info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-05-18

Дугаар 185

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь

хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн С.Энхтөр, гишүүн Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, сахилгын хэргийн оролцогч Н.Б  нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар ... шүүхийн шүүгч Н.Б д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 87 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хянан хэлэлцээд  

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох санал”-даа: ...Сахилгын хэрэгт авагдсан баримтаар, ... шүүхийн шүүгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн зөвлөгөөний 182/ЗТ2021/00144 дугаар “Шүүгч нарын ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тогтоолоор, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны ээлжийн амралтын хуваарийг баталжээ. Иймээс шүүхийн тасралтгүй ажиллагааг хангах үүднээс, ээлжийн амралтаа эдлэхдээ Ерөнхий шүүгч нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 182/ЕШ2021/01291 дугаар захирамжаар, шүүгч Н.Б г орлон ажиллуулахаар томилсон байна.

Мөн “Шүүхэд нэхэмжлэл, гомдол, хүсэлт, хэрэг хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын гуравдугаар хэсгийн 3.1-д, “Дээд шатны шүүхээс хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн ... хэргүүдийг “тойргийн дараалал системээс гараар” хуваарилна, зургаадугаар хэсгийн 6.2-т, “Ерөнхий шүүгчийг эзгүй байх хугацаанд орлон ажиллаж байгаа шүүгчид, Ерөнхий шүүгчид нэхэмжлэл, хэрэг, гомдол, хүсэлт хуваарилах журмын дагуу хуваарилна” гэж зохицуулсны дагуу хэрэг Н.Б  шүүгчид хуваарилагджээ. Хэргийг шийдвэрлэх даргалагч шүүгчийг, тухайн шүүхийн Ерөнхий шүүгч нь албажуулдаг учраас Ерөнхий шүүгчийг орлон ажиллаж байсан шүүгч Н.Б  нь П.О ын нэхэмжлэлтэй Э.Н д холбогдох иргэний хэрэг  хуваарилагдсаны дараа Ерөнхий шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 182/ЕШ2021/01486 дугаар захирамжаар албажуулсан нь хууль зөрчөөгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралд, шүүгч ...  миний үйлчлүүлэгчийн бичсэн тайлбарыг уншиж танилцаагүй  атлаа  шууд  уурлаж,  таныг өмгөөлөгчийн үүргээ сайн гүйцэтгэж байна гэж хэлж чадахгүй гэх мэтээр надтай маш эвгүй харьцсан ... гэж өргөдөлд бичсэн байх ба тус хуралдааны бичлэгт, 14 цаг 23 минут 15 секундээс эхлэн, 15 цаг 09 минут 47 секундэд дууссан шүүх хуралдааны бичлэгийн 14 цаг 33 минутаас нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбар хэлээд, нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргах ба даргалагч 15 цаг 00 минутад “За яах вэ. Бүх юмыг өөр ямар ч арга байхгүй гэж яриад хэрэггүй. Хуульч хүн, таны хувьд ажлаа тийм ч сайн хийсэн гэж үзэхгүй байна. Энэ баримтуудыг аль хэдийн очоод авч болох байсан юмнууд байгаа ш дээ, заавал ингээд бүх юмыг шүүхээр шаарддаг юм биш ш дээ...” гэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “бид нар шаардаад авах боломжит материалуудыг авч өгсөн, ...шүүхээр гаргуулах хүсэлтээ л гаргаж байна...” гэж хэлж байгаа нь бичигджээ.

Шүүх хуралдаан даргалагч “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг аягүй удаашруулж байгаа учраас, хуралдаан болгонд багц, багц баримт шинээр авъя гээд орж ирээд байгаа чинь хуулийнхаа хугацаанд хэргийг хянан шийдвэрлэхтэй зөрчилдөөд байгаа учраас....” гэх үеэс нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А  шүүгчтэй зэрэгцэн ярих ба шүүх хуралдааны бичлэгийн 15 цаг 00 минут 52 секундэд шүүгч алхыг 3 удаа цохих үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч “ямар аймаар юм бэ” гэхэд даргалагч “Айгаад байх юм байхгүй, би ч бас танаас айж байна” гэж хэлээд, хэсэг хугацааны дараа  “хуралдааныг завсарлая” гэж хэлж байгаа нь бичигдсэн байна.

