МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-04-20
Дугаар 158
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал, өргөдөл гомдол гаргагч Л.Б нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
.... шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гишүүний саналд:
“... 1.Нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй Х.Б ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, нэхэмжлэгчийн нөлөөнд автаж, эрх мэдлээ урвуулан буюу хэтрүүлсэн гэх тухайд:
... шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Б болон “Р ” ХХК-д холбогдох иргэний хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж, 142/ШШ2021/00784 дугаар шийдвэрийг гаргажээ.
Уг хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З , хариуцагч Л.Б , хариуцагчийн өмгөөлөгч Д.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар оролцжээ.
Л.Б нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б ид “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Э нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр олгосон итгэмжлэл олгосон бөгөөд хугацаа заагаагүй байх тул хуульд заасны дагуу 1 жилийн хугацаатай итгэмжлэлийн хугацаа дууссан байхад шүүгч Х.Б ийг болон түүний өмгөөлөгч Л.З нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, хуулийг ноцтой зөрчсөн гэж өргөдөлдөө дурдсан.
Сахилгын хэрэгт ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Н.О ын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 213 дугаартай “Х” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа бүхий албан бичиг нотлох баримтаар авагджээ. Уг лавлагаанаас үзвэл тус компанийг 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Н.Х , Х.Б нар үүсгэн байгуулж, Н.Х нь 49 хувь, Х.Б нь 51 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгджээ.
Х.Б нь 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр болон 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдөр тус тус захирлаар томилогдон ажиллаж байсан нь улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.
Улмаар Компанийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсны дагуу 100 хувийн хувьцаа эзэмшигч Х.Б нь 2014 онд “Х” ХХК-ийг ганц гишүүнтэйгээр үүсгэн байгуулсан дүрмээ нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Мөн “Х”ХХК-ийн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдийн 000046959 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээнд ганц гишүүнтэй, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс Д.Э гүйцэтгэх захирлаар томилогдсон гэж бичигджээ.
Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна”, 59.2-т “Нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ” гэж,
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-д “гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж,
“Х” ХХК-ийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1-д “компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ”, 6.2-т “компанийн гүйцэтгэх захирлыг хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр сонгож, өөрчилнө...” гэж тус тус заасан байна.
Түүнчлэн тус шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2021/00784 дүгээр шийдвэрийн 2 дугаар талд Л.Б ийн “...Х ХХК-ийн захирал Х.Б юм уу эсвэл түүний эхнэр гүйцэтгэх захирал Д.Э юм уу...” гэх тайлбар тэмдэглэгджээ.
Дээрхээс үзвэл “Х” ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд 100 хувийн хувьцаа эзэмшигч Х.Б нь өөрийн томилсон тус компанийн гүйцэтгэх захирал Д.Э гаас /эхнэр/ итгэмжлэл авахгүйгээр өмгөөлөгч А.З ын хамт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй гэж үзэв.
Түүнчлэн сахилгын хэрэгт авагдсан баримтуудад ... аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 142/ШЗ2021/01669 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэлийг буцаасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нь шүүгчийн дээрх захирамжид гомдол гаргасныг тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 46 дугаар тогтоолоор шүүгчийн 142/ШЗ2021/01669 дүгээр захирамжийг хүчингүй болгожээ.
Шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШЗ2020/02192 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б ийн шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангаж, шинжээчээр ... аймгийн Шүүхийн шинжилгээний албыг томилж, шинжээчийн дүгнэлт иртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШЗ2020/04593 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сэргээж, шүүх хуралдааныг мөн оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хийхээр товлон зарлажээ.
Мөн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШЗ2020/04661 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг үндэслэн өөр асуудлаар шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг ханган Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт иртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.
Шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШЗ2021/01126 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээжээ.
Дээрх нөхцөл байдлаас үзвэл Ерөнхий шүүгч Б.Б нь “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Б , “Р ” ХХК нарт холбогдох иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хэргийн оролцогчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор шинжлэн судалж, харьцуулан, өөрийн дотоод итгэл, үнэмшлээр бүрэн эрхийнхээ хүрээнд үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг шүүгч эрх мэдлээ хэтрүүлсэн, нэхэмжлэгчийн нөлөөнд автан шүүхийн шийдвэр гаргасан гэж буруутгах үндэслэлгүй байна.
