info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-05-11

Дугаар 179

Улаанбаатар хот

2022.05.11 179 дугаартай

Нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын

хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай

          Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, сахилгын хэргийн оролцогч шүүгч Ч.Н  нарыг оролцуулан, ...  шүүхийн шүүгч Ч.Н д холбогдох, Сахилгын хорооны гишүүний 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 19 дүгээр “Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлт”-ийг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өргөдөл гаргагч Ч.Б  Сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “......  шүүхэд “У г” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.Б д холбогдох 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 184/Ш32016/06610 захирамжид нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж хэрэгсэхгүй болгосон байдаг. Энэ захирамжийн 3 дахь хэсэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.4 дэх заалтыг ноцтой зөрчсөн байна. “У г” ХХК нь миний зөвшөөрөлгүйгээр тухайн хэргийн ажиллагааг дуусгавар болгохоор шүүхэд өгсөн нэхэмжлэлээ татан авсан гэж ойлгосон. Хэрэв ингэсэн тохиолдолд дээрх хуулийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зохигч эвлэрсэн нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэж заасны дагуу ажиллагаа зогсоох тухай агуулгатай юм байна. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж заасныг захирамжид заавал тусгах ёстой гэж ойлголоо. Гэтэл нэхэмжлэгч “У г” ХХК-ийг нэхэмжлэлээ татан авч байхад нь тухайн нэхэмжлэлийг дахин гаргах эрхтэй гэж тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 184/Ш32016/06610 захирамжийн 3 дахь хэсэгт дурдсан нь 74.4 дэх заалтыг ноцтой зөрчсөн байна. Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.М ыг “Бид нотлох баримтаа дутуу бүрдүүлсэн. Ийм учраас бүрдүүлэх хугацаа олгооч, бүрдүүлчхээд дахин нэхэмжлэл өгье гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч нэхэмжлэл гаргах эрхтэй гэж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үндэслэлгүй захирамж гаргасан гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар анхнаасаа нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлох, үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд өгөх үүрэгтэй байтал тус компани нь дутуу материалаа бүрэн болгоод дараа нь нэхэмжлэл гаргах захирамж гаргасан. Хүн бүр шүүхэд нэхэмжлэл гаргаж хүссэн үедээ материалаа бүрдүүлж буцаадаг жишиг тогтвол шүүхийн байгууллагын ажил үргүй цаг хугацаа өнгөрч дийлдэхгүй болно. Бид тус захирамжийн 3 дахь хэсэгт тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй гэдгийг хүчингүй болгож тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж өөрчлөлт оруулж өгөх хүсэлт гаргасан ч 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 184/Ш32021/08750 шүүгчийн захирамжаар өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, тус захирамжид гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан. Энэ бүгдийг шүүгчийн илт хууль бус үйлдэл, хүний эрхийг зөрчсөн хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байна гэсэн хуулийн заалт зөрчигдөж байна гэж үзэж гомдол гаргаж байна” гэжээ.

Шүүгч Ч.Н  сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “Шүүгч Ч.Н  би 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “У г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.Б д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн 184/Ш32016/06610 дугаартай “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж шийдвэрлэсэн. Энэ нь талуудын хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлээгүй бөгөөд зөвхөн тухайн цаг хугацаанд нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсан агуулгатай байна. Уг захирамжийг тухайн хэргийн хариуцагч Ч.Б  “...захирамжийн захирамжлах хэсгийн 3 дахь заалтад тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан нь Үндсэн хуулийн “шүүх гагцхүү хуульд захирагдана” гэсэн заалтыг, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг тус тус зөрчсөн...” гэсэн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар хянуулах тухай хүсэлтийг мөн тус шүүхэд гаргасныг шүүх хянаад 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Шүүгчийн 184/Ш32016/06610 дугаартай захирамжаас үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах тухай хүсэлтийн үндэслэлээ “...бид шинээр нотлох баримт бүрдүүлж, дахин нэхэмжлэл гаргах хүсэлтэй байна..." гэж тайлбарласан нь уг хэрэг маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээс татгалзсан агуулга байхгүй, зөвхөн энэ удаад шийдвэрлүүлэхгүй гэсэн агуулгаар татан авсан нь харагдаж байна. Иймд түүнийг шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзэн шүүхэд дахин хандах эрхийг хаах боломжгүй юм. Түүнчлэн 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөг хүртэл дагаж мөрдөж буй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь заалтыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа буюу иргэний хэрэг маргааныг хянан шийдвэрлэж байгаа шүүхүүд өөр хоорондоо өнөөг хүртэл зөрүүтэй хэрэглэж ирсэн практик байдаг. Энэхүү хуулийн заалтыг онолын хувьд болон хууль хэрэглээний хувьд хэрхэн ойлгож хэрэглэх талаар нэгдсэн ойлголт тогтоогүй, энэ талаар албан ёсны болон албан бус тайлбар 2022 оны 03 дугаар сарыг хүртэл байхгүй байсаар ирсэн. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас 2022 оны 03 дугаар сард Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийг хэрхэн тайлбарлаж хэрэглэх талаар албан бус зөвлөмж гаргаснаар хууль хэрэглээний нэгдсэн ойлголт төлөвших шатандаа явж байна. Шаардлагатай гэж үзвэл Монгол Улсын хэмжээнд Иргэний хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа нийт шүүхүүдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж 2016-2021 оны хооронд хэд гарч, түүнээс хэд нь нэхэмжлэгчийн шүүхэд хандах эрхийг нээлттэй үлдээсэн талаарх тоон мэдээллийг Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс, Улсын дээд шүүхийн сургалт судалгааны төвөөс гаргуулан авч судлах боломжтой. Аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ шүүх хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарлах, зөрчих ёсгүй. Хэргийн нөхцөл байдал талуудын хүсэл зоригийг харгалзах ёстой. Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авахаар заасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл шаардлагагүй байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авч байгаа нь хариуцагчийн эрхийг хөндсөн агуулга байхгүй, хариуцагч өөрийн зөрчигдсөн эрхээ мөн нэхэмжлэл гарган сэргээлгэх эрх нь нээлттэй байна. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэж заасан. Бусдын эрх, эрх чөлөө хөндөгдсөн гэх шалтгаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд түүнд олгогдсон субьектив эрхийг хязгаарлах үндэслэлтэй эсэх, мөн хариуцагчийн зөвшөөрөл болон эвлэрэл батлах тохиолдолд бусдын эрх хөндөгдвөл хэрхэх талаар шүүхийн практик хараахан тогтоогүй байна. Эдгээр хуулийн заалтуудыг нэг мөр, зөв ойлгож хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрч байна. Хэрэг маргааныг шийдвэрлэх явцад нэхэмжлэгч өөрөө болон түүний гэр бүлийн гишүүд өвдөх, гадаадад суралцахаар явах, эмчилгээ хийлгэх, томилолтоор урт хугацаагаар явах гэх мэт шалтгаанаар дараа хэргээ шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлээ татан авах тохиолдлууд байдаг. Энэ тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим болох талуудын зарчмыг мөрдлөг болгох ёстой байдаг. Өөрөөр хэлбэл, татан авах эрхгүй гэж үзэх, эсхүл дахин хандах эрхийг хаах боломжгүй юм. Тэр тусмаа гэр бүлийн маргаанд гэрлэгчид эвлэрч байгаа, хүүхэд өвдсөн гэх мэт олон үндэслэлүүдээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авах тохиолдол байдаг. Энэ бүх тохиолдолд нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээр түүний нэхэмжлэл гаргах эрхийг хаах боломжгүй юм. Хэрэв хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийг хаах, хязгаарлах нь зүйтэй гэж үзвэл магадгүй өнөөдөр нэхэмжлэгч шүүхэд мэдүүлэх эрх зөрчсөн үндэслэлээр шүүгч ёс зүйн зөрчил гаргасан гэж мөн Сахилгын хороонд гомдол гаргах нөхцөл байдал үүсэж болох юм. Миний бие 2016 оны 12 дугаар сард Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь заалтыг хэрэглэн нэхэмжлэгч “У г” ХХК-ийн шүүхэд дахин хандах эрхийг нээлттэй үлдээсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тул шүүгчийн ёс зүйг зөрчсөн, сахилгын хэрэг зөрчил гаргасан үйлдэл биш гэж үзэж байгаа тул Ч.Б гийн гаргасан гомдол, өргөдлийг хангахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэжээ.

Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд: “...“У г” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.Б д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 84.270 ам доллар гаргуулах иргэний хэргийг ...  шүүхийн шүүгч Ч.Н  хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд хэргийн оролцогчийн эрх, үүргийг зааж хуульчилсан байдаг. Хэргийн оролцогч өөрт хуулиар олгогдсон эрхийг эдлэхгүй байх эрхтэй хэдий ч шүүх эдгээр эрхийг эдлэх бүхий л боломжоор хангасан байх нь шүүхийн гүйцэтгэх гол үүргүүдийн нэг юм. ...Шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй хэргийн талаарх бүх баримттай хэргийг оролцогч танилцсан, тухайн асуудлаар бүрэн мэдээлэл, мэдлэгтэй байх эрхтэйгээс гадна тухайн асуудлын талаар өөрийн санал бодлоо чөлөөтэй, бүрэн илэрхийлж чадсан байх ёстой. Шүүгч Ч.Н гээс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М , 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгч Б.Ч нарт эрх, үүрэг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зуруулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан байна. Харин хариуцагч Ч.Б д хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарласан эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Мөн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШЗ2016/06610 дугаартай шүүгчийн захирамжийг хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн хэн алинд гардуулсан, мэдэгдсэн, хүргүүлсэн талаарх тэмдэглэгээ байхгүй байна. Дээрхээс үзвэл Ч.Б д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх” гэх эрхийг нь эдлүүлээгүй гэж үзэхээр байна.  Мөн өргөдөл гаргагчаас “нэхэмжлэгч “У г” ХХК-ийг нэхэмжлэлээ татан авч байхад нь тухайн нэхэмжлэлийг дахин гаргах эрхтэй гэж тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 184/Ш32016/06610 дугаартай захирамжийн 3 дахь хэсэгт дурдсан нь 74.4 дэх заалтыг ноцтой зөрчсөн байна” гэж өргөдөлдөө дурдсан байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “У г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “шинээр нотлох баримт бүрдүүлж, дахин нэхэмжлэл гаргах хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийг шүүхээс татан авах” хүсэлт гаргасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШЗ2016/06610 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно”, 106.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна”, 74.4 дэх хэсэгт “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж тус тус заажээ. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШЗ2016/06610 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд тус захирамжийн 3 дахь заалтаар нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар 2007 он “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авч болно гэдэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзаж буй нэг хэлбэр юм. Татан авна гэдгийг татгалзана гэж ойлгох нь энэ зүйлийн 106.5 дахь хэсэгт туссан байна” гэж заасан. Түүнчлэн, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийг тайлбарласан байх бөгөөд тус тогтоолд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар “...нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах” гэдгийг 106.5 дахь хэсэгт заасан “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан”-тай адил утгаар, нэхэмжлэгч субьектив эрхээс татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон гэж ойлгож хэрэглэнэ” гэж тайлбарлажээ. Дээрх тогтоолоос өмнө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийг хэрхэн ойлгох талаар хуулийн нэгдсэн тайлбар байгаагүй болохыг дурдах нь зүйтэй байна. Иймд шүүгч Ч.Н г тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэснийг зөрчсөн байна гэж үзлээ. 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болж, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27, 28, 29, 30 дугаар зүйлд шүүгчийн хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр заажээ. Дээр дурдсан сахилгын хэргийн үйл баримт нь Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө буюу 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн үйл баримт байх тул тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүгчийн ёс зүйн дүрэм /хуучнаар/-ийн 5.1.3-т “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Түүнчлэн, өргөдөл гаргагчаас “Бид тус захирамжийн 3 дахь хэсэгт тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй гэдгийг хүчингүй болгож тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж өөрчлөлт оруулж өгөх хүсэлт гаргасан ч 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 184/Ш32021/08750 шүүгчийн захирамжаар өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж тус захирамжид гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан. Энэ бүгдийг шүүгчийн илт хууль бус үйлдэл хүний эрхийг зөрчсөн хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байна гэсэн хуулийн заалт зөрчигдөж байна” гэх өргөдлийн үндэслэлийг дурдсан. 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШЗ2016/06610 дугаартай шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар захирамжийн 3 дахь хэсэгт өөрчлөлт оруулах хүсэлтийг Ч.Б гээс гаргажээ. Дээрх хүсэлтийг 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 184/Ш32021/08750 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг илтэд үндэслэл муутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн Ч.Б гийн гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн байна. Өмнө дурдсанчлан 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШЗ2016/06610 дугаартай шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасны дагуу шүүгчид өөрийн гаргасан захирамжийг өөрчлөх, хүчингүй болгох эрхийг хуулиар олгосон байна. Иймд Ч.Б гийн дээрх захирамжийн холбогдох заалтыг өөрчлүүлэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул ...  шүүхийн шүүгч Ч.Н г зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэн сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ...  шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШЗ2016/06610 дугаар захирамжийн 1 дэх заалтаар “У г” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.Б д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 84.270 ам доллар гаргуулах иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, 3 дахь заалтаар нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн, энэ захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан үндэслэлээр өөрчлөлт оруулах тухай хариуцагч Ч.Б гийн хүсэлтийг ...  шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 184/ШЗ2021/08750 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдож байна.

