МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-01-19
Дугаар 2
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны нарийн бичгийн дарга Э.Марал нарыг оролцуулан Шүүхийн сахилгын хорооны хуралдааны танхимд хийв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаар сахилгын хэрэг үүсгэсэн захирамжтай, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны гишүүн Б.Сугарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгч Б.М тайлбартаа: “А компани нь эхнэр Д.О-ын үүсгэн байгуулсан /1 гишүүнтэй/ компани юм. Энэ компани үл хөдлөх эд хөрөнгийн түрээс, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Компани барьцаалан зээлдүүлэх газрын салбараа нээж, үйл ажиллагааг өргөтгөх /компанид хөрөнгө оруулалт хийх/ зорилгоор ... тоот хоёр өрөө орон сууцыг 2012.04.04-ны өдөр ... салбараас 75 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Тус байрны үнэ 75 сая-с 50 сая төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас 7 жилийн хугацаатай жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлж, үлдэх 25 сая төгрөгийг компанийн орлогоос гаргасан. Худалдаа хөгжлийн банкнаас зээлсэн 50 сая төгрөгийг зээл авсан өдрөө Капитрон банк руу шилжүүлэхээр тохиролцсоны дагуу шилжүүлсэн. Уг зээл нь үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авах зээлийн ангилалд орж байсан тул зээлийн барьцаанд байр байж, байрны бичиг баримтууд зээлийн гэрээний хугацаа дуустал тухайн банканд хадгалагдаж байсан. Би хөрөнгө орлогын мэдүүлэгтээ компанид хөрөнгө оруулах зорилгоор 50 сая төгрөгийн зээл авсан гэдгээ мэдүүлж зээлийг төлж дуусах хүртэл буюу 2019 оны 5 сар хүртэл хөрөнгө орлогоо ийм байдлаар мэдүүлж ирсэн.
Хэрвээ худалдаж авсан 2 өрөө орон сууц /үнэ 75 сая/ болон банкнаас зээлсэн 50 сая төгрөг хоёрыг хамтад нь хөрөнгө орлоготоо мэдүүлбэл миний хөрөнгө 125 сая төгрөг болж хиймлээр өсөх нөхцөл байдал үүсэж байсан тул аль нэгийг нь бичих ёстой гэж миний бие ойлгож байсан.
Иймд би банкнаас авсан зээлээ хөрөнгө орлоготоо бүртгэж, зээл дууссаны дараа банкны зээлтэй гэсэн мэдүүлгээ хасаж, 2 өрөө байртай гэсэн байдлаар хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлж ирсэн.
Г компаний тухайд:
Компани 2011 онд үүсгэн байгуулагдсанаас хойш тамга тэмдэг аваагүй, нэг ч үйл ажиллагаа явуулаагүй, ямар нэгэн банканд дансгүй явж байсан тул 2012 онд Аймгийн татварын хэлтэст "Татан буулган тухай" хүсэлт гаргасны дагуу татан буугдахын өмнө татварын хяналт шалгалт хийлгэж улмаар компанийн бичиг баримтыг татварын хэлтэст хүлээлгэн өгсөн тул энэ компани татан буугдсан гэж ойлгож байгаа болно. Аймгийн татварын хэлтсээс өнөөдрийг хүртэл Г компаний улирал бүрийн татвар, тайланг нэхэмжилж байгаагүй тул татан буугдсан гэж бодож явдаг.” гэжээ.
Сахилгын хорооны гишүүн Б.Сугар 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “...Сахилгын хорооны гишүүн Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-д "Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй", Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5.17-д "Шүүгчид холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, зөрчил гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй" гэж тус тус заасан байх бөгөөд гомдолд дурдагдаж буй Ерөнхий шүүгч Б.М-ын зөрчил гаргасан гэх цаг хугацаа нь 2019 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой байх бөгөөд мэдүүлэгт хамаарах хугацаа 2019.12.31 -ний өдрөөр, мэдүүлэг гаргах сүүлийн хугацаа 2020.02.15-ны өдрөөр дуусгавар болсон байна.
Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5.17-д зөрчил гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан байх бөгөөд 2019 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг буруу мэдүүлсэн гэх энэ асуудал нь 2019.12.31-ний өдрөөс хойш 2 жил 5 тэд хоног, мэдүүлэг гаргах ёстой хуульд заасан эцсийн хугацаа болох 2020.02.15-ны өдрөөс хойш 1 жил 12 сар 21 хоногийн хугацаа өнгөрсөн байх тул ...ийн Ерөнхий шүүгч Б.Мт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Д 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01/7130 тоот “Хариуцлага тооцуулах тухай” албан бичгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаярт хүргүүлжээ. Уг албан бичгийг Сахилгын хорооны гишүүн Б.Сугар 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад, мөн оны 12 дугаар сарын 20- ны өдрийн 18 дугаар захирамжаар ...ийн Ерөнхий шүүгч Б.М сахилгын хэрэг үүсгэсэн байна.
Гишүүн Б.Сугар 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ...ийн Ерөнхий шүүгч Б.Мт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, уг сахилгын хэргийг хянан шийдвэрлэх Сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ...” гэж зааснаар 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон хэм хэмжээ, мөн Шүүхийн ёс зүйн хорооны болон Шүүгчийн ёс зүйн дүрэм хэрэглэгдэнэ.
Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах тухай Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дах хэсэгт “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.” гэж, тухайн үед хүчин төгөлдөр байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх “Шүүгч нь Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус заасныг шүүгч Б.М зөрчсөн байгаа нь сахилгын хэрэгт тооцогдоно.
Харин Авлигатай тэмцэх газрын 2020 оны 01/7130 тоот албан бичигт дурдсан шүүгчийн үйл ажиллагаатай холбоотой үйл баримтууд нь Сахилгын хорооны гишүүн Б.Сугарын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ...ийн Ерөнхий шүүгч Б.Мт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй”, Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5.17-д “Шүүгчид холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 1 жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй” гэж заасан нь ...ийн Ерөнхий шүүгч Б.М-ын зөрчил гэх цаг хугацаа дуусгавар болсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Сахилгын хорооны гишүүн Б.Сугарын ...ийн Ерөнхий шүүгч Б.М-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.8 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, шүүгч Б.М-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
- Магадлалын хувийг хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
- Хэргийн оролцогч болон илтгэгч гишүүн магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ГИШҮҮН Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮД Д.МЯГМАРЦЭРЭН
С.ЭНХТӨР