МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-07-05
Дугаар 220
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, сахилгын хэргийн оролцогч, шүүгч Д.Я, ажиглагчаар өргөдөл гаргагч Д.Х нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Д.Х, А.Э нар ... шүүхийн шүүгч Д.Я-д холбогдуулан гаргасан өргөдлийг гишүүн хүлээн аваад 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 6..2 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Гишүүний уг захирамжид өргөдөл гаргагч нар 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гомдол гаргасныг гомдол шийдвэрлэх хуралдаанаар хянан хэлэлцээд, Сахилгын хорооны 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1..1 дүгээр тогтоолоор шүүгч Д.Я-д сахилгын хэрэг үүсгэсэн байна.
Уг тогтоолын дагуу гишүүн шалгах ажиллагаа явуулаад 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 9..8 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцэн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1..8 дугаар тогтоолоор сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаажээ.
Сахилгын хорооны 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1..8 дугаар тогтоолд заасан нотлох баримт авч, дүгнэх ажиллагааг хийж, илтгэгч гишүүн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1..9 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг дахин гаргасныг гишүүн Г.Цагаанцоожийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: ...Д.Х өргөдөлдөө “...шүүгч Д.Я-ын биеэ авч явж буй байдал, хэргийн оролцогчтой харилцаж буй нь шүүхэд итгэх итгэлд сөргөөр нөлөөлж байна, мөн хуулийн илт тодорхой заалтыг санаатай зөрчиж, Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасныг буруугаар тайлбарлан, хуулийг ноцтой зөрчсөн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулж өгснийг хүлээн авахаас татгалзсан, ...шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-г зөрчсөн...” гэсэн агуулга дурджээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах ба шүүгчид хориглох зүйлийг нэрлэн заасан хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “албан тушаалын байдлаа байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох”, 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэжээ.
Д.Х-ын нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ холбогдох шүүгч Шүүхийн тухай хуульд заасан хориглосон зүйлийг зөрчсөн эсэхийг шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан баримтын хүрээнд тодорхойлох учиртай.
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А-ийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан “...Ж.М “ГК” ХХК-ийг төлөөлөх эрхтэй эсэхийг тодруулах...” гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авч, тус хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг Хур системээс гаргуулахаар шүүх хуралдааныг түр завсарлуулжээ.
Шүүгч, “...Ж.М нь “ГК” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй эсэхийг тодруулах шаардлагатай” гэж үзэн, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг ханган шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасныг зөрчөөгүй байна. Ж.М нэхэмжлэлийг гардан авсан боловч хариуцагч компанийг төлөөлөх бүрэн эрхтэй эсэхийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүгч тус хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг Хур системээс гаргуулахаар шийдвэрлэж энэ тухайгаа захирамжид тодорхой тусгажээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 61 дүгээр тушаалаар Шүүхийн тамгын газар Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр лавлагаа, мэдээлэл авах журмыг баталсан байх ба журмын 2.3, 2.7-д зааснаар бүртгэлийн ажилтан “ГК” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаанд баталгаажуулах тэмдэг дарж ирүүлсэн талаар шүүгчийн захирамжид заасан, энэхүү ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-ийг зөрчөөгүй, энэхүү ажиллагаа хариуцагчийн эрх зүйн байдлыг тодруулах зорилгоор хийгджээ.
2. Шүүгч 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШЗ2021/1...8 дугаар захирамжаар Д.Х-ын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг өөрчилж, зарим шаардлагыг тодруулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 430.620 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулах, энэхүү захирамжид гомдол гаргахгүй болохыг дурдаж шийдвэрлэхдээ “...өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ” гэж заасан, нэхэмжлэгч Д.Х өөрийг нь төлөөлж байгаа А.Э, Ж.А нараас татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдээгүй...” гэсэн үндэслэл заажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь зохицуулалтаар өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн эдлэх эрх, хүлээх үүргийг тухайн этгээдэд итгэмжлэлээр олгосон тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй бөгөөд өөрийн эдлэх эрх, хүлээх үүргээс татгалзаж буй юм. Тодруулбал, төлөөлж буй этгээд нь түүний эрхийг эдэлж, үүргийг хүлээх тул төлөөлөгчийн бүрэн эрхийг тодорхойлсон баримтыг шүүхэд гаргаж өгөх ба төлөөлөгчөөс татгалзсан бол энэ талаар шүүхэд бичгээр мэдэгдээгүй бол төлөөлөгчийн эрх дуусгавар болохгүйгээс гадна итгэмжлэлд ямар эрх олгож байгаагаа тодорхой тусгах шаардлагатай. Д.Х нь 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн итгэмжлэлээр “...нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, нэмэгдүүлсэн шаардлага гаргах...” эрхийг А.Э, Ж.А нарт олгосон ба эдгээр төлөөлөгчөөс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдээгүй талаар захирамжид заажээ.
Иймд шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-т заасан зөрчил гаргасан гэж үзэхгүй.
3. Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1..8 дугаар тогтоолоор сахилгын хэргийг дахин шалгуулахаар буцаахдаа “...Д.Х-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн хэдэн шүүх хуралдааны бичлэг устсан болохыг тогтоох, өргөдөлд дурдсан үйл баримт болсон 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг хэрэгт нотлох баримтаар авч, дүгнэх ажиллагааг хийх шаардлагатай” гэжээ.
... шүүхийн Тамгын газрын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 4..5 дугаар албан бичигт “...2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарч, 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр, 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаан Ковид-19 цар тахлын улмаас шүүх хуралдаан хойшлогдож, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр, 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр тус тус товлон зарлаж, хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх хуралдаан хойшлогдсон байх ба эдгээр шүүх хуралдаан болсон 1 танхимын бичлэг хадгалах төхөөрөмжид байрлах хатуу диск цахилгааны саатлын улмаас шатсан, 1 дүгээр танхимд шинээр суурилуулсан AVER төхөөрөмжид гэмтэл гарсны улмаас бичлэгүүд устсан тул бичлэгүүдийг хуулбарлан өгөх боломжгүй” гэжээ. Харин дээр дурдсан 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр, 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг хавтас хэргээс хуульд заасан шаардлага хангуулан хуулбарлан авч, сахилгын хэрэгт хавсаргав.
Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаан хариуцагч компанийг төлөөлөх эрх бүхий этгээдийн эрх зүйн байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй гэх үндэслэлээр хойшлогджээ.
2021 оны 6 дугаар сарын 08-ны шүүх хуралдаанд Ж.М нь “ГК” ХХК-ийг төлөөлөх эрхтэй эсэх асуудал яригдаж, улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...ГК” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулах” тухай хүсэлтийг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг түр завсарлуулж холбогдох баримтыг Хур системээс гаргуулахаар шийдвэрлэсэн, энэ талаар тэмдэглэлд тодорхой тусгагдсан бөгөөд шүүгч шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчтой зүй бус авирласан гэх байдал тогтоогдоогүй болно.
4. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчоос гаргасан шаардлага, хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх бүрэн эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Д.Х-ын “...нэхэмжлэлийн зарим шаардлагыг өөрчилж, зарим шаардлагыг тодруулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг А.Э-т дургүйгээ илэрхийлсэн үйлдэл гэж үзэх боломжгүй юм” гэжээ.
Шүүгч Д.Я 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хариу тайлбартаа: “...”ГК” ХХК, Э.Х нарт холбогдуулан гаргасан Д.Х-ын нэхэмжлэлийг шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хангах эсэх талаар захирамж гаргасан. Уг иргэний хэргийг 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэхээр товлогдсон, хуралдааныг нээж, хэлэлцэх хэргийг зарлан хэргийн оролцогчтой танилцаж, төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгахад Ж.М нь хариуцагч компанийг төлөөлөх эрхтэй болохыг нотолсон баримт гаргаж өгөөгүй, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн талаарх хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, Ж.М хариуцагч компанийг төлөөлөх эрхтэйг тодруулах нь зүйтэй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э хууль иргэн болгонд адил үйлчлэх ёстой, хэргийн оролцогч биш иргэнийг танхимаас гаргах хүсэлтэй, хариуцагч Э.Х-ын өмгөөлөгч “...”ГК” ХХК-ийн захирал хэн болохыг мэдэхгүй, Ж.М “...бичиг баримтаа андуурч авчирсан байна. Санаатай хийсэн зүйл биш” гэсэн тайлбарыг тус тус гаргасан.
Ингээд Ж.А-ийн хүсэлтийг хүлээн авч, “ГК” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулахаар захирамж гаргаж, шүүх хуралдааныг түр завсарлуулсан. Бүртгэлийн ажилтан шүүгчийн захирамжид заасан ажиллагааг гүйцэтгэж, лавлагаа ирүүлснийг хэргийн оролцогч нарт танилцуулан хуралдааныг үргэлжлүүлэхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүгчээс татгалзсан, уг татгалзлыг ерөнхий шүүгч шийдвэрлэх тул хуралдааныг хойшлуулсан.
