info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-04-28

Дугаар 172

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан  ... шүүхийн шүүгч Н.Х д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 77 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Хуралдаанд өргөдөл гаргагч Э.Ц  ажиглагчаар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өргөдөл гаргагч Э.Ц  Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө:  “... шүүхийн шүүгч Н.Х  нь 2019 оны шүүх хурлын процессыг явуулахдаа миний /2019.06.17 шийдвэр 1819/ өмгөөлөгчөөр хангах боломжийг хүсэлтийг үл тоон 2019.06.17-нд 5 цаг хурлыг шууд явуулсан, хурлын тэмдэглэлд ярьсан “өмгөөлөгчтэй ормоор байна”, “хүүхдүүдэд зарцуулсан зардал Р.М аас 20-50 дахин их зардал гаргасан тухай”, салсны дараа 15 сая төгрөг Р.М  сар бүр 1390,000 төгрөгөө зээл нэр дээрээ авч төлүүлж ирсэн ч тогтоолгох хүсэлт, өмч хөрөнгийн талаар шийдүүлэлгүй хохироосон үргэлжлээд миний лизингд орох боломжийг боосон тухай, хүүхдүүдийг минь ашиглан дарамтлан эхийг нь зовоож, нэхэмжлэлээ тат, шүүхэд бүү оч гэх мэт ноцтой асуудлуудыг ярьсаар байхад тэмдэглэл өөрчилж, улмаар нөлөөнд орж тус хурлын бичлэг устсан зэрэг ноцтой асуудлууд нь байдаг. Гэтэл энэ хурал дээр эдгээр асуудлыг огт байгаагүй мэтээр шийдвэр гарсан нь асар их хохироох хуйвалдааны суурийг алсуур нь нээж өгсөн байдаг. Өмгөөлөгчөөр хангаагүй, асуудалд санаатайгаар хуурамч нэхэмжлэлүүдийг хуурамч нотлох баримтуудыг хэрэгсэхгүй болгосны ард өмчийн луйвар хийх боломжуудыг илт нээж өгсөн байдаг ба би өөрөө нэхэмжлэлээсээ татгалзсан мэт жүжгийг найруулалцсан. Иймд шүүгч нар мэдлэггүй, дарамт гүтгэлэгт орсон иргэдээ мэдсээр байж улам хүчирхийлэх замыг бололцоог олгодог нэг талд үйлчилдэг заль молигодолт байгаад асар гомдолтой” гэжээ.

... шүүхийн шүүгч Н.Х  Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Р.М  нь хариуцагч Э.Ц д холбогдуулж хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохоор 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд хандсан ба уг нэхэмжлэлд 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч өөрийн шаардлагыг ихэсгэсэн буюу дараах шаардлагуудыг шүүхэд гаргасан. Үүнд:

1/ Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах;

2/ Хүүхдийн тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулахыг хариуцагчид даалгах;

3/ ... дүүргийн 4 дүгээр хороо, Г п" хотхоны 101 дүгээр байрны 181 тоотод байрлах, 2 өрөө орон сууцанд төлсөн төлбөрөөс өөрт ногдох хэсгийг буюу 8,760,332 төгрөгийг гаргуулах;

4/ Охин М.Э , хүү М.И  нарын сургалтын болон эмчилгээнд гарсан зардлын тал хувь буюу 14,425,250 төгрөгийг хариуцагч Э.Ц гээс гаргуулах.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид холбогдуулан дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан. Үүнд:

1/ Хүүхдийн төлөгдөөгүй тэтгэлэг 23,879,663 төгрөг гаргуулах;

2/ ... дүүрэг, 4 дүгээр хороо, “Г п" хотхон, Энхтайваны өргөн чөлөө, 101 дүгээр байрны 181 тоот хаягт байршилтай, 43 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах.

... шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 102/шш2019/01819 дүгээр шийдвэрээр, ... үндсэн, ... сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1781 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дахь заалтыг хүчингүй болгож, 2 дахь заалтын “... дүүрэг, 4 дүгээр хороо, Г п хотхон, Энхтайваны өргөн чөлөө, 101 дүгээр байрны 181 тоот хаягт байршилтай, 43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах тухай Э.Ц гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “... дүүрэг, 4 дүгээр хороо, Г п хотхон, Энхтайваны өргөн чөлөө, 101 дүгээр байрны 181 тоот хаягт байршилтай, 43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнаас хариуцагч Э.Ц д ногдох хэсэг 5 207 227 төгрөгийг нэхэмжлэгч Р.М аас гаргуулж,   хариуцагч   Э.Ц д олгож, орон сууцыг Р.М , М.Э , М.И , Б.Түвшинзаяа нарын өмчлөлд үлдээсүгэй гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтад нэхэмжлэгчээс 98 265 төгрөг, улсын төсвийн орлогоос хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 277 548 төгрөгийг тус тус гаргуулж хариуцагч Э.Ц д олгосугай гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн.

... Э.Ц гээс Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасан байх бөгөөд ... дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Э.Ц  гомдолдоо "Шүүгч Н.Х  нь 2019 оны шүүх хурлын процессыг явуулахдаа миний өмгөөлөгчөөр хангах боломжийг хүсэлтийг үл тоон 2019.06.17-нд 5 цаг хурлыг шууд явуулсан" гэжээ.

1/ ... шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаан 09 цаг 00 минутад зарлагдаж, 09 цаг 04 минутад эхэлсэн ба 12 цаг 56 минутад шүүх хуралдаан дуусжээ. Тэгэхээр Э.Ц гийн "...5 цагийн турш шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан" эсхүл "...5 цагт шүүх хуралдааныг эхлүүлсэн" гэх агуулгатай гомдол үндэслэлгүй.

2/ Тус хэрэгт Э.Ц  нь 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр "...Д овогтой Т г өмгөөлөгчөөр авах хүсэлттэй, хэргийн баримт бичигтэй танилцуулна уу" гэсэн хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч, өмгөөлөгч Д.Т  нь 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хэргийн материалтай танилцаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд хариуцагч Э.Ц гийн өмгөөлөгчөөр оролцсон. 2019 оны 02 дугаар сарын 22-нд Э.Ц  нь Д.А  г өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт гаргаж, 2019.02.22-ны өдөр өмгөөлөгч Д.А   хэргийн материалтай танилцаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд хариуцагч Э.Ц гийн өмгөөлөгчөөр оролцсон. Гомдолд дурдсан 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Д.А   оролцож, хариуцагчийн өмгөөлөгчөөс 3 гэрч асуулгах, хүүхдийн асрамжийн талаар дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгож, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/01819 дугаар шийдвэр гарсан. Хариуцагч Э.Ц гийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаж, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрээр тогтоогдоно. Иймд Э.Ц гийн " ..миний өмгөөлөгчөөр хангагдах боломжийг үл ойшоосон" гэх агуулгатай гомдол үндэслэл муутай байна. Шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдаанд гаргасан Э.Ц гийн хүсэлтийг шийдвэрлэсэн байдлаас үзэхэд тэрээр шүүх хуралдаанд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б аас /өмгөөлөгч/ татгалзаж, өөрөө биечлэн оролцох, мэтгэлцэх хүсэлтийг гаргасныг шүүхээс хүлээн авсан болно.

Хоёр. Э.Ц  гомдолдоо '...өмгөөлөгчтэй ормоор байна", "...хүүхдүүдэд зарцуулсан зардал Р.М аас 20-50 дахин их зардал гаргасан тухай", "...салсны дараа 15 сая төгрөг Р.М  сар бүр 1390,000 төгрөгөө зээл нэр дээрээ авч төлүүлж ирснийг тогтоолгох хүсэлт", "...өмч хөрөнгийн талаар шийдүүлэлгүй хохироосон, үргэлжлээд миний лизингд орох боломжийг боосон тухай", "...хүүхдүүдийг минь ашиглан дарамтлан эхийг нь зовоож, нэхэмжлэлээ тат, шүүхэд бүү оч гэх мэт ноцтой асуудлуудыг ярьсаар байхад тэмдэглэл өөрчилж, улмаар нөлөөнд орж тус хурлын бичлэг устсан зэрэг ноцтой асуудлууд нь байдаг. Гэтэл энэ хурал дээр эдгээр асуудлыг огт байгаагүй мэтээр шийдвэр гарсан нь асар их хохироох хуйвалдааны суурийг алсуур нь нээж өгсөн байдаг" гэжээ.

Миний бие уг гомдлыг уншаад Э.Ц  нь "...шүүх хуралдааны тэмдэглэлд тусгавал зохих зүйлийг тусгаагүй, албаар орхигдуулсан, хассан", "...шүүх хуралдааны бичлэгийг устгасан" гэсэн агуулгаар гомдож байна гэж ойлголоо.

1/ Бичлэг устгасан гэх тухайд: Шүүгч хуралдааныг нээхдээ дуу, дүрс бичлэг хийгдэж эхэлсэн талаар шалгаад шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлдэг. Ингэснээр хууль болон холбогдох журмын дагуу бичлэг хийгдэж, шүүх хуралдаан завсарлахаас бусад тохиолдолд хадгалагдан үлддэг. Харин шүүх хуралдааны бичлэг хаана, хэрхэн хадгалагддаг, хэдий хугацааны турш хадгалдаг эсэх асуудал нь хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчид хамааралгүй. Нэгэнт хийгдсэн бичлэгийг шүүгч санаачилгаараа устгах боломжгүй. 2019 онд болсон шүүх хуралдааны бичлэгийн талаар миний бие уг асуудлыг шууд хариуцдаг ажилтнаас тодруулахад "......  шүүхийн Мэдээлэл технологийн мэргэжилтэн Г.М  миний бие иргэн Э.Ц гийн 6 удаагийн шүүх хуралдааны болон шүүхийн байрны хяналтын камерын бичлэг авах тухай хүсэлтийн 7 бичлэг хуулбарлан олгосон, 2019 оны шүүх хуралдааны бичлэг авах тухай хүсэлтийг бичлэг хадгалах "хард" диск гэмтсэнтэй холбоотой шийдвэрлээгүй байгаа. Тухайн хард дискийг мэргэжлийн засварчдад үзүүлсэн талаар иргэн Э.Ц д мэдэгдсэн байгаа. Иргэн Э.Ц гийн 6 хүсэлтийн 1 хүсэлт бүртгэл хяналтын картгүй байсан тул тухайн шүүх хуралдааны болон шүүхийн байрны хяналтын камерыг Тамгын газрын дарга утсаар мэдэгдэж өгсөн. Шүүх хуралдааны бичлэг хадгалах хард дискийг мэргэжлийг засвар үйлчилгээний төв Компьютер Ландын засварчдад үзүүлсэн талаар баримт хавсаргасан" гэсэн тайлбарыг өгсөн.

2/ Тэмдэглэлд хэлсэн зүйлсийг тусгаагүй тухайд: Шүүх хуралдааны үйл ажиллагааны явцыг багтаадаг, мэтгэлцээн түүний үр дүнг дэс дараалан буулгаж бичсэн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас үйлдсэн хууль зүйн баримтыг шүүх хуралдааны тэмдэглэл гэдэг. Шүүх хуралдааны тэмдэглэлд хэргийн оролцогчийн тайлбарыг тусгахдаа үг бүрчлэн бичих боломжгүй бол агуулгыг алдагдуулахгүйгээр бичиж болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т "Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгоно. Тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна", 96.3-т "Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна" гэж заасан. Хэрэв хариуцагч Э.Ц гийн ярьсан, хэлсэн зүйлсийг орхигдуулсан, хассан нөхцөл байдал байсан бол тэрээр тус шүүхэд хандан хүсэлтээ гаргах эрх нь бүрэн нээлттэй байсан. Э.Ц  тэмдэглэлийн талаар шүүхэд ямар нэг хүсэлтийг гаргаж байгаагүй.

Гурав. Э.Ц  гомдолдоо "...би өөрөө нэхэмжлэлээсээ татгалзсан мэт жүжгийг найруулалцсан", "...мэдлэггүй, дарамт гүтгэлэгт орсон иргэдээ мэдсээр байж хүчирхийлэх замыг бололцоог олгодог, нэг талд үйлчилдэг заль, молигдолт байгаад асар их гомдолтой" гэжээ.

1/ Хариуцагч Э.Ц  шүүхэд хүүхдийн төлөгдөөгүй тэтгэлэгт 23,879,663 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж болон хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдаанд Э.Ц  нь өөрөө уг шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Ц  хүүхдийн төлөгдөөгүй тэтгэлэгт 23,879,663 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг   баталж,   хэргийг   хэрэгсэхгүй   болгосон.   Шүүхэд   гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжих, татгалзах, татан авах нь хэргийн оролцогчийн эрхийн асуудал. Ийм учраас иргэн Э.Ц  "...би нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна" гэсэн хүсэлтийг гаргахад шүүхээс "... та энэ шаардлагаа заавал дэмжиж ор" гэх боломжгүй. Гэвч тэрээр шүүхийн шийдвэрийн уг хэсэгт гомдол гаргасан. Үүнийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хянаад 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1781 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дахь заалтыг хүчингүй болгосон.

2/ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч нар өөрийн шаардаад эсхүл татгалзаад байгаа үндэслэлээ нотлох, холбогдох баримтуудаа өөрсдөө шүүхэд цуглуулан гаргаж өгөх, гаргаж өгөх боломжгүй бол шүүхийн тусламжтайгаар нотлох баримтуудаа цуглуулах зэрэг идэвхтэй байр сууринаас оролцдог. Харин шүүх хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн тайлбаруудтай харьцуулсны эцэст хэргийг шийдвэрлэдэг. Хэрэв энэ бүх ажиллагаа ээдрээ төвөгтэй, ойлгомжгүй байх нөхцөлд бусдаас хууль зүйн туслалцаа авах боломжийг хуулиар олгосон билээ. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд Э.Ц  нь хуульд заасан эрхийнхээ дагуу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б аар дамжуулж болон өөрөө биечлэн оролцсон. Мөн өмгөөлөгч Д.Т , Д.А   нараас хууль зүйн туслалцаа авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ. Шүүхийн зүгээс Э.Ц д болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг хуульд заасан журмын дагуу тайлбарлан танилцуулсан байна. Шүүхийн зүгээс хэргийн оролцогч нарын шүүхийн журмаар нотлох баримт цуглуулах эрхийг нь ямар нэг байдлаар хязгаарлаагүй.” гэжээ.

Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-даа:

Сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулахад дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

1/ “Өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаагүй” гэх тухайд:

Иргэн Р.М ы нэхэмжлэлтэй, Э.Ц д холбогдох иргэний хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШЗ2018/06138 дугаар захирамжаар үүсгэн /с.х.52х/, ... шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 102/шш2019/01819 дүгээр шийдвэрээр, тус шүүх хуралдааныг шүүгч Н.Х  даргалж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн[1] шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Өргөдөл гаргагч Э.Ц , 2018 оны 6 дугаар сарын 07-нд Д.Т г өмгөөлөгчөөр авах хүсэлт гаргаж /с.х.53х/, тухайн өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх ба улмаар өмгөөлөгчөө сольж, 2019 оны 02 дугаар сарын 22-нд Д.А  г өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт /с.х.60х/ гаргасан байна.  Сахилгын хэрэгт авагдсан, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/01819 дүгээр шийдвэртэй шүүх хурлын тэмдэглэлд, “шүүх хурал 9 цаг 04 минутад эхэлж, 12 цаг 56 минутад дуусав” гэж тэмдэглэгдсэн байгаагаар хурал 3 цаг 52 минут үргэлжилсэн байх ба хуралд, хариуцагч Э.Ц  өмгөөлөгч Д.А  гийн хамт оролцсон гэж тэмдэглэгджээ. Гэхдээ шүүхийн хэлэлцүүлэг явагдан, нотлох баримт шинжлэн судалсны дараа даргалагчаас “шүүх хуралдааны ажиллагаа дуусах гэж байгаатай холбогдуулж зохигчдод нэмж хэлэх зүйл байна уу” гэхэд ... хариуцагч нэмэлт тайлбар хэлээд төгсгөлд нь[2] “... надад өнөөдөр Х ттай нотлох баримт байсан. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргаж өгөх гэсэн боловч өмгөөлөгч өгүүлсэнгүй. Өнөөдөр өмгөөлөгч миний эрх ашгийг хамгаалж чадахгүй байна. Миний бие шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй орлоо. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Шүүх хэргийг үнэн шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэж тэмдэглэгдсэн байгаагаас үзвэл шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон гэж үзэх үндэсгүй, мөн өмгөөлөгч авах хүсэлт гаргасан гэдэг нь тогтоогдохгүй, өмгөөлөх эрхээр хангаагүй гэх үйл баримт үгүйсгэгдэж байна. Түүнчлэн Нийслэлийн давж заалдах шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хуралд, хариуцагчийн өмгөөлөгч Д.А   оролцсон байгаа нь өргөдлийн тухайн хэсэг үндэслэлгүй байна.   

