info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-06-07

Дугаар 195

Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай

 

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Ариунтуяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн дарга Г.Болортуяа, сахилгын хэргийн оролцогч, шүүгч Д.Ч нарыг оролцуулан Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв. 

 

“ЭТ” ХХК-ийн захирал Д.Ш-ийн өргөдлийн дагуу ... шүүгч Д.Ч-д сахилгын хэрэг үүсгэж, шалгах ажиллагаа явуулаад 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт” гаргасныг гишүүн Г.Цагаанцоожийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтдээ: “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах ба 50 дугаар зүйлийн 50.1.23-т хуулийн илт тодорыхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргахыг хориглосон байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7-т “шүүх бүрэлдэхүүнд оролцсон бүх шүүгч шүүхийн шийдвэрт гарын үсэг зурна”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.8-д “шүүхийн шийдвэрт шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурах ба шүүгч гарын үсгээ зурахаас татгалзах эрхгүй”, 108 дугаар зүйлийн 108.3-т “шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  энэ хуулийн 107 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж тус тус заасан.

“ЭТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчаас гадна 2 гуравдагч этгээд  оролцсон байх ба шийдвэрийг оролцогчдоос гадна хэрэгт, өнгөн хувь гээд нийт 6 хувь гаргаж, гарын үсэг зурж, албажуулсан талаар шүүгч тайлбартаа дурдсан, шийдвэрийн өнгөн хувьд 6 хувь гэж тэмдэглэгдсэн байна.

Шүүхийн шийдвэрт шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зураагүй, эсхүл шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч гарын үсэг зурсан бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.4, 121.3.6-д заасан, энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгожээ.

Дээр дурдсанаас үзвэл шүүгч Д.Ч шийдвэрт гарын үсэг зураагүй нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн, энэхүү үндэслэлээр шийдвэр хүчингүй болсныг “ноцтой” гэж үзэх үндэслэлтэй.

Сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад шүүгчийн туслах гэрчийн мэдүүлэг өгсөн, тэрээр “...ажлын хувийг гаргаагүй байсан тул дахин нэг хувь гаргасан, түүнийгээ шүүгчид танилцуулж, гарын үсэг зуруулаагүй байсан ба энэхүү хувийг нэхэмжлэгчид гардуулсан байсан...” талаар мэдүүлэг өгсөн боловч энэ нь шийдвэрт гарын үсэг зураагүй байсныг зөвтгөх үндэслэл болохгүй. Нөгөө талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

Иймд холбогдох шүүгч нь гарын үсэг зураагүй, албажаагүй шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчид гардуулсан, улмаар энэ үндэслэлээр шийдвэр хүчингүй болсон нь тогтоогдож байх тул Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-ыг заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, нотлох дүгнэлтийг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

Сахилгын хэргийн оролцогч, шүүгч Д.Ч 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн тайлбартаа: “ЭТ ХХК-ийн зүгээс гаргасан гомдлын үндэслэлээ:

1. “ЭТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БОАЖС-д холбогдох захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр болсон бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.8-д “...шүүгч гарын үсгээ зурахаас татгалзах эрхгүй”, 108 дугаар зүйлийн 108.3-т “...шүүхийн шийдвэр 14 хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэнэ...” гэж заасныг зөрчөөгүй болно.

2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрийг хуульд заасны дагуу 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр бүрэн эхээр хэвлэгдэн гарч, шүүгч би нэхэмжлэгч, хариуцагч, хоёр гуравдагч этгээд, хэрэгт, өнгөн хувьд нийт 6 хувь шүүхийн шийдвэрт гарын үсэг зурж, тамга даруулж шүүгчийн туслахад хүлээлгэн өгсөн. Шүүхийн шийдвэр гардуулсан эсэхийг хянахад шүүхийн шийдвэр гардуулах тухай баримтаар хэргийн оролцогчдод 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мэдэгдэж, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны хэргийн оролцогчдод гардуулсан байсан.

“ЭТ” ХХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр давж заалдах гомдол гаргасныг шүүгчийн туслах надад танилцуулахад шүүхийн шийдвэрийг албажуулахгүйгээр гардуулсан талаар гомдол гаргасан байсан тул шалгаж үзэхэд 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-т гардуулсан шүүхийн шийдвэр албажуулаагүй хувь байсан.

Нэгэнт шүүхээс албажуулаагүй шийдвэр гардуулсан нь үнэн тул давж заалдах гомдлыг хүргүүлж, харин албажуулсан шийдвэрийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шуудангаар албан тоотын хамт хүргүүлж, гомдол гаргах хугацааг албажсан шийдвэр хүргүүлсэн өдрөөс тооцохыг мэдэгдсэн.

Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шатанд хяналт тавих үүрэгтэй хэдий ч шүүхийн шийдвэр албажиж гараад хэргийн оролцогчдод мэдэгдэж гардуулсан талаар баримтыг шалгаж, харин гардуулахдаа албажаагүй хувь гардуулсан талаар “ЭТ” ХХК-ийн давж заалдах гомдлоос мэдсэн.

Мөн албажаагүй шийдвэр гардуулсны үр дагаврыг хүлээж, давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон.

Шүүгчийн туслах Б.Т нэхэмжлэгч тал руу утсаар ярьсан эсэхийг мэдэхгүй байна. Харин шүүхийн албажаагүй шийдвэр гардуулсан талаар тус шүүхийн Тамгын газарт миний бие гомдол гаргаагүй. “ЭТ” ХХК-ийн гаргасан гомдлоор шүүгчийн туслахад арга хэмжээ авагдсан байсан. Өнөөдөр шүүхийн хэмжээнд шүүгчийн туслах тогтвортой ажиллах цалин мөнгө болон ажлын хэт ачаалал дунд ажилладаг тул шүүгчээс шүүгчийн туслахаа аль болох дэмжиж ажилладаг бөгөөд ямар нэгэн байдлаар алдаа бүхэнд нь гомдол гаргахгүйгээр цалин мөнгийг нь хасуулахгүйгээр тогтвортой ажиллуулахыг хүсэж явдаг.

2. Шүүгчээс туслахаа нэхэмжлэгч тал руу яриулж, тус шүүхийн Тамгын газарт тайлбар гаргуулж, алдаа гаргасан тухай хүлээн зөвшөөрүүлсэн, нэхэмжлэгч талд шийдвэрийг 2 удаа гардуулах үйлдэл хийж шүүхийн бичиг хүргэгчээр хүргүүлсэн үйлдэл нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.35, 50.1.36-д заасныг зөрчсөн гэжээ.

...Шүүхийн албажсан шийдвэрийг шуудангаар хүргүүлэх нь шүүхийн үүрэг бөгөөд давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг дахин гардуулсныг буруутгахгүй гэж дүгнэсэн болно.

Шүүгч шүүхийн шийдвэрийг 14 хоногийн хугацаанд хэвлэн гаргах, хугацаанд нь шүүхийн шийдвэрийг хүргүүлсэн эсэх тал дээр хяналт тавих үүрэгтэй хэдий ч шүүгчийн албан тушаалын чиг үүрэг болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 78 дугаар тогтоолоор батлагдсан Захиргааны хэргийн хөдөлгөөний стандартын 6.2, 6.2.2-т зааснаас үзвэл шүүгч шүүхийн шийдвэрийг 14 хоногийн дотор албажуулан гаргаж, түүнийг хүргүүлэх үүргийг шүүгчийн туслах хүлээж, гардуулсан талаар баримт үйлдэж, ирж авах талаар мэдэгдэж, аваагүй бол шуудангаар хаягаар хүргүүлэх үүрэгтэй байх тул шүүгчийн шүүхийн ажилтан болон өөрийн удирдлага дахь этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгсөн, өөрийн удирдлага дахь ажилтны талаар тодорхойлохоос бусад тохиолдолд хүний зан байдал, ёс зүй, нэр төр, чадварын талаар тодорхойлсон гэж буруутгах боломжгүй байна. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч “ЭТ” ХХК-ийн захирал Д.Ш нь “...анхан шатны шүүхийн шийдвэрт шүүгч Д.Ч гарын үсэг зураагүй, тамга дарагдаагүй байсан. ...өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй хэргийн оролцогчийг төөрөлдүүлж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н нь гардан авсны дараа “ЭТ” ХХК-ийн хаяг руу албажуулсан шийдвэрийг албан бичгийн хамт дахин хүргүүлсэн. ...Шүүгчээс шүүгчийн туслахыг нэхэмжлэгч рүү яриулж, Тамгын газарт тайлбар гаргуулж алдаа гаргасан тухай хүлээн зөвшөөрүүлсэн, нэхэмжлэгч талд шийдвэрийг 2 удаа гардуулах үйлдэл хийж шүүхийн бичиг хүргэгчээр хүргүүлсэн үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.35, 50.1.36-д заасныг тус тус зөрчсөн” гэж үзэж Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргажээ.

