МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-04-21
Дугаар 161
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан, ... шүүхийн шүүгч Т.Э д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 59 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Монголын дотоод аудиторын институтийн тэргүүн Л.О Сахилгын хороонд ирүүлсэн өргөдөлдөө: “...Миний бие Л.О нь Монголын дотоод аудиторуудын институт төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг бөгөөд Ч.Б ын нэхэмжлэлтэй Монголын дотоод аудиторуудын институт төрийн бус байгууллагад холбогдох ажлын хөлсөнд 40,780,000 төгрөг гаргуулах тухай иргэний маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд хариуцагчийн төлөөлөгчөөр оролцсон. Тус хэргийг хянан шийдвэрлэсэн ... шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаартай шийдвэртэй/ шүүгч Т.Э гийн ёс зүйн асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны танхимд зохисгүй байдал гаргасан гэх үндэслэлээр уг гомдлоо гаргаж байна. Ч.Б ын нэхэмжлэлтэй Монголын дотоод аудиторуудын институт төрийн бус байгууллагад холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан ... шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд 2021/5/20-ны өдрийн 15 цаг 17 минутад эхэлж, тус өдрийн 20 цаг 11 минутад дууссан.
Хариуцагчийн төлөөлөгч миний хувьд тус шүүх хуралдааны явцад хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчээс хуралдаан эхлэхэд татгалзаагүй, хэргийг шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж оролцсон. Гэтэл шүүгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал болох Ч.Б нь нэхэмжлэлийнхээ үндэслэл, шаардлага болон тооцооллоо тайлбарлаж чадахгүй, ойлгомжгүй, худлаа ярьсаар байхад шүүгч асуултдаа тусалж, чиглүүлж, зөвлөгөө өгөх мэтээр дахин дахин нэхэмжлэгчээс асуусан. /шүүх хуралдааны дарааллаар биш/ Шүүгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж болно л доо гэхдээ тийм байдлаар биш чиглэл өгөөд байгаа нь илтэд асуултууд, дууны өнгө, хандлагаас нь харагдаж байсан. За үүн дээр би ач холбогдол өгөөгүй, шүүгчийн хийх ёстой үйлдэл юм байх гэж бодсон.
Ингээд шүүгч Т.Э нь шүүх хуралдаан завсарлаж шүүх бүрэлдэхүүн зөвлөлдье гээд алхаа цохисон атлаа /биднийг гарахаар босож байхад/ .... байж байгаараа "....нэхэмжлэгч Ч.Б оос нэг асуулт асууя....” гэж хэлсэн, манай өмгөөлөгч “...асуултын шат дууссан, шүүх хуралдаан завсарлаж байна шүү дээ шүүгчээ гэсэн...." хариуцагч надад шүүгч нэг талыг барьж байгаа нь энэ үйлдлээс харагдсан. /яаж нэхэмжлэгчид хэдэн төгрөг гаргах вэ? гэсэн байдлаар/ Энэ үйлдэл нь шүүгч хүн шүүх хуралдааны танхимд төвийг сахиж, хэргийн оролцогч нарт итгэл төрүүлэхүйц байх гэсэн ёс зүй алдагдсан гэж үзэж байна.
...Шүүгч шүүх хуралдааны танхимд шүүх хуралдаан дуусаж алхаа цохисны дараа нэхэмжлэгчээс асуулт асуух гэсэн зохисгүй үйлдэл нь миний шүүгч болон шүүхэд итгэх итгэлийг хөсөрдүүлсэн. Шүүгч шүүх хуралдаанаа эхлүүлэхдээ шүүх хуралдааны дарааллыг тогтоосон, хэрэв ийм байдлаар шүүх хуралдаанаа явуулах байсан бол шүүх хуралдааны дараалал тогтоох шаардлага байсан юм уу.
...Ийм байдлаар шүүгч Т.Э шүүх хуралдааны танхимд зохисгүй байдал гаргаж миний Үндсэн хуулиар илэрхий хамгаалагдсан үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөнд /шударга шүүхээр шүүлгэх/ гомдолтой байна. Гомдлыг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” гэх агуулгыг дурджээ.
... шүүхийн шүүгч Т.Э тайлбартаа: “...1. ...Хариуцагчийн төлөөлөгч миний хувьд тус шүүх хуралдааны явцад хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчээс хуралдаан эхлэхэд татгалзаагүй, хэргийг шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж оролцсон. Гэтэл шүүгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал болох Ч.Б нь нэхэмжлэлийнхээ үндэслэл, шаардлага болон тооцооллоо тайлбарлаж чадахгүй, ойлгомжгүй, худлаа ярьсаар байхад шүүх асуултад нь тусалж, чиглүүлж, зөвлөгөө өгөх мэтээр дахин дахин нэхэмжлэгчээс асуусан. /шүүх хуралдааны дарааллаар биш/ ... илтэд асуултууд, дууны өнгө, хандлагаас нь харагдаж байсан, үүнд би ач холбогдол өгөөгүй, шүүгчийн хийх ёстой үйлдэл байх гэж бодсон гэжээ...
Тайлбар: Энэхүү хэргийг шүүх өмнө нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1558 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1887 дугаар магадлалаар “...талуудын тооцоолол үндэслэлтэй болохыг дүгнэхэд шаардлагатай санхүүгийн анхан шатны баримтууд хэрэгт авагдаагүй байхад шүүх гэрээ болон хуульд нийцүүлэн дүгнэлт хийх боломжгүй... гэх мэт бусад үндэслэл”-ээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.
Ийнхүү энэ хэрэг нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүгч миний биед хуваарилагдан ирсэн байх бөгөөд, шүүх зохигчдын гаргасан хүсэлтийн дагуу зохих ажиллагааг хийж нотлох баримт бүрдүүлсэн, түүнчлэн зохигчдоос ирүүлсэн нэмэлт нотлох баримт зэргийг үндэслэн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр эцэслэн шийдвэрлэсэн, гомдолд дурдсанаар шүүх хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 15 цаг 17 минутад эхэлж, 20 цаг 11 минутад дууссан, хариуцагч шүүх бүрэлдэхүүнээс татгалзаагүй, энэ үйл баримт шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдаж байна. Энэхүү шүүх хуралдааны явцад шүүх зохигчдын хэн алинаас нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, тооцоололтой холбоотой тодруулж асуусан, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодруулах, ямар хууль зүйн үндэслэлээр шаардаж байгаа, ямар баримтыг үндэслэж байгаа, хариуцагч ямар байдлаар няцааж байгаа зэргийг шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд тодруулах, зохигчдыг энэ талаар чиглүүлэх эрх хэмжээтэй, энэ хүрээнд шүүх хуралдаан тогтоосон дэг, дарааллын дагуу явагджээ. Тиймээс нэхэмжлэгч Ч.Б од зөвлөсөн, тусалсан гэж үзэхгүй юм. Улмаар шүүх зохигчдын хэн алинд нь үнэн, зөв тайлбар, мэдүүлэг гаргахыг урьдчилан сануулдаг бөгөөд нэхэмжлэгч Ч.Б худлаа ярьсан эсэхийг шүүх мэдэх боломжгүй. Хариуцагч нь шүүгч миний илтэд асуултууд гэдэгт юуг ойлгосон болох, дууны өнгийг чанга, сул гэх мэт ямар байдалтай гэж үзсэн болох, хандлага гэдэгт юуг ойлгосон нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.
