info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-04-21

Дугаар 162

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шийдвэрлэх тухай

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Эрдэнэчулуун, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 705 тоот танхимд нээлттэй хийв.

Тус хуралдаанаар иргэн Б.Л гийн өргөдлөөр, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.А д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг, гишүүн Д.Ариунтуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 60 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-даа:

... Өргөдөл гаргагчаас “Шүүгч бие даасан, хараат бус байдлаа хадгалаагүй, ялгаварлах үзэл гарган үнэнч шударга байх, эрх тэгш байх зарчмуудыг зөрчин Д.М д давуу байдал бий болгосон. ...2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шүүгч В.А  тус хэрэгт томилогдсон ч шүүх хуралдаан болсон 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ямар нэгэн ажиллагаа огт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулсан” гэж гомдолдоо дурдсан байна.

Харин шүүгч В.А гээс “хэрэг олон хавтастай, хэргийн оролцогч олонтой, ээдрээ төвөгтэй, хэргийг хүлээн авснаас хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд шүүгч, зохигч хэрэгтэй танилцах, оролцогчдыг дуудан ирүүлэх, эрх үүрэг тайлбарлан өгөх, нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, тайлбар авах, талуудын гаргасан хүсэлтийг шийдвэрлэх, нэр бүхий гэрч нарыг дуудан ирүүлэх, гэрчээс мэдүүлэг авах, хүсэлт шийдвэрлэх, шүүх хуралдааныг товлох зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэсэн ба эдгээрийг нэгэн зэрэг хэрэгжүүлэх, шийдвэрлэх нөхцөл боломжгүйгээс шат дараатай хэрэгжүүлэхэд тодорхой хугацаа шаардагдсан. ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан бөгөөд бүрэн эрхээ урвуулан ашиглах, ялгаварлах, нэг талд үйлчлэх, давуу байдал олгох, зүй бус авирлах, зохисгүй байдал гаргах, хараат бус байх зарчмыг зөрчих зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулаагүй” гэж тайлбарлажээ. 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шүүгч В.А д нийт 64 иргэний хэрэг шилжүүлсэн. Тухайн хэрэгт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл рүү мэдэгдэх хуудас явуулсан, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч нарт эрх, үүрэг тайлбарлаж, нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, хэргийн материал танилцуулсан, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх, үүрэг тайлбарлаж, нөлөөллийн мэдүүлэг хөтөлж, хэргийн материал танилцуулсан, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрч оролцуулах хүсэлт гаргаж, 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гэрч асуулгах хүсэлт гаргаж, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч татах тухай хүсэлтийг шийдвэрлэж, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Б.Анхбилэгийг гэрчээр асуусан, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, тус захирамжид гаргасан гомдлыг бүрэлдэхүүнтэйгээр 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэж, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ... дүгээр Ерөнхий шүүгчийн захирамжаар гуравдагч этгээд Б.Л гийн шүүгч В.А гээс татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэж, хүсэлтийг хангахгүй орхисон, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шүүгч В.А д хуваарилагдсан хэрэг, нэхэмжлэлийг шүүгч нарт шилжүүлсэн зэрэг ажиллагаа хийгдсэн байна.

Шүүгч В.А  нь тус хэрэгт 06 сар 03 хоног хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд сахилгын хэрэг шалгах ажиллагаагаар цугларсан баримтуудаас үзэхэд дээрх хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж хэргийн нэг талд үйлчилсэн үйл баримт тогтоогдохгүй байна. 

Хэргийн оролцогчтой зүй бус харилцаж, зохисгүй байдал гаргасан гэх өргөдлийн тухайд: Өргөдөл гаргагчаас “...2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 13:30 цагт болсон шүүх хуралдааныг даргалахдаа гуравдагч этгээдийг үг хэлүүлэхгүй тасалж, гомдол гаргана гэхэд "...за шүүх хурлаа товлоё... таны гомдол гаргах хамаагүй, би ажлаа хийж байна" гэж дээрэнгүй /шүүгчийн захирамжид гомдол гаргаж эцэслэн шийдэгдсэний дараа хэрэг нэг мөр шийдэгдэх нь эсэх нь тодорхой болж байхад, гомдол гаргах нь хамаагүй, хурлаа шууд товлоод, оролцуулахгүйгээр хэргээ шийдсэн ч болох/ өнгө аястай хандсан нь... гуравдагч этгээдийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрх зөрчигдөх үндэс болсон” гэжээ.

Тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1203 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл зохигчид тайлбар хэлэх боломжийг шүүгч тэгш байдлыг хангаж гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нь шүүх хуралдаанд оролцож хүсэлт гаргаж, тайлбар, үндэслэлээ гаргасан байна.

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 187 дугаар албан бичгээр “тухайн өдрийн шүүх хуралдааны бичлэг хийгдээгүй, тухайн өдөр шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Ц  нь хүүхэд асрах чөлөөтэй байгаа” гэх тайлбарыг ирүүлжээ. Иймд дээрх өргөдөл гаргагчийн дурдаад буй шүүх хуралдаанд дээрэнгүй өнгө аястай хандсан, гуравдагч этгээдийг үг хэлүүлээгүй гэх өргөдөл нь тогтоогдохгүй байна.

Харин 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар “86,934,000 төгрөг гаргуулах, авто зогсоол худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох ...үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч Д.Ц , Т.С нарын гаргасан Д.М , Д.Б нараас төлбөрийн үлдэгдэл, алданги, нотариатын зардал нийт 35,500,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Б.Л гийн гаргасан Д.М эс 130,000,000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэж” шүүх хуралдааныг хойшлуулах, гуравдагч этгээдийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Тус захирамжид гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гомдол гаргасны дагуу шүүхээс бүрэлдэхүүнтэй хянан үзээд  2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 55 дугаар шүүхийн тогтоолоор тус захирамжийн 4, 5 дахь заалтыг буюу гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Анх 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б.Л гээс “130.000.000 төгрөгийг Д.М эс гаргуулах” бие даасан шаардлага гаргасан бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар Б.Л г бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр татан оролцуулсан байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн “130,000,000 төгрөгийг гаргуулах” шаардлагатай холбогдох хэргийг үндсэн нэхэмжлэлээс тусад нь шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ талаар 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 55 дугаар шүүхийн тогтоолын үндэслэлд мөн дурджээ.

Иймд шүүгч В.А  нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн тус сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 79 дугаартай тогтоолоор Улсын Дээд шүүхийн тамгын газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/488 дугаар албан бичгээр 55 хуудас нотлох баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй гэж дахин шалгуулахаар буцаасан.

Дээрх 55 хуудас нотлох баримтыг шаардлага хангуулах талаар хандахад Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 05/1200 дугаар албан бичгээр “хяналтын шатны шүүх нь албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны явцад үүсэж хөтлөгдөөгүй баримт бичигт “Хуулбар үнэн” тэмдэг дарж баталгаажуулах боломжгүй” гэх хариу ирүүлсэн байна.

Иймд 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ... шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа Д.М , Д.Б нарын нэхэмжлэлтэй, Д.Ц , Т.С , Д.Э  нарт холбогдох иргэний хэрэгт үзлэг хийж дээрх нотлох баримтын шаардлага хангахгүй 55 хуудас баримтыг үзлэгийн тэмдэглэлдээ тусган баталгаажуулсан болно.

2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болж, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27, 28, 29 30 дугаар зүйлд шүүгчийн хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Сахилгын хэргийн үйл баримт нь Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө буюу 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн үйл баримт байх тул тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүгчийн ёс зүйн дүрэм /хуучнаар/-ийн 5.1.3-т “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болох нь зүйтэй гэж үзэв.

Иймд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 150 дугаар “Сахилгын хэрэг үүсгэх тухай” захирамжаар ...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн /хуучнаар/ одоо ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.А д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч Б.Л  нь өөрийн гуравдагч этгээдээр оролцсон иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хүсэлт, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй нь холбогдуулж “шүүгч бие даасан хараат бус байдлаа хадгалаагүй, ялгаварлах үзэл гарган нэхэмжлэгчид давуу байдал бий болгосон, хэргийн оролцогчтой зүй бус харилцаж, зохисгүй байдал гаргасан” гэх агуулгаар шүүгчийг зөрчил гаргасан гэж 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Шүүхийн ёс зүйн хороо /хуучнаар/-нд өргөдөл ирүүлжээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэн, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Шүүхийн сахилгын хороо байгуулагдсанаар, хуучин Шүүхийн ёс зүйн хороонд ирсэн өргөдөл, мэдээлэл 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сахилгын хорооны гишүүдэд хуваарилагдаж, илтгэгч гишүүн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 150 дугаар захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн, уг захирамж, өргөдөл мэдээллийг шүүгчид гардуулж, шүүгч нь тайлбараа ирүүлсэн байна.

Уг сахилгын хэрэгт илтгэгч гишүүн шалгах ажиллагаа явуулаад 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 29 дугаартай “сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд 79 дүгээр тогтоолоор “... хэрэгт ач холбогдолтой, ... саналын үндэслэл болсон нотлох баримт хуульд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд тэдгээрийг үнэлж, дүгнэлт хийх боломжгүй ...” гэх үндэслэлээр саналыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаажээ.

Дахин шалгах ажиллагааны явцад Улсын Дээд шүүхээс “хяналтын шатны шүүх нь албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны явцад бий болж, хөтлөгдөөгүй баримт бичигт “Хуулбар үнэн” тэмдэг дарж баталгаажуулах боломжгүй” гэх хариу ирүүлсэнтэй холбоотойгоор илтгэгч гишүүн нь уг иргэний хэргийн материалд үзлэг хийж, сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтуудыг, хэрэг дэх баримттай тулган, тэмдэглэл үйлдсэн нь нотолгооны хэрэгсэлд тооцогдох ба сахилгын хэргийн 110 дахь талд байх 1 хуудас баримтын талаар тус тэмдэглэлд “2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1203 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлээс 2 дугаар хуудас дутуу байсныг хуулбарлан авав” гэж тусгагдсан нь хуульд нийцнэ.

Өргөдөл нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл үйл баримттай холбоотой байх тул 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6-д “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасанд хамаарна. Иймд 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэнэ. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ 32 дугаар зүйлийн 32.2-т “Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр” заасан ба шүүгч ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл нь Монгол улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар “хууль болон шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн” байхыг ойлгоно.

Шүүгчид холбогдуулан зөрчил гаргасан гэх үндэслэлүүдийн тухайд:

1. ...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 03 дугаар сард үүсгэсэн Д.М , Д.Б нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт өргөдөл гаргагч Б.Л  нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд бие даасан шаардлага гарган гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг, шүүхээс мөн оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шүүгчийн захирамжаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр тус хэрэгт оролцуулжээ.

Дээрх хэргийг хянан шийдвэрлэж байсан Б.У шүүгчийг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр татгалзан гаргасантай холбоотойгоор хэргийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаар тогтоолоор шүүгч В.А д шилжүүлсэн байна[1].

Өргөдөлд, “2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд шүүгч ямар нэгэн ажиллагаа огт хийгээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулж ... нэхэмжлэгчийг өр төлбөрөөс зугтах давуу байдал бий болгосон ...” гэсэн боловч энэ нь сахилгын хэрэгт авагдсан дараах баримтаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

Уг хэрэг холбогдох шүүгчид шилжсэнээс хойш 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр, мөн оны 12 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч нар хэргийн материалтай танилцсан, хэргийн оролцогчид эрх үүрэг тайлбарлаж нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн, нэхэмжлэгч талаас мөн оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрч асуулгах, гуравдагч этгээдээс 11 дүгээр сарын 27-ны өдөр гэрч А, Э.Д нараас асуух асуултыг шүүхэд гаргасан, шүүхээс 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хамтран хариуцагчаар татах хүсэлтийг шийдвэрлэсэн, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэрчээс мэдүүлэг авсан зэрэг өргөдөлд дурдсан хугацаанд шүүхээс ажиллагаа хийсэн баримтууд хэрэгт авагдсан байна. Түүнчлэн гуравдагч этгээд биш харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрөө шүүх хуралдааныг зарлан хуралдуулах хүсэлтээ 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд хэргийн оролцогчид мэтгэлцэх буюу талуудыг тайлбар, татгалзал болон түүнийг нотлох баримтаа шүүхэд гарган өгөх боломжит хугацаагаар хангаж, улмаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн, эсхүл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасан хугацаа дууссан, бусад тохиолдолд шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр зохицуулсан.

Иймд шүүхээс хариуцагчийг дуудан ирүүлэх, талуудын хүсэлтээр гэрч асуух болон бусад хүсэлтүүдийг хянан шийдвэрлэх зэргээр хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хангалттай бүрдүүлэх, хэргийн оролцогчийг хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжит хугацаагаар хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэг, мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасанд тус тус нийцэх ба энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг хэтрүүлсэн гэж шүүгчийг буруутгах, мөн шүүгчийг зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй.

2. Өргөдөлд, “... шүүх хуралдааныг даргалахдаа гуравдагч этгээдийг үг хэлүүлэхгүй тасалж, гомдол гаргана гэхэд "...за шүүх хурлаа товлоё... таны гомдол гаргах хамаагүй, би ажлаа хийж байна" гэж дээрэнгүй өнгө аястай хандсан ...” гэх үндэслэлээр шүүгч нь хэргийн оролцогчтой зүй бус харилцаж, зохисгүй байдал гаргасан гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2, 96.1, 96.3-т зааснаар шүүх хуралдааны явцад даргалагчийн хуралдааны дэг сахиулсан болон хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлсэн байдал, хэргийн оролцогчийн хүсэлт, тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн зэрэг нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаж баталгаажих ба үүгээр шүүх хуралдааны явц дахь үйл баримт нотлогдоно.

...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1203 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл уг шүүх хуралдаанаар даргалагч нь хэргийн оролцогчдоос гаргаж өгөх нотлох баримт санал хүсэлт байгаа эсэхийг асуухад, хариуцагч, гуравдагч этгээдээс хүсэлт гаргасан, хэргийн оролцогчид нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэсэн дарааллаар хүсэлт, түүнтэй холбоотой тайлбараа өгч мэтгэлцсэн нь тус шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

Шүүх хуралдаан даргалах явцад шүүгч нь гуравдагч этгээдийг үг хэлүүлэхгүй тасалсан, гуравдагч этгээд “гомдол гаргана” гэж хэлсэн, шүүгч нь “за шүүх хурлаа товлоё, таны гомдол гаргах хамаагүй би ажлаа хийж байна” гэж хэлсэн гэх үйл баримт уг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байна. Энэ талаар холбогдох шүүгч нь “... шүүх хуралдааныг хааснаар гомдол гаргах, шийдвэрлэх боломжит хугацааг тооцоолж, дараагийн шүүх хуралдааныг товлох, талуудын оролцох боломжит хугацааг асуусныг дээрэнгүй хандсан мэтээр гуйвуулсан байна” гэх тайлбарыг ирүүлжээ.

Дээрхээс үзвэл шүүх хуралдааны явцад гуравдагч этгээдээс хүсэлт, тайлбараа өгч мэтгэлцсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх ба өргөдөлд дурдсан “даргалагч нь гуравдагч этгээдийг үг хэлүүлэхгүй тасалсан ... дээрэнгүй өнгө аястай харьцсан” гэх үйл баримт нь нотлогдохгүй байх тул шүүгчийг хэргийн оролцогчтой зүй бус харилцаж, зохисгүй байдал гаргасан гэсэн нь үндэслэлгүй байна.

3. Тус шүүхийн, шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ... захирамжийн тогтоох хэсгийн 4-т “Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Л гийн Д.М д холбогдох 130,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай”, 6-т “Гуравдагч этгээдээр гэрчээр Э.Д г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, н.Ц ыг хамтран хариуцагчаар татах хүсэлтийг хангахгүй орхисугай”, 7-т “Энэхүү захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэйг дурдсугай” гэж шийдвэрлэжээ.

Уг захирамжид гуравдагч этгээдээс гомдол гаргасан байх ба тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар тогтоолоор “... хэргийг тусгаарлаагүй, эцэслэн шийдвэрлээгүй атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй” гэсэн үндэслэлээр захирамжийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, 6 дахь заалтыг хэвээр үлдээсэн байна. Дээрхээс гадна гуравдагч этгээдийн “Н.Ц ыг хамтран хариуцагчаар татах” хүсэлтийг өмнө нь шийдвэрлэсэн хүчин төгөлдөр захирамж байгаа /2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ... дүгээр захирамж/ гэх үндэслэлээр хангахгүй орхисон байна.

Өргөдлийн агуулгаас үзвэл дээрх гуравдагч этгээдийн гаргасан хүсэлт болон бие даасан шаардлагыг шийдвэрлэсэнтэй нь холбогдуулан шүүгчийг зөрчил гаргасан гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэх, мөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан шүүгчийн бүрэн эрх, чиг үүрэгт хамаарах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа байдаг.

Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж зааснаар шүүгч хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн нь түүнийг ёс зүйн зөрчилд холбогдуулан шалгах үндэслэл болохгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан захирамжийн үндэслэлд үнэлэлт дүгнэлт өгөх эрх, үүрэг Сахилгын хорооны эрх хэмжээнд хуульчлагдаагүй.

Иймээс дээр дурдсан үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэг, 112.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.А д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                                  Ц.ДАВХАРБАЯР

ГИШҮҮН                                                         С.ЭНХТӨР

            Д.ЭРДЭНЭЧУЛУУН

 

[1] В.А шүүгч нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс ...шүүхэд ажиллахаар томилогдон, түүнд нийт 64 иргэний хэргийг шилжүүлсний нэг нь тус хэрэг байх ба уг хэргүүдээс гадна өөрт хуваарилагдсан нэхэмжлэл, хүсэлтийг мөн хугацаанд хүлээн авч хянан шийдвэрлэсэн байна.