МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-03-16
Дугаар 122
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шийдвэрлэх тухай
Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Б.Сугар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяаг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 705 тоот танхимд нээлттэй хийв.
Тус хуралдаанаар иргэн Д.Б ын өргөдлөөр, ... шүүхийн шүүгч Б.М т холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг, гишүүн Д.Ариунтуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн Д.Ариунтуяа Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа:
Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяа би, иргэн Д.Б ын ... шүүхийн шүүгч Б.М т холбогдуулан гаргасан өргөдөл, мэдээллийг хүлээн авч, сахилгын хэрэг үүсгэн хянаад
Нэг. Иргэн Д.Б : "... шүүгч Б.М нь 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр дугаар ... зээлийн гэрээний үүрэгт 32,750,000,00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хянан хэлэлцэхдээ хариуцагч Б.Б ы талд ашигтайгаар шийдэж тэр хүний хуурамч нотлох бичиг баримтуудыг болохоор авдаг, миний нотлох бичиг баримтуудыг авдаггүй, хавтаст хэргийг шүүгчийн туслах танилцуулдаггүй, зан харьцааны ёс суртахууны доголдолтой, ёс зүйгүй харьцаа гаргадаг, хэт нэг талыг баримтлан миний эрхийг зөрчсөн шийдвэр гаргасанд би туйлын гомдолтой байна. Зээлийн гэрээний үүрэг нь 75.2.1-нд 3 жил хөөн хэлэлцэх хугацаа байдаг боловч 78.1.3, 78.3 , 78.4 ,79.1 , 79.6 , 79.7, 80.1 , 82.4 зэрэг заасныг, тус тус үндэслэл болгоогүй шийдвэр гаргасан. Давж заалдах шатанд гомдол тайлбар гаргаж итгэмжлэл өгөхөд хүлээж авдаггүй, нэг талыг хэт барьсан шийдвэр гаргадаг, намайг нийслэлийн шүүх, анхан шатны шүүх хоёрын хооронд үгсэн хуйвалдаж худал ярьж 10-аад хоног явуулж чирэгдүүлдэг, би энэ гомдлыг тамгын газрын дарга, ерөнхий шүүгч Б.М , мэдээлэл лавлагааны дарга, ерөнхий шүүгчийн туслах н.Б нарт тухайн үед нь гомдол гаргаж байсан. Эдгээр хүмүүс нь шийдэж өгөөгүй учраас ... шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож намайг хохироосон учир би туйлын гомдолтой байна.
Миний зүгээс шүүгч М болон шүүгчийн туслах хоёроор би хэргээ шийдүүлэхгүй ээ, ажил хийсэн нэртэй, сул цалин авдаг, хуулийг гууль болгож хуулийг завхруулж, хохирсон хүнийг улам нэмж хохироодог хүмүүсийг энэ албан тушаалд байх шаардлагагүй гэж үзэж байна. Иймээс би шүүгчээ солих хүсэлтэй байна. Шүүгч Б.М болон шүүгчийн туслахад арга хэмжээ авч надад мэдэгдэнэ үү.”
Иргэн Д.Б 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гаргасан гомдолдоо: “... 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 105 тоот шүүхийн ёс зүйн хорооны тогтоолын шүүгч Б.М т холбогдох хэсэгт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Б.М нь хаалттай буюу чанга дэглэмтэй шоронд ял эдэлж байгаа ялтан “иргэний хэргийн анхан, давах, хяналтын шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох эрхээ эдлээгүй, хэн нэгэн итгэлгүй этгээдэд итгэмжлэл өгөөгүй хохь нь” гэх утгатай шийдвэр гаргаж байгаа нь шүүгч ядарч хохирсон иргэнийг доромжилсон шийдвэр гэж үзэн гомдоллож байна. А.Э т олгосон итгэмжлэл дээр он, сар, өдөр нь бичээстэй байгаа.
Би яалаа гэж итгэмжлэлгүй өргөдөл өгөх вэ дээ?
Шүүгч Б.М нь “Энэ А.Э чинь их хэл амтай хүн. Харин энэ н.А нь гайгүй хүн. Энэ н.А гаа оруул ” гэж хэлсэн.
Надад ингэж хэлэх үед шүүгч Б.М ын өрөөнд 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 15 цагийн үед шүүгчийн туслах бидний дэргэд байсан. Шаардлагатай бол тэр өдрийн шүүхийн камерыг шүүж үзэж болно.
Иймд итгэмжлэгдэн төлөөлөгч нарыг “энэ нь хэл амтай, энэ н.А г ав” гэж хэлсэн Б.М шүүгчид гомдол гаргаж өгнө үү.
