МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-03-17
Дугаар 124
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, ... шүүхийн шүүгч Т.Э т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өргөдөл гаргагч Г.Ч Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ... шүүхийн шүүгчийн туслах Э нь утсаар ярьж 10 цагаас өмнө шүүх дээр ирж уулз гэснээр очиход Э шүүгчийн өрөөнд туслах Э нь дагуулж орсон. Шүүгч нь ... дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс мөнгө өгөхгүй гээд байгаа юм биш үү. Энэ олон гэрч авах шаардлага байгаа юм уу. Ц өмгөөлөгч өмгөөлж чадах юм уу гэсэн. Би та юу яриад байгаа юм бэ миний хэргийг шүүгч шүүх биз дээ та гээд гараад явсан. Мөн 4 хоногийн дараа 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өмгөөлөгч Ц гийн зөвлөснөөр шүүгчээс татгалзах хүсэлтээ өгөхөөр шүүх рүү ороход Э шүүгчтэй таарч миний өрөөнд ороод ир гэсэн. Тэгэхээр нь би үгүй би бичиг хэрэгтээ уулзана гэхэд туслах Э үүдний цагдаа нар хүчээр өрөөнд оруулсан. Шүүгч нь та буруу ойлгоод байна гэхээр би таны хэлснийг давтаад хэлье шүүгч Э нь ... дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс мөнгө өгөхгүй гээд байгаа юм биш үү ийм олон гэрч авах шаардлага байгаа юм уу. Ц өмгөөлөгч өмгөөлж чадах юм уу гэж хэлсэн биз дээ гэж хэлэхэд шүүгч Э нь үгүй, би ер тэгж хэлээгүй манай туслахаас асуу гэхэд туслах манай шүүгч ер тэгж хэлээгүй та буруу ойлгосон байна гэж хэлсэн нь шүүгчээ хамгаалж нийлж байгаад намайг гүтгэн доромжилсон.
Миний бие өрөөнөөс нь гараад бичиг хэрэгт хүсэлтээ өгөөд гарсны дараа 2-3 цагийн дараа ... шүүхийн Ерөнхий шүүгч Ц 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 50 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгч Э ийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай нэхэмжлэгч Г.Ч гийн хүсэлтийг хангасугай гэсэн захирамж гарсан. Э шүүгч, туслах Э нар бусдад давуу байдал үүсгэсэн гэх үндэслэлтэй гэж үзэж байна. Миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнд маш их гомдолтой байна. Иймд хуулийн дагуу хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэжээ.
... шүүхийн шүүгч Т.Э : “ ...Миний бие Н.Ч гийн нэхэмжлэлтэй, ... дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох өндөр насны тэтгэврийг 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хүртэл тооцон нөхөн тогтоохыг ... дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, тэтгэвэрт авах байсан 11.031.266 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 4 гэрч асуулгах хүсэлт гаргасан ба шүүх хүсэлтийг хангаж, 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт гэрчээ асуухаар товлосон. Шүүгчийн туслах гэрчүүдтэй утсаар холбогдоход нэг гэрч нь хүнд өвчтэй хүн асардаг, нөгөө гэрч нь Улаанбаатар хотод өвчтэй байгаа хэзээ ирэх нь тодорхойгүй байна гэсэн хариу өгсөн байсан.
Шүүгчийн туслах нэхэмжлэгч Ч г дуудаж энэ талаар хэлээд манай өрөөнд хамт орж ирсэн. Би нэхэмжлэгчид 2 гэрч ирэх боломжгүй талаарх шалтгааныг хэлэхэд үнэхээр ирэх боломжгүй бол асуулгахгүй байж болох уу гэхээр нь энэ 4 гэрчээс юу тодруулах гэж байгаа юм бэ гэхэд надад ямар ч нотлох баримт байхгүй учраас гэрч асуулгах гэж байгаа гэж хэлсэн. (нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэрч асуулгах хүсэлтдээ юу тодруулах талаар дурдаагүй байсан) Тухайн үед өмгөөлөгчийн талаар ямар нэгэн зүйл яригдаагүй ба нэхэмжлэгчтэй уулзахад шүүгчийн туслах Д.Э тэмдэглэл хөтөлж байсан. (тэмдэглэлийг хавсаргав)
Г.Ч нь намайг өрөөндөө ороод ир гэж гомдолдоо дурджээ. Миний хувьд Ч гуайтай туслахтай хамт гэрч асуулгах талаар уулзсанаас хойш дахин уулзаагүй. Хэд хоногийн дараа нэхэмжлэгч шүүгчээс татгалзан гаргах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн байсан. Би уг хэргийг эцэслэн шийдвэрлээгүй ба дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй болно” гэжээ.
Илтгэгч гишүүн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гаргасан “Сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох санал”-даа: “...Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм /хуучнаар/-д хэргийн оролцогчтой нэг талыг байлцуулахгүйгээр уулзах тохиолдолд тэмдэглэл хөтөлж хэрэгт хавсаргахаар заасан байна.
