МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-03-23
Дугаар 133
Улаанбаатар хот
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-03-23 Дугаар 133 Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, гомдол гаргагч Д.Т, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
... шүүхийн шүүгч Д.Э-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гишүүний саналд:
“... Иргэн Д.Т нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр "...миний хүүгийн хэлээгүй үг, яваагүй үйлдлүүдийг гүтгэж, шүүхийн шийдвэрт оруулж бичсэн, ...үл тоомсорлож гар утсаараа оролдож байсан" гэх агуулга бүхий өргөдлийг гаргажээ.
1. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 183/ШШ2018/02432 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 1 дүгээр сарын 16-ны 129 дүгээр магадлалаар, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2019/00750 дугаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор 183/ШШ2018/02432 дугаар шүүхийн шийдвэр, 129 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээсэн байна.
2."...миний хүүгийн хэлээгүй үг, яваагүй үйлдлүүдийг гүтгэж, шүүхийн шийдвэрт оруулж бичсэн гэх тухайд:
2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2018/02432 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх 2019 оны 1 дүгээр сарын 16-ны 129 дүгээр магадлалаар, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2019/00750 дугаар Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор 183/ШШ2018/02432 дугаар шүүхийн шийдвэр, тэдгээрийн хуралдааны тэмдэглэл, анхан шатны шүүхийн хуралдааны бичлэг зэрэгт Шүүгч шүүхийн шийдвэрийг хуульд заасны дагуу талуудаас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн бичсэн байх бөгөөд хууль зөрчсөн үйлдэл тогтоогдоогүй болно.
3."...хэргийн оролцогчийг үл тоомсорлож гар утсаараа оролдоод л байсан" гэх тухайд.
2022 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн нотлох баримт болгон ирүүлсэн дискэнд үзлэг хийсэн тэмдэглэлийн...” Иргэн Д.Т-ийн өргөдөлд дурдагдсан “... шүүгч намайг үгээ хэлж байхад миний хэлсэн үгийг үл тоож гар утсаараа оролдоод байсан ...” гэх гомдлын дагуу presentation-2 гэсэн бичиглэл бүхий 43 минут 53 секунд дүрс бичлэгийг шүүхэд:
Шүүгч Д.Э нь тус дүрс бичлэгийн 04 минут 13 секундээс 05 минут 12 секунд хооронд, 05 минут 18 секундээс 10 минут 18 секунд хооронд,14 минут 21 секундээс 17 минут 05 секунд хооронд, 20 минут 08 секундээс 23 минут 27 секунд хооронд , 23 минут 38 секундээс 23 минут 45 секунд хооронд утас ашиглаж буй дүрс бичигдсэн байх ба 24 минут 06 секундээс 32 минут 09 секунд, 34 минут 11 секундээс 34 минут 26 секунд хооронд утас ашиглан харж тэмдэглэл үйлдэж буй дүрс бичлэг хийгджээ.” гэсэн үзлэгийн тэмдэглэл, шүүгч Д.Э-гийн ”... 2018 онд тус шүүхийн шүүх хуралдааны танхимд компьютер, интернэтийн сүлжээ нэвтрээгүйн улмаас шүүгч хэрэг маргааныг үндэслэл бүхий шийдвэрлэх зорилгоор гар утасны интернэт ашиглан legalinfo.mn, Shuuh.mn зэрэг сайтад нэвтрэн бүхий л нэмэлт өөрчлөлт тусгагдсан байдаг хуулийн зохицуулалтыг хайлт хийн харах тохиолдол байсан.” гэсэн тайлбар зэргээр шүүх хуралдааны танхимд гар утас хэрэглэсэн нь тогтоогдож байна.
Шүүгч Д.Э нь бичлэгээс харахад 20 гаруй минут утас оролдож байх бөгөөд хэргийн оролцогч нарыг үл хүндэтгэсэн, оролцогч нарт тэгш шударгаар хандах итгэл үнэмшил үл төрүүлэхүйц байдал бий болгосон, оролцогчдын өгч байгаа мэдээллийг бүрэн сонсож дүн шинжилгээ, дүгнэлт хийнэ гэдэгт эргэлзээ төрөх, хэрэгт хамааралгүй утас оролдож байгаа гэх ойлголтыг өгөхөөр үйлдэл хийсэн нь ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхээр байна.
Д.Э-гийн тайлбарт ”...Надад тухайн үед 1994 онд батлагдаж, 2002 онд хүчингүй болсон Иргэний хууль цаасаар хэвлэсэн хэлбэрээр байхгүй байсан нь цахимаар хайлт хийх үндэслэл болж гар утсаа ашиглаж 1994 оны хууль хайж байсан.” гэж тайлбарласан боловч зөвтгөх шалтгаан болохгүй гэж үзэж байна.
4. 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Монгол улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.2 дугаар зүйлийн 1.Шүүгч нь хэргийн оролцогчдод эрх тэгш, төвийг сахисан, хүнлэг ёсоор хандаж, хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэхүйц харилцааны соёлыг эзэмшсэн байна; 3.3 дугаар зүйлийн 2.Хэргийн оролцогчдын зүгээс шүүгчийг татгалзахад хүргэх нөхцөл байдлыг өөрийн үг яриа, үйлдлээр бий болгохоос урьдчилан сэргийлж, зайлсхийнэ; 3.3 дугаар зүйлийн 4.Шүүгч шүүх хуралдааны явцад утас хэрэглэх, хэрэгт хамааралгүй өөр бусад ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчжээ.
Уг дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 1.Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гарснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан байна. Иймд шүүгч Д.Э-д холбогдох сахилгын зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж, тус саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Өргөдөл гаргагч иргэн Д.Т-ээс шүүгч Д.Э-д холбогдуулан “...миний хүүгийн хэлээгүй үг, яваагүй үйлдлүүдийг гүтгэж, шүүхийн шийдвэрт оруулж бичсэн, хэргийн оролцогчийг үл тоомсорлож гар утсаараа оролдоод л байсан, 2018.10.31-ний өдрийн 02432 дугаар шийдвэрийг зөвшөөрөхгүй, энэ шийдвэрийг шалгуулахаар шат шатны байгууллагад хандаад эцэст нь танай байгууллагад хандлаа бодит үнэнийг олж өгнө үү...” гэсэн утга агуулгатай гомдол гаргажээ.
Шүүхийн сахилгын хороо нь шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах дүгнэх, хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээгүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу шүүхийн шийдвэрийг гагцхүү дээд шатны шүүх нь буюу давж заалдах болон хяналтын шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан гомдлын дагуу хянах, хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээг эдэлдэг.
Өөрөөр хэлбэл Шүүхийн сахилгын хороо нь шүүгч шударга үнэн зөв шийдвэр гаргасан эсэхийг хянаж үнэлэлт дүгнэлт өгөх, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх эрхгүй тул шүүгч буруу шийдвэр гаргасан гэх уг өргөдөл нь тус хорооны харьяалан шийдвэрлэх асуудал бус болохыг тухайлан тайлбарлах нь зүйтэй байна.
Мөн хэлээгүй үг, яваагүй үйлдлийг гүтгэсэн гэх өргөдлийн тухайд бусдыг гүтгэсэн эсэх, гүтгэлэг байсан эсэхийг шалгах, тогтоох эрх хэмжээ Шүүхийн сахилгын хороонд хуулиар олгогдоогүй тул дүгнэлт өгөх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.
Хэрэв шүүгч буруу үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа бол дээд шатны шүүхэд нь хандаж давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах хуулийн зохицуулалттай.
Илтгэгч гишүүн Х.Хашбаатар сахилгын хэргийг шалгах ажиллагаа явуулж, шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийн, шүүгч Д.Э нь өргөдөлд дурдсанчлан шүүх хуралдааны явцад гар утас хэрэглэсэн зөрчил үйлдсэн болохыг нотолсон нь үндэслэлтэй байна.
Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 4-т “Шүүгч шүүх хуралдааны явцад утас хэрэглэх, хэрэгт хамааралгүй өөр бусад ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан байх бөгөөд шүүгч Д.Э нь уг зүйл заалтыг зөрчсөн болох нь баримтаар батлагдаж нотлогджээ.
Гэвч Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гарснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан байх тул шүүгч Д.Энхцэцэгт холбогдох сахилгын зөрчилд сахилгын шийтгэл ногдуулж болохгүй хугацаа өнгөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан илтгэгч гишүүнийг санал хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд илтгэгч гишүүний шүүгч Д.Э-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ... шүүхийн шүүгч Д.Э-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч шүүгч Д.Э гомдол, илтгэгч гишүүн Х.Хашбаатар эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Б.СУГАР
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН