info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-05-18

Дугаар 183

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн  сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, өргөдөл гаргагч Э.А, түүний өмгөөлөгч Г.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч Х.С, Г.А, П.З, Б.У, Х.Э, Д.Ц, Г.Ц нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гишүүний саналд:

            “... Өргөдөлд 2002 оны анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2008, 2014, 2020 онуудын Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоолтой холбоотой үйл баримт дурдсан байх тул 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6-д “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж заажээ.

Шүүхийн тухай хууль /2002 оны  07 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан/-ийн 45 дугаар зүйлийн 45.2-т “Шүүгчийн ёс зүйн дүрмийг Шүүгчдийн зөвлөл батална”, 45.3-т “Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэнэ” гэж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ 32 дугаар зүйлийн 32.2-т “Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр” зохицуулсан.

Шүүгч нарт холбогдуулан зөрчил гаргасан гэх үндэслэлүүдийн тухайд:

1. Өргөдөлд “ ... хэрвээ ... шүүхийн шүүгч Г.Ц 2002 оны 09 сарын 05-ны өдөр Иргэний хэрэг үүсгэсэн бол Эрүүгийн хэргийн хавтаст хэрэг архиваас устгал нэрээр алга болохгүй байсан ба энэ бол Төрийн тусгай албан хаагчдын шууд санаатай гэмт үйлдэл юм ...” гэжээ.

Өргөдөл гаргагч Э.А-ийн “шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах, өмчлөх эрх сэргээлгэх тухай” нэхэмжлэлийг ... шүүхийн шүүгч Г.Ц-ийн 2002 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1099 дүгээр захирамжаар “... Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 108 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын ажилтны шийдвэр, үйл ажиллагааны тухай гомдлыг эхний ээлжид дээд шатны албан тушаалтанд гаргах бөгөөд түүнээс гарсан шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргах эрхтэй” гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан/-ийн 133 дугаар зүйлийн 133.2-т “Шийдвэр гүйцэтгэгчийн талаарх гомдлыг аймаг, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргана”, 133.3-т заасан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн эрхийн 133.3.1-т “шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох;”, 133.4-т заасан Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн эрхийн 133.4.2-т “ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох”, 133.4.3-т “ахлах шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбогдон гарсан гомдлыг хянан шийдвэрлэх” гэж заажээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг шүүгч “хууль бус шийдвэр гаргасан” гэж үзэхгүй.

Мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамж нь эрүүгийн хэргийг архиваас устгах үндэслэл болохгүй төдийгүй, иргэн Э.А нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдуулан “шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох” нэхэмжлэлтэй хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 06 дугаар захирамжаар “... шийдвэр гүйцэтгэгч У-ийн хууль бус үйл ажиллагааг эрүүгийн журмаар шалгуулахаар зохих байгууллагад хандсан гэх ба урьдчилан шийдвэрлэх журам хэрэглэх боломжтой” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаагаас үзвэл Г.Ц шүүгчийн “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан” захирамж гарснаас хойш өргөдөлд дурдсан “шийдвэр гүйцэтгэгч Ц.У-д холбогдох эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа” явагдаж байсан байх тул холбогдох шүүгчийг “эрүүгийн хэргийг архиваас устгагдсанд” буруутгасан нь үндэслэлгүй байна.

2. Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 526 дугаартай тогтоолоор “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2004 оны 02 сарын 02-ны өдөр гэхэд эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад ...2002 оны 12 сарын 16-ны өдрийн Ц.У-г яллагдагчаар татах тогтоолыг нотлох баримтаас хассугай гэсэн тогтоол гаргаж ... 2008 оны 01 сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргаж, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 1173 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2008 оны 27-ны өдрийн 506 дугаар магадлал”-ыг хэвээр үлдээж, хариуцагч нарт "илт давуу" эрх олгож, хуурамч нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж, бусдын гэр бүлийн амьдрал, орон байрны халдашгүй эрхэд халдсан ...” гэжээ.

Хэргийн оролцогчийн гаргасан гомдлоор хяналтын шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх, түүний дотор анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэх нь Улсын дээд шүүхийн шүүгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасан бүрэн эрхэд хамаарах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа байна.

Сахилгын хорооны чиг үүрэгт хяналтын шатны шүүхийн шүүгчийн шүүн таслах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох, нотлох баримтыг хэрхэн үнэлэх зэрэг шийдвэрийн үндэслэл болон нотлох баримтын үнэлэлт дүгнэлт, хууль хэрэглээ зөв буруу эсэхийг хянан шалгах эрх хэмжээ хуульчлагдаагүй бөгөөд Шүүхийн тухай хууль /2002 оны  07 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан/-ийн 76 дугаар зүйлийн 76.1-т “... хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно” гэж зааснаар шүүгч хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн нь түүнийг ёс зүйн зөрчилд холбогдуулан шалгах үндэслэл болохгүй.

Ийнхүү Улсын дээд шүүхийн шүүгч А.Д, Ц.А, Ч.Б, Б.Т, Б.У нар хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисон нь өргөдөлд дурдсан “шүүгч нь хариуцагч нарт илт давуу эрх олгосон” гэх үндэслэлд хамаарахгүй бөгөөд өргөдөлд дурдсан шүүгчтэй холбоотой дээрх үйл баримтад Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм /2003 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Шүүгчдийн зөвлөлийн тогтоолоор баталсан/-д заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

3. Өргөдөлд, “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлт нь шүүхийн шийдвэрт гаргах гомдлын бие даасан төрөл болно. 2014 оны 04 дүгээр сарын 03-аас 2020 оны 12 дугаар сарын 16 хүртэл ... хугацаанд хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд эрхээ хамгуулахаар хандахад ...хуульд заасан үндэслэл журмын дагуу татгалзан гаргах хүсэлт гаргасан ч үл тоон ... шүүгч Б.У, Г.А, Х.С, Д.Ц, Х.Э нар албан үүрэг, бүрэн эрх , албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2020 оны 12 сарын 16-ны өдөр дахин 001/ШТ2020/00176 тоот "илт хууль бус" тогтоол гаргаж, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэг үйлдсэн ... ” гэжээ.

  Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 001/ШТ2020/00176 дугаар тогтоол /шүүгч Х.С, Г.А, П.З, Б.У, Х.Э нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн/-ын үндэслэх хэсгээс үзвэл, нэхэмжлэгчээс хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтуудыг тус бүрээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1-д заасан үндэслэлд хамаарах эсэхийг дүгнэжээ. Тодруулбал, уг хяналтын тогтоолд:

“... Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын хуулбар нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулж буй хэргийн шийдвэр магадлал, тогтоол тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1-д заасан баримт биш ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2002 оны ... б/720 тоот тушаал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны ... 2/2457 тоот албан бичиг гэх баримтууд нь хэргийн 464, 456 дугаар талд авагдсан, хэргийг хянан шийдвэрлэх үед хэрэгт байсан, шүүхээр хэлэлцэгдсэн баримт тул шинээр илэрсэн нотлох баримтад хамаарахгүй ... Нийслэлийн шүүхийн 2010 оны ... 2/2920, 2/2921 дугаар албан бичиг нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамааралгүй ... шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхийн шийдвэр, уг шийдвэрийн дагуу бичигдсэн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд шүүхийн ажиллагааг хянадаггүй ... Ц.У-т холбогдох эрүүгийн хэрэг устгагдсан тухай Нийслэлийн прокурорын газрын 5/462 албан бичиг нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны тухай маргааны үйл баримтад шинээр нөхцөл байдлыг үүсгээгүй ...Э.А-ийн нэхэмжлэлийг шийдвэрлэж байх үед шийдвэр гүйцэтгэгч Ц.У нь ... хууль зөрчсөн үйлдэл гаргасан тухай үйл баримт хэлэлцэгдсэн, ... Ц.У-д ... сахилгын шийтгэл ногдуулснаас үзэхэд эрүүгийн хэрэг байсан эсэхээс үл хамаарч, шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааны талаарх баримт хэрэгт авагдсан байна. Иймд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг устгагдсан байдал нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх маргаанд шинэ нөхцөл байдлыг илрүүлээгүй байна ... хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, эсвэл хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэн үзэх үндэслэл байсан эсэхийг нэхэмжлэгч нь тухайн үед нотлох ёстой байжээ. Тухайн үедээ нотлох байсан үйл баримтыг хожим нотлох, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хуулийн үндэслэл байдаггүй ... энэ нэхэмжлэлд хамаарахгүй, шийдвэр гүйцэтгэлийн хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирол байгаа эсэх, хохирлыг гаргуулах эсэх өөр эрх зүйн асуудлаар дүгнэлт хийх эрхгүй ... анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх үед тухайн нотлох баримтын талаар зохигч мэдэх бололцоотой байсан боловч ... нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, түүнийг бүрдүүлэх тухай шүүхэд хүсэлт гаргах эрх болон үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа нөхөн гаргасан тохиолдолд шинэ нөхцөл байдал илэрсэн гэж үзэхгүй” гэж шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан үндэслэлээ дурдсан байна.

