info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-01-26

Дугаар 16

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхмэнд нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 117 дугаар сахилгын хэрэг үүсгэсэн захирамжтай, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өргөдөл гаргагч “МБМЛТД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Пүрвээ гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-т “даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана” гэж хуульчлан тогтоосон байна. Гэтэл шүүгч н.А нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд бөгөөд шүүхийн шийдвэрийн агуулгыг танилцуулсан атлаа шийдвэрийнхээ үндэслэл, ямар шалтгаанаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноо огт танилцуулахгүй шүүх хуралдааныг хаасан болно.

Энэ нь шүүгч н.А гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлаж чадахгүй байгаа, эсхүл хариуцагч талд илт үйлчилж хуулийг илтэд зөрчсөн, шүүхэд итгэх итгэлийг алдагдуулсан ёс зүйн зөрчил гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна”гэж заасан байгаа.

Шүүгч хуульд заасан хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гаргаагүй хууль зөрчсөн энэ тухай 14 дэх хоног дээр шаардахад шийдвэрийг гардуулаагүй атлаа дараа нь гарсан мэтээр туслахаараа дамжуулан худал тайлбар гаргасан нь ёс зүйтэй шүүгч биш гэдэг нь харагдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.3-д “Анхан шатны шүүх давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тайлбарыг хавсарган хэргийн хамт гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн заалдах шатны шүүхэд хүргүүлнэ” гэж заасан байгаа.

Хуульд зааснаар давж заалдах гомдлыг хэлэлцүүлэхээр 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ёстой байхад хууль зөрчин 1 сар 10 хоносон нь А шүүгчийг санаатай удаашруулж, улмаар “Ж” ХХК, иргэн Д.Л-ордыг ухаж дуусгах, илүү ашиг олох боломжийг зориуд олгож байгаа санаатай үйлдэл байна.

Ийнхүү шүүгч н.А нь шүүгчийн ёс зүйг зөрчин, хэргийг шийдвэрлэхдээ хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явуулах, хуулийг дээдлэх сахих, хэргийн оролцогчид хүндэтгэлтэй хандах, тэдгээрээс хардлага төрүүлэхүйц үйлдэл гаргах байх дүрмүүдийг илтэд зөрчиж, олон удаагийн үйлдлээр нэг талын шийдвэр гаргаж байгаа нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.2-т заасан ”... шүүгч бүр Үндсэн хууль. бусад хууль болон энэхүү дүрмийн хэм хэмжээнд захирагдах үүрэгтэй, ...дүрмийн 6.1-д “шүүгч хуулийг чанд хүндэтгэн мөрдөж ...зохисгүй байдал гаргах шүүгчийн хувьд энэхүү өндөр хариуцлага бүхий албан хүндэтгэлтэй хандаж, өөрийн үйл ажиллагаагаар шүүх эрх мэдлийн нэр төрийг хадгалж, олон нийтийн итгэлийг алдагдуулахгүй байх үүрэгтэй...гэж заасныг зөрчсөн болохыг тогтоож, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу хариуцлага тооцож өгнө үү.”гэжээ.

Шүүгч Г.А тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.П гомдолд дурдсанчлан шүүгч би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үндэслэлгүйгээр удаашруулсан, шийдвэрийн үндэслэлийг тайлбарлаагүй, давж заалдах шатны шүүхэд хэргийг хуульд заасан хугацаанд хүргүүлэхгүй удаашруулсан үйлдлийг гаргаагүй болно.

Шүүхийн шийдвэр хуульд заасан хугацаанд гарч, зохигчид шийдвэрийг гардан авч, нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасныг мөн шүүхэд нь хүргүүлсэн болох нь цахим системээс авсан шийдвэрийн төлөв, шүүхийн тогтоол шийдвэр гардуулсан баримт, ...- шүүхийн 2021.07.01-ний өдрийн 102/ЗТ2021/00639 дугаартай “Шуурхай арга хэмжээ авах тухай” Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, 2021.06.14, 21, 2021.07.01-ний өдрүүдийн ...- шүүхийн байранд “Ковид-19” корона вирусийн халдварын эерэг тохиолдол удаа дараа илэрч, эрсдэл буурахгүй байсан тул Улсын Онцгой комиссын шуурхай штаб, Баянгол, Хан-Уул дүүргийн шуурхай штабын зөвлөмжийн дагуу шаардлагатай арга хэмжээг авч, шүүхийн үйл ажиллагааг түр зогсоосон “Мэдэгдэл” мөн нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг 2021.06.02, 04, 08, хариуцагч Л.У 2021.06.22-ны өдрүүдэд гардан авч, давж заалдах гомдол гаргах хуульд заасан хугацааг олгох эрхийг эдлэх боломжийг шүүх олгож, хэргийг 2021.07.28-ны өдөр 1/2076 дугаартай албан бичгээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Түүнчлэн 2021.06.30-ны өдөр шүүгч миний “Ковид-19” корона вирусын халдварын шинжилгээний хариу “эерэг” гарч, хүнд оноштой эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2021.07.28- ны өдөр ажилдаа орсон.

Мөн шүүхийн шийдвэрийг агуулгыг танилцуулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.П, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Э нар сонсож, хариуцагч Д.Л, “Ж” ХХК-ийн өмгөөлөгч С.Б, хариуцагч Д.Л өмгөөлөгч Б.М нар шийдвэрийг ойлгосон тул явж болох уу гэсэн зөвшөөрлийг аван, шүүх хуралдааны танхимаас гарч явсан болно.

Иймээс шүүгч би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон ёс зүйн зөрчлийг гаргаагүй болно.”гэжээ.

 

Шүүхийн сахилгын хорооны гишүүн 2022.01.10-ны өдрийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа:

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж заасан байх тул дээрх гомдлоор шүүгчийг буруутгах үндэслэлгүй байна гэж үзлээ.

...- шүүхийн 2021.05.21-ний өдрийн 102/ШШ2021/01305 дугаар шийдвэр, Иргэн-2014 иргэний хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс авсан шийдвэрийн төлөвт 2021.06.03-нд бүрэн хадгалагдсан гэж бүртгэгдсэн байна. Энэ нь шүүхийн шийдвэр хуулийн хугацаандаа гарч албажсан байна гэдгийг харуулж байна. Мөн тухайн шийдвэрийг гардуулж, хүргүүлсэн баримтад энэ хэргийн хариуцагч “Ж” ХХК-ийн төлөөлөгч 2021,06.04-ний өдөр хүлээж авч гарын үсэг зурсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.3-д “Анхан шатны шүүх давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тайлбарыг хавсарган хэргийн хамт гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ” гэж заасан байна.

Шүүх хуралдаанд биеэр оролцоогүй хариуцагч Л.У нь 2022.06.22-ны өдөр шийдвэрээ гардан авсан, улмаар хариуцагчийг 14 хоногийн дотор гомдлоо гаргах эрхийг шүүх хангасныг буруутгах боломжгүй, түүнчлэн шүүгчийн тайлбар, Ковид-19 цар тахлын нөхцөл байдал, сахилгын хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзээд шүүгч хэргийг санаатай удаашруулж бусдад давуу байдал олгосон гэх гомдол үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иймд ...- шүүхийн шүүгч Г.А-д холбогдуулан Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2021.12.28-ны өдрийн 117 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэсэн захирамжийг хүчингүй болгож, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч Ж.П гаргасан гомдолд шүүгч Г.А нь 2021.05.21-ний өдөр шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн агуулгыг танилцуулсан атлаа шийдвэрийнхээ үндэслэл, ямар шалтгаанаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноо огт танилцуулахгүй шүүх хуралдааныг хаасан болно” гэх тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1,-д “Шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана.” гэж заасны дагуу шүүгч нь шийдвэрийнхээ тогтоох хэсгийн агуулгыг танилцуулсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна.” гэж заасан нь шийдвэрийн үндэслэх хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгааг тодорхой дурджээ.