2/ “Шүүх хуралдааны тэмдэглэлд хэлсэн зүйл тусгаагүй” гэх тухайд:

Шүүх хуралдааны тэмдэглэлд өргөдөлд дурдсан “өмгөөлөгчтэй ормоор байна”, “хүүхдүүдэд зарцуулсан зардал Р.М аас 20-50 дахин их зардал гаргасан тухай”, салсны дараа 15 сая төгрөг Р.М  сар бүр 1390,000 төгрөгөө зээл нэр дээрээ авч төлүүлж ирсэн ч тогтоолгох хүсэлт, өмч хөрөнгийн талаар шийдүүлэлгүй хохироосон үргэлжлээд миний лизингд орох боломжийг боосон тухай, хүүхдүүдийг минь ашиглан дарамтлан эхийг нь зовоож, нэхэмжлэлээ тат, шүүхэд бүү оч гэх мэт” тайлбар тусгагдаагүй байна.

Тус шүүхийн тамгын газраас ирүүлсэн албан бичиг, мэдээлэл технологийн инженер Г.М ын гэрчийн мэдүүлэгтээ “Тухайн шүүхийн, шүүх хуралдааны 4 дүгээр заалны 2019 оны бичлэг бүхэлдээ хард диск нь гэмтсэн”[3] гэсэн, шүүх хуралдааны дуу дүрсний бичлэг байхгүй байгаа тул бичлэгээс өргөдөлд дурдсан үйл баримтыг шалган тогтоох боломжгүй болжээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т "Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгоно. Тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна", 96.3-т "Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна" гэж зааснаар, ... шүүхийн архиваас тус хэрэгт үзлэг хийхэд, шүүх хурлын тэмдэглэлд өөрчлөлт оруулах талаар Э.Ц гээс хүсэлт гаргасан баримт  тогтоогдсонгүй.

Иймд өргөдөлд дурдсан агуулга шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн эсэх, улмаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй гэх үйл баримт нотлогдохгүй, шүүгч зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3/ “Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан мэт жүжиг найруулалцсан” гэх тухайд:

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Р.М  нь  Э.Ц д холбогдуулж нэхэмжлэл гаргасныг,  2010 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 680 дугаар шийдвэрээр, гэрлэлтийг цуцалж, охин болон хүүг эхийн асрамжид үлдээж, хүүхдэд хуульд заасан хувь хэмжээгээр тэтгэлэг төлүүлэхээр шийдвэрлэсэн байх ба энэ үед талууд дундын өмчийн талаар маргаагүй, үүнийг жич шаардах эрхтэй гэж дурджээ.

Хариуцагч Э.Ц  /өмгөөлөгч Д.Т гийн хамт/ нь 2018 оны 08 дугаар сарын 01-нд “Р.М аас хүүхдийн төлөгдөөгүй 23 879 663 төгрөгийн тэтгэлгийг нэхэмжилж байна” гэсэн шаардлагатай сөрөг нэхэмжлэл /с.х.55х/ гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 03 дугаар сарын 04- ний өдөр нэхэмжлэгч Р.М  “... хариуцагч Ц  хүүхдийн тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан хэрнээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд Хан -уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 680 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан, нэгэнт тус шүүхээс хүүхдийн асрамж тэтгэлэгтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа тул шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл шийдвэр гүйцэтгэлийг ажиллагааг түдгэлзүүлэх” хүсэлтийг[4] холбогдох баримтын хамтаар шүүхэд ирүүлсэн, мөн хариуцагч талаас гаргасан хүсэлтийг хэлэлцсэн шүүх хуралдаанд өмгөөлөгч Д.А   оролцон, “ ... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  нь миний эзгүйд хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн. ... өнөөдрийн хурлаар 2018 оны 08 дугаар сарын 01-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар татгалзаж байна” гэсэн нь тус хурлын тэмдэглэлд тусгагдсан байх ба 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШЗ2019/03286 дугаар захирамжаар, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан учир нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан ... үндэслэл арилсан гэж үзнэ гэж дүгнэсэн, тогтоох хэсэгт энэ тухай заалт тусгагдаагүй байна.