 

... шүүгч Д.Ч нь “ЭТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч БОАЖС-д холбогдох БОАЖС-ын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/..1 тоот тушаалыг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэрийн дагуу шинэ акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож хариуцагч БОАЖС-д захиргааны акт шинээр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0....8 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт шүүгч гарын үсэг зураагүй, уг шийдвэрт тамга дарагдаагүй хуульд тавигдах шаардлагыг хангаагүй шийдвэрийг шүүх гардуулсан тул нэхэмжлэгч талаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1...0 дугаар магадлалаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.6 дахь хэсэгт “шүүхийн шийдвэрт шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зураагүй, эсхүл шүүх бүрэлдэхүүнд ороогүй шүүгч гарын үсэг зурсан” гэж заасныг үндэслэн, мөн хуулийн 121.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаажээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7-т “шүүх бүрэлдэхүүнд оролцсон бүх шүүгч шүүхийн шийдвэрт гарын үсэг зурна”, 108 дугаар зүйлийн 108.3-т “шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  энэ хуулийн 107 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.8-д “шүүхийн шийдвэрт шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурах ба шүүгч гарын үсгээ зурахаас татгалзах эрхгүй” гэж тус тус заажээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0...8 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-т 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гардуулахдаа шүүгч гарын үсэг зураагүй, тамга дарж баталгаажуулж, албажуулаагүй байдлаар гардуулсан болох нь ... шүүгч Д.Ч-ын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1...6 дугаар албан бичиг, шүүгчийн туслах Б.Т-ийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-тай утсаар ярьсан тэмдэглэл, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр болон 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрүүдийн  тайлбарууд,  тус шүүхийн Тамгын газрын дарга Н.Б-ийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/..1 дүгээр “Б.Т-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал болон түүний 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2/...9 дүгээр албан бичиг, шүүгч Д.Ч-ын Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн болон хуралдаанд гаргасан “ЭТ ХХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр давж заалдах гомдол гаргасныг шүүгчийн туслах надад танилцуулахад шүүхийн шийдвэрийг албажуулахгүйгээр гардуулсан талаар гомдол гаргасан байсан тул шалгаж үзэхэд 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-т гардуулсан шүүхийн шийдвэр гарын үсэг зурагдаагүй, тамга дарж албажуулаагүй хувь байсныг мэдсэн” гэх тайлбараар тус тус тогтоогдож байна.

Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1...0 дугаар магадлалын хянавал хэсгийн 2.4-т “хэдийгээр ... 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/...6 дугаар албан бичгээр шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчид дахин гардуулсныг буруутгах боломжгүй боловч нэгэнт нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.6-д заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй” гэснээр давхар нотлогдож байгаа болно.

Гэвч шүүгчийн туслах Б.Т нь шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчдод буюу нэхэмжлэгч “ЭТ” ХХК, хариуцагч БОАЖС, гуравдагч этгээд “ ЭЖЭПАЭ” ХХК, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Э” ХХК болон хэрэгт, өнгөн хувьд гээд  зайлшгүй гаргах ёстой байсан нийт 6 хувийг эхлээд гаргаж албажуулсан болох нь гишүүний шалгах ажиллагааны явцад хийсэн “захиргааны хэргийн өнгөн хувьд үзлэг хийсэн тэмдэглэл”-ээр тогтоогдож байна.

Харин шүүгчийн туслах ажлын гэх 1 хувийг дараа нь хэвлэн гаргаж,  шүүгчээр гарын үсэг зуруулаагүй, тамга дарж албажуулаагүй байхдаа уг шийдвэрийг хавтаст хэргийн хойно хийж, улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид уг албажуулаагүй шийдвэрийг гардуулжээ.

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 78 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын Зургаа. Хэргийг хянан шийдвэрлэсний дараах ажиллагаа, 6.2-т  Шийдвэр гардуулах буюу хүргүүлэх, 6.2.1-д “шүүгчийн туслах шийдвэрийг болон бусад оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулах буюу хүргүүлж, энэ тухай системд бүртгэн Шүүхийн шийдвэр/магадлал, тогтоол/-ийг гардуулсан, хүргүүлсэн тухай баримт №15-д гарын үсэг зуруулж, хэрэгт хавсаргана”, 6.2.2-т “шүүгчийн туслах шийдвэрийг хэргийн болон бусад оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шийдвэрийг гардан авах талаар мэдэгдсэн боловч ирээгүй байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд албан бичгээр, иргэдэд, тэдгээрийн нэхэмжлэлд бичсэн буюу шүүх хуралдаанд оролцохдоо мэдүүлсэн хаягаар энэ аргачлалын 4.3.2-4.3.3-т заасны дагуу хүргүүлнэ” гэжээ.

