info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-05-18

Дугаар 186

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь

хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, гишүүн С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал, сахилгын хэргийн оролцогч Д.Г  (цахимаар) нарыг оролцуулан ...  шүүхийн Ерөнхий шүүгч Д.Г т холбогдох Сахилгын хорооны гишүүний 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 93 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох санал”-даа: “...Иргэн Б.А  гийн өргөдөлд дурдсан шүүгч ёс зүйн зөрчил гаргасан гэх цаг хугацаа 2020 онд хамаарч байх тул  2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ...” гэж зааснаар 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэж, харин сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө.

 Монгол Улсын Шүүхийн тухай хууль 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан, хуучин Шүүхийн ёс зүйн хороонд ирсэн өргөдөл, мэдээлэл 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гишүүдэд хуваарилагдсан тул мөн өдрөөс хугацааг тооцож сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн болно.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ 27 дугаар зүйлд Шүүгчид хориглох зүйл, 28 дугаар зүйлд Шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт, 29 дүгээр зүйлд Шүүгчийн ашиг сонирхлын зөрчил, 30 дугаар зүйлд Шүүгч түүний гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг тодорхойлсон бол хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “Шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ” гэж заасан.

...  шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 220/ШЦТ/150 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Э ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний амь нас хохироосон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнссэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн байх ба ийнхүү шийдвэрлэсэн шүүгчийн үйл ажиллагаатай холбоотойгоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А   гомдол гаргаж, үндэслэлээ “...шийтгэх тогтоол гараад бүтэн 8 сарын дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирсэн нь тус хэргийг хариуцсан шүүгч, шүүгчийн туслах нар сахилгын алдаа зөрчил гаргасан байх магадлалтай, мөн шүүх хурлыг зарлахгүй хугацаа алдаж байсан” гэж тодорхойлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө”, 37.4 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуульд заасны дагуу хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажлын 5 өдрийн дотор хүргүүлнэ” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 5 өдрийн дотор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх үүрэгтэй.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд дээрх шийтгэх тогтоол 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүчин төгөлдөр болсон байх ба 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гүйцэтгэх хуудсыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан Д.А д хүлээлгэж өгсөн болох нь ... аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1/537 дугаар албан бичигт хавсаргаж ирүүлсэн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Д.А гийн “...Ц.Э т холбогдох гүйцэтгэх хуудсыг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг 20 минутад хүлээн авч гарын үсэг зурсан боловч ялтан Ц.Э  нь өөрийн биеэр ирээгүй, эрүүл мэндийн хувьд ирэх боломжгүй гэсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Ахлах шийдвэр гүйцэтгэгч хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн этгээдийг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн хамт хүлээж авна, 185 дугаар зүйлийн 185.1-д “Ахлах шийдвэр гүйцэтгэгч албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн хамт хүлээн авна” гэж тус тус заасны дагуу гүйцэтгэх хуудсыг даруй шүүгчийн туслах Н.Э д буцааж өгсөн” гэсэн тайлбар, гэрч Н.Э ын “...Би 150 дугаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болонгуут гүйцэтгэх хуудас бичсэн. Хугацааг нь сайн санахгүй байна. Тэгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан Д.А д хүнгүйгээр гүйцэтгэх хуудсаа хүлээлгэж өгсөн. Яагаад гэвэл шүүгдэгч нь бие муутай, хэвтрийн хүн байсан. Гэтэл дараа 7 хоног нь байхаа сайн санахгүй байна, хүн нь байхгүй бол гүйцэтгэх хуудас авахгүй гэнээ гээд буцааж өгсөн, ...Д.Г  шүүгч гүйцэтгэх хуудас бичээгүй талаар огт мэдээгүй, сахилгын хорооноос холбогдох үед л мэдсэн байх...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Түүнчлэн, шүүгч Д.Г  нь 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл ээлжийн амралттай байсан байх бөгөөд ...  шүүхийн шийтгэх тогтоолд хуульд заасан журмын дагуу гүйцэтгэх хуудас бичиж хүргүүлсэн ч буцаасан, дахин 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2021/ГХ/10, 2021/ГХ/11 дугаар бүхий гүйцэтгэх хуудас бичиж шийтгэх тогтоолын хамт 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 419 дүгээр нээлттэй хорих ангид хүргүүлсэнд шүүгчийг буруутай гэж үзэх боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүгч Д.Г т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргах нь зүйтэй” гэжээ.