Б.М шүүгч нь хариу тайлбартаа шүүх, шүүхийн шүүгч хэний ч хараат бусаар Б.Б ы хэргийг шийдсэн гэж яаж хэлж чадаж байна. Жишээ нь: 2018 оны 4 дүгээр сарын 4-ны өдрийн ... шүүхийн шүүгч Р.А дугаар ... дугаартай Д.Б ын нэхэмжлэлтэй хариуцагч н.Н ийн 2013 оны 01 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээг хөөн хэлэлцэх хугацааг сэргээж шийдэж өгсөн байтал маргааш нь ... дүүргийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ... тоот зээлийн гэрээг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдэж байгаад нь өнөөдөр Монгол улсын шүүхүүдэд нэг л хууль, дүрэм журам үйлчлэх ёстой гэж би иргэний хувьд үзэж байна. Эндээс харахад Б.М шүүгч нь ашиг сонирхлын зөрчилтэй байгаа нь харагдаж байна. Мөн миний итгэмжлэл, тайлбарыг авдаггүй шүүгчийн ёс зүйн хороонд өгсөн шүүх хурлын бичлэг нь шаардлага хангахгүй, дуугүй. Мөн Н.С шүүгч нь Б.М шүүгчтэй үгсэн хуйвалдаж н.Б ы талаарх хэргүүдийг Б.Б ы талд ашигтайгаар шийдэж өгдөг. Жишээ нь: 2018 оны 4 дүгээр сарын 18-ны дугаар ... тоот шүүгч Н.С , Д.Б ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б ы гэм хорын хохирол болох 1 сая 621 мянган төгрөгийг 375,000.00 төгрөгийн ажил хийсэн нэртэй намайг доромжилж шийдсэн нь н.Б ы өгье гэсэн 600,000 төгрөгийг үгүйсгэж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй давж заалдах гомдол гаргахад хүлээж авдаггүй, гомдол гаргасан хугацаа хэтэрсэн гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгодог. 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр дугаар 101/Ш32018/08606 дугаартай шүүгч Н.С Д.Б ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б ы 11 сая 800 мянган төгрөгийг өнөөдрийг болтол шийдэж өгөхгүй таны 2 хэргийг шийдэж өгсөн, юмаа аваад зайл, та дандаа хэл ам хийж явдаг гэж хөөдөг нь Б ы талд бүрэн үйлчилчхэж. ... дүүргийн шүүгч Б.М , Н.С нар нь ашиг сонирхлын зөрчилдөөнтэй тулд ажлаас нь чөлөөлж арга хэмжээ авч өгнө үү...” гэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан гомдолдоо: “...А.Э миний бие давж заалдах гомдлыг бичээд итгэмжлэлээ хавсаргаж өгсөн.
Миний бие анхан шатны хуралд оролцоогүй, давах шатны хуралд оролцохоор болохдоо итгэмжлэлээ гомдлын хамт өгч явуулдаг. Улаанбаатар хотын иргэний шүүхийн өргөдөл гомдол хүлээн авдаг туслах, нарийн бичгийн дарга нар бүгд намайг таньдаг ба нэг ч удаа итгэмжлэлээ өгөөгүйгээр өргөдлөө өгч байсан тохиолдол байхгүй.
Хэрэв Ёс зүйн хорооны гишүүд тухайн үеийн шүүхийн камерыг шүүж үзвэл Б.М ын өрөөнд дуудагдаж орсон байдаг ба утсаар ярьсан жагсаалтыг үзвэл дуудсан дугаар хадгалагдсан байдаг.
Шүүгч нар олон удаа өөрийнхөө фактыг туслах руугаа чихээд туслахаа ажилгүй болгох, сахилгын шийтгэл оногдуулах зэрэг явдал олон удаа болж байсныг би нотлох баримтаар ч нотолж чадна. Миний итгэхгүй байгаа зүйл бол гомдлыг хүлээж авсан шүүхийн ажилтны бүртгэлийн дэвтэр дээр ч хуудас гэж бүртгэсэн байхаас гадна хугацаандаа байгаа эсэх талаар туслахаас тодорхойлолт авдаг. Ядаж л энэ баримтыг шалгаад үзчих боломжтой байж ажлаа дутуу хийсний үр дагаврыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хоёр. Шүүхийн ёс зүйн хороонд шүүгч Б.М 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б аас хариуцагч Б.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32,750,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж,. хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
Шүүхээс тус хэргийг хянан хэлэлцэж байх хугацаанд хариуцагчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу түүний гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн юм.
Гэтэл нэхэмжлэгч тал хэргийг түр түдгэлзүүлсэн байхад хэргийн материалтай танилцах, нэмэлт тайлбар болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт өгөх гэснийг шүүгчийн туслах Б.У хүлээн аваагүй бөгөөд нэхэмжлэгчид хэрэг маргааныг сэргээсний дараагаар холбогдох нотлох баримт, хүсэлт өгөх боломжтойг тайлбарласан байсан.
Энэ талаар шүүгчийн туслахыг ёс зүйн алдаа гаргасан гэх гомдолтой хэрэгт тодорхой тайлбар өгсөн, тухайн үед миний бие өөрийн туслахыг зан харилцааны хувьд зөрчил гаргасан талаар мэдээгүй, хараагүй учир энэ тухай тайлбар өгөх боломжгүй байна.
Шүүхээс нэхэмжлэгч Д.Б ын гаргасан Б.Б д холбогдох хэрэг маргааныг хянан шийдвэрлэсний дараа нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр А.Э ийг оролцуулахаар болж, түүгээр давж заалдах гомдол бичүүлж, ... шүүхэд өгснийг шүүгч Б.М би хүлээн авч тэмдэгтийн хураамжийг шалгаж, шүүгчийн туслах Б.У ад өгсөн юм.
Гэвч тус давж заалдах гомдолд итгэмжлэл байгаагүй бөгөөд иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс эрх бүхий этгээд гомдол гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан байсан.
Би болсон явдлыг өөрийн туслах болон шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтнаас тодруулахад хэрэг маргааныг товьёолж, ... шүүхэд хүргүүлэхэд бэлэн болгосон байсан тул нэхэмжлэгчийн өгсөн итгэмжлэлийг аваагүй, шүүгчийн туслахын зүгээс хэргийг явуулсны дараа давж заалдах шатны шүүхэд өгөх боломжтой гэж бодсон хэдий ч анхнаасаа хэрэгт итгэмжлэл авагдаагүй байсан учраас тийнхүү татгалзсан байх гэж ойлгосон.
Гэхдээ шүүх, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргах эрхийг эдлүүлэхээр түүний хүсэлтийг үндэслэн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, хэрэг маргааныг ... шүүхэд хүргүүлээд байна.
Шүүгч би, аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ гагцхүү хуульд захирагдах үүрэгтэй бөгөөд энэхүү хэргийн аль нэг талд шударга бус хандаагүй, нэхэмжлэгч Д.Б , түүний өмгөөлөгч Д.Г нарт удаа дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэдгээрийн мэтгэлцэх эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаагүй, талуудын диспозитив зарчмын хүрээнд хэрэг маргааныг хэнээс ч хараат бусаар шийдвэрлэсэн.
Харамсалтайн шүүхийн шийдвэр гарсны дараагаар нэхэмжлэгчийн зүгээс намайг “чиний гаргасан шийдвэр хэвээр үлдэх тохиолдолд хувийн арга хэмжээ авна, би шоронд байсан” гэх зэргээр заналхийлсэн явдалд айж, эхнэр, хүүхдүүддээ санаа зовж байна.
Нөгөө талаар ... шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хянах ажиллагаа явагдаж байгаа ба нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэлийг хэрэгт хавсаргахдаа үл ойлголцлоос болж цаг хугацаа алдсан явдалд харамсаж байгаагаа үүгээр илэрхийлье гэжээ.
Шүүхийн ёс зүйн хороонд шүүгч Б.М 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн тайлбартаа: “..Шүүх, нэхэмжлэгчийг хариуцагчаас 32,750,000.00 төгрөгийг шаардах эрхгүй гэж дүгнээгүй, харин хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан үйл баримтыг шүүхийн санаачилгаар бүрдүүлсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан талуудын диспозитив зарчмыг зөрчих тул боломжгүй гэдгээ тайлбарласан.
Миний таамаглаж байгаагаар нэхэмжлэгч тал надад уг асуудлын хүрээнд гомдсон гэж ойлгодог. Хэрэв би, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9.-д зааснаар өөрийн санаачилгаар хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсаныг тодруулахаар нотлох баримт бүрдүүлсэн бол хэргийн оролцогчийн нэг талд үйлчилж, Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасныг зөрчих байсан.
Нэхэмжлэгч тал энэ хэрэгт анхнаасаа өмгөөлөгчийн хамт оролцож байсан бөгөөд хэд хэдэн удаа шүүх хуралдаан хойшлогдсон болон хэргийг түдгэлзүүлсэн хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан баримтаа шүүхэд өгч болох байсан.
Гэвч Улсын Дээд Шүүхийн тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасны дараагаар нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг зогссон, тасалдсан нотлох баримт өгснийг үндэслэн шүүхээс нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан байдаг.
Үүнээс үзвэл уг асуудал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3,-д тус тус заасантай шууд холбоотой болох нь харагддаг.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдахдаа шүүгч намайг ямар учир шалтгаанаар нэхэмжлэгчтэй уулзсан болон утсаар ярьсан эсэхийг тодруулаагүй гэжээ.
Би, нэхэмжлэгч Д.Б тай уулзах болсон шалтгааны талаар өмнө нь Та бүхэнд өгсөн тайлбартаа тодорхой бичсэн билээ. Тодруулбал, ... шүүхээс итгэмжлэлийг хэрэгт хавсаргаагүй байсан учраас нэхэмжлэгчийн гомдлыг эрх бүхий этгээд гаргаагүй гэсэн үндэслэлээр буцааснаас улбаалан нэхэмжлэгч тал манай шүүх дээр ирж хэрүүл маргаан үүсгэсэн.
Нөхцөл байдал ийм байсан учраас миний бие хэргийг нэгэнт шийдчихсэн байсан тул нэхэмжлэгчтэй уулзахад Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчихгүй гэж үзсэн. Учир нь, би нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг ямар үндэслэлээр хүлээн аваагүй тухай болон ... шүүхэд дахин гомдол гаргахад хөөн хэлэлцэх хугацааг сэргээхтэй холбоотой ажиллагааны талаар дэлгэрэнгүй тайлбар өгөх зорилготой байсан юм.
Ингээд миний туслах Б.У нэхэмжлэгч Д.Б ыг энэ талаар маргаан гаргаад байгаа учраас хэрхэн шийдвэрлэх талаар надаас лавлахад би нэхэмжлэгчийг туслахын хамт өрөөндөө дуудаж, дээр дурдсаныг тайлбарласан бөгөөд үүний дагуу нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргах хугацаагаа сэргээлгээд харьяа давж заалдах шатны шүүхээр гомдлоо хэлэлцүүлсэн байдаг.
Энэ талаар туслах Б.У ын тайлбарт тодорхой дурдсан ба нэхэмжлэгчийг туслахын хамт миний өрөөнд орж, гарсан бичлэгийг тус шүүхийн Тамгын газраас авах гэхэд хадгалах хугацаа дууссан байна гэжээ.
Шүүгч Б.М 2022 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр Шүүхийн Сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа: Миний бие иргэн Д.Б ын Монгол Улсын Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Юуны өмнө би, дэлхийн нийтийг хамарсан “Ковид-19” өвчин туссаны улмаас 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд эмчийн магадалгаатай байсан тул хариу тайлбарыг бичих хуульд заасан хугацаанд бичиж чадаагүй болохыг үүгээр мэдэгдэж байна.
1. Нэхэмжлэгч Д.Б ын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 598 тоот захирамжаар шинжээч томилон түдгэлзүүлсэн ба захирамжид гомдол гаргах хугацаа дууссаны дараа буюу 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч Б.Б ы гарын үсгийн үнэн мөн эсэхийг шинжлэн судлуулахаар хавтаст хэргийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн юм.
Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн байхад нэхэмжлэгч Б.Б шүүх дээр удаа дараа ирж, хэргийн материалтай танилцах, нэмэлт тайлбар өгнө гэхэд нь шүүгчийн туслах Б.У түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн байгаа тул хуульд зааснаар ямар нэгэн ажиллагаа хийгдэх боломжгүй, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсний дараагаар хүсэлт гаргах, нотлох баримт өгч болох талаар тайлбарласан байсан.
Би, нэхэмжлэгч Б.Б болон миний туслах Б.У нарын хооронд ямар яриа, харилцаа болоод өнгөрснийг хараагүй тул энэ талаар тодорхой тайлбар өгөх боломжгүй байна. Зүй нь, талуудын хүсэлтийг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад тэдгээрээс нэмэлт тайлбар, нотлох баримт, хүсэлт авдаггүй билээ
2. Ингээд хожим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сэргээж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлээд зохигч нарын тайлбар, нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон юм.
Шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэсний дараагаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр иргэн А.Э ийг оролцуулахаар болж, давж заалдах гомдол өгснийг шүүгч миний бие хүлээн авч, гомдлын агуулга, улсын тэмдэгтийн хураамжийг шалгаад өөрийн туслах Б.У ад өгсөн.
