МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-04-19
Дугаар 176
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
... шүүхийн шүүгч С.Х-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гишүүний саналд:
“... 1. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд шүүгчид хориглох зүйлийг хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т нэрлэн заасан.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар сахилгын хороо байгуулагдах хүртэл хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол маргааныг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Өргөдөлд хууль хүчин төгөлдөр болохоос өмнө болон дараа болсон үйл баримтын талаар дурдсан байх тул тус бүрд дүгнэлт хийх нь зүйтэй.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ” гэж заасан, холбогдох шүүгч сахилгын зөрчил гаргасан эсэхийг хэрэгт авагдсан баримтын хэмжээнд тодорхойлох учиртай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т зааснаар нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилна. Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс баталсан журмын 3.2-т зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх, хойшлуулахтай холбоотой хүсэлтийг тогтоолын 1-т заасан нэрсийн дарааллын дагуу системээс гараар хуваарилах ба нэхэмжлэгчийн хүсэлт энэ журмын дагуу хуваарилагдсан нь тогтоогдож байна.
Шүүгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлтийг хангахгүй орхиж, харин төлөх хугацааг хяналтын шатны шүүх хуралдаан хүртэл хойшлуулсныг хууль болон дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн гэж үзэхгүй.
2. Хэргийг шүүгч С.Х-д хуваарилсан ажиллагаа Монгол Улсын шүүхийн тухай хуулиар тогтоосон журмын дагуу явагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлийг
тодорхойлон заасан.
С.Х шүүгчээр томилогдохоос өмнө нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байсан Л.Ц-тэй хамт ажиллаж байсан боловч хэрэг хүлээн авахаас өмнө уг өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан байна. Энэ тохиолдолд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэлгүй болно.
Харин энэ тухайгаа хэргийн оролцогч нарт мэдэгдсэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д нийцжээ.
Хариуцагч энэхүү үндэслэлээр шүүгчээс татгалзах хүсэлтийг удаа дараа гаргасныг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэж хангахаас татгалзахдаа үндэслэлийг захирамжид тодорхой тусгасан, хүчин төгөлдөр байна.
Харин татгалзан гарах хүсэлттэй холбогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай байгаа, мөн зохигчийн хэн аль нь татгалзан гарах хүсэлт гаргасныг үндэслэн Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүгч С.Х-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргажээ.
... компани нь 2016 онд С.Х-г шүүгчээр томилогдсоноос хойш үүсгэн байгуулагдсан байх тул энэ компанид хамт ажиллаж байсан гэх гомдол үндэслэлгүй.
Холбогдох шүүгч нь өргөдөлд дурдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.8, 50.1.23, 50.1.28-т заасныг зөрчсөн гэх байдал баримтаар тогтоогдоогүй болно.
3. ... ХХК-ийн Өмгөөлөгч Ө.Э 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шүүгч С.Х-д холбогдуулан өргөдөл гаргасан байх ба Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 46 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан нь хуулийн хүчинтэй байна.
Шүүгч С.Х сахилгын зөрчил гаргасан гэх байдал тогтоогдоогүй тул түүнд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
... шүүхийн шүүгч С.Х-д холбогдуулж өмгөөлөгч С.Т-ын гаргасан өргөдлийг үндэслэн, Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 727 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ... шүүхийн шүүгч С.Х нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 181/ШЗ2019/06022 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг хангахгүй орхиж харин хураамж төлөх хугацааг хяналтын шатны шүүх хуралдаан хүртэл хойшлуулахаар шийдвэрлэжээ.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн[1] 27 дугаар зүйлд Шүүгчид хориглох зүйл, 28 дугаар зүйлд Шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт зэрэг хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг тодорхойлж, 32 дугаар зүйлийн 32.2-т Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасан байх тул
илтгэгч гишүүний шүүгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлтийг хангахгүй орхиж, харин төлөх хугацааг хяналтын шатны шүүх хуралдаан хүртэл хойшлуулсныг хууль болон дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгч С.Х нь шүүгчээр томилогдохоос өмнө өмгөөлөгч Л.Ц-тэй ... ХХК-д хамт ажиллаж байсан, тухайн үедээ найз нөхдийн харилцаатай байсан болохоо хүлээн зөвшөөрсөн байх төдийгүй 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хэрэг хуваарилагдан ирсний дараа тухайн хэрэгтэй танилцах явцдаа олж мэдээд энэ тухайгаа хэргийн оролцогч нарт 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдсэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-т нийцэж байна.
Шүүгчээс татгалзах хүсэлтийг талууд удаа дараа гаргасныг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч хуульд заасан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэж хангахаас татгалзах болон хангаж шийдвэрлэхдээ үндэслэлийг захирамжид тодорхой тусгаж байсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай нь холбогдуулж шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй.
Иймд илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2, 112.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ... шүүхийн шүүгч С.Х-д холбогдох илтгэгч гишүүний саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Б.СУГАР
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Ц.ДАВХАРБАЯР
[1] 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон.