МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-04-20
Дугаар 154
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
... шүүхийн ерөнхий шүүгч Б.М т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд “...шүүгч Б.М нь албан үүрэгтэй нь холбоогүй иргэний үүрэг, хувийн шинж чанартай хэрэгцээнд шүүгчийн үнэмлэхээ үзүүлсэн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдож байна. Гэвч уг зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байна...” гэжээ.
Шүүгч Б.М тайлбартаа “..охин М.Ц 2020 оны 04 дугаар сарын 03-ний өдөр ... УБТ дугаартай Мерседес Бенз С200 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасан байсан. Энэ үед тэр жирэмсэн, оюутан байсан ба сэтгэл санааны хямралд орсон байсан учраас эцэг хүний хувьд хохирлыг түргэн барагдуулах зорилгоор Б.Б той уулзахаар тохирсон боловч эх Т 100 сая төгрөг төл гэсэн шаардлага тавьсан. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан ба хохирол төлбөрийг төлж барагдуулсан...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Б.Б өргөдөлдөө “...М.Ц нь 2020 оны 04 дугаар сарын 03-ны өдөр миний ... УБТ дугаартай Мерседес Бенз С200 маркийн машиныг унаж яваад зам тээврийн осол гаргаж хохирол учруулсан. Түүний аав Б.М гэгч над руу залгаад ... шүүхэд ерөнхий шүүгчээр ажилладаг гомдол гаргах хэрэггүй, хохирлыг барагдуулна гэсэн боловч 2 сар орчим болсны дараа би машиныг чинь эвдээгүй...” гэсэн агуулга дурджээ.
М.Ц нь 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ... УБТ дугаартай Мерседес Бенз С200 маркийн автомашиныг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж Б.Б д хохирол учруулсан болох нь тогтоогдсон, Б.М түүний эцэг бөгөөд тэрээр ... шүүхэд ерөнхий шүүгч ажилладаг байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэл хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхээр заасан.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ”, 4.8 дугаар зүйлийн 1-т “шүүгч албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотойгоос бусад тохиолдолд шүүгчийн үнэмлэх, тэмдэг ашиглан өөртөө давуу байдал бий болгох, бусдад ашиглуулах, албан үүрэгтэй холбоогүй иргэний үүрэг хувийн шинж чанартай хэрэгцээнд шүүгчийн үнэмлэх, тэмдэг ашиглах, барьцаа болгон үлдээхийг хориглоно” гэж заасан.
Шүүгч Б.М нь охин М.Ц ий бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахдаа шүүгчийн үнэмлэхийг ашигласан сахилгын зөрчил гаргасан боловч Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар уг зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байна.
Дээрх үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. ... шүүхийн ерөнхий шүүгч Б.М т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлал уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.ЦАГААНЦООЖ
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
Д.ЭРДЭНЭЧУЛУУН