Мөн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оын 03 дугаар сарын 03-ны өдрийн 51 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Захиргааны хэргийн хөдөлгөөний аргачлал”-ын Долоо. Хэргийн хянан шийдвэрлэсний дараах ажиллагаа, 7.2-т  Шийдвэр гардуулах буюу хүргүүлэх, 7.2.1-д “шүүгчийн туслах шүүхийн шийдвэрийг хэргийн болон бусад оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулах буюу хүргүүлж, энэ тухай нэгдсэн системд бүртгэн “Шүүхийн шийдвэр /магадлал, тогтоол/-ийг гардуулсан, хүргүүлсэн тухай” Баримт №15-д гарын үсэг /тайллын хамт/ зуруулж, хэрэгт хавсаргана”, 7.2.3-т “шүүгчийн туслах хэргийн болон бусад оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шийдвэрийг гардан авах талаар мэдэгдсэн боловч ирээгүй бол байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд албан бичгээр, иргэнд түүний нэхэмжлэлд бичсэн буюу шүүх хуралдаанд оролцохдоо мэдүүлсэн хаягаар бичиг хүргэгч 1 хоногийн дотор хүргүүлэн өгч, эсхүл шуудангаар хүргүүлнэ” гэж тус тус зааснаар шүүгчийн туслах Б.Т нь шүүхийн шийдвэрийг гардуулах, хүргүүлэх чиг үүргийнхээ дагуу ажиллажээ.

Дээрх аргачлалуудын дагуу шүүхийн шийдвэрийг гардуулах буюу хүргүүлэх нь шүүгчийн бус, харин шүүгчийн туслахын хариуцан хийх ёстой ажил байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-т шүүгчийн гарын үсэг зурагдаагүй, шүүхийн тамга дарагдан албажуулаагүй шүүхийн шийдвэрийг гардуулсан болон албажуулсан шүүхийн шийдвэрийг дахин гардуулахаар хүргүүлсэн үйлдэлд шүүгч Д.Ч-ыг шууд буруутгах үндэслэлгүй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрт шүүгч гарын үсэг зурахаас татгалзсан, хэргийн оролцогчид гардуулсан шүүхийн шийдвэрт гарын үсэг зураагүй, тамга дараагүйд буруутай болох нь тогтоогдсонгүй.

Тодруулбал, өргөдөл гаргагчийн өргөдөлдөө дурдсан шүүгч Д.Ч-ыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.35-д “шүүхийн ажилтан болон өөрийн удирдлага дахь этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгөх”, 50.1.36-д “шүүгч өөрөө гэрчээр дуудагдсан, эсхүл өөрийн удирдлага дахь ажилтны талаар тодорхойлохоос бусад тохиолдолд хүний зан байдал, ёс зүй, нэр төр, чадварын талаар тодорхойлох” гэж заасныг зөрчсөнд тооцох үндэслэлгүй юм.

Шүүгч шүүгчийн туслахад албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгсөн буюу нэхэмжлэгч тал руу “албажуулсан шийдвэрийг гардуулаагүй нь миний буруу, дахин албажуулсан хэлбэрээр гардаад авчих” гэж утсаар яриулсан, ...өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй хэргийн оролцогчийг төөрөгдүүлж, шийдвэрийг гардан авсны дараа “ЭТ” ХХК-ийн хаяг руу дахин албажуулсан шийдвэрийг албан бичгийн хамтаар хүргүүлсэн гэх үйл баримт шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй байна.

Мөн шүүхийн шийдвэрийг албажуулан, гардуулах, хүргүүлэх нь шүүгчийн туслахын хариуцах чиг үүрэгт хамаарч байх тул гишүүний сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтдээ дурдсан шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт зааснаар хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Иймд шүүгч Д.Ч-ыг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 50.1.35, 50.1.36 дахь хэсэгт заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул гишүүний нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 112.4, 112.7, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хүчингүй болгож, ... шүүгч Д.Ч-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлал уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

4. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогчид гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авснаар тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ                                     Д.ЭРДЭНЭЧУЛУУН

                             ГИШҮҮД                                    Д.АРИУНТУЯА

                                                                              С.ЭНХТӨР