 

Шүүгч Д.Г  Сахилгын хороонд гаргасан тайлбартаа:  “Миний бие 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Э т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Э т энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэн шийдвэрлэсэн ба шийтгэх тогтоол 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүчин төгөлдөр болсон байна. Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 7.8.3-т “Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, эрх хасах ял оногдуулсан, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, албадлагын арга хэмжээ авсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгчийн туслах гүйцэтгэх хуудсыг бичиж, Баримт №18-г үйлдэж, шийтгэх тогтоол, зурагт анкет, холбогдох баримт бичгийг хавсарган Бичиг хүргэгчид хүлээлгэн өгнө”, 7.8.4-т “Шүүхийн шийтгэх тогтоол, зурагт анкет, бусад баримт бичиг болон гүйцэтгэх хуудсыг Бичиг хүргэгч Бүртгэл №41-д бүртгэж, аргачлалын 4.3.2-т заасан хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэн өгч, Баримт №18-д гарын үсэг зуруулж, шүүгчийн туслахад хүлээлгэн өгнө” гэж заажээ. Дээрх аргачлалын заалт нь шүүгчийн туслахын хийх ёстой ажлыг зохицуулсан заалт бөгөөд үүний дагуу гүйцэтгэх хуудсыг шүүгчийн туслах Н.Э  бичиж, тухайн үед ажиллаж байсан шүүгчээр гарын үсэг зуруулж зурагтай анкет болон шийтгэх тогтоолын хамт шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх үүрэгтэй бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 16 цаг 26 минутад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан Д.А д хүлээлгэн өгч гарын үсэг зуруулан зохих баримтыг үйлдэн 2 дугаар хавтаст хэргийн 221 дугаар талд хавсаргасан байдаг. Гэтэл уг баримтад дурдагдсан гүйцэтгэх хуудаснууд шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад очоогүй байсан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт “Ахлах шийдвэр гүйцэтгэгч албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн хамт хүлээн авна” гэж заасны дагуу тухайн үед гүйцэтгэх хуудсыг шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээж авахгүй байсаар сүүлд /туслахын ажлыг хүлээлцэх үед/ гүйцэтгэх хуудсыг зохих журмын дагуу бичүүлж 2021 оны 01 дүгээр сарын 20-нд хүргүүлжээ. Миний бие 2020 оны 08 дугаар сарын 01-ээс 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл ээлжийн амралттай /холбогдох баримтуудыг хавсаргав/ байсан болно. Мөн гомдол гаргагч Б.А   нь “шүүх хурлыг зарлахгүй хугацаа алдаж байсан...” гэж бичжээ. Тухайн хэрэг шүүгч Э.Одхүү дээр хянагдаж байгаад шүүгч ээлжийн амралт авсан тул 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон хэрэг хуваарилах журмын дагуу надад хуваарилагдсан бөгөөд миний бие хэргийг 2 хоногийн дотор уншиж танилцан 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр захирамж гарган шүүх хурлыг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хийхээр товлосон боловч шүүгдэгчийн өмгөөлөгч өвчтэй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан гэсэн үндэслэлээр 1 удаа хойшилж 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шийдвэрлэсэн ба шүүх хурлыг зарлахгүй хугацаа алдаж байсан тохиолдол байхгүй юм. Мөн гомдол гаргагч Б.А   нь “...шүүгдэгч нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх оролдлого хийсэн байх магадлалтай...” гэж бичжээ. Шүүгч миний бие шүүгдэгч Ц.Э ийг огт танихгүй бөгөөд шүүгдэгчийн зүгээс болон өөр бусад этгээдээс шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх ямар нэг оролдлого хийж байгаагүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Б.А   нь 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр  Шүүхийн сахилгын хороонд “...Шүүгдэгч Ц.Э т холбогдох хэргийн шүүх хурал 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ... аймгийн шүүхэд болсон бөгөөд шүүхийн шийдвэр миний гар дээр 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ирсэн билээ. Гэвч шүүгдэгч холбоо барихгүй, хохирлоо нөхөн төлөхгүй удаад байсан учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас энэ тухай асууж сураглахад ийм хэрэг ирээгүй байна гэж мэдэгдэж байсан учир дахин дахин асууж үзэхэд тухайн шүүхийн шийдвэр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 4 сард ирсэн тухай мэдэгдэв. Шийтгэх тогтоол гараад бүтэн 8 сарын дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирсэн нь тус хэргийг хариуцсан шүүгч, шүүгчийн туслах нар сахилгын алдаа зөрчил гаргасан байх магадлалтай байна. Мөн ... аймгийн шүүх өмнөх шүүх хурлыг зарлахгүй хугацаа алдаж байсан. Тус хэрэгт холбогдогч Ц.Э  нь ... аймгийн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газарт ажиллаж байсан бөгөөд эхний шүүх хурлаас эхлээд шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх оролдлого хийсэн байх магадлалтай гэж үзээд гомдол гаргаж байна” гэх өргөдлийг гаргажээ.

Өргөдлийг хүлээн авч хянаад Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаартай захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэж, шалгах ажиллагаа явуулаад 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

Тус саналыг Сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд 70 дугаар тогтоолоор “...ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.А гаас 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн баримтад гарын үсэг зурсан буюу шийтгэх тогтоол, гүйцэтгэх хуудсыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тухайн үед хүлээн авч бүртгэсэн эсэхийг асууж тайлбар, мэдүүлэг авах, мөн шүүгч Д.Г ийг ээлжийн амралттай байхад тухайн шүүхийн өөр шүүгч шийтгэх тогтоолд гүйцэтгэх хуудас бичсэн эсэх, бичсэн бол хэний буруутайгаас гүйцэтгэх ажиллагаа хийгдээгүй болохыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудаас тодруулах шаардлагатай” гэж дүгнээд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаасан байна.

Илтгэгч гишүүн дахин шалгах ажиллагаа явуулаад 2022 оны 05 дугаар сарын сарын 06-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

Саналд дурдсанаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсны дараа буюу 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан Д.А д  гүйцэтгэх хуудсыг гардуулж хүлээлгэж өгсөн болох нь ... аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын-419 дүгээр нээлттэй хорих ангийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1/537 дугаар албан бичигт хавсаргаж ирүүлсэн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Д.А гийн “...Ц.Э т холбогдох гүйцэтгэх хуудсыг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг 20 минутад хүлээн авч гарын үсэг зурсан боловч ялтан Ц.Э  нь өөрийн биеэр ирээгүй, эрүүл мэндийн хувьд ирэх боломжгүй гэсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Ахлах шийдвэр гүйцэтгэгч хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн этгээдийг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн хамт хүлээж авна, 185 дугаар зүйлийн 185.1-д “Ахлах шийдвэр гүйцэтгэгч албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг албадлагын арга хэмжээ авагдсан этгээдийн хамт хүлээн авна” гэж тус тус заасны дагуу гүйцэтгэх хуудсыг даруй шүүгчийн туслах Н.Э д буцааж өгсөн” гэсэн тайлбар, гэрч Н.Э ын “...Би 150 дугаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болонгуут гүйцэтгэх хуудас бичсэн. Хугацааг нь сайн санахгүй байна. Тэгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан Д.А д хүнгүйгээр гүйцэтгэх хуудсаа хүлээлгэж өгсөн. Яагаад гэвэл шүүгдэгч нь бие муутай, хэвтрийн хүн байсан. Гэтэл дараа 7 хоног нь байхаа сайн санахгүй байна, хүн нь байхгүй бол гүйцэтгэх хуудас авахгүй гэнээ гээд буцааж өгсөн, ...Д.Г  шүүгч гүйцэтгэх хуудас бичээгүй талаар огт мэдээгүй, сахилгын хорооноос холбогдох үед л мэдсэн байх...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

...  шүүхийн шийтгэх тогтоолд хуульд заасан журмын дагуу гүйцэтгэх хуудас бичиж хүргүүлсэн ч буцаасан, дахин 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2021/ГХ/10, 2021/ГХ/11 дугаар бүхий гүйцэтгэх хуудас бичиж шийтгэх тогтоолын хамт 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 419 дүгээр нээлттэй хорих ангид хүргүүлсэн нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогджээ.

Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 7.8.3-т “Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, эрх хасах ял оногдуулсан, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, албадлагын арга хэмжээ авсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгчийн туслах гүйцэтгэх хуудсыг бичиж, Баримт №18-г үйлдэж, шийтгэх тогтоол, зурагт анкет, холбогдох баримт бичгийг хавсарган Бичиг хүргэгчид хүлээлгэн өгнө” гэж заасны дагуу гүйцэтгэх хуудсыг бичих, хүргүүлэх ажиллагаа нь шүүгчийн туслахын  гүйцэтгэх ажиллагаа байх тул энэ асуудлаар  шүүгчийг буруутай гэж үзэх боломжгүй юм.

Иймд шүүгч Д.Г т үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 93 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, ...  шүүхийн Ерөнхий шүүгч Д.Г т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай. 

                                                                       

     ДАРГАЛАГЧ                                 Х.ХАШБААТАР                                                               

 ГИШҮҮН                                 Д.МЯГМАРЦЭРЭН                                          

    С.ЭНХТӨР