info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-03-23

Дугаар 135

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, ...  шүүхийн Ерөнхий шүүгч Л.Э т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өргөдөл гаргагч өмгөөлөгч В.О  2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Шүүхийн ёс зүйн хороонд /хуучнаар/ гаргасан өргөдөлдөө: “...Шүүгч Л.Э  нь шүүх хуралдааныг даргалан явуулж шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг зөрчин, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтүүдийг хангахгүйгээр шүүгчийн бие даасан хараат бус байж гагцхүү хуульд захирагдах шаардлагыг хангаагүй хэт нэг талыг барьж хууль бус үндэслэлгүй шийдвэр гаргаснаас миний үйлчлүүлэгч төлчихсөн мөнгөө дахин төлөхөөр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгчээс удаа дараагийн хурлуудыг үймүүлж шүүхэд нөлөөлөхийг оролддог. Утасны мессежинд үзлэг хийхдээ гудамжнаас хайж 2 хүнийг хөндлөнгийн гэрчээр хуралд оролцуулсан хэдий ч энэ 2 хүнд биеийн байцаалт бичиг баримт байгаагүй. Шүүгч урьд өдрийн хурал дээр хариуцагч н.З д хандан хэргээ үзэж байснаа “та одоо н.О д 5.200.000 төгрөг л өгөх үлдээд байгаа юм байна тийм үү” гэхэд хариуцагч нь “тийм” гэж хариулсан ба эхний өдрийн хурал дээр шүүгч нэлээн нухацтай хэргийг хянан хэлэлцүүлж байснаа 2 дахь өдрийн хурал 9 цагт эхэлмэгц шууд шийдсэн маягтай хурлыг шуурхай явуулж хайнга хандаж одоо 12 цагаас хуралтай цаг тун бага байна гээд зохигчдын тооцоо нийлэх хүсэлтийг хүлээж аваагүй. Миний үйлчлүүлэгч болон миний бие шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хуралдаан дээр гаргахад хүлээж аваагүй. Хавтаст хэрэгт н.З аас ББСБ-д өгсөн мөнгөний баримтууд байсаар байтал н.З  нь ББСБ-д болон н.О  хоёрт н.О ээс авснаас их мөнгө төлсөн баримтууд байхад илтэд нэг талыг барьсан хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хамгийн ноцтой гэж үзэхээр алдаа нь шүүгч шүүх хурлыг завсарлуулж зөвлөлдөхдөө шүүгч нарын туслахуудын том өрөөнд энгийн хувцастай явж зөвлөлдсөн явдал юм. Ингэж хууль бус, зүй бус зөвлөлдсөн учраас хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шийдвэрийг гаргаж чадсангүй гэж үзэхэд хүргэж байна. Өмгөөлөгч миний бие нь өмнөх өдрийн хурал дээр шүүгчид тооцооны жагсаалттай бичигдсэн 5 хуудас тайлбарыг өгсөн ба маргааш өдрийнх нь хурал дээр шүүгчээс зөвшөөрөл  түр авсан байсан ба шүүгч хурлыг завсарлуулахад үйлчлүүлэгчтэйгээ гадаа салхилж зогсож байхдаа гэнэт санаад хурлын нарийн бичгийн даргад нь өгөхөөр ороход харагдахгүй байсан ба шүүгч нарын туслахуудын том өрөөний хаалга нь онгорхой нэг эмэгтэйн танил дуу чанга сонсогдохоор нь өрөөнд ортол нөгөө дуутай эмэгтэй цаашаа харчихсан хүмүүстэй яриад байж байсан ба хар зуны туфлитэй, шилэн трикотой, дэрвэгэр нимгэн хар юбктой, хөх өнгийн нимгэн кофттой эмэгтэйг араас нь харсан болоод ч тэр үү туранхай гоолиг биетэй харагдаад ч тэгсэн юм болов уу анхаарал татаж тэрүүхэн хооронд барби хүүхэлдэй тоглоомыг хальт санагдуулсан ба царайг нь хараад Л.Э  шүүгч болохыг мэдээд гэнэт цочирдон балмагдаж сандарсандаа барьж байсан тайлбарыг шүүгч рүү “шүүгчээ танаас авсан тайлбараа өгөхөө мартаад гарчхаж” гэж хэлээд сарвайхад шүүгч ууртайгаар “шүүх хурал зөвлөлдөж байна” гэж 2 удаа явангаа хэлж тайлбарыг ууртайгаар угз татан ширүүн авсан юм. Тухайн үед шүүгчийн туслахуудын өрөөнд 4-5 эрэгтэй, эмэгтэй залуухан хүмүүс байсан. Тус шүүхийн тамгын газрын дарга дээр орж байдлыг хэлж гомдол гаргатал...миний гаргасан гомдолтой холбогдолтой гол асуудлыг хариундаа бичээгүй байсан. Миний бие шүүх хурал дээр хэлэхдээ хавтаст хэргүүдэд байгаа бэлэн мөнгөний орлого зарлагын баримтуудаас 1 ширхэг баримт л үнэн бусад нь хуурамч гэдгийг хэлсэн. ...Илтэд нэхэмжлэгчийн талд хууль бус шийдвэр гаргаж, шүүгчийн ёс зүйг зөрчсөн шүүгч Л.Э т сахилгын хэрэг үүсгэж өгнө үү” гэжээ.

Өргөдөл гаргагч В.О  2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд гаргасан нэмэлт гомдолдоо: “...Шүүгч Л.Э  нь доорх зөрчлүүдийг гаргасан тул хянан шалгаж шийдвэрлэж өгнө үү. Мэтгэлцэх эрхийг хангаагүй, илтэд нэхэмжлэгчийн талд үйлчилж хариуцагч талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хэт нэг талыг барьж мөнгийг төлсөөр байтал хариуцагч талд хохиролтой шийдвэр гаргасан, шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэн бичихдээ илтэд худлаа бичсэн, хэргийг өөртөө хуваарилсан, цагдаагаас уг хэрэгт байгаа нотлох баримтуудыг шалгахаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн талаар бичиг ирүүлсэн байтал хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд хүсэлт гаргасаар байтал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлээгүй, шүүх хуралдааныг завсарлуулж зөвлөлдөхдөө шүүгчийн туслахуудын өрөөнд энгийн хувцастайгаар хүмүүстэй ярьж явганаар зөвлөлдсөн, дараагийн хурал болох цаг боллоо хурдан хурлыг дуусгана гэж хэлж талуудын хүсэлтийг үл тоож яаравчлан хурлыг дуусгаж буруу шийдвэр гаргасан ба буруу шийдвэрлэснийг нь хяналтын шүүх баталсан” гэжээ.

Шүүгч Л.Э  Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “......  шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа В.О ийн нэхэмжлэлтэй З.З д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт, учирсан хохирол 129.606.360 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч, мөн оны 4 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 104/ШШ2019/00122 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.З аас 51.335.000 төгрөг гаргуулж В.О д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 78.271.360 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Уг хэрэг 2 шатны шүүхээр хянагдан, хуулийн хүчин төгөлдөр болсон. Хариуцагчийн өмгөөлөгч В.О гийн давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Харин Улсын дээд шүүх зохигчдын хяналтын гомдлыг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Уг тогтоолд хариуцагч З.З аас 35.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.О д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 94.606.360 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Өргөдөл гаргагч өргөдөлдөө мэтгэлцэх эрхээр хангаагүй, илтэд нэг талд үйлчилсэн, хариуцагч талд хохиролтой шийдвэр гаргасан, нотлох баримтыг худлаа үнэлсэн, хэргийг өөртөө хуваарилсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлээгүй, шүүх хуралдааныг завсарлуулж зөвлөлдөхдөө шүүгчийн туслахуудын өрөөнд энгийн хувцастайгаар хүмүүстэй ярьж явсанаар зөвлөлдсөн, талуудын хүсэлтийг үл тоож яаравчлан хурлыг дуусган буруу шийдвэр гаргасан гэжээ. Уг үйлдлүүдийг огт гаргаагүй. Өөрөөр хэлбэл Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан хориглосон үйлдлийг гаргаагүй. Манай шүүх зөвлөлдөх тасалгаатай хэдий ч уг тасалгаа бүрэн ашиглах боломжгүй учраас хэргийн оролцогчдыг танхимаас гаргаж шүүгч, шүүх бүрэлдэхүүн зөвлөлддөг. Мөн миний ажлын өрөө шүүхийн байрны 2 давхарт байрладаг учраас би зөвлөлдөх явцад хуралдааны танхимаас гарч хэн нэг этгээдтэй уулзах шаардлагагүй. 20 жил шүүгчээр ажиллахдаа энэ үйлдлийг огт гаргаж байгаагүй. Тухайн өдөр би шийдвэрээ уншиж танилцуулаад туслахуудын өрөөнд орж дугаараа авсан эсэхийг магадлаад дээшээ өрөө рүүгээ орсон. Өрөө рүүгээ орох гээд гарах үед О  гуай надтай зөрөөд туслахуудын өрөө рүү орсон. Энэ үйл явдлыг би яагаад тод санаж байна гэхээр 4 дүгээр сард гаргасан гомдолдоо дурьдсан байсан учраас энэ үйл явдлыг тод санаж байна. Энэ талаар хуралдааны тэмдэглэл, бичлэг, шүүхийн камерийн бичлэгийг үзэхэд өргөдөл гаргагч маань цаг хугацааны хувьд андуурсан нь тогтоогдоно. Түүнчлэн энэ хэргийг хуульд заасан журмын дагуу талуудыг мэтгэлцэх эрхээр хангаж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн. Хэргийг шийдвэрлэхдээ өргөдөл гаргагч өмгөөлөгч В.О , түүний үйлчлүүлэгч З.З  нарын хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй.

