info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-03-29

Дугаар 138

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шүүгч Х.И-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналд:

“... 1. Өргөдөлд, “...2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр шүүгч 2020/ШЗ/1278 дугаартай захирамжаар намайг барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлээгүй үндэслэлээр цагдан хорих шийдвэрийг гаргасан байна” гэжээ.

2. ... шүүхийн шүүгч 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/1278 дугаартай захирамжийн үндэслэх хэсэгт,

“...хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 14.6 дугаар зүйлд зааснаар Ж.Э, Б.О нарт тус бүр 10 тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн 10 тэрбум төгрөгийн барьцааг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөрт багтааж төрийн сангийн дансанд байршуулахыг үүрэг болгож шийдвэрлэсэн” гэж,

“...шүүгдэгч Ж.Э, Б.О нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй ...”гэж,

“...түүнчлэн шүүгдэгч Ж.Э нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс буюу хэрэг шүүхэд шилжин ирснээс хойш ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, шүүн таслах ажиллагааг зохих ёсоор хүндэтгээгүй, шүүн таслан ажиллагаанд саад учруулсан гэх нөхцөл байдлууд тогтоогдож байна” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хулийн 14.1 дүгээр зүйлийн 3-т “Мөрдөн байцаалтын явцад энэ зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн зөвшөөрлөөр, эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авна” гэж тус хуулийн 14.6 дугаар зүйлийн 4-т “Барьцааны хэмжээг яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан тогтооно” мөн хуулийн    16.14 дэх зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж тус тус зохицуулсан байх тул Сахилгын хорооны хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй бөгөөд хуулиар олгогдсон шүүхийн бүрэн эрхийн асуудал юм.

Харин  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үндэслэж  “Ж.Э-д ...10 тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь “барьцааны хэмжээг яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан тогтооно” гэсэн зохицуулалтыг шүүх яаж хэрэглэх, ойлгох, тооцох, энэ талаар  журамласан эрх зүйн акт байхгүй байна.

3. Өргөдөлд, “...ийнхүү шийдвэрлэхдээ Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 34.7 “Энэ хуулийн 6.9.1-д зааснаас бусад тохиолдолд албадан саатуулах, цагдан хорих, ...-ыг хориглоно” гэснийг, Мөн Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 “Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн Ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно.”, 35.2.1 “Эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорих” гэснийг тус тус ноцтой зөрчсөн болно” гэжээ.

... шүүхийн шүүгч 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/1278 дугаартай захирамжийн үндэслэх хэсэгт дээрх асуудлыг шүүгч хууль хэрэглээний хувьд тайлбарлажээ.

Мөн тус өдрийн шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийхэд шүүгч нь шүүх хуралдааны шийдвэрийг танилцуулахдаа “...Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар нэр дэвшигчийн баталгаа гэж байгаа. Хэрэг бол 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ирсэн. Нэр дэвшигчийн өөрийнх нь өгсөн үнэмлэх бол 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийнх. Тэгэхээр энэ хуулиас өмнө эрүүгийн хэрэг үүсээд, шалгагдаад хэрэг шүүх дээр ирсэн. Энэ хуулийн зохицуулалт маань өөрөө харин нэр дэвшсэнээс хойш тухайн хүний бүрэн эрх нь хамгаалагдахаар ийм зохицуулалт юм. Тийм учраас энэ нөхцөл байдал хамаарахгүй тул өнөөдөр энэ таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх нөхцөл болж байна гэж шүүх шийдсэн учраас дээрх таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэлээ” гэжээ. (сахилгын хэргийн 113-114 дэх тал)

Гэхдээ шүүгч нь Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийг цагдан хорьсон талаар 2020/ШЗ/1278 дугаартай захирамж болон шүүх хуралдааны бичлэгт дурдаж байгаа хэдий ч, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т дах заалтыг зөрчсөн байна.

 Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 “Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн Ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно.” гэж заасан байх бөгөөд шүүгч Х.И нь сонгуульд нэр дэвшигчийг цагдан хорихдоо Сонгуулийн Ерөнхий хорооноос зөвшөөрөл аваагүй нь Сонгуулийн Ерөнхий хорооноос ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд нэр дэвшигч гэмт үйлдэл дээрээ, эсвэл хэргийн газрын дээр нотлох баримттайгаа баригдсан талаар шүүгчийн гаргасан шийдвэрт тусгагдаагүй байна.  Дээрх үйл баримт нь хуулиар шүүгчид эрх хэмжээг олгосон  хэдий ч бусад хууль тогтоомжоор зохицуулсан хэм хэмжээг дагаж мөрдөөгүйгээс хэт нэг талыг барьсан, хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэнд хяналт тавих үүргээ зөрчсөн байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлд Шүүгчид хориглох зүйл, 28 дугаар зүйлд Шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт, 29 дүгээр зүйлд Шүүгчийн ашиг сонирхлын зөрчил, 30 дугаар зүйлд Шүүгч түүний гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг тодорхойлсон бол хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Шүүгч энэхүү дүрмийг зөрчсөн бол Шүүгчийн  эрх зүйн байдлын тухай хуульд заасан сахилгын хариуцлага хүлээнэ”, 2-т “Зөрчилд сахилгын шийтгэл оногдуулахдаа зөрчлийн шинж байдал, шүүх болон шүүгчийн нэр хүндэд учруулсан хор уршиг, үр дагавар зэргийг харгалзан үзнэ” гэж заасан.

2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн  Монгол улсын  Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн “1.3 дугаар зүйл 1. Шүүгч нь хүний эрх, эрх чөлөөг, эрхэм чанарыг хүндэтгэх, хууль дээдлэх, үнэнч шудрага байх, аливаа асуудалд бодитой, төвийг  сахисан байр сууринаас хандах, хараат бус байх, үүрэгт ажилдаа хариуцлагатай хандах, нууцыг задруулахгүй байх, мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх,  зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ.

3.2 дугаар зүйлийн 1. Шүүгч нь хэргийн оролцогчдод эрх тэгш, төвийг сахисан, хүнлэг ёсоор хандаж, хэргийг шудрагаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшилийг төрүүлэхүйц харилцааны соёлыг эзэмшсэн байна.

3.3 дугаар зүйлийн 1. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэсэн заалтыг  тус тус зөрчсөн байх тул ... шүүхийн шүүгч Х.И нь сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгч Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэл байгаа боловч Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1.3-т “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэсэн заалтад хамаарч байх тул шүүгч Х.И-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр бичгээр гаргасан иргэн, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшигч Ж.Э-ийн гомдлын агуулга нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 10 тэрбум төгрөгийн барьцаа авах, уг мөнгийг 5 хоногт багтаан байршуулахыг надад даалгаж, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр намайг барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлээгүй үндэслэлээр цагдан хорих шийдвэр гаргасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, ёс зүйн ноцтой зөрчил тул шалгаж, арга хэмжээ авч өгөхийг хүссэн утга агуулгатай байна.  

... шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх тухай” 2020/ШЗ/1248 захирамжийн ЗАХИРАМЖЛАХ нь хэсгийн 3 дахь заалтаар дараагийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч Ж.Э-д 10 тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

... шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Шүүх хуралдаан хойшлуулж, зарим шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” 2020/ШЗ/1278 захирамжийн ЗАХИРАМЖЛАХ нь хэсгийн 2 дахь заалтаар шүүгдэгч Ж.Э-д авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэж, 3 дахь заалтаар шүүгдэгч Ж.Э-ийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсугай гэжээ.

Гомдол гаргагч Ж.Э нь 2020 оны 06 дугаар сарын 04 болон 11-ний өдөр Улсын Их хурлын сонгуульд нэр дэвшсэн нэр дэвшигч байсан байх төдийгүй Улсын Их Хурлын гишүүн байсан болох нь сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. 

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хууль болон бусад холбогдох хуулиудад Улсын Их хурлын гишүүн нь халдашгүй дархан бүрэн эрхтэй болохыг хоёргүй утгаар шууд тодорхой заасан байх бөгөөд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорихыг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь заалтаар шууд хориглосон байжээ.

Мөн гомдол гаргагчийн миний хөрөнгө орлогын мэдүүлэг нийтэд ил тод, нээлттэй байгаа бөгөөд 10 тэрбум төгрөгийг шүүгч Х.И-ийн өгсөн 5 хоногийн хугацаанд байршуулах боломжгүй байсан гэсэн нь үндэслэл бүхий байна.

Иймд илтгэгч гишүүний ... шүүхийн шүүгч Х.И-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ... шүүхийн шүүгч Х.И-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

2.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч шүүгч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

            ДАРГАЛАГЧ                                               Б.СУГАР

            ГИШҮҮН                                                       Ц.ДАВХАРБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭЧУЛУУН