МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-04-19
Дугаар 148
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан, ... шүүхийн шүүгч Ч.А т холбогдох, Сахилгын хорооны гишүүний 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 58 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмгөөлөгч С.Б сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “...Анхан шатны шүүх хурал 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болсон бөгөөд шүүхийн шийдвэр 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр буюу хуульд заасан хугацааг 10 хоног хэтрүүлсэн. Шүүх хуралдааны тэмдэглэл нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гарч, хуульд заасан хугацааг 20 хоногоор хэтрүүлэн өмгөөлөгч миний гомдол хүсэлт гаргах эрхийг хязгаарлан үндэслэлгүйгээр хугацааг хойшлуулсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн. Өмгөөлөгч миний зүгээс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах гэж очиход тэмдэглэл гараагүй байсан бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр гэх хүнтэй ярихад миний зүгээс тэмдэглэл гаргасан байгаа, шүүгч албажуулах ёстой гэхээр нь ...тус шүүхийн тамгын газарт гомдол амаар гаргахад Ч.А шүүгч, өөрийн туслахын хамт орж ирсэн. Шүүгч Ч.А нь “би ар гэрийн шалтгаантай байлаа, чи хамт ажиллаж байсан хүнээ ч гэсэн буруу зүйл хийлээ гэж Авлигатай тэмцэх газар шалгуулсан байсан, энэ чинь чиний хувийн байдлыг харуулж байна, чи дараа ч гэсэн өмгөөлөл хийнэ биз дээ” гэж хэлсэн нь надад дараа нь миний шийдэх хэрэг дээр өмгөөлөгчөөр оролцвол эсрэг шийдвэр гаргана гэсэн ойлголтыг надад төрүүлж, шүүгчийн ёс зүйг зөрчин, өмгөөлөгч миний халдашгүй байдалд халдан, хөндлөнгөөс нөлөөлж, өмгөөлөгч миний үйл ажиллагаанд саад учруулан тухайн хэрэгт өмгөөллийн үйл ажиллагаа явуулахгүй байх талаар сүрдүүлэх байдлаар ятгаж Эрүүгийн хуулийн 21.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн болно. ...Шийтгэх тогтоолд огноог буруу бичиж Х.Б ийг 2021.03.15, 2021.03.18, 2021.08.15, 2021.08.18-ны өдрүүдэд тухайн гэмх хэргийг үйлдсэн мэтээр дүгнэсэн. Гэтэл хэрэгт 2021.08.15, 2021.08.18-ны өдрүүдэд дээрх гэмт хэргийг үйлдсэн ямар нэгэн нотлох баримт байхгүй. ...Өмгөөлөгч миний зүгээс шийтгэх тогтоолыг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гардан авч, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж өгсөн бөгөөд хэргийг одоо хүртэл давж заалдах шатны шүүхэд хүргүүлээгүй байна. Прокурор шийтгэх тогтоолыг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гардаж авсан байж тогтоол авсан даруй шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй байж, намайг гомдол гаргасны дараа 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэмт хэрэг гаргасан хугацааг засуулах хүсэлт гаргаж, түүнийг шийдсэн гэсэн хариу өгсөн боловч шийдвэрээ танилцуулаагүй. ...Анхан шатны шүүхэд өмгөөлөгчөөс гомдол гаргасны дараа гомдолд тусгасан асуудлаар хуульд зааснаар прокуророос тайлбар өгөх ёстой байтал санал гэх хуульд байхгүй зүйлийг гаргуулан шийдвэрлэж, өөрсдийнхөө алдааг засаж, давж заалдах шатны шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлэн Эрүүгийн хуулийн 21.14-т заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн байж болзошгүй байх тул Авлигатай тэмцэх газарт гомдол гарган шалгуулж байгаа бөгөөд шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн эсэхийг нь шалган, сахилгын арга хэмжээ авч, Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа гомдол, мэдээлэл шийдвэрлэх хүртэл шүүгчийн албан тушаалыг түдгэлзүүлж өгнө үү” гэжээ.