Өргөдөлд нэхэмжлэгч В.О , хариуцагч З.З  нарын хэргийг өөртөө хуваарилсан гэж үзэж гомджээ.

...Мэдээлэл лавлагааны ажилтан хэрэг, нэхэмжлэлийг хүлээн авч системээс Шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон дарааллын дагуу хуваарилалт хийдэг. Үүнд ямар нэгэн хүний оролцоо байхгүй. Мэдээлэл лавлагааны ажилтан хэргийн хүлээн авч системд ирсэн цаг минутаар бүртгэж авсан. Мэдээлэл лавлагааны ажилтан хэргийг хүлээн авч системд ирэн цаг минутаар бүртгэж авсан. Систем ямар нэг хүний оролцоогүй автоматаар тойрог дотор санамсаргүй аргаар хэргийг шүүгчид хцваарилдаг. Энэ ажиллагаа бүх шатны шүүхэд явагддаг. Энэ ажиллагаа хүний оролцоотой санаатайгаар хэн нэг шүүгчид хуваарилагдсан байвал энэ нь системээс алдаа болж харагддаг. Үүнд тухайн шүүхийн тамгын газрын дарга, мэдээлэл технологийн мэргэжилтэн байнга хяналт тавьдаг... ” гэжээ.

Илтгэгч гишүүн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гаргасан “Сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох санал”-даа: “...Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ...  шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 122 дугаар шийдвэрээр В.О ийн нэхэмжлэлтэй, З.З д холбогдох гэрээний үүрэг, түүнээс учирсан хохирол 129.606.360 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч З.З аас 51.335.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч В.О д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 78.271.360 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба ийнхүү шийдвэрлэсэн шүүгчийн үйл ажиллагаатай холбогдуулан хариуцагчийн өмгөөлөгч В.О  гомдол гаргаж, үндэслэлээ “...хэт нэг талыг барьж хууль бус шийдвэр гаргасан, мэтгэлцэх эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлээгүй, шүүх хуралдааныг завсарлуулж зөвлөлдөхдөө шүүгчийн туслахуудын өрөөнд энгийн хувцастайгаар хүмүүстэй ярьж явганаар зөвлөлдсөн, дараагийн хурал болох цаг боллоо хурдан хурлыг дуусгана гэж талуудын хүсэлтийг үл тоож яаравчлан хурлыг дуусгаж буруу шийдвэр гаргасан” гэж тодорхойлжээ.  

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ 27 дугаар зүйлд Шүүгчид хориглох зүйл, 28 дугаар зүйлд Шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт, 29 дүгээр зүйлд Шүүгчийн ашиг сонирхлын зөрчил, 30 дугаар зүйлд Шүүгч түүний гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг тодорхойлсон бол хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “Шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ”, 1.4 дүгээр зүйлийн 2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй”  гэж заасан.

Иймд шүүгч нь дээрх хууль, дүрэмд заасан хэм хэмжээг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.

“Хэргийг өөртөө хуваарилсан, шүүх хурлыг завсарлуулж зөвлөлдөхдөө шүүгчийн туслахуудын өрөөнд энгийн хувцастай явж зөвлөлдсөн” гэх зөрчлийн тухайд:

В.О ийн нэхэмжлэлтэй, З.З д холбогдох иргэний хэргийг шүүгч Л.Э т Иргэн-2014 нэгдсэн системээс хуваарилсан байх ба энэ хэргийн шүүх хуралдаан 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 14 цаг 30 минутад эхлэн, оройн 21 цаг 50 минутад завсарлаж, 04 дүгээр сарын 18-ны өдрийн 09 цагт эхлэн, 11 цаг 30 минутад дуусжээ.

Сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад цугларсан гэрч Б.О ийн “...туслахаар нь ажиллаж байсан, зөвлөлдөх тасалгааны өрөө тааруу тул шүүгч нар хэргийн оролцогчдыг гаргаж байгаад шүүх хуралдааны танхимдаа зөвлөлддөг байсан, ...хуралдааны танхимаас гараагүй гэж бодож байна, би хурлаа оруулчихаад байнга дээгүүр доогуур явж байсан, шүүгч гарч ирсэн бол заавал мэдэх ёстой...” гэсэн мэдүүлэг, гэрч П.Н гийн “...нарийн бичгийн даргаар хуралд орсон, хэргийн оролцогчдоо гаргаад хуралдааны танхимдаа зөвлөлддөг байсан, шүүгч танхимаас гарвал хэргийн оролцогчид харах боломжтой, тийм учраас шүүгч гараагүй байх гэж бодож байна, өөр хүн андуурсан байх” гэсэн мэдүүлэг, ..., ... дүүргийн шүүхийн тамгын газрын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар албан бичигт “...шүүгчийн туслах нарын өрөөнд байрладаг камерын дүрс бичлэг 7 хоногийн хугацаагаар хадгалаад устдаг тул тухайн өдрийн бичлэг байхгүй” гэснээс үзэхэд шүүгч Л.Э ийг шийдвэр гаргахаар зөвлөлдөхдөө энгийн хувцастай, шүүгчийн туслахуудын өрөөнд орсон гэдэг нь нотлогдохгүй байна.

Иймд хэргийг өөртөө хуваарилсан, шүүх хурлыг завсарлуулж зөвлөлдөхдөө шүүгчийн туслахуудын өрөөнд энгийн хувцастай явж зөвлөлдсөн гэх зөрчил гаргасан гэж үзэхгүй.

“Хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлээгүй, мэтгэлцэх эрхээр хангаагүй, талуудын хүсэлтийг үл тоож яаравчлан хурлыг дуусгаж буруу шийдвэр гаргасан” гэх зөрчлийн тухайд:

Сахилгын хороо нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага.

           Харин өргөдөл мэдээллийн агуулгаас үзвэл хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг эс зөвшөөрч, буруу шийдвэрлэсэн талаар гомдсон байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан тул шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан хэрхэн үнэлж, хууль хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаардаг болно.

           Тодруулбал, Сахилгын хороо нь өргөдөлд дурдсанаар шүүгч нэг талыг барьж буруу шийдвэр гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлээгүй нь зөв буруу эсэх, нотлох баримтыг зөв, буруу үнэлсэн эсэхийг тогтоох, дүгнэлт өгөх эрх хэмжээгүй.

Иймд хэрэг маргааныг шийдвэрлэсэн шүүгчийн үйл ажиллагааг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ болон Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн зөрчилд тооцохгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүгч Л.Э т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргах нь зүйтэй гэж үзлээ.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          В.О гийн өргөдлөөр илтгэгч гишүүн ...  шүүхийн Ерөнхий шүүгч Л.Э т сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

...  шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 122 дугаар шийдвэрээр  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1408 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, ...  шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагчаас 35,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 94,606,360 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 4 дэх заалтын “414,625” гэснийг “332,950” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаар 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэж, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө.

Монгол Улсын шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасан, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж тус тус заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүх нотлох баримтыг үнэлэх талаар хуульчилсан байх бөгөөд шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан хэрхэн үнэлж, хууль хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаардаг.

Өөрөөр хэлбэл,  шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, дүгнэлт өгөх эрх хэмжээ Сахилгын хороонд  хуулиар олгогдоогүй ба шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт үнэлэхтэй холбоотой шүүгчийн ажиллагааг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэх боломжгүй бөгөөд энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүх хурлыг завсарлуулж зөвлөлдөхдөө шүүгчийн туслахуудын өрөөнд энгийн хувцастай явж зөвлөлдсөн, хэргийг өөртөө хуваарилсан гэх зөрчил гаргасан эсэхийг илтгэгч гишүүн шалгасан, шүүхийн шүүгчийн туслах Б.О ийн мэдүүлэг[1], тухайн үеийн шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар орсон П.Н гийн мэдүүлэг[2] , Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газрын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар албан бичиг зэргээр уг үйл явдал тогтоогдохгүй гэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд Ерөнхий шүүгч Л.Э т үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, ...  шүүхийн Ерөнхий шүүгч Л.Э т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай. 

                                                                       

    ДАРГАЛАГЧ                                Х.ХАШБААТАР                                             

 ГИШҮҮН                             Ц.ДАВХАРБАЯР                                                  

С.ЭНХТӨР

 

 

[1] 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл” Сахилгын хэргийн 172 дахь тал

 

[2] 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл” Сахилгын хэргийн 170 дахь тал