МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-01-28
Дугаар 26
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн С.Энхтөр, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхмэнд нарыг оролцуулан Шүүхийн сахилгын хорооны хуралдааны танхимд хийв.
Иргэн Г.Б-өөс гаргасан гомдлын дагуу шүүгч С.О-т Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 149 дүгээр сахилгын хэрэг үүсгэсэн захирамжтай, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн Г.Б гомдолдоо: “...шүүгч Ж.К-г шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэн дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Нэг. Мэдсээр байж хуулийн хэм хэмжээг зөрчсөн тухайд:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Бийн зүгээс "А Аудит" ХХК-ийн 2019.11.07-ны өдрийн № 159/2019 “шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв болох нь эргэлзээтэй, үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж дахин шинжээч томилуулахаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан боловч урьд нь дүгнэлт гаргасан "А Аудит" ХХК-ийг шинжээчээр дахин томилж 2020.04.16-ны өдрийн №99/2020 дүгнэлт гаргуулсан.
Ингэж өмнө нь дүгнэлт гаргасан этгээдийг дахин шинжээчээр томилж байгаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ахин шинжилгээ хийхэд энэ хуулийн 20.1 -д заасан дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчийг оролцуулахыг хориглоно гэж заасны зөрчиж байгаа талаар удаа дараа шүүгчид хандаж хэлсээр байтал үл ойшоон хэргийг шийдвэрлэсэн нь санаатайгаар хуулийн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.
Хоёр. Бодит байдлыг гуйвуулж, хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн тухайд:
Ж.Б-ны нэхэмжлэлтэй Г.Б надад холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн 2020.09.07-ны өдрийн шүүх хуралдаанд миний хэлсэн “шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, Ж.Б-аас гаргасан баримтуудыг ч хүлээн зөвшөөрөхгүй" гэж хэлсэн зүйлийг "Эдгээр баримтад бид маргахгүй, бидний хоорондын тооцоо мөн. Шинжээчийн дүгнэлтэд эргэлзээд байх юм алга" гэх мэтээр илтэд мушгин гуйвуулж шүүхийн шийдвэртээ бичиж байгаа нь энэ шүүгч яахын аргагүй өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор ут хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Үүнээс гадна анхан шатны шүүх хуралдааны явцад шинжээчийн дүгнэлтэд эргэлзэж буй болоод шинжээч нь “нэхэмжлэгч Ж.Б-тай хамт гадуур явах, хоолонд орох зэргээр удаа дараа надтай тааралдсан, шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа хариуцагч талыг байлцуулаагүй зэргээр нөлөөнд орсон тул шинжээчийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах болно гэж хэлж, мэтгэлцсээр байтал шүүхийн шийдвэртээ “шинжээчийн дүгнэлтийг гаргах явцад хэн аль нь дээрх баримтуудыг зөвшөөрч тайлбарласнаар шинжээч дүгнэлтийг гаргасан байх тул шинжээчийн дүгнэлтийг хэргийг шийдвэрлэхэд үндэслэл болголоо” гэж шийдвэрлэсэн зэргээр шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн гэж үзэж Шүүгч Ж.К-гийн хууль бус үйлдлүүд нь Шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан “шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй", “хэргийн оролцогчдын зүгээс шүүгчийг татгалзахад хүргэх нөхцөл байдлыг өөрийн үг яриа. үйлдлээр бий болгохоос урьдчилан сэргийлж, зайлсхийнэ гэснийг тус тус зөрчсөн.
Иймд төрийн албыг завхруулж. шударга шүүхийн нэр хүндийг унагаж буй Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.К-д хариуцлага тооцож өгнө үү.”гэжээ.
Шүүгч Ж.К- тайлбартаа: ”Тус шүүхийн 2019.11.07-ны өдрийн нийт шүүгчдийн зөвлөгөөнөөс шийдвэрлэсэн тогтоолын дагуу хуваарилагдан ирсэн Ж.Б-ны нэхэмжлэлтэй Г.Б-өд холбогдох хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж
2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагч талын гаргасан “шинжээчийн дүгнэлт тодорхой бус дутуу хийгдсэн тул дахин шинжээч томилуулна” гэсэн хүсэлтийг хүлээн авч хангаж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлд Нэмэлт шинжилгээ хийх гэж заасныг үндэслэн шинжээчид шүүгчийн захирамжид заагдсан асуулт тус бүрд хариулт өгч, түүний үндэслэлийг асуулт бүрээр бичиж дүгнэлтийг гүйцэт бүрэн гаргахыг даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, уг захирамжид талууд хэн аль нь гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэсэн.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.Шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр нэмэлт шинжилгээ хийнэ, 19.2.Нэмэлт шинжилгээг энэ хуулийн 19.1-д заасан дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчээр хийлгэж болно гэж зааснаар шинжээчийг томилсон. Уг захирамжид талууд хэн аль нь гомдол гаргаагүй.
Шүүх хуралдаан хариуцагч талын хүсэлтээр удаа дараа хойшлогдож ирсэн ба
2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Г.Б нь өмгөөлөгч Ц.Э хамт оролцсон бөгөөд түүний тайлбар, асуултад хариулсан нөхцөл байдал бүгд шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны танхимын камерт бичигдсэн. Одоо хэрэг Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд хянагдаж байгаа болно.
Шүүгч миний бие хэргийг шийдвэрлэхэд талуудыг эрх тэгш оролцуулж, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлж, хуульд зааснаар өмгөөлөгч авах, хүсэлт гаргах эрхийг нь ханган шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж ирсэн бөгөөд шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж хэргийг шийдвэрлэсэн болно.” гэжээ.
Гишүүн Д.Ариунтуяа сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлд “Нэмэлт шинжилгээ хийх”-ийг дараах байдлаар тодорхойлж зохицуулсан байна. Үүнд:
19.1-д Шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр нэмэлт шинжилгээ хийнэ.
19.2-т Нэмэлт шинжилгээг энэ хуулийн 19.1-д заасан дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчээр хийлгэж болно.”
... шүүхийн шүүгч нь 2020.03.06-ны өдөр Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийг үндэслэн "А Аудит" ХХК-д нэмэлт шинжилгээг хариуцагч талын хүсэлтээр хийлгэхээр 102/Ш32020/03672 дугаар захирамж гаргасан нь дээр дурдсан Шүүхийн шинжилгээний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин гомдол гаргагч Г.Б нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан дахин шинжилгээ хийх зохицуулалтын талаар гомдолдоо дурдсан нь шүүгчийн захирамжид заасан нэмэлт шинжилгээнд хамааралгүй байна.
Мөн шүүгчийн захирамжийг зөвшөөрөхгүй бол гомдол гаргах эрх нээлттэй байсан ба гомдол гаргагч энэ захирамжид гомдол гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй байна.
Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.К-д холбогдуулан гаргасан гомдол нь сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар цугларсан баримтаар тогтоогдоогүй тул түүнд үүсгэсэн сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүгч Ж.К- нь “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б-ийн зүгээс "А Аудит" ХХК-ийн 2019.11.07-ны өдрийн № 159/2019 “шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв болох нь эргэлзээтэй, үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж дахин шинжээч томилуулахаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан боловч урьд нь дүгнэлт гаргасан "А-Аудит" ХХК-ийг шинжээчээр дахин томилж 2020.04.16-ны өдрийн №99/2020 дүгнэлт гаргуулжээ.
Ингэж өмнө нь дүгнэлт гаргасан этгээдийг дахин шинжээчээр томилж байгаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дахин шинжилгээ хийхэд энэ хуулийн 20.1 -д заасан дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчийг оролцуулахыг хориглоно гэж заасны зөрчиж байгаа талаар удаа дараа шүүгчид хандаж хэлсээр байтал үл ойшоон хэргийг шийдвэрлэсэн нь санаатайгаар хуулийн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна..." гэх агуулга бүхий гомдлыг иргэн Г.Б гаргажээ.
Хариуцагч Г.Б-ийн хүсэлтээр шүүгч шинжээч томилсон байна. Шинжээч дүгнэлт гаргахдаа хүсэлтэд болон шүүгчийн захирамжид тусгагдсан асуулт тус бүрд шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д зааснаар шинжээчид тавьсан асуулт түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр бичиж дүгнэлтээ гаргана гэснийг биелүүлээгүй байна. Тухайлбал, Хариуцагчийн асуултад дурдагдсан хавтаст хэрэгт авагдсан санхүүгийн баримтууд нь санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангаж байгаа эсэх, хэрэв хангахгүй бол аль баримт нь ямар үндэслэлээр хангахгүй байгааг дурдах, хавтаст хэрэгт авагдсан зарим баримт нь баллаж арилгасан засвартай, гарын үсэг байхгүй, зарим баримтын дээр “х” тэмдгээр дарж зурсан баримтууд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаж буй эсэх, талуудын гаргаж өгсөн баримт нь хоорондоо таарч тохирч байгаа эсэх, тохирохгүй бол аль баримтууд нь тохирохгүй байгааг дүгнэлтдээ тусгах гэсэн асуултад захирамжид заасан болон хуулийн шаардлагад нийцүүлэн нэмэлт дүгнэлт гаргахыг урьд нь шинжээчийн дүгнэлтээ бүрэн гүйцэт гаргаагүй “А Аудит” ХХК-д даалгаж шүүгч захирамж гаргажээ.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр нэмэлт шинжилгээ хийнэ.” 19.2-т “Нэмэлт шинжилгээг энэ хуулийн 19.1-д заасан дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчээр хийлгэж болно.” гэж тус тус заасныг баримтлан шүүгч өмнө нь дүгнэлт гаргаж байсан шинжээчээр нэмэлт дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.
Мөн ... шүүхийн 2020.09.07-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Г.Б нь шүүх хуралдаан даргалагчийн шинжээчийн дүгнэлтэд эргэлзэж байгаа юу гэсэн асуултад хариулахдаа “Шинжээчийн дүгнэлт дээр эргэлзээд байх юм байхгүй” гэж хэлж байсан нь хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.
Харин гомдол гаргагч Г.Б нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан дахин шинжилгээ хийх зохицуулалтад үндэслэн гомдол гаргасан байгаа нь шүүгчийн шийдвэрийн үндэслэлтэй нийцэхгүй байна. Нэмэлт шинжилгээ, мөн шүүгчийн захирамжийг зөвшөөрөхгүй бол гомдол гаргах эрх нээлттэй байсан ба гомдол гаргагч энэ захирамжид гомдол гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй байна.
Иймд Сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяагийн ...шүүхийн шүүгч Ж.К-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.8 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, шүүгч Ж.К-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалын хувийг хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай
3. Хэргийн оролцогч болон илтгэгч гишүүн магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ГИШҮҮН Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮД С.ЭНХТӨР
Ц.ДАВХАРБАЯР