info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-06-30

Дугаар 212

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Иргэн В.Г-ын ... шүүхийн шүүгч Д.М-т холбогдуулан гаргасан өргөдлийн дагуу гишүүний 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 8..6 дугаар захирамжаар түүнд сахилгын хэрэг үүсгэж, шалгах ажиллагаа явуулсан бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 112 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг гишүүн С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: ... шүүхийн шүүгч Д.М нь ИЖҮ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ээс Г.Б, В.Г нарт холбогдуулан гаргасан компанийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, “ЭЭЖК” ХХК-ийн 100 хувийн хувьцааг ИЖҮ-ийн нэр дээр шилжүүлж, хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг хуулийн этгээдийн бүртгэлд даалгах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2021/01...2 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “шүүгч энэ хуулийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж заасны дагуу иргэний хэрэг үүсгэжээ.

            Нэг, өргөдөл гаргагчийн “...шүүгч дутуу төлсөн тэмдэгтийн хураамжтай нэхэмжлэлийг хүлээн авсан” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд, нэхэмжлэгчээс 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөг төлсөн байх ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг төлөхөөр зохицуулсан. Шүүгч Д.М-ээс дээрх нэхэмжлэл нь хэргийн болон шүүхийн харьяалал зөрчөөгүй, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзэж иргэний хэрэг үүсгэсэн нь сахилгын зөрчилд тооцогдохгүй. Өөрөөр хэлбэл, шүүгчийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан эрх зүйн акт гэж үзнэ.

            Иргэний хэрэг үүсгэсэнтэй холбогдуулан хариуцагч Г.Б, В.Г нарыг утсаар шүүхэд ирэхийг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул тус шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2021/02...1 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч нарыг албадан ирүүлж, хариуцагч В.Г-т нэхэмжлэлийн хувийг 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гардуулж, тэрээр хариу тайлбараа 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ирүүлсэн байна. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ээс 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх хүсэлт гаргаж, мөн өдрийн 183/ШЗ2022/02...2 дугаар шүүгчийн захирамжаар зохих улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй үндэслэлээр уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байна.

            Улмаар 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “2013 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ”, “Хувьцааг бэлэглэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Хан-Уул дүүргийн ...дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 17...4, 17...3, 17...2 дугаартай газрыг тус тус эзэмших эрхтэй “ЭЭЖК” ХХК-ийн 100 хувийн хувьцааг ИЖҮ-ийн нэр дээр шилжүүлж, хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг даалгахаар” дахин нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх хүсэлт гаргаж, улсын тэмдэгтийн хураамжид 30.157.950 төгрөгийг төлсөн байна. Тус шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШЗ2022/03...3 дугаар шүүгчийн захирамжаар “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хариуцагч нарт гардуулах, хариу тайлбар авах зэрэг хуульд заасан ажиллагаа явуулахаар” хойшлуулжээ. Ийнхүү нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь шүүгчийн хуулиар олгогдсон эрх хэмжээний асуудал бөгөөд Шүүхийн сахилгын хороо энэ талаар дүгнэлт хийх боломжгүй.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагын хувийг 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч В.Г-ын өмгөөлөгч Э.Х-д гардуулсан болох нь нэхэмжлэлийн шаардлага гардуулсан баримтаар тогтоогдож байна.

Өргөдөл гаргагчаас “...нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх хүсэлт гаргасан байхад шүүгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн хэмээн өөрийн үзэмжээр захирамж гаргасан, улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн тооцож төлсөн нь тодорхойгүй” гэх агуулгаар өргөдлийн үндэслэлээ тодорхойлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “...нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж заасан. Уг захирамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан талаар дурдсан байх боловч дээрх нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах, хариу тайлбар авах зэрэг зохих ажиллагааг шүүхээс хийсэн байна. Иймд хэргийн оролцогчийн эрх болон хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.

            Хоёр, Өргөдөл гаргагчаас өргөдөлдөө “...шүүгчийн захирамжийг хариуцагчид мэдэгдээгүй, шүүгчийн туслахаас хэргийн талаар удаа дараа тодруулж асуухад ямар ч ажиллагаа хийгдээгүй талаар мэдэгдэж байсан. Шүүгчийн туслахаас уг захирамж гарсныг яагаад мэдэгдээгүй талаар асуухад уучлаарай, анзаараагүй өнгөрсөн байна гэсэн” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ээс 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлт гаргаж, хүсэлтийг 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2021/06...0 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасныг үндэслэн хангаж шийдвэрлэсэн байна. Уг шүүгчийн захирамжийг 2021 оны 6 дугаар сарын 11-ний 1/0....7 дугаар албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлжээ.

