүүлэг зэргийг тал бүрээс нь нягталж үзээд шүүгчид хуулиар олгосон дотоод итгэлийн хүрээнд дээрх шийдвэрийг гаргасан.

Мөн нотлох баримтын талаарх үнэлгээ нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт бичигддэг түүнээс биш тогтоох хэсэгт бичигдэхгүй, үндэслэх тогтоох хэсэг зөрсөн зүйл байхгүй.

“М” ХХК нь зөрчил гаргасан гэдэг нь ийм, ийм баримтаар тогтоогдож байна гэж үндэслэх хэсэгтээ бичиж тогтоох хэсэгт гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Түүнээс нотлох баримтыг илтэд гуйвуулж, эсрэг утгатай байсан мэтээр илтэд худал үнэлж шийдвэрлэсэн зүйл байхгүй юм.

“М” ХХК-ийн захирал Б.О нь сахилгын хороонд гаргасан үндэслэлээрээ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.

Давж заалдах шатны шүүхээс гомдлын шаардлагыг хянаад 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 391 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Мөн Улсын Дээд шүүхэд сахилгын хороонд гаргасан гомдолтой агуулгын хувьд ижил үндэслэлээр гомдол гаргасныг Улсын дээд шүүхээс хянаад “М” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 195 дугаар тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзсан тогтоол гаргасан.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн хуулийн зохицуулалттайгаас гадна нотлох баримтыг үнэлэх ажиллагаа нь зөвхөн зөвлөлдөх тасалгаанд шүүх бүрэлдэхүүний хэмжээнд хэрэгждэг онцгой ажиллагаа юм.

Хэрвээ анхан шатны шүүх нотлох баримтыг гуйвуулж, хэрэгт байгаа баримтыг илт худал үнэлсэн бол давж заалдах болон Улсын Дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох байсан.

Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй гаргах гэсэн заалтыг зөрчөөгүй. Хуулийн илт тодорхой заалтыг зөрчих гэдэг нь хуульд тухайлан жишээлбэл 5 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэж заасныг шүүгч 10 гэж бичээд 5 хоногтоо гомдол гаргаагүй байна гэвэл энэ нь хуулийн заалтыг илт зөрчсөнд тооцогдоно. Мөн ноцтой зөрчсөн гэдэг нь эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, хуулиар хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдлийг ойлгохоор хууль санаачлагч оруулсан тэрнээс биш нотлох баримтыг үнэлэх зөвлөлдөх тасалгааны нууцтай холбоотой асуудал биш юм.

Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэж заасан бид энэ дүрмийг зөрчсөн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл хуулиас гадуур нотлох баримт цуглуулсан шаардсан зүйл байхгүй.

Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийн 1.11-д “Хуульч нь өөрийн мэргэжлийн үүрэгтэй холбоотой худал, төөрөгдүүлсэн агуулгатай, хуульчийн мэргэжлийн нэр хүндийг гутаасан, эсхүл хянан шийдвэрлэх ажиллагаанд сөрсөөр нөлөөлөх мэдээлэл хийхийг хориглоно” гэж заасан байна.

Гэтэл гомдол гаргагч энэ дүрмийг зөрчиж шүүгч биднийг илтэд гүтгэсэн, төөрөгдүүлсэн гомдол гаргаж байгаа нь харин ч үндэслэлгүй байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч Ц.О-ын 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 140 дүгээр шинжээчийн дүгнэлт болон ....Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 24/0000237 дүгнэлт зэрэгтэй нэхэмжлэгч огт маргаагүй байдаг.

Маргасан эсэх талаар Улсын Дээд шүүхийн хуралдааны үед шүүх бүрэлдэхүүн “М” ХХК-ийн өмгөөлөгчөөс асуухад энэ талаар гомдол гаргасан эсэхийг мэдэхгүй, хариуцагчаас гомдол гаргаагүй гэж тайлбарласан байдгийг анхаарч үзнэ үү.

Гомдол гаргагч “М” ХХК нь зөрчил бид огт гаргаагүй гэх үндэслэлээр зөвхөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч Ц.О-ын 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 140 дүгээр шинжээчийн дүгнэлт болон ....Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 24/0000237 дүгнэлт зэргийг үндэслэж гарсан ....Татварын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0000000 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар удаа дараа буюу хэргийг 8 удаа хэлэлцэхэд нэг л үндэслэл, нэхэмжлэлийн шаардлагаар маргаж байсан.

Шүүх бүрэлдэхүүн уг захиргааны хэргийг нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч Ц.О-ын 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 140 дүгээр шинжээчийн дүгнэлт болон ....Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 24/0000237 дүгнэлттэй маргах эрх нь “М” ХХК-д одоо ч бий.

Мөн Шүүхийн шинжилгээний шинжээчийн дүгнэлтэд заасны дагуу татварын хяналт шалгалтад дахин хамрагдахдаа хасалтаа хийлгэх бүрэн боломжтой.

Шүүх бүрэлдэхүүн зөвхөн зөрчил мөн эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Иймд Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг зөрчөөгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүгч Н.Д 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа: “М” ХХК нь тус шүүхэд ....Татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0000000 тоот шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч татварын байцаагч нар эс зөвшөөрч маргасан.

Нэхэмжлэгчээс гаргасан шийтгэлийн хуудсыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд мөн хуулийн 34 дүгээр 34.1-д зааснаар хуульд заасан журмын дагуу, хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан, өөрийн дотоод итгэлээр үнэлж нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тухайлбал, a). “М” ХХК нь “...шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ц.О-ын мэдүүлгийг шүүх гуйвуулж, эсрэг утгатай байсан мэтээр илтэд худал үнэлэн хэргийг шийдвэрлэсэн... нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 22 дугаар хуудаст “...тооцоо нийлж татварыг зохих хэмжээгээр авч болохыг дурдсан байна, уг тогтоолд дурсны дагуу хяналт шалгалт явуулжээ” гэж дүгнэснээр “...байгаа баримтыг худал үнэлээд зогсохгүй, гэрчийг өөр зүйл ярьсан мэтээр гүтгэсэн байна” гэж гомдолдоо дурдсан.

Шүүх бүрэлдэхүүний тухайд дан ганц гэрчийн мэдүүлгийг үндэслээгүй, харин хэргийн бүх баримтуудыг харьцуулж үнэлснээс гадна гэрч нь 2020 оны 02  дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...8 тэрбумын тухайд үндэслэлтэй байна гэдэг нь өрөөсгөл ойлголт. Тухайн үед татварын улсын байцаагчийн ирүүлсэн баримтын тухайд дүгнэлт нь үндэслэлтэй. Шинжилгээний явцад 1 дүгээр хавсралтад ....Татварын хэлтсээс илүү төлөлттэй байна гэсэн тодорхойлолт ирсэн. Тиймээс үүнийг суутган төлж болох юм гэж үзсэн...”, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд “...8.228.484.461 төгрөг бол ....Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн тогтоосон зөрчил. Шинжээчийн дүгнэлтээр 2.233.235.100 төгрөгийн зөрчилд тооцогдох татварыг нотлох баримтаар тогтоосон. 2013 оны касс, харилцахад 7.950.387.448 төгрөгийн борлуулалтын орлого орсноос 2013 оны баланст 5.717.133.274 төгрөгийн борлуулалтын орлогыг тусгасан байна. Зөрүү нь 2.233.235.100 төгрөг байна. НӨАТ-д 223.323.510 төгрөг, аж ахуйн нэгжийн албан татвар 45.169.551 төгрөг, нийт 268.493.0614 төгрөгийн татвар тавигдаж байна. Тухайн зөрчлийг үндэслэлтэй байна гэж шинжээчийн дүгнэлтээр үзсэн” гэж буюу салаа утгаар, өөр өөр зөрүүтэй тайлбарласан.

Үүнийг шүүх бүрэлдэхүүн тал бүрээс нь, бусад нотлох баримтуудтай харьцуулан хэлэлцээд “зөрчил үйлдсэн нь хяналт шалгалтын явцад тогтоогдсон байна, харин шинжээчийн тогтоосон 268.439.061 төгрөгийн татвар нь нэхэмжлэгч компанийн хувьд татварын албан нөхөн тооцогдох боломжтой татвар юм байна...” гэж үзэж, үүнийгээ шүүхийн шийдвэртээ дурдаж шийдвэрлэсэн болно. Үүнийг шүүхийн шийдвэрийн агуулгаас тодорхой харж болох буюу

б). Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тухайн шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар маргаж байгаа нөхцөлд шүүх өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, тухайлбал маргааны тохиолдолд шийтгэлийн хуудсаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгаж тогтоох хууль зүйн боломжгүй.

Уг хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д “төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах нь” нь захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлэлийн нэг бие даасан төрөл мөн бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа энэ байдлаар гаргаагүй байхад шүүх шууд 106 дугаар зүйлийн 106.3.6-д зааснаар шийдвэрлэх эрх хэмжээгүй, эс бөгөөс "хуулийн“илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл” болох юм” гэжээ.

Илтгэгч гишүүн саналдаа: ...шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 0344 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, “М” ХХК-ийн өмгөөлөгч  нар 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гомдол гаргасныг Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 391 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Түүнчлэн “М” ХХК-ийн гомдолтой, ....Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Ц нарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн ...шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 344 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 391 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, гомдол гаргагчийн өмгөөлөгч  нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын Дээд шүүх 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, тус  шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 195 дугаар тогтоолыг гаргажээ.

Уг 195 дугаар тогтоолоор “...хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар дөрөв, түүнээс дээш шүүгч санал гаргаагүй, уг гомдол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дах хэсэгт заасан үндэслэлүүдэд хамаарахгүй гэж үзээд гомдлыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн” байна. 

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 0344 дүгээр шийдвэрт хуулийн дагуу гомдол гаргаж, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянагдаж, уг шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлджээ.

Аливаа шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хянах, түүнд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох, үнэлэлт, дүгнэлт өгөх эрх Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар Шүүхийн сахилгын хороонд олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд ...шүүхийн шүүгч О.О, Н.Д, Г.М нар нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-д заасан шүүгчид хориглосон заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул дээрх нэр бүхий шүүгч нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна.

                       ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хорооны гишүүний 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 53 дугаартай тогтоолоор “М” ХХК-ийн захирал Б.О-ы өргөдлөөр ...шүүхийн шүүгч О.О, Н.Д, Г.М нарт холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Өргөдөл гаргагч өргөдөлдөө “2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 0344 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсгийн 23 дахь талын 1, 2 дахь догол мөрт “...нийт 814.824.600,81 төгрөгийн төлбөр тогтоосон нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь дээрх татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар ногдуулсан зөрчил нь “М” ХХК-д холбогдох 000000000000 тоот эрүүгийн хэрэгт шинжилгээ хийсэн тухай 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 140 дүгээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.О-ын дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд шинжээч захиргааны хэрэгт гэрчээр орж мэдүүлсэн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна гэсэн нь нотлох баримтыг илтэд гуйвуулан эсрэг утгатай байсан мэтээр худал үнэлэн хэргийг шийдвэрлэсэн. ...шүүгч байгаа баримтыг худал үнэлээд зогсохгүй шүүхэд асуугдсан гэрчийг өөр зүйл ярьсан мэтээр гүтгэсэн. ...шүүх “268,439,061” гэж бичсэн баримтуудыг “814,824,600” гэсэн байна хэмээн худал дүгнэж, гэрчийн “268,439,061” гэж хэлснийг “814,824,600” гэж хэлсэн “татварын улсын байцаагчдын дүгнэлт үндэслэлгүй” гэж хэлсэн нь “үндэслэлтэй” гэсэн хэмээн хүнийг гүтгэж буй явдал нь миний шүүхэд итгэх итгэлийг алдагдуулж, бодит байдлыг гуйвуулж, худал, хэлж, хууран мэхлэх байдлаар шийдвэр гаргадаг юм байна” гэж дурджээ.