Тухайн нэхэмжлэл 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ... шүүхэд бүртгэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ үеэс эхэлж, нийтдээ 4 хавтас хэрэг бүрдсэн, удаашралтай байсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах үүднээс нотлох баримт гаргуулах хүсэлттэй холбогдуулж, нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг хэргийн оролцогч нь өөрөө бүрдүүлэх хуулийн зохицуулалтыг шүүгч сануулж, тайлбар хэлэхэд өмгөөлөгч давхцуулан зэрэгцэж ярьсан, дэг сахиулахын тулд алх хэрэглэсэн, мөн өмгөөлөгч айлаа гэхээр нь “айгаад байх юм байхгүй, би ч бас танаас айж байна” гэсэн нь өмгөөлөгчтэй зүй бус харьцсан гэж үзэх үндэслэлд хамаарахгүй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”, 38.6 дахь хэсэгт “хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй баримтыг ...хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтдээ дурдсан баримтуудыг өөрсдөө бүрдүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Нэхэмжлэгч талаас шүүхээр гаргуулах гэсэн баримтын хувьд, өмнө өөрсдөө тус байгууллагад хандаагүй болох нь өргөдөл гаргагчийн тайлбараар нотлогддог. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог болох мэтгэлцэх зарчмын хэрэгжилт нь талууд шаардлага татгалзлаа нотлох байдлаар илэрхийлэгдэх бөгөөд энэ үүргээ биелүүлэхгүй байгаатай холбогдуулан    “...хуульч хүн, таны хувьд бас ажлаа тийм ч сайн хийсэн гэж үзэхгүй байна” гэж шүүгч хэлжээ.

Монгол хэлний товч тайлбар тольд “тодорхойлох” гэсэн үгийг “илэрхий болгох, тодорхой болгох, илрүүлэх; хэргийн учрыг лавшруулан тодорхойлж ирүүлнэ үү; гэсэн бол тодорхойлж өгөх  гэдгийг “бичих, хэлэх мэтээр учир байдлыг тоочих; учир шалтгааныг тодорхойлон ирүүлэх хэрэгтэй” гэжээ. Иймээс дээрх шүүгчийн хэлсэн үгийг өмгөөлөгчийн мэргэжлийн ур чадварыг тодорхойлсон, “учир байдлыг тоочсон” гэж үзэх үндэсгүй байх тул Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.36-д “...хүний зан байдал, ёс зүй, нэр төр, чадварын талаар тодорхойлох” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

... шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11131 дугаартай шүүх хуралдааны үйл явцтай холбогдуулан, өргөдөлд тусгагдсан асуудал шүүх хурлын тэмдэглэлд бичигдээгүй байсан учраас тус шүүхийн Тамгын газраас уг шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийг баримтаар гаргуулан авч үзлэг хийхэд шүүх хуралдааны дүрсний бичлэгийн дуу бичигдээгүй байсан болно. Бичлэг нийт 00:09:06 секунд үргэлжлэх ба хуралдааны явцад шүүгч алх хэрэглэсэн дүрс байхгүй байсан бөгөөд тухайн бичлэгийн дуу нь бичигдээгүй, үүнийг тодруулж шалгахад, дууны бичлэг нь техникийн алдааны улмаас хийгдээгүй гэсэн тайлбарыг ..., ... шүүхийн тамгын газар 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн албан бичигт хавсарган ирүүлсэн. Тус шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал хуралдаан дуусаагүй байхад хуралдааныг орхин гарч байгаагаар бичигдсэн байна.

... шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 182/Ш32021/11131 тоот захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүгчийг татгалзсан хүсэлтийг шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааны товыг тогтоосон байна. Тов тогтоох нь шүүх хуралдаан даргалагчийн хуулиар олгогдсон эрх тул шүүгч Н.Б  “татгалзсан хүсэлт хангагдахгүй болохыг урьдчилан мэдэж байсныг тодорхой харуулж байна” гэж үзэж байгаа нь шүүгчийг “хардаж” буй нэг хэлбэр байх ба  “... төлөөлөгчийн татгалзлыг ерөнхий шүүгч хүлээн авсан, эс хүлээн авсан аль ч тохиолдолд дараагийн хуралдааныг товлох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болохгүй ...” гэж шүүгч тайлбарласан нь үндэслэлтэй байна.

Тус шүүх хуралдаанаас хурлыг хойшлуулж 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хийхээр товлосныг шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч тал мэдсэн, энэ нь хэрэгт авагдсан баримт болох шүүгчийн тайлбар,  өргөдөл гаргагчийн өргөдлөөр тогтоогдож байх тул шүүх хуралдааны товд гарын үсэг зураагүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдаанд ирээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй ба 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны 182/Ш32021/11131 дугаар захирамжид “нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй” гэж бичсэн нь хууль зөрчөөгүй гэж үзлээ. Учир нь шүүх хуралдаан хэзээ болохыг мэдсэн боловч тов мэдэгдсэн баримт дээр гарын үсгээ зураагүй нь хүндэтгэх үзэх шалтгаанд орохгүй.

 Анхан шатны шүүхэд хянагдаж байгаа хэрэгт 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр үзлэг хийхэд, 4 дэх хавтас нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны тэмдэглэл болон захирамжаар дуусаж, үүнээс хойш хэрэгт баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байсан болно.  Шүүгч нь тайлбартаа “ ... Тэрээр шүүгчийг татгалзан гаргасан болон сахилгын хороонд гомдол хянуулахаар өгсөөр атал хэрэг хянан шийдвэрлэхээр улайрч байна гэх агуулгаар тайлбарлаж байснаас сахилгын хэргийг хянан шийдвэрлэж дуустал хурал зарлаад үр дүнтэй хэлэлцүүлэг өрнөх боломжгүй юм байна гэж ойлгосон. Гэвч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын зарчмын дагуу явагддаг. Зохигчид хүсэлт гаргасан бол шүүх асуудлыг тэр даруй шийдвэрлэх үүрэгтэй. Хэргийн оролцогчийн хэн алинаас хүсэлт гарч баримт цуглуулах, бүрдүүлэх ажиллагаа хийгдээгүй байна. ... Шүүх хэргийн оролцогчийн шүүгчийг хардах эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өргөдөл гомдлоо төрийн байгууллагаар шийдвэрлүүлэх Үндсэн хуульд заасан эрхийг хүндэтгэн үзэж хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байна. Өмгөөлөгчийн сахилгын хороонд гаргасан гомдлыг хүлээж авсны дараа түүнтэй холбогдон шүүх хуралдааныг товлох талаар цаг боломжийг нь лавлахад 04 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө хурал хийх боломжгүй гэсэн хариу өгсөн болно” гэжээ.

...... шүүхийн шүүгчийн туслах Г.З гаас 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр авсан гэрчийн мэдүүлэгт, “... 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хурлын өмнөх өдөр нэхэмжлэгч П.О ын утас холбогдох боломжгүй байсан ... өмгөөлөгч ... холбогдож хурлын товыг дахин сануулж ярихад “Хурлын тов дээр би гарын үсэг зураагүй, тэгээд ч би өөр шүүх хурал давхацсан, нэхэмжлэгч П.О  Америк явсан эзгүй байгаа, шүүгчээс татгалзсан байхад шүүгч хууль зөрчин тухайн өдрийн хурал товлосон. Энэ асуудлаар нэхэмжлэгч П.О  шүүгчид холбогдуулан шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасан байгаа. Энэ асуудлаа шийдвэрлүүлсний дараа хуралдаа ормоор байна” гэсэн. Дараа нь 2021 оны 12 сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.А  над руу залгаад ... би “нэхэмжлэгч талаас Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдлоо шийдвэрлүүлсний дараагаар шүүх хуралдаанд оролцох байр суурьтай байгаа юм байна. Тийм үү” гэж асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “тэр нь дээр байх” гэж хариулсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хурал давхардах асуудал ярьдаг болохоор би 2022 оны 03 сарын сүүлээр хурал товлох гээд нэхэмжлэгчийн өмгөөлөгч рүү холбогдоход “2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хурал товлох ямар ч боломжгүй, хөдөө орон нутагт хуралтай байгаа. Тус өдрөөс хойш хурал товловол хуралд орох боломжтой, хурлаа товлохоороо надад хэлээрэй” гэж хэлсэн ...” гэсэн байна.

Харин өмгөөлөгч А  2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн нэмэлт тайлбартаа “... итгэмжлэгдсэн төлөөлөгч н.А , бид 2 энэ хэргийг хариуцаад үлдсэн байхад 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 3 сарын хугацаанд ямар ч ажиллагаа хийхгүй байсан болохоор ... Шүүгчийн туслах нь “та нар чинь Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдол шийдвэрлэсний дараа хурлаа шийдвэрлүүлье гэсэн бодолтой байгаа юм биш үү” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “П.О ын шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдол тусдаа асуудал. ... Нэхэмжлэгч талаас сахилгын хорооны өргөдөл шийдвэрлэгдэх хүртэл хурал хойшлуулах талаар шүүхэд бичгээр хүсэлт өгсөн зүйл байхгүй, шүүх талуудаас хурал дээр ч юм уу, бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд шийдвэрлэх ёстой биз дээ” гэдгийг хэлсэн”  гэсэн байна. Өмгөөлөгч нь шүүхээс энэ хугацаанд утсаар огт яриагүй гэсэн ба үүнийг баталж өөрийн болон нэхэмжлэгч О ын гар утасны 2022 оны 01 сараас 04 сар хүртэлх хугацааны хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг авчирч өгнө гэсэн боловч сахилгын хэрэгт уг баримтыг өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэгт, шүүх хуралдааныг хийлгэх, товлуулах талаар хэргийн оролцогч нараас өгсөн хүсэлт авагдаагүй, 2021 оны 12 дугаар сарын 09-өөс хойш 2022 оны 04 дүгээр сарын 20 хүртэл хугацаанд  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж  заажээ.

Хэрэг, анхан шатны шүүхэд Улсын дээд шүүхээс буцаж ирсний дараа 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр тус шүүгчид хуваарилагдсанаас хойш дээрх хуульд заасан хугацаа өнгөрсөн, талууд хүсэлт гаргах, түүнийг шийдвэрлэх, шүүх нотлох баримт гаргуулах ажиллагаа хийх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байжээ. Анхан шатны шүүхэд хэрэг шилжин ирснээс хойш 8 сарын хугацаа өнгөрсөн байгаа энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх хуулийн уг хугацааг баримтлан, Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэх нь үндэслэлгүй байна. 

Нөгөө талаар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх талаар талуудаас хүсэлт гаргаагүй, эсрэгээрээ Сахилгын хорооны шийдвэр гартал шүүх хуралдаан товлохгүй гэж хэлсэн байгаагаас үзвэл бусдын эрх ашиг хөндөгдөөгүй байх тул шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх  үндэсгүй юм.” гэжээ.

 

Шүүгч Н.Б  Сахилгын хороонд гаргасан тайлбартаа:  “...1. П.О ын нэхэмжлэлтэй хариуцагч Э.Н д холбогдох "талуудын хооронд байгуулсан “Бүүвэй ээж” ХХК-ийн эзэмшлийн хувьцааны 50 хувийг үнэ төлбөргүй бэлэглэлээр шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж, дээрх компанийн эзэмшлийн 1,925,000 төгрөгийн үнэ бүхий 50 хувийн хувьцааг П.О ын нэр дээр буцаан шилжүүлж, Компанийн гэрчилгээ дүрэмд зохих өөрчлөлт оруулан татвар, нийгмийн даатгал, гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн хариуцлага, өр төлбөргүй байдлаар хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгуулах" нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ... шүүхэд гаргаж 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагааг эхлүүлсэн байдаг. Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4 хавтас буюу 1000 орчим хуудас нотлох баримт бүрджээ.

Иргэний хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ... шүүхээр хянан шийдвэрлэж 182/ШШ2021/00209 дугаартай шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасан. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хянуулахаар буцаажээ. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргасан байх боловч 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 001/ШХ2021/00305 дугаартай тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна. Ингэснээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шүүхийн магадлалын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа анхан шатны журмаар дахин үргэлжлэх нөхцөл бүрдсэн байна. Улмаар Шүүгчдийн зөвлөгөөнөөс баталсан Хэрэг, нэхэмжлэл хуваарилах журмын дагуу тус хэрэг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр шүүгч Н.Б д хуваарилагдан иржээ.

Миний бие хэрэг хуваарилах тухайн үед Ерөнхий шүүгчийн захирамжаар ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байсан. Иймд хуралдаан даргалагч томилсон ерөнхий шүүгчийн захирамжийг албажуулан гарын үсэг зурсан болно. Хэрэг холбогдох журмын дагуу шүүгч надад хуваарилагдсан. Энэ талаар дээд шатны шүүхээс хүчингүй болж ирсэн хэргийг хэрхэн хуваарилах тухай болон бусад харилцааг зохицуулсан ... шүүхийн зөвлөгөөнөөс баталсан Хэрэг, нэхэмжлэл хуваарилах журмыг баримталсан.

2. 2021 оны 09 дүгээр сарын 02 болон 28-ны өдрийн шүүх хуралдаан дээр шүүгч зохисгүй авир гаргасан гэх тус гомдолтой ижил агуулга бүхий гомдлыг нэхэмжлэгч П.О  сахилгын хороонд гаргасныг Сахилгын хороо хянан шалгаж байна.

3. 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нь лхагва гараг байх бөгөөд миний бие долоо хоногийн мягмар, пүрэв гаргуудад тогтмол хурал зарлаж, шаардлагатай тохиолдолд баасан гаргийн үдээс хойш хуралддаг. Өмгөөлөгчийн дурдаж байгаа хуралдаан 2021 оны 11 дүгээр сарын 25-ны пүрэв гарагийн хуралдаан гэж ойлгож байна. Учир нь тэр өдөр дээрх шалтгаанаар шүүгчээс татгалзаж, шүүх хуралдааныг товлон зарлаж хойшлуулсан байдаг. Энэ шүүх хуралдаан дээр болсон үйл явдлыг өмгөөлөгч тайлбарласан нь үнэн бодит байдалтай нийцэхгүй байна. Тухайн өдөр хурлын үйл явц ердийн тайван болж өнгөрсөн. Тодруулбал, шүүгч хурлаа нээж эхлүүлсэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүгчээс татгалзсан, хүсэлтийг шүүгч хуульд заасан журмаар шийдвэрлүүлэхээр хүлээн авсан болон ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлэх учиртайг мэдэгдэж хэрэг маргаан шийдвэрлэх ажиллагаа удааширсан тул дараагийн хурлыг товлох нь зүйтэй гэдгээ илэрхийлсэн. Нэгэнт шүүгчээс татгалзсан тул уг асуудлаар завсарлага авах шаардлагагүй гэж үзэн шүүх хуралдааныг энэ үндэслэлээр хойшлуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн. Төлөөлөгчийн татгалзлыг ерөнхий шүүгч хүлээн авсан, эс хүлээн авсан аль ч тохиолдолд дараагийн хуралдааныг товлох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болохгүй гэж үзэж байгаагаа миний бие тайлбарласан. Ийнхүү хурал товлогдож хойшлох болсон талаар сонсоод өмгөөлөгч бага зэрэг бухимдаж байгаа нь анзаарагдсан. Тэрээр шүүгчийг хардаж байгаагаа илэрхийлэн гадуур хувцсаа өмсөн заалыг орхин гарахаар завдаж байсан. Энэ үед миний бие хурал дуусаагүй болохыг сануулснаас өөр зүйл хэлээгүй. Хуралдааны туршид шүүгч нэг ч удаа алх хэрэглээгүй. Хурал маш богино болж өнгөрсөн тул алх хэрэглэх шаардлага ч үүсээгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн татгалзлыг цочирдож, эмзэглэж, уурлаж эсхүл баярлаж бахадсан аль ч мэдрэмжээр хүлээж аваагүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөр хурлын тов дээр гарын үсэг зуруулахаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга мэдэгдэх хуудсыг өгөхөд зурахаас татгалзаж байсан. Гэсэн хэдий ч хуралдааны товыг мэдээд гарсан нь хуралдааны бичлэгээс харагдах учиртай. Миний бие энэ бүх үйл явдлыг хувийн байдлаар хүлээн авч, уурлаж уцаарласан зүйл үгүй болно. Хуралдааны бичлэгээс бүх үйл явдал тодорхой харагдана гэж бодож байгаа тул илүү дэлгэрүүлэн тайлбарлах шаардлагагүй болов уу.

4. Өмгөөлөгч Ц.А  нь шүүгч Н.Б  нь хэргийг шийдэх гэж улайрч байна гэж гомдолдоо дурдсан байна. Шүүгч миний бие ажил үүргээ хуульд зааснаар л гүйцэтгэж байна. Өнөөдрийг хүртэл аль нэг хэргийг шийдэх гэж улайрах, эсхүл шийдэхээс хойргошиж хойш суух аль ч байдлыг гаргаж байсангүй. Шүүгч хүн ийм авир гаргах нь ч зохисгүй. Зохих журмын дагуу хуваарилагдаж ирсэн хэргийг хэн нэгний айлган сүрдүүлсэн түрэмгий зан авираас шалтгаалан шийдвэрлэхээс татгалзвал шүүгч хараат бус байдлаа алдсан явдалд зүй ёсоор тооцогдоно. Иргэн П.О , өмгөөлөгч Ц.А  нарын Н.Б  хэргийг шийдэх гэж улайрлаа, эсхүл хэргийг шийдэхгүй удаашрууллаа гэх мэт байдлаар Шүүхийн сахилгын хороонд удаа дараа гомдол гаргаж, гомдолдоо илт үндэслэлгүй гүтгэн болсон үйл явдлыг санаанаасаа зохион тайлбарлаж байгааг шүүгчийг залхаах, улмаар хэрэг маргаанаас шүүгч өөрөө татгалзан гаргах үр дагаварт хүргэхийг зорьж байна гэж ойлгогдож эхэллээ. Энэ нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх оролдлого мөн. Миний бие хэргийн оролцогч ба өмгөөлөгчийн энэхүү зүй бус авирын талаар нөлөөллийн мэдүүлэг хөтлөн холбогдох байгууллагаар шалгуулах болно.

Өмгөөлөгч нь гомдолдоо 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан дээр хурлыг товлон зарлаж ажиллагааг зохих журмаар хийх нь зүйтэй гэж үзсэн шүүгчийн үйлдлийг буруутгажээ. Тэрээр шүүгчийг татгалзан гаргасан болон сахилгын хороонд гомдол хянуулахаар өгсөөр атал хэрэг хянан шийдвэрлэхээр улайрч байна гэх агуулгаар тайлбарлаж байснаас сахилгын хэргийг хянан шийдвэрлэж дуустал хурал зарлаад үр дүнтэй хэлэлцүүлэг өрнөх боломжгүй юм байна гэж ойлгосон. Гэвч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын зарчмын дагуу явагддаг. Зохигчид хүсэлт гаргасан бол шүүх асуудлыг тэр даруй шийдвэрлэх үүрэгтэй. Хэргийн оролцогчийн хэн алинаас хүсэлт гарч баримт цуглуулах, бүрдүүлэх ажиллагаа хийгдээгүй байна. Харин ч шүүх өөрийн санаачилгаар нэхэмжлэгчийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд нэн шаардлагатай гэж Улсын дээд шүүхийн тогтоолд дүгнэсэн баримтыг татан авч хэрэгт бүрдүүлсэн болно.

Шүүх хэргийн оролцогчийн шүүгчийг хардах эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өргөдөл гомдлоо төрийн байгууллагаар шийдвэрлүүлэх Үндсэн хуульд заасан эрхийг хүндэтгэн үзэж хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байна. Өмгөөлөгчийн сахилгын хороонд гаргасан гомдлыг хүлээж авсны дараа түүнтэй холбогдон шүүх хуралдааныг товлох талаар цаг боломжийг нь лавлахад 04 дүгээр сарын 18-ны өдрөөс өмнө хурал хийх боломжгүй гэсэн хариу өгсөн болно. ...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч, өмгөөлөгч Ц.А  нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд ... шүүхийн, нэхэмжлэгч П.О , хариуцагч Э.Н д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцсэн 2021 оны 09 дүгээр сарын 02, 28-ны өдрийн болон 2021 оны 11 дүгээр сарын 25, 12 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны даргалагч, шүүгч Н.Б д холбогдуулж, “...Хэргийг өөртөө хуваарилж, өөрийгөө даргалагчаар томилсон, ...2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаан дээр шүүгч таныг өмгөөлөгчийн үүргээ сайн гүйцэтгэж байна гэж хэлж чадахгүй гэх мэтээр эвгүй харьцсан, ...алхаа тачигнатал цохиж та ямар аймаар юм бэ гэхэд би харин танаас айж байна шүү гэх мэтээр хэрэлдсэн, ...2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаан дээр шүүгчээс татгалзахад маш их эмзэглэж хүлээж авсан, алх нүдсэн, уурласан, хэрэлдсэн, хашхирсан, ёс зүйгүй авирласан, ...Хэргийг өөрөө шийдэх гэж улайрч байна. 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хойш энэ хэргийг шийдвэрлэх талаар ямар ч арга хэмжээ аваагүй, шударга байх, хариуцлагатай байх, хуулийг дээдлэх, хүн бүрд адил тэгш хандах шүүгчийн үйл ажиллагааны үндсэн зарчмаа зөрчсөн...” гэх агуулга бүхий өргөдлийг гаргажээ.

Шүүхийн сахилгын хороонд, тус иргэний хэргийн нэхэмжлэгч П.О  2021 оны 09 дүгээр сарын 02, 28-ны өдрүүдийн хуралдааны талаар шүүгч Н.Б д холбогдуулж өргөдөл гаргасан, Сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулаад хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг Сахилгын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул илтгэгч гишүүн уг саналын үйл баримттай холбогдох өргөдлийн хэсгийг давхардуулан шалгах шаардлагагүй гэж үзэж, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдааны өмгөөлөгчийн өргөдөлд дурдсан холбогдох хэсгийг дүгнэжээ.

...Шүүх хуралдаан даргалагч томилсон захирамжид шүүгч Н.Б  гарын үсэг зурж өөрөө өөрийгөө хуралдаан даргалагчаар томилсон тухайд:

Сахилгын хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, Д.О ын нэхэмжлэлтэй Э.Н д холбогдох иргэний хэргийг ... шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд 182/ШШ2021/00209 дугаартай шийдвэр гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 584 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Магадлалыг Улсын дээд шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 001/ШХТ2021/00305 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзснаар ... шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 182/ЗТ2021/00204 дүгээр тогтоолоор батлагдсан “Шүүхэд нэхэмжлэл, гомдол хүсэлт, хэрэг хүлээн авах хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын 3.1-т заасны дагуу дээрх иргэний хэрэг шүүгч Н.Б д хуваарилагдсан байна.

Тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн ээлжийн амралт эдлэлэхээр болсон тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5-т “Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийн түр эзгүйд ... түүний албан үүргийг шүүгчээр хамгийн олон жил ажиллаж байгаа ... шүүгч орлон гүйцэтгэнэ” гэж заасны дагуу 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 182/ЕШ2021/01291 дүгээр захирамжаар шүүгч Н.Б г Ерөнхий шүүгчийг орлон ажиллуулахаар томилжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т заасны дагуу Ерөнхий шүүгч нь шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулахаар хуульчилсан бөгөөд Д.О ын нэхэмжлэлтэй Э.Н д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Н.Б г томилсон шийдвэрийг тухайн үед Ерөнхий шүүгчийг орлон ажиллаж байсан шүүгч Н.Б  нь хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хуралдаан даргалагч томилсон шийдвэрийг албажуулсныг шүүгч хуулиар хориглосон зохицуулалтыг зөрчсөнд тооцохгүй бөгөөд энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.

…2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны явцад шүүгч “таныг өмгөөлөгчийн үүргээ сайн гүйцэтгэж байна гэж хэлж чадахгүй” гэх мэтээр эвгүй харьцсан, ...алхаа тачигнатал цохиж та ямар аймаар юм бэ гэхэд би харин танаас айж байна шүү гэх мэтээр хэрэлдсэн гэх тухайд:

Тухайн өдрийн шүүх хуралдааны бичлэгт хийсэн үзлгийн тэмдэглэлд “шүүх хуралдааны бичлэгийн 14 цаг 33 минутаас нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбар хэлээд, нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргах ба даргалагч 15 цаг 00 минутад “За яах вэ. Бүх юмыг өөр ямар ч арга байхгүй гэж яриад хэрэггүй. Хуульч хүн, таны хувьд ажлаа тийм ч сайн хийсэн гэж үзэхгүй байна. Энэ баримтуудыг аль хэдийн очоод авч болох байсан юмнууд байгаа ш дээ, заавал ингээд бүх юмыг шүүхээр шаарддаг юм биш ш дээ...” гэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “бид нар шаардаад авах боломжит материалуудыг авч өгсөн, ...шүүхээр гаргуулах хүсэлтээ л гаргаж байна...” гэж хэлж байгаа нь, Шүүх хуралдаан даргалагч “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг аягүй удаашруулж байгаа учраас, хуралдаан болгонд багц, багц баримт шинээр авъя гээд орж ирээд байгаа чинь хуулийнхаа хугацаанд хэргийг хянан шийдвэрлэхтэй зөрчилдөөд байгаа учраас....” гэх үеэс нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А  шүүгчтэй зэрэгцэн ярих ба шүүх хуралдааны бичлэгийн 15 цаг 00 минут 52 секундэд шүүгч алхыг 3 удаа цохих үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч “ямар аймаар юм бэ” гэхэд даргалагч “Айгаад байх юм байхгүй, би ч бас танаас айж байна” гэж хэлээд, хэсэг хугацааны дараа  “хуралдааныг завсарлая” гэж хэлж байгаа нь тус тус бичигдснийг тэмдэглэжээ.

Илтгэгч гишүүн саналдаа, “тухайн нэхэмжлэл 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ... шүүхэд бүртгэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ үеэс эхэлж, нийтдээ 4 хавтас хэрэг бүрдсэн, удаашралтай байсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах үүднээс нотлох баримт гаргуулах хүсэлттэй холбогдуулж, нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг хэргийн оролцогч нь өөрөө бүрдүүлэх хуулийн зохицуулалтыг шүүгч сануулж, тайлбар хэлэхэд өмгөөлөгч давхцуулан зэрэгцэж ярьсан, дэг сахиулахын тулд алх хэрэглэсэн, мөн өмгөөлөгч айлаа гэхээр нь “айгаад байх юм байхгүй, би ч бас танаас айж байна” гэсэн нь өмгөөлөгчтэй зүй бус харьцсан гэж үзэх үндэслэлд хамаарахгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”, 38.6 дахь хэсэгт “хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй баримтыг ...хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтдээ дурдсан баримтуудыг өөрсдөө бүрдүүлэх үүрэг хүлээжээ.

Нэхэмжлэгч талаас шүүхээр гаргуулах гэсэн баримтын хувьд, өмнө өөрсдөө тус байгууллагад хандаагүй болох нь өргөдөл гаргагчийн тайлбараар нотлогдож байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог болох мэтгэлцэх зарчмын хэрэгжилт нь талууд шаардлага татгалзлаа нотлох байдлаар илэрхийлэгдэх бөгөөд энэ үүргээ биелүүлэхгүй байгаатай холбогдуулан    “...хуульч хүн, таны хувьд бас ажлаа тийм ч сайн хийсэн гэж үзэхгүй байна” гэж шүүгч хэлсэн нь зөрчилд тооцох үндэслэл болохгүй.

...2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны явцад шүүгчээс татгалзахад маш их эмзэглэж хүлээж авсан, алх нүдсэн, уурласан, хэрэлдсэн, хашхирсан, ёс зүйгүй авирласан гэх тухайд:

... шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд,  бичлэг нийт 00:09:06 секунд үргэлжлэх ба хуралдааны явцад шүүгч алх хэрэглэсэн дүрс байхгүй байсан бөгөөд тухайн бичлэгийн дуу нь бичигдээгүй, үүнийг тодруулж шалгахад, дууны бичлэг нь техникийн алдааны улмаас хийгдээгүй гэсэн тайлбарыг Сүхбаатар, ... шүүхийн тамгын газар 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн албан бичигт дурджээ. Тус шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал хуралдаан дуусаагүй байхад хуралдааныг орхин гарч байгаагаар бичигдсэн байна.

... шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 182/Ш32021/11131 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүгчийг татгалзсан хүсэлтийг шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааны товыг тогтоосон байна.

Мөн дараагийн шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хийхээр товлосныг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал мэдсэн нь шүүгчийн тайлбар болон  өргөдөл гаргагчийн өргөдлөөр тогтоогдож байх бөгөөд шүүх хуралдаан хэзээ болохыг мэдсэн боловч тов мэдэгдсэн баримт дээр гарын үсгээ зураагүй нь хүндэтгэх үзэх шалтгаанд тооцогдохгүй тул 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны 182/Ш32021/11131 дугаар захирамжид “нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй” гэж бичсэн нь шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй.

...2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хойш энэ хэргийг шийдвэрлэх талаар ямар ч ажиллагаа хийгээгүй, ...шударга байх, хариуцлагатай байх, хуулийг дээдлэх, хүн бүрд адил тэгш хандах шүүгчийн үйл ажиллагааны үндсэн зарчмаа зөрчсөн...” гэх тухайд;

Илтгэгч гишүүн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус иргэний хэрэгт үзлэг хийхэд, 4 дэх хавтас нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны тэмдэглэл болон захирамжаар дуусаж, үүнээс хойш хэрэгт баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байгааг тэмдэглэжээ.

... шүүхийн шүүх хуралдааны тоймоос үзвэл, П.О ын нэхэмжлэлтэй Э.Н д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр, 05 дугаар сарын 03-ны өдрүүдэд болж, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хойшилсон байна.

Шүүгч Н.Б гийн тайлбар, өмгөөлөгчийн тайлбар болон гэрчийн мэдүүлгээр тус иргэний хэрэгт 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байх боловч гэрчээс авсан мэдүүлэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч “2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хурал товлох ямар ч боломжгүй,  хөдөө орон нутагт хуралтай байгаа. Тус өдрөөс хойш хурал товловол хуралд орох боломжтой, хурлаа товлохоороо надад хэлээрэй” гэж хэлсэн,

Өмгөөлөгч Ц.А  нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн нэмэлт тайлбартаа шүүхээс энэ хугацаанд утсаар огт яриагүй гэсэн ба үүнийг баталж өөрийн болон нэхэмжлэгч н.О ын гар утасны 2022 оны 01 сараас 04 сар хүртэлх хугацааны хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтыг авчирч өгнө гэсэн боловч сахилгын хэрэгт уг баримтыг өгөөгүй зэргээс үзэхэд шүүгчээс шалтгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгч Н.Б д үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 87 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Н.Б д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай. 

      

     ДАРГАЛАГЧ                                  Х.ХАШБААТАР                                              

ГИШҮҮН                                                  С.ЭНХТӨР                                                                                

 Д.ЭРДЭНЭЧУЛУУН