МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-05-19
Дугаар 187
Улаанбаатар хот
2022 05 19 187
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Нямжаргал нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Т.Ц ийн ... шүүхийн Ерөнхий шүүгч Б.С д холбогдуулан гаргасан өргөдлийн дагуу түүнд сахилгын хэрэг үүсгэж, шалгах ажиллагаа явуулаад гишүүний 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 90 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг гишүүн Х.Хашбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн Х.Хашбаатар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: Тус хэрэгт шалгах ажиллагаа явуулаад өргөдөлд дурдсан асуудлыг дараах агуулгын хүрээнд дүгнэж, саналаа гаргалаа.
1. “...шүүгч Б.С 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны товыг миний өмгөөлөгч Ж.Я д мэдэгдээгүй мөртлөө түүнийг өвчний учир шүүх хуралд оролцох боломжгүй гэж танилцуулан шүүх хуралдааныг явуулж миний өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн” гэх тухайд:
... шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд нарийн бичгийн дарга “...шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Я д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна” гэж ирцийг танилцуулжээ.
Шүүгчийн туслах Ж.Л нь тус өдрийн шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр болон 08 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдэж, энэ талаараа мөн тайлбар ирүүлсэн.
2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр тов мэдэгдсэн баримтад “өмгөөлөгч Ж.Я д тов мэдэгдэхэд шүүх хуралд суухгүй, Миний бие өвдөөд байгаа учир очиж чадахгүй” гэж хэлсэн талаар тэмдэглэсэн, мөн шүүгчийн туслах Ж.Л ажлынхаа 70327383 дугаараас 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өмгөөлөгч Ж.Я ын 99113857 дугаарт залгаж 66 секунд ярьсны тэмдэглэсэн жагсаалт зэргээр тов мэдэгдсэн нь тогтоогдож байна.
Мөн өмгөөлөгч Ж.Я ээс 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гэрчийн мэдүүлэг авахад 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны товыг надад мэдэгдээгүй гэсэн хэр нь, мэдүүлгийн төгсгөлд намайг өвчтэй гэсэн шүүх хуралдааны өдрийг сайн санахгүй байна гэж мэдүүлэг өгсөн, мөн гэрчээс асуулт асуух болон гомдлын талаар тодруулах залгах бүрд миний биеийн байдал муу байгаа гэж хэлдэг, гэрчийн тайлбар авч байх явцад түүний регистрийн дугаар асуухад мэдэхгүй байна гээд эхнэр гэх хүн рүү залгаж асууж байгаа зэргээс харахад Я өмгөөлөгч гэрчийн чадамжтай эсэхэд эргэлзээ төрөхүйц байгааг дурдах нь зүйтэй байна.
Түүнчлэн, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т зааснаар шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангах, шүүх хуралдааны оролцогчдод ирцийг мэдэгдэх нь шүүгчийн туслахын чиг үүрэгт хамаардаг бөгөөд шүүх хуралдааны явцад шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас танилцуулсан ирц болон, шүүгчийн туслахын тов мэдэгдсэн баримтад тэмдэглэгдсэн байдал, шүүгчийн туслахын тайлбар зэргээр хуралдааны оролцогч ирээгүй талаар танилцуулсан шүүгчийг хэргийн оролцогчийн өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.
2. “...Т.Ц надад шүүх хуралдааны ирцтэй холбоотой санал хүсэлт хэлэх боломж өгөөгүй..., би аргагүйн эрхэнд өөрийгөө өмгөөлөх байдлаар шүүх хуралдаанд оролцсон...” гэх тухайд:
... шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны 2021/ШЦТ/56 дугаартай тэмдэглэлд
Даргалагчаас: Талуудад шүүх хуралдааны ирцтэй холбогдуулан гаргах санал, хүсэлт байна уу? гэхэд
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар: Байхгүй гэв.
Шүүгдэгч нар: Байхгүй гэв.
Даргалагчаас: Ж.Я өмгөөлөгчийг байлцуулалгүй хурал хийх боломжтой юу? гэхэд
Шүүгдэгч Т.Ц : Би өөрийгөө өмгөөлж хуралд оролцоно. Ж.Я өмгөөлөгчгүй хуралд үргэлжлүүлж болно гэж тус тус тэмдэглэгдсэн, шүүх хуралдааны бичлэгийн 00:00:11 хормоос “Даргалагч шүүх хуралдааны ирцтэй санал хүсэлт байна уу гэж асуухад хэргийн оролцогчид байхгүй гэсэн, мөн даргалагч: Я өмгөөлөгч ирэхгүй гэсэн биеийн байдал муу байна хуралдаанд оролцох боломжгүй байна гээд туслахтай ярьсан байна лээ, Я өмгөөлөгчтэй орох, орохгүй юу гэдэг саналыг асууж байна, үргэлжлүүлээд н.Д өмгөөлөгчтэй орчиход болох юм уу гэхэд шүүгдэгч Т.Ц : ...би өөрийгөө давхар өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ өгч байна гээд цаас өгсөн, үргэлжлүүлээд Д.Д өмгөөлөгчтэй хуралд оролцохоо зөвшөөрсөн” зэргээр тус хуралдаанд шүүгдэгч Т.Ц нь хуралдааны ирцтэй холбоотой санал хүсэлтээ хэлсэн нь тогтоогдож байна.
Мөн хуралдаанд шүүгдэгч Т.Ц нь өмгөөлөгчтэй оролцсон гэдэг нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны 2021/ШЦТ/56 дугаартай тэмдэглэлд “шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Ц , түүний өмгөөлөгч Д.Д ...” гэж ирц танилцуулсан болон, өмгөөлөгч Д.Д нь шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээр хангагдаж оролцсон нь тэмдэглэгдсэн зэргээр шүүгдэгч нь өмгөөлөгчгүй оролцсон, өмгөөлүүлэх эрхээр хангагдаагүй гэх гомдлууд нь үгүйсгэгдэж байна.
Иймд өргөдөлд дурдсан үйл баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт хамаарахгүй, 55 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, шүүгч нь шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэх байдал тогтоогдохгүй байх тул ... шүүхийн Ерөнхий шүүгч Б.С д үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, энэхүү саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
... шүүхийн Ерөнхий шүүгч Б.С тайлбартаа: “Шүүхийн сахилгын хороонд Т.Ц ийн гаргасан гомдлыг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гардан авч, дараах тайлбарыг гаргаж байна. ... шүүхийн Ерөнхий шүүгч Б.С миний бие ... Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөө овогтой Төмөрчөдөрийн Ц , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогтой Г М нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ЕШЗ/273 дугаартай захирамжаар хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар Ерөнхий шүүгч Б.С , шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Д , Э.Д нар томилогдсон ба тус шүүхийн шүүгч Ц.Д , Э.Д нар нь ээлжийн амралтаа эдлэхээр болсон тул шүүх бүрэлдэхүүний шүүгч нарыг өөрчлөн шүүгч П.Э , ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.А нарын бүрэлдэхүүнтэй хэргийг 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хянан шийдвэрлэсэн.
Тус хэрэгт яллагдагч Т.Ц нь 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргасан урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлтийг ... сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй хаалттай хорих ангиас 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд ирүүлснийг Ерөнхий шүүгч миний бие хүлээн авч, хүсэлтийг ханган 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/165 дугаартай шүүгчийн захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг товлон зарласан.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЗ/168 дугаартай шүүгчийн захирамжаар "...хүсэлт шийдвэрлэж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутад явуулахаар, шүүх хуралдааны бэлтгэлийг хангахыг шүүгчийн туслах Т.Л д даалгаж..." шийдвэрлэсэн.
Шүүгчийн туслах Т.Л нь тус захирамжийн дагуу хэргийн оролцогч нартай өөрийн гар утасны дугаар болох ..., ажлын ... дугаартай утсаар шүүх хурлын тов мэдэгдэж, шүүх хурлын бэлтгэл ажлыг хангасан болох нь ... утасны биллээр нотлогдож байна. Ерөнхий шүүгч миний бие шүүгчийн туслах Т.Л гээс тус шүүх хурлын бэлтгэлийн талаар асуухад Ж.Я өмгөөлөгчөөс бусад нь шүүх хуралд ирэхэд бэлэн харин өмгөөлөгч Ж.Я д тус шүүх хурлын тов мэдэгдэхэд "...өмгөөлөгч би эмнэлэг хэвтэж байгаа биеийн байдлаас болж шүүх хуралд оролцох боломжгүй, тэгээд ч би өмнө нь Т.Ц д дахиж шүүх хуралд орохгүй гэж мэдэгдсэн" гэсэн тайлбар хэлсэн ба энэ талаараа утсаар ярьсан тэмдэглэл хийж хэрэгт хавсаргасан байсан.
2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хурал дээр шүүх хуралдааны ирцтэй холбоотойгоор хэргийн оролцогч нараас ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй. Ж.Я өмгөөлөгчийн ирээгүй талаар талуудад мэдэгдэхэд шүүгдэгч Т.Ц нь өмгөөлөгч Д.Д гийн хамт хурлаа үргэлжлүүлнэ, мөн өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно гэж тайлбарлан энэ талаар хүсэлтээ бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар "...Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно..." гэж хуульчилсан тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Шүүгдэгч Т.Ц нь хуралд Д.Д өмгөөлөгчтэй оролцсон тул түүний өмгөөлүүлэх эрхийг шүүхээс хааж зөрчөөгүй болно.
Түүнчлэн шүүгдэгч Т.Ц д удаа дараа буюу хүсэлт гаргах бүрд нь цагдан хорих байрнаас шүүхэд авч ирэн 2021 оны 07 дугаар сарын 23, 26-ны өдрүүд, 2021 оны 08 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд хэргийн материал танилцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Ингэж танилцахдаа ганцаараа болон өмгөөлөгч Д.Д гийн хамт байсан.
Ерөнхий шүүгч Б.С миний бие энэ хэрэгт ямар нэгэн байдлаар хувийн ашиг сонирхол гаргаж байгаагүй ба хуульд зааснаар шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр шийдвэрээ гаргасан. Т.Ц ийн гаргасан гомдол нь үндэслэлгүй Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан сахилгын зөрчилд хамаарахгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
... шүүхийн Ерөнхий шүүгч Б.С даргалж, шүүгч Г.Э , Р.А нарын бүрэлдэхүүнтэйгээр, шүүгдэгч Т.Ц , Г.М нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хянан хэлэлцээд 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолоор Т.Ц ийг гэм буруутайд тооцож, Г.М д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэжээ.
Өргөдөл гаргагч Т.Ц ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 423 дугаар хорих ангиар дамжуулан Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисст “шүүгдэгч Т.Ц ийн өмгөөлөгч Ж.Я д шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, түүнийг өвчтэй учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэж танилцуулан шүүх хуралдааныг явуулж миний өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн. Мөн надад шүүх хуралдааны ирцтэй холбоотой санал хүсэлт хэлэх боломж өгөөгүй, би аргагүйн эрхэнд өөрийгөө өмгөөлөх байдлаар шүүх хуралдаанд оролцсон” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.
Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Э ын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 06/143 дугаар албан бичгээр Т.Ц ийн дээрх гомдол (өргөдөл)-ийг харьяаллын дагуу Шүүхийн сахилгын хороонд шилжүүлсэн байна.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгчийн туслах Т.Л гээс Т.Ц ийн өмгөөлөгч Ж.Я д шүүх хуралдааны товыг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдэхэд тэрээр “шүүх хуралд суухгүй, миний бие өвчтэй байгаа учир очиж чадахгүй” гэж хэлсэн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт, тус шүүхийн шүүгчийн туслах Т.Л гийн тайлбар болон тус шүүхийн ... дугаарын утаснаас өмгөөлөгч Ж.Я ын ... дугаарын утас руу 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдааны товыг дахин мэдэгдсэн болох нь утасны дуудлагын жагсаалтын баримтаар тус тус тогтоогдож байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсгийн 89.3.7 дахь заалтад “шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангахад оролцох” гэж зааснаар шүүгчийн туслах Т.Л нь хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдэж, танилцуулсан талаараа бүртгэлийн дэвтэрт тэмдэглэжээ.
Илтгэгч гишүүн сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад ... шүүхийн Тамгын газраас 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийг нотлох баримтаар гаргуулан авсан байна.
Уг бичлэгт үзлэг хийхэд “Видео” нэртэй СД-ны “S2800001_x264.mp4” нэртэй 1 дүгээр бичлэгийн 01 минут 45 секундээс шүүгдэгч Т.Ц “Ж.Я өмгөөлөгчийн биеийн байдал нь тийм бол бас оролцуулахгүйгээр, харин гайгүй, өөрөө хүрээд ирнэ гэвэл” гэхэд, шүүх хуралдаан даргалагч “Ирэхгүй гэсэн. Ирэх боломжгүй, биеийн байдал муу байна. Хуралд оролцох боломжгүй байна гэж туслахтай ярьсан байна лээ. Ж.Я өмгөөлөгчтэй хуралд орох уу, орохгүй юу гэдэг чиний саналыг асууж байна” гэхэд Т.Ц “тэгэхээр ийм байна, шүүгч ээ. Би хоригдоод өмгөөлөгч нартайгаа уулзаж чадахгүй өнөөдрийг хүртэл явж байгаад, сая Д.Д өмгөөлөгчтэй дөнгөж сая уулзаад, хэргийн материалтай хагас дутуу танилцлаа” гэв. Даргалагч шүүгч “чи өмнө нь хэргийн материалтай танилцсан. Өмгөөлөгч чинь танилцсан” гэхэд Т.Ц “өмгөөлөгчтэй холбоотой асуудлаар энэ хүмүүстэйгээ холбогдож чадсангүй. Тэгэхээр би өөрийгөө давхар өмгөөлж шүүх хуралд оролцох хүсэлтээ өгч байна” гээд шүүх бүрэлдэхүүнд цаас өгөв.
...Хуралдаан даргалагч шүүгч “Ж.Я өмгөөлөгчийг яах юм бэ” гэхэд шүүгдэгч Т.Ц “Ж.Я өмгөөлөгчтэй нэгэнт яриагүй юм чинь ингээд орчъё” гэж хэлж байна. Даргалагч шүүгч “үргэлжлүүлээд Д.Д өмгөөлөгчтэй ороход болох юм уу? Мөн үү?” гэж лавлаж асуухад шүүгдэгч Т.Ц “тэгье” гэж хэлсэн болох нь бичлэгээр тогтоогдож байна.
Мөн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/56 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дугаар талын 2 дугаар догол мөрөөс даргалагч “Ж.Я өмгөөлөгчийг байлцуулалгүй хурал хийх боломжтой юу” гэхэд, Т.Ц “Би өөрийгөө өмгөөлөгч хуралд оролцоно. Ж.Я өмгөөлөгчгүй хурал үргэлжлүүлж болно” гэж хэлсэн нь бичигдсэн бол мөн өдрийн 2021/ШТ/01 дугаартай тэмдэглэлийн 2 дугаар талын 4 дүгээр догол мөрөөс даргалагч “Ж.Я өмгөөлөгчийг оролцуулах юм уу” гэж асуухад Т.Ц “Ж.Я өмгөөлөгч ирээгүй учир шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх саналтай байна. Д.Д өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцоно” гэж хэлсэн нь тус тус тэмдэглэгджээ.
Шүүх хуралдааны бичлэг болон тэмдэглэлээс үзвэл шүүх Т.Ц ийн өмгөөлөгч Ж.Я д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байхаас гадна Т.Ц нь өргөдөлд дурдсан шиг аргагүйн эрхэд өөрийгөө өмгөөлөх байдлаар шүүх хуралдаанд оролцсон бус харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хүнийг баривчлах үед түүнд баривчилсан шалтгаан, үндэслэлийг мэдэгдэж, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, шүүхэд гомдол гаргах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулна”, мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж тус тус зааснаар хуульд заасан эрхээ эдэлж, өөрийгөө өмгөөлснөөс гадна өөрийнх нь бас нэг өмгөөлөг болох Д.Д гийн хамт шүүх хуралдаанд оролцсон байна.
Ерөнхий шүүгч Б.С г Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гишүүний саналыг үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.4, 112.7, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ... шүүхийн Ерөнхий шүүгч Б.С д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлал уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
3. Энэхүү магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
5. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авснаар тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
Б.СУГАР