info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-03-09

Дугаар 104

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нямжаргал нарыг оролцуулан, ... шүүхийн шүүгч Д.О д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн Ж.М  2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Шүүхийн ёс зүйн хороонд /хуучнаар/ бичгээр ирүүлсэн өргөдөл /гомдол/-дөө:  ““Ж.М гийн нэхэмжлэлтэй Н х т, Е т г, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс, ... газарт холбогдох захиргааны хэрэгт ... шүүгч н.О  нь ёс зүйн зөрчил гаргаж, хувийн ашиг сонирхлоор хандаж хэргийг удаашруулж байна. Миний бие анх 2018 оны хавар шүүхэд нэхэмжлэл өгсөн бөгөөд тус хэсэгт шинжээч томилох хүсэлтийг 2018.09 сард гаргаж шинжээч томилсон байхад одоог хүртэл томилсон шинжээчээс үндэслэл бүхий тайлбар аваагүй, шинжилгээ хийлгэж чадахгүй өнөөдрийг хүрлээ. Шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн /2 удаа хийгдсэн/ шатанд гуравдагч этгээдэд шууд хууль зүйн зөвлөгөө өгч миний эрхийг хязгаарлах, нөгөө талд үйлчилж байгаагаа ил тод зарласаар ирсэн бөгөөд дахин шинжээч томилоход манай өмгөөлөгчийн зүгээс тавьсан асуулт болон нэхэмжлэлийн шаардлагатай огт хамаагүй асуудлаар захирамжид асуулт оруулж, тэр нь хэргийг удаашруулах, шинжээчийг дүгнэлт гаргах боломжийг хязгаарлаж байна. Ж.М гийн нэхэмжлэлтэй Н х т, Е т г, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс, ... газарт холбогдох захиргааны хэрэгт тус шүүхийн шүүгчийн 2019.05.14-ны өдрийн Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, түдгэлзүүлэх тухай ... тоот захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 113 дахь хэсэгт заасныг баримтлан 2019.06.20-ны өдөр өмгөөлөгчийн зүгээс хүсэлт /2 удаа/ гаргасан боловч өнөөдрийг ямар ч хариу байхгүй шүүгчийн туслахтай 4 удаа би болон өмгөөлөгч уулзахад шүүгчид танилцуулсан, танилцуулаагүй гэх худал мэдүүлгийг өгч байна. Дээрх хугацаанд гаргасан хүсэлтийг яагаад шийдвэрлэхгүй удаашруулж байгаа зэргээ огт тайлбарлахгүй хууль болон ёс зүйн асуудал үүсгэж байна. Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлд зааснаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж байгаа аливаа шүүгч нь бүх үйл ажиллагааг хуульд нийцүүлэн явуулахаар заажээ. Гэтэл н.О  шүүгч нь захирамжаар томилсон шинжээчээс дүгнэлт авч чадахгүй, ямар байгууллагаар шинжилгээ хийлгэх ээ мэдэхгүй, өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа нь хариуцлагагүй, хувийн ашиг сонирхол гаргаж байна гэж хардахаар байна. Иймд тус шүүгчид сахилгын хэрэг үүсгэж, сахилгын арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.

            ... шүүхийн шүүгч Д.О  тайлбартаа: “Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан Ж.М гийн гомдолд дараах тайлбарыг гаргаж байна. Ж.М гийн нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан хугацаанд захиргааны хэрэг үүсгээд доор дурдсан ажиллагаануудыг хийсэн болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгч Ж.М  болон түүний өмгөөлөгч Б.Б нарын хүсэлтээр шинжээч томилуулах, шинжээчийг өөрчлөх хүсэлтүүдийг хүлээн авч шийдвэрлэсэн. Шүүгчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зориудаар удаашруулсан асуудал байхгүй бөгөөд харин гомдол гаргагч буюу нэхэмжлэгч талын удаа дараагийн хүсэлтийг хүлээн авч хангаж, шийдвэрлэснийг дараах баримтуудыг үндэслэн тайлбарлаж байна. Ёс зүйн зөрчил, ёс зүйн алдаа гаргаагүй болно гэжээ” гэжээ.

Илтгэгч гишүүн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гаргасан “Сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох санал”-даа: “...  ... шүүхийн шүүгчийн 2019.02.01-ний өдрийн “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” ... дугаар захирамжаар “Б х т” ТӨҮГ-ыг шинжээчээр томилж, мөн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” ... дугаар захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, мөн шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 08-ний өдрийн “Шинжээчийг өөрчлөн томилох тухай” ... дугаар захирамжаар өмнөх захирамжаар томилсон шинжээчээ өөрчилж Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрыг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлжээ.

Ийнхүү шинжээч томилохдоо нэхэмжлэгч Ж.М  болон түүний өмгөөлөгч Б.Б нарын хүсэлтийн дагуу тухай бүр шинжээч томилж дүгнэлт гаргуулах ажиллагааг хийлгэж байсан болох нь дээрх шүүгчийн захирамжуудаа тогтоогдож нотлогдож байна. Харин томилогдсон шинжээч дүгнэлтээ хэзээ, хэрхэн яаж гаргаж өгөх нь шүүхээс болон хөндлөнгийн бусад этгээдээс үл хамаарах асуудал байх бөгөөд шинжээч хараат бусаар ажиллаж нарийн мэдлэг мэргэшил шаардсан мэргэжлийн дүгнэлт гаргах үүргийнхээ дагуу 2020.08.12-ны өдөр 1/175 дугаартай “Шинжээчийн дүгнэлт” гаргаж 2020.08.28-ны өдрийн 2/2518 тоот албан бичгээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шинжээчийн дүгнэлтийг хүргүүлжээ.

Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “Шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ”, 2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж зааснаас үзэхэд шүүгч Д.О гийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан дээрх захирамж болон уг захирамжийг гаргасан гэх үйл баримт нь хууль зөрчсөн эсэх, хууль зүйн үндэслэлтэй байсан эсэх асуудал нь шүүгчийн ёс зүйн зөрчилд хамаарахгүй, зөрчил гэж тодорхойлох боломжгүй.

Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянах, хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээгүй, хуулиар бүрэн эрх олгоогүй, харьяаллын бус асуудал болно. Мөн шүүгчийн хууль хэрэглээтэй холбоотой асуудал нь шүүгчийн ёс зүйн болон сахилгын зөрчилд хамааралгүй.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгч Д.О  нь 2019.02.01-ний өдрийн “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” ..., 2019.05.14-ний өдрийн “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” ... дугаар захирамжуудыг гаргасан байх бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 08-ний өдрийн “Шинжээчийг өөрчлөн томилох тухай” ... дугаар захирамжийг шүүгч Г.М гаргажээ.

Шүүгч Д.О  нь тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэх оролцоо нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” ... дугаар захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсноор дуусгавар болсон байх ба тус хэрэг өөр шүүгчид шилжиж улмаар уг хэргийн нэхэмжлэгч Ж.М  /гомдол гаргагч/ шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Иймд шүүгч Д.О д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.                           

ҮНДЭСЛЭХ нь:

         Иргэн Ж.М  нь 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Шүүхийн ёс зүйн хороонд /хуучнаар/ гомдол гаргасныг хүлээн авч, холбогдох шүүгчид гомдлыг гардуулж, шүүгч хариу тайлбарыг холбогдох нотлох баримтын хамт ирүүлсэн байна. Шүүхийн ёс зүйн хорооны гомдол шийдвэрлэх хуралдаан 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр болж, нэмэлт шалгалтын ажиллагаа хийхээр хуралдааныг хойшлуулжээ.

Өргөдөлд дурдсан үйл баримтыг шалгахад 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан бол Шүүхийн ёс зүй хороо, Захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааныг Сахилгын хороонд шилжүүлнэ” гэж зааснаар 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэж, харин сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ 27 дугаар зүйлд “Шүүгчид хориглох зүйл”, 28 дугаар зүйлд “Шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт”, 29 дүгээр зүйлд “Шүүгчийн ашиг сонирхлын зөрчил”, 30 дугаар зүйлд “Шүүгч түүний гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээ”-г тодорхойлсон бол хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр”, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “Шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ” гэж тус тус заасан.

            Монгол Улсын Шүүхийн тухай хууль 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Шүүхийн сахилгын хороо байгуулагдан, хуучин Шүүхийн ёс зүйн хороонд ирсэн өргөдөл, мэдээлэл 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гишүүдэд хуваарилагдсан ба тус өргөдөл Шүүхийн сахилгын хорооны гишүүн Б.Сугарт хуваарилагдаж, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 54 дүгээр захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, ... шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар 01-ний өдрийн “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” ... дугаар захирамж, 2019 оны 05 дугаар 14-ний өдрийн “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” ... дугаар захирамжаар нэхэмжлэгч Ж.М  болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шинжээч томилсон байх бөгөөд  2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 3/846 тоот албан бичгээр шинжээчийн дүгнэлтийг хүргүүлсэн байна.  

Шүүгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэсэн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж болно” гэж заасны дагуу шинжээч томилж, захирамж гаргасан, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. 7.2.3-т заасны дагуу холбогдох шүүгч шинжээч томилох захирамж гаргахдаа дүгнэлт ирүүлэх хугацааг тодорхой тусгасан зэргээс харахад Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3-т “хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж байгаа шүүгч нь бүх үйл ажиллагааг хуульд нийцүүлэн явуулна” гэж заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй бөгөөд энэ талаар дүгнэсэн илтгэсэн гишүүний санал үндэслэлтэй байна.

Иймд хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн шүүгчийн үйл ажиллагааг сахилгын болон ёс зүйн зөрчил гэж тодорхойлох боломжгүй гэж үзэж илтгэгч гишүүнээс сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авч, шүүгч Д.О д үүсгэсэн сахилгын хэргийг бүхэл нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Д.О д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8-д зааснаар 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай. 

            ДАРГАЛАГЧ                                    Х.ХАШБААТАР

                              ГИШҮҮН                                    Ц.ДАВХАРБАЯР

                                                                                   С.ЭНХТӨР