Шүүгч Ч.А сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Тэвэгт овогт Хандсүрэнгийн Б т холбогдох эрүүгийн 2106012681545 дугаартай хэргийг 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хянан шийдвэрлэсэн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор хэргийн оролцогч нарт гардуулах ёстой байтал миний ар гэрт гачигдал гарч төрсөн эгч Ханд хүндээр өвчлөн хөдөө орон нутаг явах зайлшгүй шаардлага гарч 2021 оны 12 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд явж өвчтэй хүнээ сахисан бөгөөд миний эгч нас барсан тул оршуулах ёслолын ажлаа 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусган Улаанбаатар хотод ирж 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдөр шийтгэх тогтоолоо баталгаажуулан хэргийн оролцогч нарт 7 хоногийн хугацаа хожимдуулан гардуулсан нь үнэн болно. Энэ нь тус шүүх хурлыг даргалан явуулсан шүүгч надаас шалтгаалан шүүхийн шийтгэл тогтоол болон шүүх хуралдааны тэмдэглэл цаг хугацаандаа баталгаажаагүй нь үнэн. Бүрэлдэхүүнд орсон шүүгч нар, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас шалтгаалсан зүйлгүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ... шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гаргасан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно гэж заасны дагуу улсын яллагчийн гаргасан шийтгэх тогтоолд залруулга хийх тухай саналыг хүлээн авч 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №1307 дугаартай шийтгэх тогтоолд холбогдсон хэргийн товч утгыг бичихдээ хэрэг болсон цаг хугацааг буюу 03 дугаар сарыг 08 дугаар сар гэж алдаатай бичсэн хэсэгт залруулга хийгдсэн болно. Шийтгэх тогтоолын олон газарт энэ алдааг гаргасан бол шүүх залруулах боломжгүй тул нэг газарт сарыг андуурч бичигдсэнд шүүхийн тогтоолоор залруулга хийсэн ба хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан болно. Өмгөөлөгч С.Б нь ажил үүргийн дагуу явуулсан шүүн таслах ажиллагаатай холбогдуулан Авлигатай тэмцэх газар, Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Шүүхийн сахилгын хороо зэрэгт хууль зүйн үндэслэлгүй гомдол гаргаж байна. Мөн олон нийтийн телевизээр хэвлэлийн бага хурал хийж нэр төрд халдаж байгаад хүлээцтэй хандаж байгаа. Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 12.1-т ... өмгөөлөгч нь шүүгч, прокурор, мөрдөгч, хууль сахиулагч болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа бусад оролцогчид зүй бусаар нөлөөлөх эсхүл шийдвэр гаргасных нь төлөө тэднийг сайшаах, буруутгахыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэгт шүүгчийг буруутган гомдол гаргаж байгаа ба өмгөөлөгч өөрөө Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйгээ зөрчиж байгаа тул холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судалж, надад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаярын сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “ 1/ “Анхан шатны шүүх хурал 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болсон бөгөөд шүүхийн шийдвэр 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр буюу хуульд заасан хугацааг 10 хоног хэтрүүлсэн, шүүх хуралдааны тэмдэглэлийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргаж, хуульд заасан хугацааг 20 хоногоор хэтрүүлэн өмгөөлөгч миний гомдол хүсэлт гаргах эрхийг хязгаарлан үндэслэлгүйгээр хугацааг хойшлуулсан” гэх тухайд: Х.Б т холбогдох ... дугаар эрүүгийн хэргийг ... шүүх 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2021/ШЦТ/1307 дугаар тогтоолоор шийдвэрлэхэд шүүгч Ч.А даргалж, бүрэлдэхүүнд шүүгч Х.С , Э.