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар Улсын дээд шүүхийн шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх эрх хэмжээнд хамаарах ба ингэхдээ мөн хуулийн 181.2-д “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн дахин оролцохгүй” гэж заажээ.

Тухайн шинээр илэрсэн нөхцөлөөр дахин хянуулж буй хэрэг нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 1173 дугаар шийдвэртэй, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 506 дугаар магадлалтай, Улсын дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 526 дугаар тогтоолтой иргэний хэрэг байх бөгөөд анхан шатны шүүх хуралдааныг, шүүгч А.М, В.Ж, Д.Д нарын бүрэлдэхүүнтэй хийсэн байна. Дээрх хуулийн заалтаар,  анхан шатны шүүхэд хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг хязгаарласнаас бус бусдаар хэргийг бүхэлд нь шийдвэрлээгүй, тухайлбал, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, давж заалдах журмаар хэргийг хянасан шүүгчийг шинээр илэрсэн нөхцөлөөр хэргийг дахин хянах хуралдаанд оролцох эрхийг хязгаарлаагүй байх тул Улсын дээд шүүхийн нэр бүхий шүүгч нар нь 2019 оны  01 дүгээр  сарын  22-ны өдөр гаргасан шинээр илэрсэн нөхцөлөөр хэргийг хянуулах хүсэлтийг шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй, уг хүсэлтийг шийдвэрлэх үйл ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179-181 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Энэ талаар, өргөдөл гаргагч буюу нэхэмжлэгч нь “ ... шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаа. Нэгэнт урьд нь орсон шүүгч нараар хэргийг хянуулмааргүй байна. Нэхэмжлэгч А.А бүрэлдэхүүнд итгэхгүй” гэх үндэслэлээр шүүх хуралдааны даргалагч, шүүх бүрэлдэхүүний шүүгч нараас татгалзан гаргах хүсэлтийг удаа дараа гаргасныг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 117 дугаар захирамж, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 30 дугаар захирамжаар “хуульд заасан татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй” гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзжээ.

Мөн Улсын Дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 001/ТМ2020/00762 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл болон тус шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгт[1], даргалагчаас татгалзал асуухад нэхэмжлэгчийн өмгөөлөгч бүрэлдэхүүнээс татгалзах саналтай байна гээд түүнийгээ тодруулж, хариуцагчаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрыг оролцуулах талаар хэлэхэд хянуулах гэж байгаа хэргийн хариуцагч нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болох талаар тайлбарлаж, улмаар нэхэмжлэгч талаас өмнө нь ирүүлсэн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхээс хангахаас татгалзжээ. Шүүх хуралдааныг цааш үргэлжлэн, хүсэлтийг илтгэгч шүүгчээс танилцуулж эхлэхэд[2] “өмнө нь уг хэргийг шийдвэрлэсэн шүүгч нар оролцсон” гэж өргөдөл гаргагч Э.А бүрэлдэхүүнээс татгалзаж байгаа нь бичигдсэн байна.

Гэхдээ шүүх хуралдааны дэгийн дагуу, өмнө гаргасан шүүгчийг татгалзсан хүсэлтийг шийдвэрлэсэн, шүүх хуралдаан эхлэхэд даргалагчаас хуульд заасан журмын дагуу татгалзал асуусан байхад хуралдааны хэлэлцүүлэг эхэлсний дараа дараалал зөрчин бүрэлдэхүүнийг татгалзаж байгааг шүүгчийг татгалзсан гэж үзэхгүй, мөн шүүгч зөрчил гаргасан гэх үндэслэлд тооцогдохгүй.

Монгол улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм /2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан/-ийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “хууль болон шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн”-ийг ёс зүйн зөрчил гэж тодорхойлсон, өргөдөлд холбогдох шүүгч нарыг дээрх ёс зүйн дүрэмд заасан хэм хэмжээг зөрчсөн эсэх талаар биш харин хэргийг шийдвэрлэсэн шийдвэрийн үндэслэлтэй холбоотой үйл баримтуудыг дурдсан байна.

Шүүхийн сахилгын хороо нь хууль болон ёс зүйн дүрмээр шүүгчид хязгаарласан, хориглосон үүрэг болгосон зохицуулалтыг шүүгч зөрчсөн эсэхийг хянан шалгах чиг үүрэгтэй бөгөөд харин шүүхийн шүүн таслах үйл ажиллагаа буюу өргөдөлд дурдсан маргааны үйл баримтыг шүүхтэй адилаар “хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэх, хууль хэрэглэх замаар хэргийг шийдвэрлэх ажиллагааг дахин гүйцэтгэх, шийдвэрийн үндэслэл, шийдэлд санал, дүгнэлт өгөх” зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхгүй тул шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн тогтоолыг хянуулах хүсэлтэд хавсаргасан нотлох баримтуудыг хэрхэн үнэлэх талаар Сахилгын хороо дүгнэлт хийхгүй.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, түүнчлэн шийдвэр гүйцэтгэгч Ц.У, түүнд холбогдох эрүүгийн хэргийн талаар өргөдөлд олон үйл баримт дурдаж, мөн цөөнгүй  нотлох баримтыг ирүүлжээ.