Шүүгчийн туслах Ц.Г Шүүхийн сахилгын хороонд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...шүүгчийн захирамжид гомдол гаргах хугацаа дуусахын алдад утсаар хэргийн оролцогч нарт мэдэгдсэн, ажлын ачааллаас шалтгаалж баримт үйлдээгүй. Энэ захирамжид гомдол гаргахаас өмнө өдрийг нь сайн санахгүй байна, ажлын цаг дууссаны дараа хариуцагчийн өмгөөлөгч Б.А ирж шүүгчийн захирамжтай танилцсан. Миний бие хэргийн оролцогчоос өргөдөлд дурдсан шиг зүйл гуйгаагүй” гэжээ.

            Хэдийгээр дээрх шүүгчийн захирамж гарсан талаар хэргийн оролцогчдод хэрхэн мэдэгдсэн талаарх баримтыг иргэний хэрэгт хийгээгүй байх боловч хариуцагч В.Г нь 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр тус шүүгчийн захирамжид гомдол гаргаж, ... шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШТ2021/0...8 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байдал нь шүүгчийн туслахтай уулзаж захирамжтай танилцсан гэх үйл баримт давхар нотлогджээ. Иймд хэргийн оролцогч буюу хариуцагч В.Г нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхээ эдэлсэн байна.

Иймд шүүгчээс хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд өргөдөлд дурдсан дээрх үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасанд тооцохгүй.

            Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчид гардуулах нь Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 5.4.3-т “Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг гарсан өдөрт нь хэргийн оролцогчдод шүүгчийн туслах мэдэгдэж, “Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гардуулсан, хүргүүлсэн, мэдэгдсэн тухай” баримт №7-г үйлдэн хэрэгт хавсаргана” гэж зааснаар шүүгчийн туслахын ажил үүрэгт хамаарна. Өргөдөл гаргагчийн зүгээс дээрх шүүгчийн захирамжид гомдол гаргасныг хүлээн авч хэлэлцэж шүүхийн тогтоол гарсан байх тул шүүгч захирамжийнхаа биелэлтэд хяналт тавиагүй гэж буруутгах үндэслэлгүй.

Иймд шүүгч Д.М нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүрэн эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэсэнд хамаарахгүй гэж үзлээ” гэжээ.

Шүүгч Д.М 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ИЖҮ нь хариуцагчаар Г.Б, В.Г нарыг тодорхойлон 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, “ЭЭЖК” ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, “ЭЭЖК” ХХК-ийн 100 хувийн хувьцааг ИЖҮ-ийн нэр дээр шилжүүлж, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан нь шүүгч миний ажиллагаанд зохих журмын дагуу хуваарилагдсан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг шалгаад, нэхэмжлэлийн агуулгаас бэлэглэлийн гэрээ буюу хариу төлбөргүй гэрээг хүчингүй болгуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг хуульд заасан бүрдүүлбэр хангасан, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ/2021/01..2 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “ЭЭЖК” ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлэх хөрөнгө оруулах гэрээний дагуу 11,8 га талбай бүхий газрыг эзэмших эрхтэй “ЭЭЖК” ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлсэн тул газар эзэмших эрхтэй компанийн хувьцааг гаргуулна гэх агуулгаар шаардлагаа өөрчилснийг бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр шүүх мөн өдрийн 183/Ш32022/02...2 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр захирамжид заасан зөрчлөө арилган, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад 30.157.950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлж, шүүхэд гаргасныг хүлээн авч, хариуцагч нарт нэхэмжлэлийг гардуулах ажиллагааг гүйцэтгэсэн нь хууль зөрчөөгүй болно. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 183/Ш32021/06...0 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар “ЭЭЖК” ХХК-ийн хувьцааг аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхгүй байхыг хариуцагч В.Г-т даалгаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан байна. Тус захирамж гарсан өдрөөс нь эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлэх учиртай боловч уг захирамжийг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1/0...7 тоот албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлжээ. Хариуцагч В.Г нь дээрх захирамжид хуульд заасан хугацааны дотор буюу 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гомдол гаргасныг тус шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн гомдол хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар хэлэлцэж, шүүхийн 183/ШТ2021/00198 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгч миний бие уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж байгаа бөгөөд хэргийн оролцогчийн хэн нэгний хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг зөрчсөн ёс зүйгүй үйлдэл гаргаагүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

... шүүхэд БНСУ-ын иргэн ИЖҮ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Монгол Улсын иргэн Г.Б, В.Г нарт холбогдуулан 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ”, “ЭЭЖК” ГХО ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, “ЭЭЖК” ХХК-ийн 100 хувийн хувьцааг ИЖҮ-ийн нэр дээр шилжүүлж, хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2021/01...2 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.

Өргөдөл гаргагч буюу дээрх иргэний хэргийн хариуцагч В.Г нь “...шүүгч Д.М нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь хэсэгт заасан зөрчлийг гаргасан” гэж үзэн Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргасан байна.

1. Шүүгч нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн, мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн буюу ихэсгэснийг хүлээн авсан нь шүүгч эрх мэдлийг урвуулан ашиглаж бусдад давуу байдлыг бий болгосон нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь хэсэгт заасан зөрчсөн гэх тухайд:

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “шүүгч энэ хуулийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.2-т “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг төлнө” гэж зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй тохиолдолд иргэний хэрэг үүсгэнэ.

БНСУ-ын иргэн ИЖҮ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгсийн нэхэмжлэлийг шүүгч Д.М 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзэн, шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШЗ2021/01...2 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн нь шүүгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн ажиллагаа бөгөөд энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан сахилгын зөрчилд хамаарахгүй.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж заасан.

Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, мөн нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах тухай хүсэлт гаргасныг шүүх хуралдаанаар хэлэлцэн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШЗ2022/03...3 дугаар захирамжаар ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах тухай хүсэлтүүдийг тус тус хангаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өөрчилсөн гэх шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмж Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 17...4 дугаартай 29,094 м.кв талбай бүхий газар, нэгж талбарын 17...3 дугаартай 47,050 м.кв талбай бүхий газар, нэгж талбарын 17...2 дугаартай 29,016 м.кв талбай бүхий нийт 3 газрыг эзэмших эрхтэй “ЭЭЖК” ХХК-ийн 100 хувийн хувьцааг ИЖҮ-ийн нэр дээр шилжүүлж, хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгах гэсэн байгаагаас үзвэл нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн гэх агуулга харагдаж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн буюу ихэсгэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 30.157.950 төгрөгийг төлсөн нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Голомт банкны төлбөрийн баримт”-аар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Им Жүн Ү нь өөрийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлж, улсын тэмдэгтийн хураамж төлснийг шүүгч хүлээн авсаныг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх хэсэгт “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй

2. Шүүгч гомдол гаргах эрхтэй захирамжийг хариуцагч талд мэдэгдээгүй, гардуулаагүй, хүргүүлээгүй гэх тухайд:

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараах арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй” гэж заажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д “тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах” гэж заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлт гаргаж, шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2021/06...0 дугаар захирамжаар хүсэлтийг хүлээн авч, “ЭЭЖК” ХХК-ийн хувьцааг аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэхгүй байхыг хариуцагч В.Г-т даалгажээ.

Шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2021/06...0 дугаар захирамжид зааснаар болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй тул шүүхээс хэргийн оролцогч нарт мэдэгдэж гомдол гаргах эрхийг нь хангах ёстой байсан байна.

Сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн нь шүүгч Д.М-ийн туслах Ц.Галбадрахаас 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр авсан гэрчийн мэдүүлэгт: “...миний санаж байгаагаар тухайн шүүгчийн захирамжид гомдол гаргах хугацаа дуусахын алдад утсаар хэргийн оролцогч нарт мэдэгдсэн. Энэ захирамжид гомдол гаргахаас өмнө хэдний өдөр байсныг санахгүй байна, ажлын цаг дууссаны дараа хариуцагчийн өмгөөлөгч Б.Анхбаяр ирж, шүүгчийн захирамжтай танилцсан. Манай дүүргийн шүүх ачаалал өндөртэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 100 гаруй хэрэг байдаг. Иймд ажлын ачааллаас шалтгаалж энэ талаар баримт үйлдээгүй” гэжээ.

Мөн сахилгын хэрэгт шүүгчийн туслах, хэргийн оролцогч нарт шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 183/ШЗ2021/06...0 дугаар захирамжийг мэдэгдсэн гэх баримт авагдаагүй байх бөгөөд тус шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1/0...7 дугаар албан бичгээр уг захирамжийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

Хариуцагч В.Г нь 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр тус шүүгчийн захирамжид гомдол гаргаж, шүүх хуралдаанаар гомдлыг хэлэлцэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1.1-д зааснаар ... шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШТ2021/00...8 дугаар тогтоол гарч, шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2021/06...0 дугаар “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байгаагаас үзэхэд хариуцагч хуулиар олгосон эрхээ эдэлсэн гэж үзнэ.

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 5 дугаар зүйлийн 5.4.3-т “Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг гарсан өдөрт нь хэргийн оролцогчдод шүүгчийн туслах мэдэгдэж, “Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гардуулсан, хүргүүлсэн, мэдэгдсэн тухай” баримт №7-г үйлдэн хэрэгт хавсаргана” гэж заажээ.

Иймд шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2021/06...0 дугаар захирамжийг хэргийн оролцогч нарт мэдэгдэх, хүргүүлэх, гардуулах нь шүүгчийн туслахын эрхлэх ажлын чиг үүрэгт хамаарах тул үүнд шүүгч Д.М-ийг шууд буруутгах үндэслэлгүй байна.

Шүүгч Д.М Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн  50.1.1, 50.1.23 дахь хэсэгт заасан шүүгчид хориглосон заалтыг зөрчиж, сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гишүүний саналыг хуульд нийцсэн, үндэслэл бүхий болсон байна гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.4, 112.7, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ... шүүхийн шүүгч Д.М-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Магадлал уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

3. Энэхүү магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

4.  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

5.  Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                Д.ЭРДЭНЭЧУЛУУН

ГИШҮҮН                                      Ц.ДАВХАРБАЯР

                                              Б.СУГАР