“Шүүгч хуульд заасан хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гаргаагүй хууль зөрчсөн энэ тухай 14 дэх хоног дээр шаардахад шийдвэрийг гардуулаагүй атлаа дараа нь гарсан мэтээр туслахаараа дамжуулан худал тайлбар гаргасан нь ёс зүйтэй шүүгч биш гэдэг нь харагдаж байна” гэх тухайд:

...- шүүхийн 2021.05.21-ний өдрийн 1305 дугаар шийдвэр хуульд заасан хугацаанд гарч, шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.П нь 2021.06.07-ны өдөр гардан авсан нь ...- шүүхийн шийдвэр гардуулсан баримтаар тогтоогдож байна. Мөн уг шийдвэр хуулийн хугацаанд гарсан нь шүүхийн шийдвэр гардуулсан баримтаар хариуцагч тал 2021.06.04-ний өдөр гардан авсан тухай тэмдэглэгдсэнээр нотлогдож байна.

...- шүүхийн 2021.05.21-ний өдрийн 1305 дугаар шийдвэр хуульд заасан хугацаандаа гарч, зохигчид шийдвэрийг гардан авсан нь бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгч Г.Аг шийдвэрээ хугацаандаа гаргаагүй гэж үзэхээргүй байна.

Харин шийдвэрийг харилцан адилгүй хугацаанд зохигчид гардан авсан нь шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй.

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.3-д “Анхан шатны шүүх давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тайлбарыг хавсарган хэргийн хамт гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн заалдах шатны шүүхэд хүргүүлнэ” гэж заасан.

Хуульд зааснаар давж заалдах гомдлыг хэлэлцүүлэхээр 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ёстой байхад хууль зөрчин 1 сар 10 хоносон нь А шүүгчийг санаатай удаашруулж, улмаар “Ж” ХХК, иргэн Д.Л-ордыг ухаж дуусгах, илүү ашиг олох боломжийг зориуд олгож байгаа санаатай үйлдэл байна.” гэх тухайд:

Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасныг мөн шүүхэд хүргүүлсэн болох нь цахим системээс авсан шийдвэрийн төлөв, шүүхийн тогтоол гардуулсан баримт, ...- шүүхийн 2021.07.01-ний өдрийн 102/ЗТ2021/00639 дугаартай “Шуурхай арга хэмжээ авах тухай” Шүүгчдийн зөвлөгөөний Тогтоол, 2021.06.14-ний, 21, 2021.07.01-ний өдрүүдийн, мөн шүүхийн байранд “Ковид-19” коронавирусын халдварын эерэг тохиолдол удаа дараа илэрч, эрсдэл буурахгүй байсан тул Улсын онцгой комиссын шуурхай штаб, Баянгол, Хан-Уул дүүргийн шуурхай штабын зөвлөмжийн дагуу шаардлагатай арга хэмжээг авч, шүүхийн үйл ажиллагааг түр зогсоосон “мэдэгдэл” мөн нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг 2021.06.02, 04, 08-ны өдрүүдэд, хариуцагч Л.У нь 2021.06.22-ны өдөр гардан авч, давж заалдах гомдол гаргах хуульд заасан хугацааг олгох эрхийг эдлэх боломжийг шүүх олгож, хэргийг 2021.07.28-ны өдөр 1/2076 дугаартай албан бичгээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байгаагаас үзэхэд шүүгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг санаатайгаар хүргүүлээгүй гэж үзэхгүй бөгөөд шүүгч хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд шүүгч Г.А-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.8 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1.  Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, шүүгч Г.А-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2.  Магадлалын хувийг хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
  3.  Хэргийн оролцогч болон илтгэгч гишүүн магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ГИШҮҮН           Д.ЭРДЭНЭЧУЛУУН

                       ГИШҮҮД           Г.ЦАГААНЦООЖ

                                                Х.ХАШБААТАР