Түүнээс, шийдвэр гүйцэтгэгч Ц.У-д холбогдох эрүүгийн хэргийг устгалд оруулсан талаарх үйл баримт нь Нийслэлийн прокурорын газрын Эрүүгийн хэргийн салбар архивын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах комиссоос “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд холбогдох баримтын төрөлжсөн архивын ажлын заавар”-ын дагуу 2007 онд хийгдсэн үйл ажиллагаа байх ба үүнд 2008, 2014, 2020 онд дээрх хэргийн хянан шийдвэрлэсэн шүүгч нарыг буруутгах нь үндэслэлгүй байна. Шүүхийн ёс зүйн болон сахилгын хороо нь зөвхөн шүүгчид холбогдох ёс зүй, сахилгын хэргийг шалгах, хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллага учраас энэхүү эрүүгийн хэрэгтэй холбогдох өргөдөлд дурдсан асуудлыг шалгах, дүгнэлт өгөх эрхгүй болно.

Иймд ... шүүхийн шүүгч Х.С, Г.А, П.З, Б.У, Х.Э, Д.Ц, Г.Ц нарын талаарх өргөдөлд дурдсан үйл баримтуудад Монгол улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн болон Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан хоргилсон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгч нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох саналыг сахилгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

... шүүхийн шүүгч Х.С, Г.А, П.З, Б.У, Х.Э, Д.Ц, Г.Ц нарт холбогдуулан Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 03. Дугаар сарын 01-ний өдрийн “Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжийг хүчингүй болгож, сахилгын хэрэг үүсгэх тухай”   57 дугаар тогтоолоор сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, өргөдөл гомдол гаргагч нь өргөдөлдөө 2002 оны анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2008, 2014, 2020 онуудын Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоолтой холбоотой үйл баримт дурдан маргаж байх бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6-д “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж заажээ.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн[3] 27 дугаар зүйлд Шүүгчид хориглох зүйл, 28 дугаар зүйлд Шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт, 29 дүгээр зүйлд Шүүгчийн ашиг сонирхлын зөрчил, 30 дугаар зүйлд Шүүгч түүний гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг тодорхойлсон бол хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр тус тус хуульчлан зааж өгч, журамлан зохицуулсан байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн[4] 27 дугаар зүйлд Шүүгчид хориглох зүйл, 28 дугаар зүйлд Шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт зэрэг хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг тодорхойлж, 32 дугаар зүйлийн 32.2-т Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасан байх тул илтгэгч гишүүний өргөдөлд дурдсан үйл баримтуудад Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн болон Шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Шүүхийн сахилгын хороо Улсын Дээд шүүхийн тогтоолын үндэслэлийг хянах, дүгнэлт хийх эрх хэмжээгүй болно. Шүүхийн сахилгын хороо нь хууль болон ёс зүйн дүрмээр шүүгчид хязгаарласан, хориглосон, үүрэг болгосон зохицуулалтыг шүүгч зөрчсөн эсэхийг хянан шалгах чиг үүрэгтэй бөгөөд харин шүүх бүрэлдэхүүн болон шүүгчийн шүүн таслах үйл ажиллагаа буюу өргөдөлд дурдсан маргааны үйл баримтыг шүүхтэй адилаар нотлох баримтыг шинжлэн судлах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дахин гүйцэтгэх, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын үндэслэл, шийдэлд санал, дүгнэлт өгөх, хянах, хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхгүй тул шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн тогтоолыг хянуулах хүсэлтэд хавсаргасан нотлох баримтуудыг хэрхэн үнэлэх талаар Сахилгын хороо дүгнэлт хийхгүй.

Иймд илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ... шүүхийн  шүүгч Х.С, Г.А, П.З, Б.У, Х.Э, Д.Ц, Г.Ц нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.      

2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гомдол гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

            ДАРГАЛАГЧ                                               Б.СУГАР

            ГИШҮҮН                                                       Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                                   Х.ХАШБААТАР

 

[1] Тус шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийн 00:01:08 дахь хэсэгт

[2] Тус шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгийн 00:14:08 дахь хэсэгт

[3] 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон.

[4] 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон.