МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-05-12
Дугаар 182
Улаанбаатар хот
2022 05 12 182
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Б.Сугар, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Нямжаргал нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Иргэн О.Э ын ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.А , С.Б нарт холбогдуулан гаргасан өргөдлийн дагуу түүнд сахилгын хэрэг үүсгэж, шалгах ажиллагаа явуулаад гишүүний 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 82 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг гишүүн Г.Цагаанцоожийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн Г.Цагаанцоож Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: ...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах ба шүүгчид хориглох зүйлийг хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д нэрлэн заасан.
Холбогдох шүүгч нар О.Э д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон зүйлийг зөрчсөн эсэхийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд тодорхойлох учиртай.
Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийг тодорхойлсон Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-ын 2-т зааснаар шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэх ба удиртгал хэсэгт шийдвэрийг хэзээ, хаана гаргасан, шийдвэр гаргасан шүүхийн нэр, шүүх бүрэлдэхүүн, иргэдийн төлөөлөгч, шүүхийн нарийн бичгийн дарга, талууд, оролцогч, хэргийн дугаар, шүүгдэгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн газар, он, сар, өдөр, түүний оршин суугаа газар болон ажлын газар, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол, мэргэжил, гэр бүлийн байдал, хэрэгт ач холбогдол бүхий биеийн байцаалтын талаарх бусад мэдээлэл, шүүгдэгчийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад хамаарахыг тусгахаар хуулийн 36.6 дугаар зүйлд заажээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмыг Улсын Дээд шүүх батлах ба Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх /Цагаатгах/ тогтоол боловсруулах аргачлалыг баталсан.
Уг аргачлалын 1.1-д “...шүүгдэгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нарын нэрийг удиртгал хэсэгт заана. Харин бусад оролцогч болох иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хохирогч гэрч, шинжээч нарын нэрсийг зөвхөн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгана” гэжээ.
Шүүх хуралдаанд хохирогч Б.Ж , өмгөөлөгч Б.Г , хохирогч Х.Г , Х.Г нарын өмгөөлөгч Б.Г , хохирогч Э ийн өмгөөлөгч Б.Э нар оролцсон нь тэмдэглэлд тусгагдсан, харин шийтгэх тогтоолд бичигдээгүй нь хууль болон аргачлалыг зөрчөөгүй байна.
2. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүх хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заах учиртай.
Эрүүгийн хэрэгт шүүгдэгч О.Э ын эзэмшлийн “Г м” ХХК болон “У г” ХХК-ийн нэр дээр тусгай зөвшөөрлийг битүүмжилсэн, энэ хэргийн улмаас шүүгдэгчийн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор дээрх зөвшөөрлийг битүүмжилснийг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийтгэх тогтоолд заасан, энэ нь уншин сонсгосноор өөрөөр бичигдээгүй байх тул хууль зөрчсөн гэж үзэхгүй.
3. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгч хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.
Тодруулбал, шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэх ба ийнхүү шийдвэрлэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолд тодорхой тусгаж дурдах учиртай бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг сахилгын хороо шалгаж дүгнэлт өгөх эрхгүй. Иймд “... хэрэгт цугларсан нотлох баримтыг илт үгүйсгэж хэргийн бодит байдалтай огт нийцэхгүй дүгнэлтийг санаатай бичсэн...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Дээрх үндэслэлээр шүүгч С.Б , П.А нар сахилгын зөрчил гаргасан гэх байдал тогтоогдоогүй тул түүнд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
Жич: шүүгч С.Б д холбогдох сахилгын хэргийг өмнө үүсгэсэн сахилгын хэрэгтэй нэгтгэсэн тул дүгнэлт хийгээгүй болно” гэжээ.
Шүүгч П.А , С.Б нар 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хариу тайлбартаа: “...О.Э д холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцсэн. Шүүх хуралдаан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35 дугаар бүлэгт заасан журмын дагуу явагдаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж шийтгэх тогтоол гаргасан.
Уг шийтгэх тогтоолыг бичгийн хэлбэрээр боловсруулан гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүрэг, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр зүйлийн 20-ны өдрийн 29 дүгээр “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай” тогтоолд заасныг баримталсан болно.
Дээрх 29 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсанаар “тогтоолын удиртгал хэсэгт шүүх бүрэлдэхүүн болон шүүгч, шүүгдэгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, улсын яллагч өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нарын нэрийг энэ хэсэгт заана. Харин бусад оролцогч болон иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хохирогч, гэрч, шинжээч нарын нэрсийг зөвхөн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгана” гэж зааснаар шийтгэх тогтоолыг бичгийн хэлбэрээр боловсруулан гаргахдаа удиртгал хэсэгт нь шүүх хуралдаанд оролцсон хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын нэрийг заан оруулалгүй, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бичсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаан даргалагч нь шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруутай эсэх, үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл хэсэг заалтад заасны дагуу зүйлчлэгдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоосон зэргийг тус бүрээр нь танхимд байсан оролцогч нарт дэлгэрэнгүй уншиж сонсгосон.
Харин О.Э д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа түүний эзэмшлийн 2 компанийн нэр дээр байдаг хэд хэдэн тусгай зөвшөөрлүүдийг битүүмжилсэн байсан ба шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд битүүмжилсэн хөрөнгүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэлийг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжүүлж шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолыг уншин сонсгохдоо битүүмжилсэн хөрөнгүүдийг бүхэлд нь хэвээр үлдээсэн гэх утгаар буюу ямар ч компанийн нэр дурдаагүй бөгөөд ...албан тоотод заасан компаниудын нэр дээр байдаг тусгай зөвшөөрлүүд битүүмжилснийг хохирол нөхөн төлүүлэх зорилгоор хэвээр үлдээж, шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй гэж уншсан. Ингээд тогтоолоос ойлгоогүй зүйл байна уу гэж асуухад О.Э ын өмгөөлөгч О.Батсүх битүүмжилсэн хөрөнгийг хэвээр үлдээсэн талаар даргалагчаас асууж лавлаж байсан.
Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан шийдвэрлэхдээ аливаа нэгэн өс хонзон агуулаагүй бөгөөд өргөсөн тангаратаа үнэнч байж, хууль тогтоомжид заасныг чандлан сахиж, өөрсдийн мэдлэг боловсролоо дайчлан, хэнээс ч хараат бусаар шүүн таслах ажиллагааг явуулан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбар, нотлох баримтуудыг үндэслэн хуульд заасан журмын дагуу дотоод итгэлээр үнэлж, хууль зүйн дүгнэлт хийн шийдвэр гаргаж, шийтгэх тогтоолыг бичгийн хэлбэрээр боловсруулсан ба ёс зүйн ямар нэг зөрчил гаргаагүй болно...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч О.Э Шүүхийн сахилгын хороонд “...... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.А , С.Б , С.Б нар нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолд шүүх хуралдаанд биеэр оролцсон Б.Ж , түүний өмгөөлөгч Б.Г , Х.Г , Х.Г нарын өмгөөлөгч Б.Г , С.Э ийн өмгөөлөгч Ж.Э нарыг оролцоогүй мэтээр орхигдуулж бичсэн. Шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийтгэх тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт “Г м” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг шилжүүлнэ гэсэн атлаа бичгээр гарсан шийтгэх тогтоолд “У г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг нэмж оруулж бичсэн, ...нэг талд үйлчилсэн дүгнэлт хийж, хэргийг бодит байдалтай нийцүүлэхгүй өс хонзон авч байгаа мэтээр дүгнэлтүүдийг санаатайгаар бичиж, шүүгч хүний ёс суртахуун, үнэн зөвийг олох цензурийг бүдүүлгээр зөрчсөн тул гомдол гаргаж байна. Үнэн шударгаар нь хянан зохих арга хэмжээг авч өгнө үү.” гэх агуулга бүхий өргөдөл гаргажээ.
Гишүүн шалгах ажиллагааны явцад 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 834 дүгээр захирамжаар шүүгч С.Б д холбогдох хэргийг түүний хүсэлтээр 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар захирамжаар үүсгэсэн сахилгын хэрэгт нэгтгэсэн байна.
1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүх хуралдаанд биеэр оролцсон хохирогч Б.Ж , түүний өмгөөлөгч Б.Г , хохирогч Х.Г , Х.Г нарын өмгөөлөгч Б.Г , хохирогч С.Э ийн өмгөөлөгч Ж.Э нарыг оролцоогүй мэтээр орхигдуулж бичсэн гэх тухайд:
... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Б даргалж, шүүгч П.А , С.Б нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүгдэгч О.Э д холбогдох 2014260002714 дугаартай хэргийг хянан хэлэлцээд 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Э ыг гэм буруутайд тооцжээ.
Тухайн өдрийн шүүх хуралдааны 87 дугаар тэмдэглэлд “...шүүх хуралдааныг шүүгч С.Б даргалж, шүүгч С.Б , П.А нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Б, улсын яллагч Б.Э, иргэдийн төлөөлөгч Х.Д, хохирогч Б.Ж , түүний өмгөөлөгч Б.Г , хохирогч Х.Г , Х.Г нарын өмгөөлөгч Б.Г , хохирогч С.Э ийн өмгөөлөгч Ж.Э, шүүгдэгч О.Э , түүний өмгөөлөгч О.Б, Д.Б нарыг оролцуулан” гэж, харин 2022/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолд “шүүгдэгч О.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Б, иргэдийн төлөөлөгч Х.Д, улсын яллагч Б.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б, О.Б нарыг оролцуулсан” гэж тус тус бичсэн байна.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай” 29 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх (цагаатгах) тогтоол боловсруулах аргачлал”-ын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Удиртгал хэсэгт ...шүүхийн шийдвэрийг хэзээ, хаана, ямар шүүх гаргаж байгаа, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүгдэгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч нарын нэрийг энэ хэсэгт заана. Харин бусад оролцогч болох иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч хохирогч, гэрч, шинжээч нарын нэрсийг зөвхөн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгана” гэж заажээ. Энэ тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн бүх шатны шүүхүүд даган мөрдөж байна.
Иймд шүүгч С.Б С.Б , П.А нар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор батлагдсан журам, аргачлалын дагуу бичсэн байх тул тэднийг шүүгчид хориглосон хуулийн заалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэхгүй.
2. Шийтгэх тогтоолыг шүүх хуралдаанд уншиж сонсгохдоо “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт “Г м” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг шилжүүлнэ” гэсэн атлаа шийтгэх тогтоолыг бичгээр гаргахдаа “У г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг нэмж оруулж бичсэн гэх тухайд:
... дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны бичлэгийн “recording (3)” гэх нэртэй бичлэгт шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийтгэх тогтоолыг уншин сонсгож байх ба уг бичлэгийн 3 минутаас даргалагч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт заасныг журамлан энэ хэрэгт битүүмжлэгдсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №2/5556 албан тоот, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №11/4-3575 албан тоот, Ашигт малтмалын газрын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6/10351 тоот лицензийг битүүмжилснийг хохирлыг нөхөн төлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт битүүмжлэлтэй нь шилжүүлсүгэй...” гэж уншин сонсгожээ.
Бичлэгийн 6 минут 48 секундээс хуралдаан даргалагч шүүхийн шийтгэх тогтоолыг тайлбарлахдаа “дараагийн заалтаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эрхийг хязгаарлаж битүүмжилсэн хөрөнгийг хохирол нөхөн төлүүлэх зорилгоор уг хөрөнгийг битүүмжилснийг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж байна...” гэж уншин сонсгож байна.
Мөн бичлэгийн 8 минут 04 минутад даргалагч “ойлгоогүй асуух зүйл байгаа юу” гэхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б “битүүмжлэгдсэн хуулийн этгээдийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хохирлыг төлүүлэх зорилгоор гэдэг нь юу гэж байгаа юм бэ” гэж асуухад даргалагч “7.5-ын 1-ээр хохирол нөхөн төлүүлэх зорилгоор зохих байгууллагад нь шилжүүлнэ гэсэн. Тэр дагуу шийдвэрлэсэн байгаа” гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б “зорилго гээд заачихаар энүүгээр нь л хохирлыг барагдуул гэх агуулга хэлчихлээ ш дээ. Энэ хүн чинь тэр эрхээ авч үлдээд, мөнгөөр нь хохирлоо төлөх боломжгүй агуулгатай шийтгэвэр болчхож байгаа юм биш үү. Энийгээ одоо тогтоолдоо бас агуулгыг нь тайлбарлаж өгөхгүй бол ийм агуулгатай болчихлоо ш дээ. Бид нар бол зорилгоор гэдгийг шууд тэгж ойлгож байна” гэж хэлж байгаа нь бичигдсэн байна.
Өөрөөр хэлбэл өргөдөл гаргагч О.Э ын өргөдөлд дурдсан шиг “шүүх бүрэлдэхүүн шийтгэх тогтоолыг танилцуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт “Г м” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг шилжүүлнэ” гэж уншаагүй болох нь шүүх хуралдааны бичлэгээр тогтоогдож байна.
Харин компанийн нэрийг заалгүйгээр “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт заасныг журамлан энэ хэрэгт битүүмжлэгдсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №2/5556 албан тоот, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №11/4-3575 албан тоот, Ашигт малтмалын газрын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6/10351 тоот лицензийг битүүмжилснийг хохирлыг нөхөн төлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт битүүмжлэлтэй нь шилжүүлсүгэй” гэж уншин сонсгосон нь анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолын 9 дүгээр заалтад тусгасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдийг тус тус журамлан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №9ё-1/3905/ албан тоот, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №2/5556 албан тоот, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №11/4-3575 албан тоот, Ашигт малтмалын газрын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6/10351 тоотод заасны дагуу О.Э ын эзэмшлийн “Г м” ХХК, “У г” ХХК-иудын нэр дээрх тусгай зөвшөөрлүүдийн шилжих хөдөлгөөнийг хязгаарлан битүүмжилснийг хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй” гэсэнтэй агуулгаараа тохирч байна.
Иймд шүүгч П.А , С.Б нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гишүүний саналыг үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.4, 112.7, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.А , С.Б нарт үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлал уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
3. Энэхүү магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
5. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авснаар тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН Б.СУГАР
Х.ХАШБААТАР