Ч нар оролцжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө” гэж заасан. Хуулийн дагуу дээрх тогтоол нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бичгээр үйлдэгдэн гарах ёстой байсан байна. Шүүгч нь чөлөө авах өдрийг хүртэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн болон шүүх хурлуудтай, ажлын ачаалал ихтэй байснаас гадна шүүгчийн ар гэрт гачигдал гарч, 2021 оны 12 дугаар сарын 7-оос 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдөр хүртэл 10 хоногийн ээлжийн амралт /төрсөн эгч Ханд хүндээр өвчлөн, өвчтэй хүн сахиж асрах, оршуулгын ажлаар/ авсан болох нь тогтоогдож байх тул шүүхийн тогтоолыг хуульд заасан хугацаанд гаргаагүй боловч энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой хугацаа хэтрүүлсэн байна. ... шүүх 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хуралдсан шүүх хуралдааны тэмдэглэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 11.8 дугаар зүйлийн 1-д “Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулна” гэж зааснаар 2021 оны 12 дугаар сарын 01-ны өдөр бичгээр үйлдэгдэн гарах ёстой байсан боловч шүүгч авсан чөлөөг дуусган 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдөр ажилдаа орсноор тэмдэглэлийг хянан, гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж заасантай дээрх үйлдэл нь хамааралгүй байх тул сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
2/ “Шүүгч Ч.А нь би ар гэрийн шалтгаантай байлаа, чи хамт ажиллаж байсан хүн ээ ч гэсэн буруу зүйл хийлээ гэж Авлигатай тэмцэх газар шалгуулсан байсан, энэ чинь чиний хувийн байдлыг харуулж байна, чи дараа ч гэсэн өмгөөлөл хийнэ биз дээ гэж ...сүрдүүлэх байдлаар ятгаж...” гэх тухайд: Тухайн үйл явдал ... шүүхийн Тамгын газрын, хэргийн хөдөлгөөний 1 дүгээр хэлтсийн даргын өрөөнд болсон гэх тул бичлэгийг гаргуулахаар хандахад, тус шүүхийн тамгын газраас 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн 98 дугаар албан бичигтээ “... тамгын газрын байрны хяналтын камерын бичлэг нь 14 хоног хадгалагдаад автоматаар устсан тул 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн хяналтын камерын бичлэгийг хуулбарлан хүргүүлэх боломжгүй байна” гэсэн хариу ирүүлсэн. Холбогдох шүүгч тайлбартаа ийм зүйл хэлээгүй гэжээ. Өргөдөл гаргагч нь Цагдаагийн Ерөнхий газрын Тусгай субъектийн хэлтэст өргөдөл гаргасныг, мөрдөн шалгах хэлтсээс шалгах явцад, ... шүүхийн шүүгчийн туслах Д.О, тус шүүхийн тамгын газрын хэргийн хөдөлгөөний 1 дүгээр хэлтсийн дарга З.Б нараас гэрчийн мэдүүлэг авчээ. Шүүгчийн туслах Д.О ийн гэрчийн мэдүүлэгт “2021 оны 12 дугаар сарын 21-ны өдөр манай хэлтсийн дарга намайг өрөөндөө дуудуулсан ... өрөөнд яваад ороход Б өмгөөлөгч хэлтсийн дарга болон нарийн бичгүүдийн суудаг өрөөнд байсан ба ... А шүүгч орж ирээд ар гэрийн гачигдал гарсан шалтгаанаа тайлбарлаж хэлээд нарийн бичиг, туслахуудад буруутай зүйл байхгүй гэж хэлэхэд Б өмгөөлөгч түрүүлээд гараад явсан. ...шүүгч тухайн өдөр чи хамт ажиллаж байсан хүнээ ч гэсэн Авлигатай тэмцэх газарт өгсөн гээ биз дээ, энэ чиний хувийн байдлыг харуулж байна, чи дараа ч гэсэн өмгөөлөл хийнэ биз дээ” гэж хэлээгүй гэжээ. ... шүүхийн Тамгын газрын, хэргийн хөдөлгөөний 1 дүгээр хэлтсийн дарга З.Б ын гэрчийн мэдүүлэгт “би өмгөөлөгчийн нэрийг ч мэдэхгүй бөгөөд тухайн өдөр намайг өрөөндөө сууж байхад тухайн өмгөөлөгч орж ирээд А шүүгчийн хурлын тэмдэглэл хугацаандаа гарахгүй байна гэж хэлэхээр нь би О г өрөөндөө дуудаж хажууд нь асуухад тэмдэглэл бол хугацаандаа гарсан, А шүүгчид ажил явдал гарсан тул гарын үсэг зурагдаж амжаагүй байна гэж хэлсэн. Яг тэр үед А шүүгч манай өрөөнд орж ирээд хэнд ч гэсэн үхэл хагацал зовлон тохиолддог шүү дээ, чи яасан хүний зовлон ойлгодоггүй юм” гэж хэлчхээд гараад явсан. ... өөр зүйл хэлээгүй ... гэсэн байна. Мөн өргөдлийг шалгах явцад, камерын бичлэгийг гаргуулахаар хандсан, 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 54 дугаар албан бичигт “... камерын бичлэг устсан” гэсэн байна. Улмаар Нийслэлийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэхдээ, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйл, 21.14 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдохгүй гэмт хэргийн шинжгүй байна” гэж дүгнэжээ. Эндээс дүгнэвэл, шүүгч нь “... чи хамт ажиллаж байсан хүн ээ ч гэсэн буруу зүйл хийлээ гэж Авлигатай тэмцэх газар шалгуулсан байсан, энэ чинь чиний хувийн байдлыг харуулж байна, чи дараа ч гэсэн өмгөөлөл хийнэ биз дээ ...” гэж хэлсэн гэх нь тогтоогдохгүй байна.
3/ “Өмгөөлөгч миний зүгээс шийтгэх тогтоолыг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гардан авч, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж өгсөн бөгөөд хэргийг одоо хүртэл давж заалдах шатны шүүхэд хүргүүлээгүй байна. Прокурор шийтгэх тогтоолыг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гардаж авсан байж тогтоол авсан даруй шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй байж, намайг гомдол гаргасны дараа 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэмт хэрэг гаргасан хугацааг засуулах хүсэлт гаргаж, түүнийг шийдсэн гэсэн хариу өгсөн боловч шийдвэрээ танилцуулаагүй” гэх талаар: ... шүүх 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2021/ШЦТ/1307 дугаар тогтоолоор Х.Б т холбогдох 2106012681545 дугаар эрүүгийн хэргийг шийдвэрлэжээ. Шүүхийн тогтоол 2021 оны 12 сарын 21-ны өдөр бичгээр гарч, тухайн өдөр улсын яллагч, харин 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шүүгдэгч Х.Б , түүний өмгөөлөгч нар тогтоолыг гардан авсан болох нь баримтаар тогтоогдож байна. Өмгөөлөгч Б 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 02 дугаар тогтоолтой шүүх хуралдаанаар хэлэлцэн, тэмдэглэлд засвар оруулжээ. Уг 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хэргийн оролцогч нарт тухайн өдрөө гардуулжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1-д “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно” гэж заажээ. Улсын яллагч нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр шүүхийн тогтоолд залруулга хийлгэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааныг хийж, 08 дугаар тогтоол гаргасныг хэргийн оролцогч нарт гардуулсан нь баримтаар /с.х 88 х/ тогтоогдоно. Энэхүү 08 дугаар тогтоолд ердийн журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй учраас тогтоолыг гардан авснаас хойш гомдол, эсэргүүцэл гаргах хугацааг тооцох нь хуулийн дагуу тавигдах шаардлага учраас 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр болон 01 дүгээр сарын 22-ны өдрийн давж заалдах гомдол бүхий хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй байна. Нийслэлийн давж заалдах шатны шүүх гомдлыг хэлэлцээд, өмгөөлөгч Б ы гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4/ “... анхан шатны шүүхэд өмгөөлөгчөөс гомдол гаргасны дараа гомдолд тусгасан асуудлаар хуульд зааснаар прокуророос тайлбар өгөх ёстой байтал санал гэх хуульд байхгүй зүйлийг гаргуулан шийдвэрлэж, өөрсдийнхөө алдааг засаж, давж заалдах шатны шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлсэн...” гэх тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 38.3 дугаар зүйлийн 1-д “Давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг хүлээн авсан шүүх дараагийн ажлын өдөрт багтаан гомдол, эсэргүүцлийн хуулбарыг прокурор, оролцогчид хүргүүлнэ”, 3-т “Прокурор, оролцогч давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийн хуулбарыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хариу тайлбар гаргаж болно” гэж заажээ. Эрүүгийн 2106012681545 дугаар хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн тогтоолд 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр болон 01 дүгээр сарын 22-ны өдөр давж заалдах гомдол гаргасныг 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр улсын яллагчид гардуулсан /с.х 108 х/ байх бөгөөд хуульд заасан эрхийнхээ дагуу улсын яллагч тайлбар өгөөгүйд шүүгчийг буруутгах үндэслэлгүй. Иймд ... шүүхийн шүүгч Ч.А нь Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Сахилгын хорооны гишүүний 442 дугаар захирамжаар үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
... шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/1307 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Б ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байх ба дээрх шийдвэрийг гаргасан шүүгч Ч.А т холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б гомдол гаргаж, үндэслэлээ “...шийтгэх тогтоол хуульд заасан хугацааг 10 хоног хэтрүүлж гарсан, шүүх хуралдааны тэмдэглэл нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гарч хуульд заасан хугацааг 20 хоногоор хэтрүүлэн гомдол хүсэлт гаргах эрхийг хязгаарласан, ...шүүгчийн ёс зүйг зөрчин, чи хамт ажиллаж байсан хүн ээ ч гэсэн буруу зүйл хийлээ гэж Авлигатай тэмцэх газар шалгуулсан байсан, энэ чинь чиний хувийн байдлыг харуулж байна, чи дараа ч гэсэн өмгөөлөл хийнэ биз дээ гэж ...сүрдүүлэх байдлаар ятгаж өмгөөлөгч миний халдашгүй байдалд халдсан, намайг гомдол гаргасны дараа прокурор тайлбар гаргаагүй байж 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэмт хэрэг гарсан хугацааг засуулах хүсэлт гаргаж, түүнийг шийдсэн гэсэн хариу өгсөн боловч шийдвэрээ танилцуулаагүй, хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхгүй удаасан” гэж тодорхойлжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд дээрх шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гардан авч, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлт гаргасныг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШТ/02 дугаар тогтоолоор хэсэгчлэн хангасан, улсын яллагчаас 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаартай “Залруулга хийлгэх тухай” санал гаргасныг хэлэлцээд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШТ/08 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэрт залруулга хийж, уг тогтоолыг өмгөөлөгч С.Б 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гардаж авсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1-д “Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулна”, 36.13 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө” гэж заасан бөгөөд дээрх шийтгэх тогтоолыг бичгийн хэлбэрээр үйлдэж гардуулах хугацаа нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байсан байна.
Гэвч шүүгч нь тухайн цаг хугацаанд буюу 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ар гэрийн гачигдлын улмаас ээлжийн амралт эдэлсэн, үүнтэй холбоотой шүүхийн шийдвэр болон шүүх хуралдааны тэмдэглэл хуульд заасан хугацаанд албажиж гараагүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байснаас хуулийн хугацаа хэтрүүлсэн болохоо шүүгч хүлээн зөвшөөрсөн байх ба энэ тохиолдолд Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж заасан зөрчилд тооцогдохгүй, өөрөөр хэлбэл “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх”, “удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн байх” хуулийн шаардлага хангагдаагүй, энэ талаарх илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.
Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1-д “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно” гэж заасан бөгөөд улсын яллагчаас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/1307 дугаар шийтгэх тогтоолд залруулга хийлгэх санал гаргасны дагуу шийтгэх тогтоолын 2 болон 9 дүгээр талд залруулга хийсэн, уг тогтоолыг хэргийн оролцогч нарт гардуулсан байх тул өргөдөл гаргагчийн “...2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэмт хэрэг гаргасан хугацааг засуулах хүсэлт гаргаж, түүнийг шийдсэн гэсэн хариу өгсөн боловч шийдвэрээ танилцуулаагүй” гэх гомдол үгүйсгэгдэж байна.
Мөн шүүгч Ч.А нь “чи хамт ажиллаж байсан хүн ээ ч гэсэн буруу зүйл хийлээ гэж Авлигатай тэмцэх газар шалгуулсан байсан, энэ чинь чиний хувийн байдлыг харуулж байна, чи дараа ч гэсэн өмгөөлөл хийнэ биз дээ гэж ...сүрдүүлэх байдлаар ятгаж өмгөөлөгч миний халдашгүй байдалд халдсан” гэх зөрчил сахилгын хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоогүй.
Иймд илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Өмгөөлөгч С.Б аас 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр сахилгын хорооны хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан байх бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5-д “Сахилгын зөрчилд холбогдох шүүгч /цаашид "холбогдох шүүгч" гэх/, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сахилгын хэргийн оролцогч гэнэ”, 110 дугаар зүйлийн 110.6-д “...Өргөдөл, мэдээлэл гаргагч нь гэрчээр дуудагдсанаас бусад тохиолдолд хуралдаанд ажиглагчаар оролцож болно” гэж заасан тул сахилгын хэргийн оролцогч бус, өргөдөл мэдээлэл гаргагч этгээдийн хүсэлтээр хуралдааныг хойшлуулах боломжгүйг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаярын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 58 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Ч.А т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Д.мягмарцэрэн
ГИШҮҮН Д.ЭРДЭНЭЧУЛУУН