Дээрх захирамжийг гаргасан шүүгч Ч.Н д холбогдуулан хариуцагч Ч.Б  гомдол гаргаж, үндэслэлээ “...шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсгийг ноцтой зөрчиж дахин нэхэмжлэл гаргах эрхтэй гэж шийдвэрлэсэн, шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж 184/ШЗ2021/08750 дугаар захирамжид гомдол гаргах эрхгүй гэж заасан нь хууль бус...” гэж тодорхойлжээ.

Иргэн Ч.Б гийн өргөдөлд дурдагдсан ...  шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШЗ2016/06610 дугаар захирамжтай холбогдох гомдлын үндэслэлд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ...” гэж зааснаар 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэх бол ...  шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 184/ШЗ2021/08750 дугаар захирамжтай холбогдох гомдлын үндэслэлд Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ 27 дугаар зүйлд Шүүгчид хориглох зүйл, 28 дугаар зүйлд Шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт, 29 дүгээр зүйлд Шүүгчийн ашиг сонирхлын зөрчил, 30 дугаар зүйлд Шүүгч түүний гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг тодорхойлсон бол хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “Шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ” гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно”, 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна”, 74 дүгээр зүйлийн 74.4-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж тус тус заасан байх бөгөөд шүүгч Ч.Н  нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШЗ2016/06610 дугаар захирамжаар нэхэмжлэгч “У г” ХХК нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа дахин нэхэмжлэл гаргах эрхтэй гэж уг захирамждаа заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн, энэ зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасан нь тухайн захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүнд өөрөө алдаагаа залруулах, илтэд үндэслэл муутай /хэн ч үзсэн бодит үнэнд нийцээгүй, үг үсэг, тоо тооцооллын алдаатай гэх мэт/ эрхийн актаа өөрчлөх, хүчингүй болгох боломж олгосон зохицуулалт бөгөөд тухайн шүүгч өөрийн гаргасан захирамжаа илтэд үндэслэл муутай гэж үзээгүй тохиолдолд дээрх хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, ...  шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 184/ШЗ2021/08750 дугаар захирамжаар хариуцагч Ч.Б гийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ “...Шүүгчийн захирамжаас үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах тухай хүсэлтийн үндэслэлээ “...бид шинээр нотлох баримт бүрдүүлж дахин нэхэмжлэл гаргах хүсэлтэй байна...” гэж тайлбарласан нь уг хэрэг маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээс татгалзсан агуулга байхгүй, зөвхөн энэ удаад шийдвэрлүүлэхгүй гэсэн агуулгаар татан авсан нь харагдаж байна. Иймд түүнийг шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзэн шүүхэд дахин хандах эрхийг хаах боломжгүй юм” гэж дүгнэсэн байх бөгөөд шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно” гэж заасныг хэрэглэхдээ хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй тул дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зөв гэх агуулгаар тайлбарлаж хууль хэрэглэсэн энэ тохиолдолд өөрийн захирамжийг илтэд үндэслэл муутай гэх үндэслэлээр өөрчлөлт оруулаагүйг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийг тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай тогтоолд “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт “нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүй татан авч болно” гэж зохицуулсан бөгөөд уг заалтын “татан авч болно” гэснийг шат шатны шүүхийн практикт хоёр өөр эрх зүйн үр дагавар үүсгэн хэрэглэж байна...” гэснээс дүгнэж үзэхэд “дахин нэхэмжлэл гаргах эрхтэй”, “дахин нэхэмжлэл гаргах эрхгүй” гэх өөр өөр үр дагавар үүсгэн хэрэглэж байсан шүүхийн практик байсан, үүний улмаас дээрх хуулийн заалтыг тайлбарлах хэрэгцээ шаардлага үүссэн гэж ойлгохоор байна.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг хэнд ч илэрхий тодорхой, ойлгомжтой, маргаангүй хуулийн заалтыг зөрчсөн байхыг ойлгох бөгөөд шүүгч өөрт нь олгосон бүрэн эрхийн дагуу дотоод итгэл үнэмшлээрээ хуулийг тайлбарлаж, үр дагаврыг тодорхойлсон захирамжаа илтэд үндэслэл муутай гэж өөрөө үзээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг хэрэглэх ёстой байсан, хэрэглээгүй нь буруу гэж дүгнэх, энэ хуулийн заалтыг илт тодорхой заалтад тооцож ноцтой болон удаа дараа зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй.

Иймд нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, шүүгч Ч.Н д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 19 дүгээр “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хүчингүй болгож, ...  шүүхийн шүүгч Ч.Н д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

                        ДАРГАЛАГЧ                                                   О.НОМУУЛИН

                        ГИШҮҮН                                                           Х.ХАШБААТАР

                       ГИШҮҮН                                                         Д.ЭРДЭНЭЧУЛУУН