Үүний дараа 2019 оны 03 дугаар сарын 29-нд хариуцагч Э.Ц  нь “1. ... хамтын өмчлөлийн БГД, 4 хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 101 байр. ... орон сууцны ... өмчлөлөөс татгалзаж, ... нарт ногдох хэсгийг /мөнгөн дүнгээр/ гаргуулах, 2. ХУД, 2 хороо, 19 хороолол, 31 байр 30 тоот ... орон сууц-...с нарт ногдох хэсгийг тодорхойлуулах” гэх шаардлагатай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

... шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 03969 дугаар захирамжтай /с.х.74х/ шүүх хуралдаанд, хариуцагч талаас өмнө гаргаад татгалзсан болон тухайн үед шинээр гаргасан сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжийг нийлүүлэн тооцож, дүгнэн тайлбарласан байх боловч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй гэж үзэж сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, тус захирамжид гомдол гаргаж, гомдлыг шүүгч Н.Х д буцаан хянуулахаар шилжүүлэн, шүүгч 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШЗ2019/05239 дугаар захирамжаар хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, түүнд гарсан гомдлыг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 05467 дугаар захирамжаар гомдол хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн.

Мөн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр, ... дүүрэг, 4 дүгээр хороо, “Г п" хотхон, Энхтайваны өргөн чөлөө, 101 дүгээр байрны 181 тоот хаягт байршилтай, 43 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцнаас ногдох хэсэг болох 32 250 000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргаж, тухайн өдрийн шүүх хуралдаанаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсан тухай 05319 дугаар захирамж /с.х.99х/ гарсан байна. 

Хариуцагчийг төлөөлөн “... хариу тайлбар гаргах, сөрөг нэхэмжлэл гаргах, шүүхийн шийдвэр гардан авах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх ...” зэрэг эрх олгосон итгэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 21-нд М.Б ад олгож, тус итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан бол явцдаа итгэмжлэлээсээ татгалзан, Э.Ц  өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцсон байна.

Хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар шийдвэрлэхдээ, О.М ы ... үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн төлөгдөөгүй тэтгэлэг 23 879 663 төгрөг гаргуулах, ... дүүрэг, 4 дүгээр хороо, “Г п" хотхон, Энхтайваны өргөн чөлөө, 101 дүгээр байрны 181 тоот хаягт байршилтай, 43 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах  шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл бүхий хэргийг хэлэлцэн шийдвэрлэхдээ, тогтоох хэсгийн 1 дэх заалтаар хариуцагч Э.Ц  хүүхдийн төлөгдөөгүй тэтгэлэгт 23,879,663 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, гомдол гаргах хугацааг сэргээсэн 2019 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 09984 дугаар захирамж, давж заалдах гомдолд улсыг тэмдэгтийн хураамжийг төлөөгүй тул Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс гомдлыг буцаасан, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 11909 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1781 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дахь заалтыг хүчингүй болгож, 2 дахь заалтад ... дүүрэг, 4 дүгээр хороо, Г п хотхон, Энхтайваны өргөн чөлөө, 101 дүгээр байрны 181 тоот хаягт байршилтай, 43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнаас хариуцагч Э.Ц д ногдох хэсэг 5 207 227 төгрөгийг нэхэмжлэгч Р.М аас   гаргуулж,   хариуцагч   Э.Ц д   олгож,   орон   сууцыг   Р.М , М.Э , М.И , Б.Түвшинзаяа нарын өмчлөлд үлдээсүгэй гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Эдгээрээс үзвэл хариуцагч тал буюу өргөдөл гаргагч Э.Ц гээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан үйл баримт иргэний хэргийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс тогтоогдож байх ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэх ажиллагаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүгчийн бүрэн эрх, чиг үүрэгт хамаарах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа байх тул үүнийг сахилгын зөрчил гэж үзэхгүй.    

Өргөдлийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн боловч шүүгчийг 2019 оны 06 дугаар сарын 17-нд анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн үйл баримттай холбогдуулсан байх тул 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаар 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар тодорхойлсон шүүгчийн ёс зүйн зөрчлийн материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэнэ.

Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4.1-д “шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан, энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ” гэж заасан.

Сахилгын хэргийг шалгахад шүүгчийн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ба Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасан.

Иймд сахилгын хэргийг шалгаад, иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд ... шүүхийн шүүгч Н.Х  нь Шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан болон Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Сахилгын хорооны гишүүний 722 дугаар захирамжаар үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Э.Ц гээс ... шүүхийн шүүгч Н.Х д холбогдуулан гаргасан өргөдлийг Шүүхийн сахилгын хорооны гишүүн хүлээн авч хянаад 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 722 дугаартай захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, шүүгч Н.Х д үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

Сахилгын хорооны гишүүний 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 77 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Р.М ы нэхэмжлэлтэй, Э.Ц д холбогдох “хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, ...үндсэн болон сөрөг нэхэмжлэлтэй...” иргэний хэргийг ... шүүхийн шүүгч Н.Х  даргалсан 2019 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 102/ШШ2019/01819 дүгээр шийдвэрээр шийдвэрлэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1781 дугаартай магадлалаар “анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдвэрт өөрчлөлт оруулж” шийдвэрлэжээ.

“...Өмгөөлөгч хангах хүсэлтийг үл тоон 5 цаг хурлыг шууд явуулсан...” гэх тухайд,

Р.М ы нэхэмжлэлтэй, Э.Ц д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцсэн ... шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн шүүх хуралдаан нь шүүх хуралдааны 2 дугаар танхимд 09 цаг 04 минутад эхэлж, 12 цаг 56 минутад дууссан байх бөгөөд шүүх хуралдаанд хариуцагч Э.Ц , хариуцагчийн өмгөөлөгч Д.А  ...оролцсон нь тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэгдсэнээс гадна хариуцагч нь тус шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б ад өгсөн итгэмжлэлээсээ татгалзаж, шүүх хуралдаанд өөрөө оролцохоо илэрхийлсэн харин өмгөөлөгчөөсөө татгалзсан эсхүл өмгөөлөгчөө солих, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт зэргийг гаргаагүй байна.  

Шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцсон нь тэмдэглэгдсэн байх боловч тус өмгөөлөгч нь хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө  шүүх хуралдааны танхимыг орхиж гарсан, хариуцагч нь ...өнөөдөр өмгөөлөгч миний эрх ашгийг хамгаалж чадахгүй байна. Миний бие шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцлоо... гэж хэлсэн зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүгчээс хамаарахгүйгээр өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлсэн үг, үйлдэл тул шүүгч хэргийн оролцогчийг өмгөөлөх эрхээр хангаагүй гэж буруутгах үндэслэл болохгүй.

Түүнчлэн, хариуцагч Э.Ц  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч Д.Т , Д.А  , итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б  нарыг өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө оролцуулах хүсэлт гаргасан байх бөгөөд өмгөөлөгч нар нь шүүх хуралдаан болон хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаан хойшлуулах, шүүгч татгалзан гаргах, шүүгчийн захирамжид гомдол гаргах болон бусад хүсэлтүүдийг гаргаж, шийдвэрлүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх бөгөөд энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.   

“...Шүүх хуралдааны тэмдэглэл өөрчилсөн, шүүх хуралдаанд хэлсэн зүйл тусгаагүй..., ...шүүх хуралдааны бичлэг устсан...” гэх тухайд,

Иргэн Э.Ц  нь өргөдөлдөө 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд оролцохдоо “өмгөөлөгчтэй ормоор байна”, “хүүхдүүдэд зарцуулсан зардал Р.М аас 20-50 дахин их зардал гаргасан тухай”, “салсны дараа 15 сая төгрөг Р.М  сар бүр 1390,000 төгрөгөө зээл нэр дээрээ авч төлүүлж ирснийг тогтоолгох хүсэлт, өмч хөрөнгийн талаар шийдүүлэлгүй хохироосон үргэлжлээд миний лизингд орох боломжийг боосон тухай, хүүхдүүдийг минь ашиглан дарамтлан эхийг нь зовоож, нэхэмжлэлээ тат, шүүхэд бүү оч гэх мэт тайлбарыг хэлсэн, эдгээр тайлбар тэмдэглэлд тусгагдаагүй” гэжээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т "Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгоно. Тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна", 96.3-т "Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна" гэж заасан бөгөөд хэрэв хариуцагч Э.Ц  нь өргөдөлд дурдсан асуудал байвал шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах эрхтэй байсан.

Илтгэгч гишүүн ... шүүхийн архиваас тус хэрэгт үзлэг хийхэд, шүүх хурлын тэмдэглэлд өөрчлөлт оруулах талаар Э.Ц гээс хүсэлт гаргасан баримт  тогтоогдоогүй байна.

Мөн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгийн HARD диск гэмтсэнтэй холбогдуулан хуулбарлан өгөх боломжгүй талаар тус шүүхийн тамгын газраас ирүүлсэн албан бичиг болон Мэдээлэл технологийн инженер Г.М аас авсан гэрчийн мэдүүлэг, тайлбар хэрэгт авагдсан байх тул тул бичлэгээс өргөдөлд дурдсан үйл баримтыг шалган тогтоох боломжгүй болжээ.

...  шүүхийн Мэдээлэл технологийн мэргэжилтэн Г.М  нь иргэн Э.Ц д түүний хүсэлтийн дагуу 10 удаагийн шүүх хуралдааны болон шүүхийн байрны хяналтын камерын бичлэг нийт 19 бичлэг хуулбарлан өгч, хүсэлтийг тухай бүр хангажээ.

Шүүх хуралдааны тэмдэглэл болон дүрс, дууны бичлэг аль аль нь хэргийн нотлох баримт болдог учиртай.

“...би өөрөө нэхэмжлэлээсээ татгалзсан мэт жүжиг найруулалцсан...” гэх тухайд,

Хариуцагч Э.Ц  нь өмгөөлөгч Д.Т гийн хамт  ... шүүхэд 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “...нэхэмжлэгч Р.М аас хүүхдийн төлөгдөөгүй 23,879,663 төгрөгийн тэтгэлгийг нэхэмжилж” сөрөг нэхэмжлэл гарган, тус иргэний хэрэгт өөрийгөө төлөөлүүлэхээр 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр М.Б ад 2 жилийн хугацаатай итгэмжлэл олгожээ.

Улмаар 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус сөрөг нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлт болон өөрийнх нь эзгүйд хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлснийг хариуцагчийн  өмгөөлөгч Д.А   нь тус өдрийн шүүх хуралдаанд танилцуулсныг 102/ШЗ2019/03256 дугаартай захирамжаар хангаж шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь иргэний хэргийн бие даасан оролцогч бус зөвхөн төлөөлүүлж буюу өмгөөлүүлж байгаа этгээдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж байгаа этгээд мөн” гэж заасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлт нь хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлсэн гэж үзнэ.

Мөн, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрт хариуцагч Э.Ц  нь “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч миний зүгээс хүүхдийн төлөгдөөгүй тэтгэлэгт 23,879,663 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Гэвч энэхүү шаардлагаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан. Одоо ч татгалзал минь хэвээрээ.” гэж хэлсэн тайлбар нь бичигдсэн зэргээс үзэхэд хариуцагч Э.Ц  нь өөрөө сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан нь тогтоогдож байна.  

2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ...” гэж зааснаар 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон хэм хэмжээ, мөн Шүүхийн ёс зүйн хорооны болон Шүүгчийн ёс зүйн дүрэм хэрэглэгдэнэ. Харин сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө.

Дээрхи үйл баримт нь 2019 онд хамаарах бөгөөд Монголын хуулчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/08 дугаар тогтоолоор батлагдсан Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасан бөгөөд шүүгч хуульд заасны дагуу нотлох баримтыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээс тус шийдвэрт өөрчлөлт оруулсан зэрэг нь шүүгчийн ёс зүйн зөрчилд хамаарахгүй байх тул ... дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Х д үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Өргөдөл гаргагч Э.Ц  нь  Сахилгын хорооны хуралдаанд гэрчээр оролцох хүсэлт гаргажээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.6-д ...өргөдөл, мэдээлэл гаргагч нь гэрчээр дуудагдсанаас бусад тохиолдолд хуралдаанд ажиглагчаар оролцож болохоор зохицуулсан байдаг бөгөөд тус хуралдаанд өргөдөл гаргагч нь гэрчээр дуудагдаагүй тул хүсэлтийг хангах боломжгүй гэж үзсэн болохыг дурдсугай.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 77 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Н.Х д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай. 

                                                             

                             ДАРГАЛАГЧ                                     Х.ХАШБААТАР                                             

                                   ГИШҮҮН                                     Д.МЯГМАРЦЭРЭН                                                                                   

                                                                                      О.НОМУУЛИН

 

 

 

[1] Тухайн хэрэгт хариуцагчаар оролцсон Э.Цэцгээ нь хүүхдийн төлөгдөөгүй тэтгэлэг 23,879,663 төгрөг гаргуулах, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, “Голден парк" хотхон, Энхтайваны өргөн чөлөө, 101 дүгээр байрны 181 тоот хаягт байршилтай, 43 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах гэсэн шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан байна

[2] Сахилгын хэргийн 113 дахь тал

[3] Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн мэдээлэл технологийн ажилтан Мөнхбаярын гэрчийн мэдүүлэг, сахилгын хэргийн 15-16 дахь талд байх тодорхойлолт

[4] Сахилгын хэргийн 61 дэх тал