2. Шүүгч хэргийн хариуцагчийг үнэн зөв, бодитой дүгнээгүй, тухайн хэрэгт хамааралгүй хүнийг хэргийн хариуцагчаар татсан, нэхэмжлэгчийн талд хууль бус шийдвэр гаргасан гэх тухайд:
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт иргэн Л.Б болон “Р ” ХХК хариуцагчаар татагдан оролцжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй” гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд нэхэмжлэгч өөрийнх нь эрхийг зөрчсөн гэж үзэж буй этгээдийг иргэний хэрэгт хариуцагчаар оролцуулах, нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө тодорхойлох ойлголт ба нэхэмжлэгч хариуцагчийг солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол хариуцагчийг шүүх солих эрхгүй гэж ойлгогдож байна.
Харин тухайн этгээд хариуцлага хүлээх ёстой эсэхийг хэрэг хянан хэлэлцсэний эцэст шүүх шийдвэрлэдэг учир нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэлд дурдаж буй, нэхэмжлэгчийн заасан этгээдийг тухайн хэрэгт хариуцагчаар оролцуулдаг.
Ерөнхий шүүгч Б.Б нь “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Б , “Р ” ХХК -д холбогдох иргэний хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хариуцагч Л.Б ээс төлбөр гаргуулахаар, харин “Р ” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, 142/ШШ2021/00784 дүгээр шийдвэрийг гаргажээ.
Түүнчлэн хариуцагч “Р ” ХХК-ийн захирал Д.Б нь хариуцагч Л.Б ийн эхнэр болох нь тус шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2021/00784 дүгээр шийдвэрийн 2 дугаар талд авагдсан Л.Б ийн “...ажлын хөлсний үлдэгдэл төлбөр ...миний эхнэр Д.Б гийн Р ХХК-ийн дансанд орсон байдаг...” гэх тайлбараар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.
... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2021/00784 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Л.Б Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 07-ний өдөр давж заалдах гомдол гаргасныг ... аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 93 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 142/ШШ2021/00784 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу хяналтын журмаар 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох гомдол гаргаж, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 001/ШХТ2022/00026 дугаар тогтоолоор хариуцагч Л.Б , өмгөөлөгч Т.Энхбаяр, Д.О нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн хариуцагч Л.Б нь 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо Х.Б ид олгосон итгэмжлэлтэй холбогдуулан гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянагдаж хэвээр үлдсэнээс үзэхэд шүүгчийг хэрэгт хамааралгүй хүнийг хариуцагчаар татан оролцуулж, нэхэмжлэгчийн талд хууль бус шийдвэр гаргасан гэж үзэхгүй.
... шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн сахилгын зөрчил гаргаагүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Өргөдөл гаргагч иргэн Л.Б-с шүүгч Б.Б-д холбогдуулан хууль бус шийдвэр гаргасан, төлөөлөх эрхгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, хамааралгүй хүнийг хариуцагчаар татсан, танил тал, хээл хахууль авлигын асуудал байна, би хохирч байна, хариуцлага тооцож өгнө үү гэсэн утга агуулгатай өргөдөл гомдол гаргажээ.
Шүүхийн сахилгын хороо нь шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах дүгнэх, хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээгүй, Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу шүүхийн шийдвэрийг гагцхүү дээд шатны шүүхүүд нь буюу давж заалдах болон хяналтын шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан гомдлын дагуу тухайн шүүхийн шийдвэрийг хянах, хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээг эдэлдэг.
Өөрөөр хэлбэл Шүүхийн сахилгын хороо нь шүүгч хууль бус шийдвэр гаргасан эсэхийг тогтоох, шүүхийн шийдвэрийг хянаж үнэлэлт дүгнэлт өгөх, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх эрхгүй тул шүүгч хууль бус шийдвэр гаргасан гэх уг өргөдөл гомдол нь тус хорооны харьяаллын бус асуудал болохыг тухайлан тайлбарлах нь зүйтэй байна.
Мөн төлөөлөх эрхгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, хамааралгүй хүнийг хариуцагчаар татсан, танил тал, хээл хахууль авлигын асуудал байна, би хохирч байна гэх гомдлын тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэнийг оролцуулах нь шүүх, шүүгчийн бүрэн эрхийн асуудал ба авлигатай холбоотой гомдол санал байгаа бол харьяалах газар нь хандах нь зүйтэй. Хэрэв хохирсон гэж үзэж байгаа бол хохирсонтой холбоотой асуудлыг хянах, шалгах, тогтоох, шийдвэрлэх эрх хэмжээ тус хороонд олгогдоогүй.
Иймд илтгэгч гишүүний шүүгч Б.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ... шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Б.СУГАР
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Х.ХАШБААТАР