МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-04-20
Дугаар 157
Улаанбаатар хот
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-04-20 Дугаар 157 Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, нарийн бичгийн дарга Г.Б нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
... шүүхийн шүүгч Ц.А-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гишүүний саналд:
“...Гэрч Б.Ж “би Ц.А-тай Удирдлагын академийн магистрын нэг ангид сурч байсан найзууд. Тухайн үед өөрийн найз залуу байсан Э.Б нь төрсөн дүү болон түүний нөхөрт 8888-тай дугаар авч өгмөөр байна гэсэн. Ц.А тухайн үед Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт мэргэжилтнээр ажилладаг байсан болохоор энэ тухай хэлэхэд найдвартай хүмүүс юм уу гэж байсан. Дараа нь Юнителийн утасны 2 дугаарыг тус бүрийг нь 3.000.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөг гэснийг нь алтан дугаарынх нь хайрцаг савтай, коньяктай нь авч, Э.Б д дамжуулж өгсөн.
Юнителийн 8888-тай дугаар тухайн үеийн ханшаар нэг нь 5.000.000 төгрөг, 2 дугаарын үнэ 10.000.000 төгрөгийн үнэтэй байсан боловч хөнгөлөлттэй үнээр авч өгч байсан. Уг дугааруудыг 6 сарын дараа баримтуудыг нь цуглуулаад нэрийг нь шилжүүлэх талаар ярьж байсан. Ц.А, Э.Б нар аль аль нь утасны дугаарыг шилжүүлж, өгөх, авах хүсэлттэй байсан.
Ц.А “би шүүгч болсон учраас миний нэр дээр байх Юнителийн дугааруудыг өөр хүмүүс ашиглаад байх нь зохимжгүй байна. Авлигатай тэмцэх газар хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг” гэж хэлж байсан.
...Э.Б нь Э.Б ы төрсөн дүү, түүнтэй Ц.А бид хоёр уулзаж байгаагүй. Миний бодлоор Э.Б гийн нөхөр н.Н , Ц.А-ийн нөхөр н.Нэргүй нарын хооронд маргаан үүсэж, муудалцсанаас болоод ийм асуудал үүссэн юм болов уу гэж бодож байна” гэж мэдүүлсэн.
Харин гэрч Э.Б нь “Ц.А нь миний найз Б.Ж ын найз. Би Ц.А-ээс Юнителийн ..., ... гэсэн 2 дугаарыг авч, төрсөн дүү Э.Б , түүний нөхөр нарт өгч байсан. Уг дугааруудыг 6 сарын дараа шилжүүлж өгнө гэж ярьж тохиролцсон байсан боловч шилжүүлж өгөөгүй.
3 жил гаруйн дараа Ц.А-ийн нөхөр н.Нэргүй нь “нэг хүнээр над руу яриулаад утасны дугааруудын нэрийг шилжүүлж өгөхгүй, өөр хүнд шилжүүлэхээр болсон” гээд шууд хаачихсанд миний 2 дүү гомдолтой байгаа.
Би Ц.А, түүний нөхөр н.Нэргүй нар руу “иймэрхүү асуудлаар хэл ам гаргаад яах вэ, дугаараа шилжүүлээд нэг тийшээ шийдчихээч” гэж олон удаа мессеж бичиж байсан.
Миний Хаан банкны 5030151822 дугаар дансанд 5.750.000 төгрөгийг Ц.А-ийн нөхөр шилжүүлсэн. Энэ талаар дүү Э.Б д хэлтэл “мөнгө авахгүй ээ, дугааруудаа авмаар байна” гэж хэлсэн. Уг мөнгө нь одоо ч миний дансанд байгаа” гэж мэдүүлсэн.
Өргөдөл гаргагчийн өргөдөл, шүүгчийн хариу тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээс үзвэл Э.Б , Ц.А нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдан худалдах, худалдан авах гэрээг хүнээр дамжуулан амаар тохиролцон хийсэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Шүүгч Ц.А нь Юнител ХХК-аас авсан 2 дугааруудын нэрийг шилжүүлэх үүрэгтэй байсан боловч уг үүргээ биелүүлээгүй болох нь Юнител ХХК-д хандан нэрээ шилжүүлэх тухай хүсэлт гаргатал дугаарын 10.000.000 төгрөг болсон зөрүү мөнгийг тушаах юм бол нэрийг шилжүүлнэ гэснээс шалтгаалж утасны дугааруудын нэр шилжигдээгүй байх тул шууд шүүгч Ц..А-ийг буруутгах үндэслэлгүй байна.
Улмаар шүүгч 88884799, 88884899 дугааруудын үнэ нийт 6.000.000 төгрөгөөс ярианы төлбөрт төлсөн 245.333,54 төгрөгийг хасаж, үлдэх 5.750.000 төгрөгийг буцаан төлснөөр гэрээнээс татгалзсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, Хаан банкны дансны хуулгаар нотлогдож байна.
Өргөдөл гаргагч Э.Б , шүүгч Ц.А нарын хооронд хүнээр дамжуулан амаар байгуулагдсан гэх Юнителийн утасны дугаар худалдах, худалдан авах гэрээнээс үүссэн маргаан нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
Иймд шүүгч Ц.А-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Өргөдөл гаргагч иргэн Э.Б гаас шүүгч Ц.А-д холбогдуулан ..., ... гэсэн дугааруудыг өөрийн нэр дээр байгааг ашиглан эдгээр дугааруудыг хаалган шинэ сим авч залилсан, шүүгч хүний ёс зүйгүй, хэлсэндээ байж чадахгүй байгаад гомдолтой байна гэсэн утга агуулгатай гомдол гаргажээ.
Нэр бүхий иргэд ..., ... дугааруудыг худалдах-худалдан авахаар харилцан тохиролцсон, эдгээр дугааруудыг нэр шилжүүлэх асуудал нь тодорхой шалтгааны улмаас хийгдээгүй зэрэг асуудал нь шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой гэхээс илүүтэйгээр иргэд хоорондын утасны дугаар худалдах-худалдан авах гэрээ хэлцэл, дугаар шилжүүлэхтэй холбоо харилцаатай холбоотой буюу иргэний эрх зүйн маргаан байна.
Учир нь Шүүхийн сахилгын хороо нь шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн эсэх талаарх маргааныг хянах, хэрэв зөрчсөн гэж үзэж байгаа бол тухайн зөрчил гаргасан гэх үйл баримттай холбоотой маргааныг шийдвэрлэх, сахилгын зөрчил гаргасан эсэхийг тогтоох хууль зүйн зохицуулалттай.
Иймд илтгэгч гишүүний шүүгч Ц.А-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ... шүүхийн шүүгч Ц.А-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Б.СУГАР
ГИШҮҮН Х.ХАШБААТАР
Д.МЯГМАРЦЭРЭН