...Ингээд шүүгч Т.Э шүүх хуралдаан завсарлаж шүүх бүрэлдэхүүн зөвлөлдье гээд алхаа цохисон атлаа /биднийг гарахаар босож байхад/ ... байж байгаарай “нэхэмжлэгч Ч.Б оос нэг асуулт асууя...” гэж хэлсэн, манай өмгөөлөгч асуултын шат дууссан, шүүх хуралдаан завсарлаж байна шүү дээ шүүгчээ гэсэн...” хариуцагч надад шүүгч нэг талыг барьж байгаа нь энэ үйлдлээс харагдсан /яаж нэхэмжлэгчид хэдэн төгрөг гаргах вэ гэсэн байдлаар/. Энэ үйлдэл нь шүүгч хүн шүүх хуралдааны танхимд төвийг сахиж, хэргийн оролцогч нарт итгэл төрүүлэхүйц байх гэсэн зүйл алдагдсан гэж үзэж байна. ...Шүүгч шүүх хуралдааны танхимд шүүх хуралдаан дуусаж алхаа цохисны дараа нэхэмжлэгчээс асуулт асуух гэсэн зохисгүй үйлдэл нь миний шүүгч болон шүүхэд итгэх итгэлийг хөсөрдүүлсэн. ...Хэрэв ийм байдлаар шүүх хуралдаанаа явуулах байсан бол шүүх хуралдааны дараалал тогтоох шаардлага байсан юм уу гэжээ.
Тайлбар: Миний бие 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дээр дурдсан үйл баримтыг 5 сарын дараа үнэхээр санахгүй байх бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусаагүй байна. Харин шүүх хуралдааны тэмдэглэлд хэрэг хэлэлцэх ажиллагаа дуусаж байна, зохигчдод өмнө нь хэлээгүй, нэмж хэлэх, тодруулах зүйл байгаа эсэхийг тодруулж асуусны дараа нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нэмэлт тайлбар хэлсэн, үүний дараа шүүх хариуцагч талаас нэг асуулт асууж, үүний дараа хариуцагч, түүний өмгөөлөгч гэсэн дарааллаар нэмэлт тайлбар хэлж шүүх хуралдаан завсарласан болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, шүүгч шүүх хуралдааныг даргалж, хэрэг маргааны шийдвэрлэх гэж байгаагийн хувьд хуралдааны дэг, дарааллын дагуу аль ч үед зохигчдоос асуух, тодруулах эрхтэй, шүүхийн хуульд заасан ажиллагаа буюу шүүгч хуралдааныг хуульд заасан нийтлэг журам, дэгийн дагуу даргалан явуулж, зохигчдоос холбогдох асуултыг асуусан нь хэргийн оролцогч нарт төвийг сахиж, итгэл төрүүлэхүйц байж чадаагүй, хариуцагчийн шүүгч болон шүүхэд итгэх итгэлийг хөсөрдүүлсэн болохыг ойлгосонгүй.
...Шүүгч ийм байдлаар шүүх хуралдаанаа дуусгаж, 2 цаг гаруй завсарлаж шүүх хуралдааны шийдвэрийг уншиж сонсгосон. Шүүгч Т.Э гийн гаргасан дээрх үйлдэл болон түүний үр дүнд бий болсон шүүхийн шийдвэр нь хуулийн хэрэглээг зөрүүтэй хэрэглэсэн, Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн эсэхийг нягтлуулахаар Улсын дээд шүүхэд хандаад байна. Шүүгч Т.Э гийн үйлдэл нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 10 дугаар зүйлд “хүн бүрд тулгасан... эрх үүргээ тодорхойлуулахдаа хараат бус, тал хардаггүй шүүхээр бүрэн, адил тэгш үндсэн дээр, нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэйг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Ийм байдлаар шүүгч Т.Э шүүх хуралдааны танхимд зохисгүй байдал гаргаж миний Үндсэн хуулиар илэрхий хамгаалагдсан үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн гомдолтой байна гэжээ.
Тайлбар: Энэхүү шүүх хуралдаан нэлээд маргаантай, шүүх зохигчдоос асууж, тодруулах зүйл их байсан, олон цаг үргэлжилсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, шийдвэрээс харагдана. Ийнхүү шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Монголын дотоод аудиторуудын институт төрийн бус байгууллагаас 3,981,561 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б од олгож, нэхэмжлэлээс үлдэх 36,798,439 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Харин хариуцагч нь шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан байх ба Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1168 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.
Улмаар хариуцагч нь хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 638 дугаар тогтоолоор гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна.
Ийнхүү хариуцагч нь Улсын дээд шүүхийн дээрх тогтоол гарснаас хойш буюу цаг хугацааны хувьд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр буюу дараа нь гомдлыг гаргаж байгаа нь ойлгомжгүй, уг гомдол нь Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй, харин давж заалдах гомдлын үндэслэлд хамаарч байна.
Тэрээр шүүх хуралдааны тэмдэглэл буруу, зөрүү, дутуу бичигдсэн гэж үзсэн бол ИХШХШтХ-ийн 96 дугаар зүйлийн 96.3-т зааснаар шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаад 3 хоногт засвар оруулах эрх тухайн үед басан, энэ эрхээ хэрэгжүүлээгүй, шийдвэрийг зөвшөөрөхгүй гэж давж заалдах журмаа хэрэгжүүлсэн байдаг. ...” гэжээ.
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-даа: “Шүүгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал болох Ч.Б нь нэхэмжлэлийнхээ үндэслэл, шаардлага болон тооцооллоо тайлбарлаж чадахгүй, ойлгомжгүй, худлаа ярьсаар байхад шүүгч асуултдаа тусалж, чиглүүлж, зөвлөгөө өгөх мэтээр дахин дахин нэхэмжлэгчээс асуусан. /шүүх хуралдааны дарааллаар биш/ ...шүүх хуралдааны явцад хэргийн оролцогч болон бусад этгээдтэй зүй бус авирласан үйлдэлд нь сахилгын хэрэг үүсгэх гомдол гаргасан” гэж өргөдөл гаргагч өргөдөлдөө дурдсан.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгч Т.Э 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Ч.Б ын нэхэмжлэлтэй Монголын дотоод аудиторуудын институт” Төрийн бус байгууллагад холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэжээ. Тус өдрийн шүүх хуралдаан нь шүүх хуралдааны 04 дүгээр танхимд 15 цаг 17 минутад эхэлж 20 цаг 11 минутад дууссан байна.
Шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дугаар хуудсанд даргалагчаас хэрэг хэлэлцэх дарааллыг “1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа танилцуулна. 2.Хариуцагчийн хариу тайлбарыг сонсоно. 3.Талууд ярьсан зүйлтэй холбоотойгоор бие биеэсээ асуулт асууна. 4.Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судална. 5.Шүүгч зохигчдоос тодруулга асуулт, асууна. 6.Зохигчид хэлээгүй үлдсэн зүйл байвал нэг удаа нэмэлт тайлбар хэлнэ” гэж тогтоосон байна.
Шүүх хурлын тэмдэглэлийн 14 дүгээр хуудаснаас шүүгч зохигчдоо асуулт асууж эхэлсэн. Шүүгч тухайн үе шатанд нэхэмжлэгчээс 51 асуулт, хариуцагч талаас 56 асуулт асуужээ. Мөн шүүгч зохигчид хэлээгүй үлдсэн зүйл байвал нэг удаа нэмэлт тайлбар хэлэх үе шатанд нэхэмжлэгч тайлбараа хэлж дууссаны дараа хариуцагч талаас асуулт асуусан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна” гэж заасан. Мөн хуулийн 10 дугаар бүлэгт анхан шатны шүүхийн шүүх хуралдааны дэгийг хуульчилсан байдаг бөгөөд шүүгч хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад зохигчид, хэргийн оролцогчдоос асуулт асуусныг шүүгч шүүх хуралдааны дэгийг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт “Зохигч, хэргийн бусад оролцогч мэтгэлцэх, тайлбар гаргахын өмнө шүүх хуралдаан даргалагч тэдэнд эрх, үүрэг болон үнэн зөв тайлбар өгөхийг урьдчилан сануулна” гэж заасан байдаг. Хуралдааны явцад хэргийн оролцогчид өөрсдийн тайлбар, үндэслэлээ гаргаж байхад түүнийг шүүгч худал мэдүүлж байна гэж зогсоох аливаа хэлбэрээр зохигчийн тайлбар гаргах эрхэнд халдаж болохгүй юм.
