info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-06-08

Дугаар 198

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн  сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч С.Э-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.   

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гишүүний саналд:

“... тухайн шүүх хуралдаан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдааны дэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцсэн, тухайлбал: нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбарыг сонсох, түүнтэй холбоотой нэмэлт тайлбар асуух, мөн нотлох баримтыг шинжлэн судалсны дараа дахин хэргийн оролцогчдыг нэмэлт тайлбар гаргах боломжоор хангасан байна.

Өргөдөлд дурдсан, даргалагч нь нэхэмжлэгчийн үгийг тасалсан, хариуцагчийг хөтөлж яриулсан, нэг л удаа тайлбар хэлнэ гэсэн, нотлох баримтыг шинжлэн судлаагүй, нэмэлт тайлбар хэлүүлээгүй гэх агуулга шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байна.

Хэрэв шүүх хуралдааны тэмдэглэл буруу бичигдсэн, алдаатай байсан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-т “Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасны дагуу өөрчлөлт оруулах боломжтой байдаг.

Өргөдөлд шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн, засвар оруулах хүсэлт гаргасан талаар дурдаагүй, тус иргэний хэрэгт үзлэг хийхэд энэ талаар баримт хэрэгт байгаагүй бөгөөд шүүгчид холбогдуулсан үйл баримт нотлогдохгүй, шүүгч зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

            2. Өргөдөлд, шүүгч нь “...шударга бус шийдвэр гаргасан” гэжээ.

Хэрэв анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гарган, тухай шүүхийн шийдвэрийг хянуулах эрхийг олгосон ба харин шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн хэргийг шийдвэрлэснийг ёс зүйн зөрчилд хамааруулан, хариуцлага тооцох үндэслэл болохгүй юм.

Шүүхийн сахилгын хороо нь шүүгчтэй холбоотой үйл баримт нь хууль болон ёс зүйн дүрмээр шүүгчид хязгаарласан, хориглосон үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн эсэхийг хянан шалгах чиг үүрэгтэй бөгөөд өргөдөлд дурдсан маргааны үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэл, шийдэлд үнэлэлт дүгнэлт өгөх зэргээр шүүхийн шүүн таслах үйл ажиллагаа буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрх үүрэг Сахилгын хорооны эрх хэмжээнд хуульчлагдаагүй.

Иймд ... шүүхийн шүүгч С.Э нь иргэн Х.А-ийн нэхэмжлэлтэй, Ч.Б, Ц.О нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул холбогдох шүүгчид үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

... шүүхийн шүүгч С.Э-д холбогдуулан иргэн Х.А-с гаргасан өргөдөл гомдолд, Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 958 дугаар захирамжаар мөн шүүгчид сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Өргөдөлд дурдсан, даргалагч нь нэхэмжлэгчийн үгийг тасалсан, хариуцагчийг хөтөлж яриулсан, нэг л удаа тайлбар хэлнэ гэсэн, нотлох баримтыг шинжлэн судлаагүй, нэмэлт тайлбар хэлүүлээгүй гэх агуулга шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байх ба шүүх хуралдааны тэмдэглэл буруу бичигдсэн, алдаатай байсан гэж үзсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-т “Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасны дагуу өөрчлөлт оруулах боломжтой.

Өргөдөлд шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн, засвар оруулах хүсэлт гаргасан талаар дурдаагүй, тус иргэний хэрэгт үзлэг хийхэд энэ талаар баримт хэрэгт байгаагүй бөгөөд шүүгчид холбогдуулсан үйл баримт нотлогдохгүй, шүүгч зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь ... шүүхийн Тамгын газрын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 632 дугаар албан бичиг, мөн шүүхийн Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Г-ийн гэрчийн хувиар өгсөн мэдүүлгээр шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг хийгдээгүй болох нь нотлогдсон байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2, 96.1-т зааснаар шүүх хуралдааны явцад даргалагч хуралдааныг удирдан явуулсан дэг, дараалал буюу хэргийн оролцогчоос мэтгэлцсэн байдал, тэдгээрийн тайлбар зэрэг шүүх хуралдааны бүхий л явц шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаж баталгаажих учраас тухайн шүүх хуралдааны тэмдэглэл өргөдөлд дурдсан үйл баримтыг илтгэгч гишүүн нотлох гол нотолгоо болгосныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүхийн сахилгын хороо нь шүүхийн шийдвэрийн үндэслэл, шийдэлд үнэлэлт дүгнэлт өгөх, хянах, хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээгүй, шүүхийн шүүн таслах үйл ажиллагаа буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрх хэмжээгүй болохыг тухайлан дурдах нь зүйтэй байна.

Иймд илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ... шүүхийн шүүгч С.Э-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.      

2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

            ДАРГАЛАГЧ                                                 Б.СУГАР

            ГИШҮҮН                                                        Д.АРИУНТУЯА

                                                                                   Х.ХАШБААТАР