Нэхэмжлэгч Д.Х нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн зарим шаардлагыг өөрчилж, зарим шаардлагыг тодруулах тухай хүсэлт гаргасан боловч тэрээр өөрийгөө төлөөлөх эрхийг А.Э, Ж.А нарт олгосон байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д зааснаар нэхэмжлэгч төлөөлөгч нараас татгалзаж байгаа эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө биеэр оролцох эсэхийг тодруулах үүднээс хүлээн авахаас татгалзсан, ингэхдээ нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, багасгах, тодруулах зэрэг эрхээ хэрэгжүүлэх эрхийг хязгаарлаагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаагүй, хэргийн оролцогчийн хэн нэгэнд давуу байдал бий болгоогүй, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
... шүүхэд иргэн Д.Х нь “ГК” ХХК болон иргэн Э.Х нарт холбогдуулан 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн орон сууц захиалгын 08 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3 ба 4 дэх заалтыг хэрэгжүүлж, гэрээг дуусгавар болгохыг “ГК” ХХК-д даалгах, орон сууцнаас Э.Х-ыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүх хүлээн авч, шүүгч Т.Б-д хуваарилагдаж, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ЗТ2021/00..1 дүгээр шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.
... шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ЗТ2021/00..1 дүгээр тогтоолоор дээрх иргэний хэрэг шүүгч Д.Я-д хуваарилагдаж, Ерөнхий шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ЕШ2021/00...2 дүгээр захирамжаар шүүгч Д.Я-ыг шүүх хуралдаан даргалагчаар томилж, албажуулжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүгч Д.Я-аас татгалзсан тул шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШЗ2021/2...7 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 101/ЕШ2022/0...4 дүгээр захирамжаар шүүгчээс татгалзсан татгалзлыг хангаагүй байна. Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ... шүүхийн нийт шүүгчдээс татгалзсан тул тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ЗТ2022/0...4 дүгээр тогтоолоор хүсэлтийг хүлээн авч, уг иргэний хэргийг Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өргөдөл гаргагч буюу дээрх иргэний хэргийн нэхэмжлэгч Д.Х, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нар “...шүүгч Д.Я-ын биеэ авч явж буй байдал, хэргийн оролцогчтой харилцаж буй байдал нь шүүхэд итгэх итгэлд сөргөөр нөлөөлж байх ба тодорхой хуулийн заалтыг санаатай зөрчиж байна. ...шүүгч шүүх хуралдаан дундуур танхимыг орхин гарч хариуцагчийн өмнөөс нотлох баримт бүрдүүлэн уг баримтаа үнэлсэн. Мөн төлөөлөгч авсан иргэн шүүх хуралдаан дээр төлөөлөгчтэй хамт оролцохыг хориглодог болохоос хуралдааны бус үеэр хэрэгтэй танилцах, нэхэмжлэлийн шаардлагаа буцаан авах, нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, нэмэгдүүлэх эрхийг хуулиар хориглоогүй. Гэтэл Д.Х нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд, улсын тэмдэгтийн хураамжаа төлөөд шүүхэд өгөхөд шүүгч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх эрхгүй гэж захирамж гаргаад, улсын тэмдэгтийн хураамж буцаан олгохоор болсон нь хүнийг чирэгдүүлж байгаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.2.1-д заасныг зөрчсөн” гэж үзэн Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргасан байна.
1. Шүүгч Д.Я-ын биеэ авч явж буй байдал, хэргийн оролцогчтой харилцаж буй байдал нь шүүхэд итгэх итгэлд сөргөөр нөлөөлж байгаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх тухайд:
Тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Э.Х нь шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан, мөн хариуцагч “ГК” ХХК-ийг Ж.М төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтгүй байх тул шүүгч хариуцагч Э.Х-ын хүсэлтийг хангах, тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах 101/ШЗ2021/08..4 дүгээр захирамж гаргаж, шүүх хуралдааныг 2021 оны 6 сарын 08-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулжээ.
Товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А “хүсэлт байна. ...төлөөлөх эрхтэй гэдгээ нотолсон баримтаа шүүхэд санаатайгаар өгөхгүй байна. “ГК” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулах хүсэлттэй байна” гэсэн болох нь шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 9...8 дугаар тэмдэглэлийн 3 дугаар талын 10 дугаар догол мөрт тэмдэглэгдсэн байна. Шүүгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, хариуцагч “ГК” ХХК-ийг Ж.М төлөөлөх эрхтэй эсэхийг төрийн мэдээлэл, солилцооны “ХУР” системээс гаргуулахаар шүүх хуралдааныг түр завсарлуулсан байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 61 дүгээр тушаалаар баталсан “Шүүхийн тамгын газар Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс цахим хэлбэрээр лавлагаа, мэдээлэл авах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.3-т “...ХУР системээс лавлагаа, мэдээлэл авахаар шийдвэрлэсэн ...шүүгчийн захирамжийг гарсан даруйд нь бүртгэлийн ажилтанд хүлээлгэн өгнө”, 2.10-т “бүртгэлийн ажилтан ...шүүгчийн захирамжийг авснаас хойш ...шүүгчийн захирамжид заасан хугацаанд энэ журмын 2.6, 2.7-д зааснаар холбогдох лавлагаа, мэдээллийг цахим системээр авч, баталгаажуулсан даруйд шүүгчийн туслахад бүртгэлээр хүлээлгэн өгнө”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой ...нотлох баримтыг ...шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно” гэж тус тус заасан.
Шүүгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хүлээн авсан үндэслэлээ шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ2021/0....8 дугаар захирамжийн 2 дугаар талд тодорхой тусгасан байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг устсан болох нь ... шүүхийн Тамгын даргын дарга Л.Н-ийн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 3..6 дугаар болон 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 4..5 дугаар албан бичгүүд, фото зургуудаар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгч Д.Я нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх хэсэгт “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох”, 50.1.23 дахь хэсэгт “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Түүнчлэн тус иргэний хэрэгт нэхэмжлэгч Д.Х нь 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр А.Э, Ж.А нарт ...зохигчдын эдэлдэг бүх эрхийг эдлэх, ...зэрэг бүрэн эрхийг 3 жилийн хугацаатай олгосноор шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч өөрөө бус, харин итгэмжлэгдсэн төлөөлөгч нараа оролцуулж байсан байна. Нэхэмжлэгч Д.Х нь шүүх хуралдаануудад өөрийн биеэр оролцоогүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлүүд, шүүгч Д.Я-ын сахилгын хорооны хуралдаанд “нэхэмжлэгч Д.Х шүүх хуралдаануудад огт оролцож байгаагүй” гэх тайлбаруудаас тодорхой байна.
Иймд шүүгч Д.Я-ын биеэ авч явж буй болон хэргийн оролцогчтой харилцаж буй байдал нь шүүхэд итгэх итгэлд сөргөөр нөлөөлсөн, Д.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-тэй хувийн харилцаа муу, ...шүүгч Д.Я-д таалагддаггүй, А.Э-тэй харилцдаг хандлагаа ...нэхэмжлэгчээр оролцож буй Д.Х-д гаргаж, хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэхгүй.
2. Нэхэмжлэгч Д.Х-ын нэхэмжлэлийн зарим шаардлагыг өөрчилж, зарим шаардлагыг тодруулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, улсын тэмдэгтийн хураамжийг улсын төвлөрсөн төсвийн данснаас буцаан гаргуулахаар шүүгчийн захирамж гарсан нь иргэнд чирэгдэл учруулсан нь ноцтой зөрчил гэх тухайд:
Нэхэмжлэгч Д.Х нь 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр А.Э, Ж.А нарт Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 32.1 дэх хэсэг, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 13 дугаар зүйлийг үндэслэн ...нэхэмжлэл гаргах, гарын үсэг зурах, бүх шатны шүүхэд төлөөлөн оролцож, зохигчдын эдэлдэг бүх эрхийг эдлэн, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, нэмэгдүүлсэн шаардлага гаргах, эвлэрэх, нотлох баримт гаргаж өгөх болон шалгуулах, шүүхийн шийдвэрт гомдол гаргах, төрийн байгууллагад гомдол, хүсэлт гаргах, хариуг авах зэрэг бүрэн эрхийг 3 жилийн хугацаатай олгожээ. Уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан байх тул хуулийн хүчин төгөлдөр итгэмжлэл гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт “өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ” гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалт нь өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн эдлэх эрх, хүлээх үүргийг тухайн этгээдэд итгэмжлэлээр олгосноор тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцож, эрх эдэлж, үүрэг хүлээхээс татгалзсан гэсэн үг юм.
Д.Х-ын итгэмжлэлээр А.Э, Ж.А нарт зохигчийн эдэлдэг бүх эрхийг эдлэх эрх, хүлээх үүргийг өгчээ.
Шүүгч нэхэмжлэгч Д.Х-ын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг өөрчилж, зарим шаардлагыг тодруулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШЗ2021/1...8 дугаар захирамж гаргасан боловч шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа дахин өөрчилж, тодруулан гаргасан шаардлагыг хүлээн авч, хариуцагч талд гардуулсан болох нь шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2021/2....4 дүгээр захирамжийн 2 дугаар талд авагдсан “үндэслэх нь” хэсэгт тусгагдсан байгаагаар тогтоогдож байна.
Иймд иргэн Д.Х, А.Э нарт шүүгч чирэгдэл учруулсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Шүүгч Д.Я Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь хэсэгт заасныг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гишүүний саналыг үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.4, 112.7, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ... шүүхийн шүүгч Д.Я-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлал уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
3. Энэхүү магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
5. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
С.ЭНХТӨР