Шүүгчийн туслах Д.Э ирүүлсэн тайлбартаа тэмдэглэл хөтөлсөн гэж дурдаж, энэхүү тэмдэглэлийг сахилгын хэрэгт ирүүлсэн боловч Г.Ч гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хавсаргагдаагүй болох нь уг тэмдэглэлээр батлагдаж байна. Дээрх баримтаар Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.2 дугаар зүйлийн 4-т заасныг зөрчсөн гэдэг нь тогтоогдож байна.
2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар Т.Э шүүгчийг “..хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхгүйгээр өрөөндөө дуудаж уулзан өөрийн санал бодлоо илэрхийлэн, хэргийн оролцогчид тухайн хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаараа эргэлзээ төрүүлсэн” гэж үзэж нэхэмжлэгч Г.Ч гийн татгалзан гарах хүсэлтийг хүлээн авчээ.
Иймд ... шүүхийн шүүгч Т.Э ийг тухайн үед мөрдөгдөж байсан Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгч хэргийн оролцогчтой ганцаарчлан уулзаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн талаар ярилцаж болохгүй бөгөөд хэрэв албан ажлын зайлшгүй шаардлагын улмаас нэг талыг байлцуулахгүйгээр нөгөө талтай уулзах бол шүүхийн туслах ажилтан байлцуулах бөгөөд уулзалтын талаар тэмдэглэл хөтлөн хэрэгт хавсаргана”, 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн оролцогчдын зүгээс шүүгчийг татгалзахад хүргэх нөхцөл байдлыг өөрийн үг яриа, үйлдлээр бий болгохоос урьдчилан сэргийлж, зайлсхийнэ” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гомдол гаргагчийн дурдаж буй “...Т.Э шүүгчтэй таарч миний өрөөнд ороод ир гэсэн. Тэгэхээр нь би үгүй би бичиг хэрэгтээ уулзана гэхэд туслах Д.Э үүдний цагдаа нараар хүчээр өрөөнд оруулсан” гэж гомдол нь сахилгын хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.
...Сахилгын хэргийн үйл баримт нь Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө буюу 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн үйл баримт байх тул тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүгчийн ёс зүйн дүрэм /хуучнаар/-ийн 5.1.3-т “Ёс зүйн зөрчлийг илэрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болох нь зүйтэй гэж үзэв.” гэжээ.
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал болон сахилгын хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Ч гийн өргөдлөөр шүүгч Т.Э т сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаар 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэж, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн[1] 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэх ба Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан ба энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ” гэж заасан.
Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.2 дугаар зүйлийн 4-т “Шүүгч хэргийн оролцогчтой ганцаарчлан уулзаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн талаар ярилцаж болохгүй бөгөөд хэрэв албан ажлын зайлшгүй шаардлагын улмаас хэргийн нэг талыг байлцуулахгүйгээр нөгөө талтай уулзах бол шүүхийн туслах ажилтан байлцуулах бөгөөд уулзалтын талаар тэмдэглэл хөтлөн хэрэгт хавсаргана” гэж заасан, шүүгчийн туслах Д.Э гийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тайлбарт “...Шүүгчтэй уулзах үед ярьсан яриаг би өөрийн хувийн дэвтэрт бичиж тэмдэглэсэн тэмдэглэсэн.” (сахилгын хэргийн 58 дахь тал) гээд уг тэмдэглэлийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
Мөн өргөдөл гаргагч Г.Ч гийн Шүүхийн сахилгын хороонд гаргасан 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн өргөдөл, шүүгч Т.Э ийн 2021 оны 4 дүгээр сарын 19, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тайлбар, шүүгчийн туслах Б.Э гийн 2022 оны 01 дүгээр сарын 17, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тайлбар зэргээр холбогдох шүүгч нь 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Г.Ч г өөрийн албан өрөөнд дуудаж уулзсан, уулзахдаа Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 2-т “Хэргийн оролцогчдын зүгээс шүүгчийг татгалзахад хүргэх нөхцөл байдал өөрийн үг, яриа, үйлдлээр бий болгохоос урьдчилан, сэргийлж, зайлсхийнэ” гэж заасан нөхцөл байдлыг бий болгосон нь ... шүүхийн Ерөнхий шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар захирамжаар “Шүүгч Т.Э нь хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүлээн авч шийдвэрлэхгүйгээр өрөөндөө дуудаж уулзан өөрийн санал бодлоо илэрхийлэн, хэргийн оролцогчид тухайн хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаараа эргэлзээ төрүүлсэн байна” гэж үзэж шүүгч Т.Э ийг иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай нэхэмжлэгч Г.Ч гийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн шийдвэрээр тогтоогдож бөгөөд энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй байна.
Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-дахь хэсэгт “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж зааснаар шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул илтгэгч гишүүний гаргасан сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, шүүгч Т.Э т үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Т.Э т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮН Г.ЦАГААНЦООЖ
Д.ЭРДЭНЭЧУЛУУН
[1] 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон.