МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-04-21
Дугаар 159
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шийдвэрлэх тухай
Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Х.Хашбаатар, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарын бичгийн дарга Ц.Нямжаргал, шүүгч Б.А , өргөдөл гаргагч Н.О нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Тус хуралдаанаар Иргэн Н.О ийн өргөдлөөр, ... шүүхийн шүүгч Б.А д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг, гишүүн Г.Цагаанцоожийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүний 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 71 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналд:
“Н.О өргөдөлдөө “...шүүхэд 2019 оны 5 дугаар сард нэхэмжлэл гаргаснаас хойш хэргийг шийдвэрлэхгүй 3 жил болж байна. Шүүх гуравдагч этгээдийн эрх ашигт илт үйлчилж, тэдний талд нотлох баримт бүрдүүлэх зорилгоор хандаж, шүүх хуралдаан удаа дараа үл ялих зүйлээр хойшилж байна. Жишээ нь 2022.03.03-ний шүүх хуралдааныг өглөө нь утасдаад хойшлуулсан. ... Засаг даргын тамгын газарт холбогдуулан нэхэмжлэл гаргахад гуравдагч этгээдээр Ж.А гэдэг хүнийг татан оролцуулж түүний эрх ашигт үйлчилж байна. маргааныг шийдвэрлэхгүй 3 жилийн хугацаанд гуравдагч этгээд цаг хожиж барилгын ямарч зөвшөөрөлгүй барилга баригдаж барилгын хана нь манай хашаанаас 1.5 метрийн зайтай, балкон нь хашаа давж орж ирсэн. Хүний амь үрэгдсэн, хашаа нурсан, сууцны хананд цууралт үүссэн хохирол үүссэн. Хэргийг шуурхай шийдсэн бол ийм хохирол учрахгүй байсан. Иймд энэ асуудлыг шалгаж өгнө үү” гэжээ.
Холбогдох шүүгч тайлбартаа “...Н.О ийн нэхэмжлэлтэй хэргийг шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, нэр бүхий этгээдийг гуравдагч этгээдээр татах, хэрэг нэгтгэх зэрэг ажиллагааг явуулж, мөн захиргааны актын биелэлтийг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн, уг захирамжид гарсан гомдлыг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцсэн. Түүнчлэн шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн ба захирамжийн биелэлтийг хангах, албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гаргаж, холбогдох ажиллагааг явуулсан. Шинжээч дүгнэлт гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг товлон зарласан боловч зохигч хүсэлт гаргаж, уг хүсэлтийг хүлээн авах боломжтой гэж үзсэн, мөн энэ үед шүүхийн байранд ковид-19 өвчний тохиолдол илэрч, шүүхийн үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлаж байсан ба энэхүү шалтгаанаар шүүх хуралдаан удаа дараа хойшлогдсон. Гэвч Н.О ийн гомдлоор сахилгын хэрэг үүсгэсэн байсан тул энэ үндэслэлээр хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарсан ба сахилгын зөрчил гаргаагүй” гэжээ.
Н.О ийн ...Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлд шүүгч М.Б 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байх ба шүүгчдийн зөвлөгөөний 2019 оны 8 дугаар сарын 02, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор уг хэрэг шүүгч Б.А д шилжсэн байна. Холбогдох шүүгч хэргийг хүлээн авсан, шүүгчдийн зөвлөгөөний 2019 оны 9 дугаар сарын 10-ны өдрийн 1138 дугаар тогтоолоор хэргийн хугацааг 30 хоногоор сунгасан ба дараах ажиллагааг явуулжээ. Тухайлбал,
1. Шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 7089 дүгээр захирамжаар Ж.А ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэж, түүнд нэхэмжлэл гардуулах, эрх үүрэг тайлбарлан өгөх ажиллагаа явуулсан байна.
2. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 7090 дүгээр захирамжаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн, уг захирамжид гуравдагч этгээд гомдол гаргажээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0685 дугаар тогтоолоор захирамжийг хүчингүй болгохдоо “...нэхэмжлэгчийн хүсэлтийг Ж.А т танилцуулж тайлбар, татгалзлын үндэслэлээ нотлох баримтыг гарган өгөх боломж олгохгүйгээр шийдвэрлэсэн нь буруу...” гэж үзжээ.
3. Шүүгчдийн зөвлөгөөний 2019 оны 10 дугаар сарын 14-ний 1256 дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 15 хоногоор сунгасан байна.
4. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хойшлуулсан ба мөн өдөр шүүх хуралдааныг товлон зарласан, шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 9291 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хойшлуулсан, мөн өдрийн хуралдааныг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хойшлуулжээ.
5. Зохигчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хүлээн авч 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, холбогдох байгууллагаас баримт гаргуулахаар шаардсан, 2020 оны 04 дүгээр сарын 8-ны өдрийн шүүх хуралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулахдаа гуравдагч этгээдийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шүүгчийн захирамжаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн, мөн шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэнд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдол гаргасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжийг хянаад 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 414 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн байна. Дээрх захирамжийн дагуу шүүгч дүгнэлт гаргуулахаар шинжээчид шаардсан, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн, шинжээч дүгнэлтээ 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан, шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдаан товлон зарлажээ.
7. Шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 4074 дүгээр захирамжаар Ж.Туулын нэхэмжлэлтэй хэргийг Н.О ийн нэхэмжлэлтэй хэрэгт нэгтгэж, холбогдох ажиллагааг явуулжээ.
8. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдийн хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулсан, 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хүртэл хойшлогдсон, мөн өдрийн шүүх хуралдаан гуравдагч этгээдийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, уг харилцааг зохицуулж өмгөөлөгчийн ковид-19 шинжилгээ эерэг гарсан үндэслэлээр 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулах хүсэлтээр 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтээр 2022 оны 01 дугаар сарын 18-ны өдөр хүртэл тус тус хойшлогдсон байна.
9. ... шүүхийн байранд ковид-19 өвчний халдварын тохиолдол илэрч хязгаарлалт тогтоосонтой холбогдон 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн, нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хүлээн авч 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн болон 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хангаж, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан тус тус хойшлогджээ.
Сахилгын хэрэг үүссэн үндэслэлээр шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарсан байна.
Дүгнэлт:
1. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд шүүгчид хориглох зүйлийг хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т нэрлэн заасан.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар сахилгын хороо байгуулагдах хүртэл хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол маргааныг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Өргөдөлд “...2019 оны 5 сард нэхэмжлэл гаргасан, хэргийг шийдвэрлэхгүй 3 жил болж байна, ... гуравдагч этгээдийн эрх ашигт илт үйлчилж, тэдний талд нотлох баримт бүрдүүлэх зорилгоор хандаж, үл ялих шалтгаанаар шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан...” гэсэн агуулга дурдсан нь хууль хүчин төгөлдөр болохоос өмнө болон дараа аль ч үед хамаарч байгаа тул тус бүрт дүгнэлт хийх нь зүйтэй.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ” гэж заасан, холбогдох шүүгч сахилгын зөрчил гаргасан эсэхийг хэрэгт авагдсан баримтын хэмжээнд тодорхойлох учиртай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлд зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хэрэг үүсгэснээс 60 хоногийн дотор хянан шийдвэрлэх ба хугацааг шаардлагатай тохиолдолд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс эхний удаа 30 хүртэл хоногоор, хоёр дахь удаагаа 15 хүртэл хоногоор сунгаж болох ба Н.О ийн нэхэмжлэлтэй хэргийн хугацааг хуульд заасан журмын дагуу сунгасан байна.
Хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлосон, зохигчийн хүсэлтийг шүүх хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 30, 2020 оны 01 дүгээр сарын 13, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааныг тус тус хойшлуулж, холбогдох ажиллагааг явуулжээ.
Хуралдаан хойшлуулах үндэслэлийг шүүгчийн захирамжид тодорхой дурдсан байх ба хүсэлтийн дагуу холбогдох байгууллагаас шаардсан нотлох баримт ирээгүй тохиолдолд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзжээ.
Нэхэмжлэгчийн захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх, шинжээч томилуулах тухай хүсэлтийг шүүх хангаж, 2020 оны 04 дугаар сарын 15-ны өдрийн 2932 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 61 дүгээр зүйлийг үндэслэн маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж, шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэнд гуравдагч этгээдийн өмгөөлөгч гомдол гаргасан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамж хууль зөрчөөгүй гэж үзэж, хэвээр үлдээжээ.
Шүүгч хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг тухай бүр хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж байсан байх ба энэхүү ажиллагааг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь сахилгын хороо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх, хянах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл гомдлыг хэрхэн шийдвэрлүүлэх талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зохицуулсан, зохигчийн гаргасан гомдлын дагуу шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар тухайн шатны шүүх дүгнэлт хийж шийдвэрлэжээ.
2. Н.О нь ...Засаг даргын захирамжийн Ж.А т холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан, шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 7089 захирамжаар түүнийг гуравдагч этгээдээр татан оролцуулахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийг үндэслэл болгожээ. Иймд шүүх гуравдагч этгээдийн эрх ашигт илт үйлчилж, тэдний талд нотлох баримт бүрдүүлэх зорилгоор хандаж байна гэх гомдол үндэслэлгүй байна.
3. Шинжээч дүгнэлтээ 2020 оны 05 дугаар сарын 15-ны дотор гаргаж ирүүлэхээр шүүгчийн захирамжид заасан боловч дүгнэлт 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гарчээ. Шүүгч үүргээ биелүүлэхийг шинжээчээс шаардаж, улмаар шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэхээр шийдвэрлэж өөрөөс шалтгаалах арга хэмжээг авсан байсан байх тул шинжээчийн дүгнэлт хугацаандаа гараагүйд шүүгчийг буруутгах боломжгүй болно.
4. Түдгэлзүүлсэн үндэслэл арилснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр сэргээж, шүүх хуралдаан товлосон, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн туслалцаа авах шаардлагатай, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах, 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр гуравдагч этгээдийн өмгөөлөгч ковид 19-г өвчилсөн тул өөр өмгөөлөгч авах, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулах, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах, эвлэрэх боломж олгох, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүхийн байранд ковид-19 өвчний тохиолдол илэрч хязгаарлалт тогтоосон, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нотлох баримт гаргуулах, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргаж өгөх, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн үзлэг хийлгэх тухай хүсэлтийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг тус тус хойшлуулжээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжих бөгөөд хэргийн оролцогчид шаардлага, татгалзал, түүний үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх, хууль зүйн авах, хэргийн материалтай танилцах зорилгоор хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүх хуралдаан хойшилсон ба энэ нь шүүгч хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах эсэх нь шүүгчийн бүрэн эрх тул хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдаан хойшлуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байна.
Өргөдөлд “...хүний амь үрэгдсэн, хашаа нурсан, сууцны хананд цууралт үүссэн хохирол үүссэн ...” талаар дурдсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдон үүссэн гэж үзэх баримт захиргааны хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн “...барилгын ямарч зөвшөөрөлгүй барилга баригдаж барилгын хана нь манай хашаанаас 1.5 метрийн зайтай, балкон нь хашаа давж орж ирсэн” гэх асуудал нь Сахилгын хорооны хянан шийдвэрлэх маргаанд хамааралгүй болно.
Дээр дурдсанаар шүүгч Б.А сахилгын зөрчил гаргасан гэх байдал тогтоогдоогүй тул түүнд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
... шүүхийн шүүгч Б.А д холбогдуулан иргэн Н.О ээс 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд өргөдөл ирүүлснийг, илтгэгч гишүүн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 682 дугаар захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн, захирамж болон өргөдөл мэдээллийг шүүгчид гардуулж, шүүгч нь тайлбараа ирүүлсэн байна.
Өргөдөлд, “өөрийн нэхэмжлэгчээр оролцсон захиргааны хэргийг хянан шийдвэрлэхгүй 3 жил болж, гуравдагч этгээдийн эрх ашигт илт үйлчилж, тэдний талд нотлох баримт бүрдүүлэх зорилгоор хандаж, шүүх хуралдаан удаа дараа үл ялих зүйлээр хойшлуулсан гэх агуулгаар шүүгчийг зөрчил гаргасан” гэжээ.
Өргөдөлд дурдсан, захиргааны хэргийг 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр үүсгэсэн байх ба ... шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1045 дугаар тогтоолоор Б.А шүүгчид уг хэргийг шилжүүлсэн, шүүгч нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан, сахилгын хэрэг үүсгэсэнтэй холбоотойгоор хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарчээ. Иймээс өргөдөл нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацааны үйл баримттай холбоотой гэж үзэхээр байна.
2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6-д “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж заажээ.
Иймд 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үйл баримтад Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан/-аар, мөн хугацаанаас хойш үйл баримтад Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-аар шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээг хэрэглэнэ.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ 32 дугаар зүйлийн 32.2-т “Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр” заасан ба Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн /цаашид "сахилгын зөрчил" гэх/ шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зохицуулсан.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл:
1. Б.А шүүгч нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор хэргийг хүлээн авснаас хойш нийт 17 удаа урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдааныг товлон хийсэн байна. Тухайлбал, шүүхээс гуравдагч этгээдийг татан оролцуулах, нэхэмжлэгчийн хүсэлтээр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэх, гуравдагч этгээдэд нэхэмжлэл гардуулах, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн захирамжид гомдол гаргах, шийдвэрлүүлэх хугацаагаар хангасан. Мөн нэхэмжлэгч тал нотлох баримт гаргуулах болон захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэхээр дахин хүсэлт гаргасан, гуравдагч этгээд нотлох баримт гаргуулах, өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцуулах хүсэлт гаргасныг тус тус хангаж, шүүхээс шаардлагатай нотлох баримтуудыг захиргааны байгууллагаас гаргуулах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна. Түүнчлэн нэхэмжлэгч талаас гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, уг хэрэгт Ж.Туулын нэхэмжлэлтэй хэргийг нэгтгэсэн зэрэг ажиллагаанууд хийгджээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар шүүх нь нотлох зарчмыг хэрэгжүүлж хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талаар, хэргийн оролцогчид тайлбар, татгалзал, түүний үндэслэл болж байгаа нотлох баримтаа гаргаж өгөх, өөрөө өгөх боломжгүй бол шүүхийн журмаар гаргуулах, хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч авах, шинжээч томилуулах, маргаж буй захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргах, шүүгчийн захирамжид гомдол гаргах зэрэг эрх, үүргийг мөн хуулиар олгосон.
Иймд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хүсэлтээр, тэдгээрийг хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжит хугацаагаар хангаж, мөн шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт бүрдүүлэх чиг үүргээ хэрэгжүүлэн, уг үндэслэлүүдээр шүүх хуралдааныг хойшлуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.2, 96.3-д заасан шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл, журамд нийцжээ. Үүнийг “үл ялих зүйлээр” шүүх хуралдааныг хойшлуулсан гэж үзэхгүй бөгөөд өргөдөлд дурдсан “гуравдагч этгээдийн эрх ашигт илт үйлчилж, тэдний талд нотлох баримт бүрдүүлэх зорилгоор хандсан” гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
2. Шүүхээс нэхэмжлэгч буюу өргөдөл гаргагчийн “шинжээчийн дүгнэлт гаргуулах” хүсэлтийг хангаж, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ.
Шинжээчийн дүгнэлтийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлэхдээ бүрэлдэхүүний нэг шинжээч /Д.Мягмарцэнд/-ийн гарын үсэг дутуу байсан, тухайн шинжээч “гадаад улс руу яваад ковидын улмаас ирж чадаагүй”, 2022 онд шинжээч Монголд ирснээр шүүхэд дуудан ирүүлж гарын үсэг зуруулсан талаар холбогдох шүүгч тайлбартаа дурдсан ба уг хугацаа нь Ковид 19 цар тахалтай цаг хугацааны хувьд давхацсан болох нь нийтэд илэрхий үйл баримт байна. Энэ хугацаанд шүүхээс шинжээчийн дүгнэлт ирүүлэх хугацаа тогтоосон, хугацаандаа ирүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцохыг албан тоотоор мэдэгдсэн зэрэг арга хэмжээ авсан байна.
Мөн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Ж.Т ын нэхэмжлэлтэй хэргийг нэгтгэснээр, Ж.Т ын хүсэлтээр шүүх хариуцагч байгууллагаас нотлох баримт гаргуулах ажиллагаа хийхэд хариуцагч нь тогтоосон хугацаанд нотлох баримтыг ирүүлээгүйтэй холбоотойгоор шүүхээс албадлагын арга хэмжээ авчээ.
Тус захиргааны хэргийн хянан шийдвэрлэх хугацааг ... шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-т заасны дагуу сунгасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан захирамж нь заавал биелэгдэх шинжтэй. Ийнхүү шинжээчид дүгнэлтээ удаан хугацаанд гаргаагүй, гарын үсэг зураагүй, хариуцагч нүүсэн шалтгаанаар нотлох баримтаа хугацаанд нь ирүүлээгүй буюу шүүх хуралдаан хойшлуулсан үндэслэл арилаагүй, захирамж биелэгдээгүй байхад шүүгчийг “хэргийг хянан шийдвэрлээгүй” гэж буруутгах нь үндэслэлгүй.
Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор хэрэг үүсгэснээс хойш 3 орчим жилийн хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж шүүгчийг буруутгах, зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй.
Иймээс холбогдох шүүгч нь Монгол Улсын Шүүхийн Шүүгчийн ёс зүйн дүрэм, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэг, 112.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ... шүүхийн шүүгч Б.А д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ДАВХАРБАЯР
ГИШҮҮН Б.СУГАР
Х.ХАШБААТАР