Түүнчлэн өргөдөл гаргагч өргөдөлдөө “...шүүх хуралдаан завсарлаж шүүх бүрэлдэхүүн зөвлөлдье гээд алхаа цохисон атлаа /биднийг гарахаар босож байхад/ .... байж байгаараа "....нэхэмжлэгч Ч.Б оос нэг асуулт асууя....” гэж хэлсэн” гэх үндэслэлийг дурдсан.
Энэ үндэслэлээр шалгах ажиллагаа явуулахад С, ... шүүхийн Тамгын газрын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 962 дугаар албан бичгээр “...2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг нь техникийн нөхцөлөөс шалтгаалж хийгдээгүй”, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 388 дугаар албан бичгээр “тухайн шүүх хурал нь хурлын 4 дүгээр танхимд хуралдсан. Хурлын танхимын дуу дүрсний бичлэгийн төхөөрөмжийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2020 оны 11 дүгээр сард “Н т” ХХК нь AVER нэрийн төхөөрөмжийг суурилуулсан. AVER төхөөрөмж нь хурлын бичлэг хадгалахдаа “ASUSTOR” бичлэг хадгалах төхөөрөмжтэй холбогдож хадгалдаг. Төхөөрөмжийг суурилуулсны дараа хэвийн ажиллаж байгаад 2021 оны 04 дүгээр сараас AVER төхөөрөмж холбогдохгүй, шүүх хуралдааны бичлэгийг хадгалахгүй тохиолдол гарах болсныг суурилуулалт хийсэн “Н т” ХХК-д удаа дараа мэдэгдэж засуулж байсан боловч зарим нэг хурлын бичлэгүүд дутуу бичигдэх, дундаа тасрах, дутуу хуулагдаж хадгалагдах гэх мэт алдааг өнөөг хүртэл гаргаж байна” гэх тайлбарыг ирүүлсэн.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 08 дугаар сарын 30–ны өдрийн 24 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулж, архивлах журам”-ын 1.2 дахь хэсэгт “Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааны явцын бичлэг хийх, мэдээллийн технологийн мэргэжилтэн /цаашид "мэргэжилтэн" гэх/ бичлэгийн төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах, тамгын газрын дарга хяналт тавин ажиллах үүрэгтэй”, 5.2 дахь хэсэгт “Мэргэжилтэн шүүх хуралдааны явцын бичлэг хийх бүх төхөөрөмжийн хэвийн ажиллагаа болон төхөөрөмжийн цаг нь хэвийн зөв ажиллаж байгаад тогтмол хяналт тавьж шалгана” гэж тус тус зааснаас үзвэл шүүх хуралдааны бичлэгийг хийх, хадгалах ажиллагаа нь Шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд хамаарч байгааг дурдах нь зүйтэй.
Мөн шалгах ажиллагааны явцад өргөдөл гаргагч Л.О , шүүгчийн туслах С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нарыг гэрчээр асууж хэргийн үйл баримтыг тодруулсан.
Дээрх гэрч нарын мэдүүлэг, тайлбараас шүүгч Т.Э нь шүүх хуралдааны явцад болон шүүх хуралдаан завсарласны дараа зохигчдоос асуулт асуусан, хуралдааны танхимд зохисгүй байдал буюу хууль, хянан шийдвэрлэх ажиллагааны хэм хэмжээ, дүрмийг зөрчсөн, эсхүл шүүгчийн хараат бус, зарчимч, төвийг сахих байдлыг алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэх өргөдлийн үндэслэл нь тогтоогдохгүй байна.
Түүнчлэн өргөдөл гаргагч Л.О ын мэдүүлэгтэй холбогдуулан тухайн өдрийн хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцсон Ч.Т ыг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны талаар асууж тодруулахаар удаа дараа дуудсан боловч өмгөөлөгч Ч.Т нь “Өмгөөлөгчийг гэрчээр асуух нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хориотой, иймд гэрчийн мэдүүлэг өгөх боломжгүй гэж үзэж байна” гэх тайлбарыг утсаар өгсөн байх ба энэ талаарх тайлбараа бичгээр ирүүлнэ гэсэн боловч ирүүлээгүй байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт “Аливаа этгээдээс хуульчид эрх зүйн туслалцаа хүсэж хандсан болон үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх явцад олж мэдсэн зүйлтэй нь холбогдуулан хуульчийг гэрчээр болон бусад байдлаар байцаах, нөхцөл байдлыг тодруулах зорилгоор мэдүүлэг, тайлбар авахыг хориглоно” гэж заасан байх тул өмгөөлөгч Ч.Т ыг гэрчээр асуух шаардлагагүй гэж үзсэн.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Өргөдөл гаргагч нь ... шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Ч.Б ын нэхэмжлэлтэй Монголын дотоод аудиторуудын институт НҮТББ-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг даргалсан шүүгч Т.Э д холбогдуулан “шүүх хуралдааны танхимд зохисгүй байдал гаргасан” гэх үндэслэлээр өргөдөл гаргажээ.
2.Шүүхийн сахилгын хороо өргөдлийг хүлээн авч, хянаад 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 110 дугаартай захирамжаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзжээ. Өргөдөл гаргагч тус захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасныг Сахилгын хорооны гомдол шийдвэрлэх хуралдаанаар хэлэлцээд 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 36 дугаар тогтоолоор “шүүгч Т.Э хуралдааны дарааллаа зөрчсөн үйлдлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, өмгөөлөгч зэрэг шүүх хуралдааны оролцогчдоос асууж тодруулах, өргөдөл гаргагчийн гаргасан Сахилгын хорооны гишүүнтэй биечлэн уулзах, тайлбар өгөх хүсэлтийг хангах” зэрэг шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж үзээд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжийг хүчингүй болгож, шүүгч Т.Э д сахилгын хэрэг үүсгэжээ.
3.Өргөдөлд дурдсанаар, “...шүүгч нь нэхэмжлэгч тал болох Ч.Б нь нэхэмжлэлийнхээ үндэслэл, шаардлага болон тооцооллоо тайлбарлаж чадахгүй, ойлгомжгүй, худлаа ярьсаар байхад шүүх асуултад нь тусалж, чиглүүлж, зөвлөгөө өгөх мэтээр дахин, дахин нэхэмжлэгчээс асуусан. /шүүх хуралдааны дарааллаар биш/ ...” гэх тухайд,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө шүүх хуралдаан даргалагч хэргийн оролцогчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, зохигч, хэргийн оролцогчид мэтгэлцэх, тайлбар гаргахдаа үнэн зөв тайлбар өгөхийг шүүгч урьдчилан сануулдаг бөгөөд шүүх хуралдаан даргалагч нь тус хуулийн 108 дугаар зүйлийн 108.2.1-т зааснаар зохигчийн тайлбартай холбогдуулж асуулт тавих эрхтэй.
... шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч нь хэрэг хэлэлцэх дарааллаа тогтоосноор нотлох баримтыг шинжлэн судалсны дараа нэхэмжлэгч болон хариуцагчийн гаргасан тайлбар, нотлох баримтыг нь тодруулж асуулт асуусан нь тэмдэглэгдсэн байх тул хуульд зааснаар хэргийн оролцогчдыг мэтгэлцэх зарчмаар хангаж, зохигчдоос асуулт асууж тодруулга авсантай нь холбогдуулж шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй бөгөөд энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.
4.Өргөдөлд дурдсан “...шүүх хуралдаан завсарлаж шүүх бүрэлдэхүүн зөвлөлдье гээд алхаа цохисон атлаа биднийг гарахаар босож байхад ...байж байгаарай “...нэхэмжлэгч Ч.Б оос нэг асуулт асууя...” гэж хэлсэн...” гэх тухайд,
Илтгэгч гишүүн тус шүүхийн тамгын газраас шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийг хуулбарлан авах талаар албан бичиг явуулахад С, ... шүүхийн Тамгын газрын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 962 дугаар албан бичгээр “...2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг нь техникийн нөхцөлөөс шалтгаалж хийгдээгүй”, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 388 дугаар албан бичгээр “тухайн шүүх хурал нь хурлын 4 дүгээр танхимд хуралдсан. Хурлын танхимын дуу дүрсний бичлэгийн төхөөрөмжийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2020 оны 11 дүгээр сард “Н т” ХХК нь AVER нэрийн төхөөрөмжийг суурилуулсан. AVER төхөөрөмж нь хурлын бичлэг “ASUSTOR” бичлэг хадгалах төхөөрөмжтэй холбогдож хадгалдаг. Төхөөрөмжийг суурилуулсны дараа хэвийн ажиллаж байгаад 2021 оны 04 дүгээр сараас AVER төхөөрөмж холбогдохгүй, шүүх хуралдааны бичлэгийг хадгалахгүй тохиолдол гарах болсныг суурилуулалт хийсэн “Н т” ХХК-д удаа дараа мэдэгдэж засуулж байсан боловч зарим нэг хурлын бичлэгүүд дутуу бичигдэх, дундаа тасрах, дутуу хадгалагдах гэх мэт алдааг өнөөг хүртэл гаргаж байна” гэх тайлбарыг ирүүлсэн, мөн Сахилгын хорооны 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Сахилгын хэрэг үүсгэх тухай” 36 дугаар тогтоолд дурдсанаар илтгэгч гишүүн тухайн өдрийн шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар оролцсон Б.А болон шүүгчийн туслах С.Н нараас гэрчийн мэдүүлэг авчээ.
Гэрчийн мэдүүлгээр шүүгч Т.Э нь шүүх хуралдаан завсарлах үед нэхэмжлэгчээс нэмж асуулт асуусан гэх үйл явдал тогтоогдоогүйгээс гадна тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд дээрх үйл баримт тэмдэглэгдээгүй байна.
Шүүх хуралдааны тэмдэглэл нь шүүхийн нотолгооны хэрэгслийн нэг төдийгүй шүүх мэтгэлцэх зарчмыг хэрхэн хэрэгжүүлж байгаа болон шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэр зэрэг сахин биелүүлж байгааг харуулах баримт юм. Хуралдааны тэмдэглэл болон дүрс, дууны бичлэг аль аль нь хэргийн нотлох баримт болдог учиртай.
Түүнчлэн өргөдөл гаргагч Л.О нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн гэрчийн мэдүүлэгтээ ...шүүгч нь шүүх хуралдаан завсарлахад нэхэмжлэгчээс асуулт асуусныг өмгөөлөгч нь нотолно гэсний дагуу шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцсон Ч.Т аас тайлбар, мэдүүлэг авах талаар удаа дараа дуудсан боловч тайлбар, мэдүүлэг өгөөгүй байх бөгөөд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу хууль зүйн туслалцаа үзүүлэх явцад олж мэдсэн зүйлтэй нь холбогдуулан тус өмгөөлөгчөөс гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзсэн байна.
Иймд шүүгч Т.Э д үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох илтгэгч гишүүний саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.... шүүхийн шүүгч Т.Э д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 59 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
Б.СУГАР