Шүүгч О.О, Г.М, Н.Д нар тайлбартаа “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас гаргасан гэрч асуулгах хүсэлтийг хангаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.О-ыг гэрчээр оролцуулж, мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй бөгөөд хэрэгт цугларсан бүх нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан дүгнэсний үндсэн дээр шийдвэр гаргасан” ...Шүүгч Н.Д-гээс  “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тухайн шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар маргаж байгаа нөхцөлд шүүх өөрийн санаачилгаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, тухайлбал маргааны тохиолдолд шийтгэлийн хуудсаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгаж тогтоох хууль зүйн боломжгүй. Уг хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д “төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах нь” нь захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлэлийн нэг бие даасан төрөл мөн бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа энэ байдлаар гаргаагүй байхад шүүх шууд 106 дугаар зүйлийн 106.3.6-д зааснаар шийдвэрлэх эрх хэмжээгүй, эс бөгөөс "хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл” болох юм” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ...шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 0344 дугаар шийдвэрээр “М” ХХК-ийн гомдолтой ....Татварын улсын байцаагч Б.Ц нарт холбогдох “....Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0000000 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэж, “М” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шүүх хуралдааныг шүүгч О.О даргалж, шүүгч Н.Д, Г.М нарын бүрэлдэхүүн оролцжээ.

Маргаан бүхий захиргааны акт буюу  ....Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Ц нар 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0000000 дугаар шийтгэлийн хуудсаар “М” ХХК-ийн 2011-2013 он албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд санхүүгийн тайлан, татварын улсын байцаагчийн 24/0000237 дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 140 дугаар дүгнэлт зэрэг баримт материалд үндэслэн төлөвлөгөөт бус, хэсэгчлэн хяналт шалгалт хийж нийт 814,824,600.81 төгрөгийн төлбөрийг ногдуулсан байна.

....Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ж.Э нарын 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 24/0000237 дугаартай дүгнэлтээр ... “М” ХХК нь ...Татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй 8,228,484,461.96 төгрөгийн зөрчилд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр Татварын улсын байцаагчийн дүгнэлт бичиж, хэрэг бүртгэх болон хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэжээ.

 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 140 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.О нь “М” ХХК-ийн 2011-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтөд нийт 268,493,061.46 төгрөг төлөх ёстой байсан. ...Иймд 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24/0000237 дугаартай ....татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн дүгнэлт нь шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд үндэслэлтэй байна. ...гэх дүгнэлтийг гаргасан байна.

2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд шинжээч Ц.О гэрчээр оролцсон бөгөөд тус өдрийн 128/ТМ2021/1301 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд “гэрч Ц.О: 8,228,484,461 төгрөг бол ....Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн тогтоосон зөрчил. Шинжээчийн дүгнэлтээр 2,233,235,100 төгрөгийн зөрчилд тооцогдох татварыг нотлох баримтаар тогтоосон. ...нийт 268,493,061 төгрөгийн татвар тавигдаж байна. Тухайн зөрчлийг үндэслэлтэй байна гэж шинжээчийн дүгнэлтээр үзсэн” гэсэн мэдүүлгийг өгчээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 34.1 дэх хэсэгт “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасан байна.

2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 0344 дугаартай шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ....2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0000000 тоот шийтгэлийн хуудсаар ....нийт 814,824,600.81 төгрөгийн төлбөр тогтоосон нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь дээрх татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар ногдуулсан зөрчил нь эрүүгийн хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.О-ын дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд шинжээч Ц.О захиргааны хэрэгт гэрчээр орж мэдүүлсэн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна” гэж дурджээ.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт шинжээчийн дүгнэлтийг дурдсан нь шүүх шийдвэр гаргахдаа ямар баримтыг шинжлэн судалсан талаараа бичсэн байна. Уг захиргааны хэргийг шийдвэрлэхдээ шүүх бүрэлдэхүүн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалсны үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өргөдөл гаргагч 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 0344 дугаартай шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд тус шийдвэрийг хянуулж, гомдол гаргах эрх нь хуулиар олгогдсон.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 112.1.3, 112.4-д заасан маргааныг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг таван хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурж, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авна”, 113.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 113.1-д заасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй” гэж заасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 391 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

 “М” ХХК-аас хяналтын шатны журмаар гомдол гаргасан ба Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 195 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ...шүүхийн шүүгч О.О, Н.Д, Г.М нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, тэдэнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

    ДАРГАЛАГЧ                                 Д.АРИУНТУЯА

                                  ГИШҮҮН                                     Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                                                  Г.ЦАГААНЦООЖ