Гэвч тус давж заалдах гомдолд анхнаасаа нэхэмжлэгч Б.Б аас А.Э т өгсөн итгэмжлэл авагдаагүй байсан тул ... шүүхээс эрх бүхий этгээдийг гомдол гаргаагүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байсан.
Би, болсон явдлыг өөрийн туслах болон-шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтнаас тодруулахад хэрэг маргааныг нэгэнт томьёолон давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхэд бэлэн болгосон байсан тул нэхэмжлэгчийн өгсөн итгэмжлэлийг хүлээж аваагүй, харин шүүгчийн туслах Б.У нь хэргийг явуулсны дараа итгэмжлэлийг давж заалдах шатны шүүхэд өгч болно гэж бодсон гэсэн тайлбар өгсөн боловч анхнаасаа хэрэгт байгаагүй тул тийнхүү давж заалдах гомдлыг нь хүлээн авахаас татгалзсан байсан.
Гэхдээ шүүх, дээр дурдсан болсон явдлын дараагаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, хэрэг маргааныг ... шүүхэд хүргүүлснээр нэхэмжлэгч нь хуульд заасан гомдол гаргах эрхээ эдэлж, хэрэгжүүлж чадсан.
Шүүх, нэхэмжлэгчийг хариуцагчаас 32,750,000.00 төгрөгийг шаардах эрхгүй гэж дүгнээгүй, харин хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгосон, хэрэв хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан үйл баримтыг шүүх нь санаачилгаар бүрдүүлсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан талуудын диспозитив зарчмыг зөрчих тул боломжгүй гэдгээ тайлбарласан.
Миний ойлгож байгаагаар нэхэмжлэгч нь уг асуудлын хүрээнд надад гомдсон гэж ойлгодог. Хэрэв би, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар өөрийн санаачилгаар хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсаныг тодруулахаар нотлох баримт бүрдүүлсэн бол хэргийн оролцогч нарын нэг талд үйлчилж, Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасныг зөрчих байсан юм.
Нэхэмжлэгч нь энэ хэрэгт өмгөөлөгчийн хамт оролцож байсан бөгөөд зохигчид хэд хэдэн удаа шүүх хуралдаан хойшлогдсон болон хэргийг түдгэлзүүлсэн хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан тухай нотлох баримтыг шүүхэд өгч болох байсан.
Гэвч Улсын Дээд Шүүхийн тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасны дараагаар нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг зогссон, тасалдсан нотлох баримт өгснийг үндэслэн шүүхээс нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан гэж сонссон. Үүнээс үзвэл уг асуудал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-д тус тус заасантай шууд холбоотой болох нь харагддаг.
3. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдахдаа шүүгч намайг ямар учир шалтгаанаар нэхэмжлэгчтэй уулзсан болон түүнтэй утсаар ярьсан эсэх, хууль бус шаардлага тавьсан болон ёс зүйгүй аашилсан эсэхийг тус тус тодруулаагүй байна гэжээ.
Би, нэхэмжлэгч Д.Б тай уулзах болсон шалтгааны талаар өмнө нь Та бүхэнд өгсөн тайлбартаа тодорхой бичсэн билээ. Тодруулбал, ... шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэлийг нь хэрэгт хавсаргаагүй байсан тул давж заалдах гомдлыг эрх бүхий этгээд гаргаагүй гэсэн үндэслэлээр буцааснаас улбаалан нэхэмжлэгч нь манай шүүх дээр ирж маргаан үүсгэсэн байсан.
Үүнээс шалтгаалан шүүх болон хэргийн оролцогч нарын хувьд үл ойлголцол, маргаан үүссэн байсан тул миний бие хэргийг нэгэнт шийдчихсэн байсан учраас нэхэмжлэгчтэй уулзахад шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчихгүй гэж үзсэн. Учир нь, би нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг ямар үндэслэлээр хүлээн аваагүй тухай болон ... шүүхэд дахин гомдол гаргахад хөөн хэлэлцэх хугацааг сэргээхтэй холбоотой үйл ажиллагааны талаар, дэлгэрэнгүй тайлбарыг түүнд өгөх зорилготой байсан.
Ингээд миний туслах Б.У нь нэхэмжлэгч Д.Б ыг энэ талаар маргаан гаргаад байна, хэрхэн шийдвэрлэх талаар надаас лавлахад нь би, нэхэмжлэгчийг туслахын хамт өрөөндөө дуудаж, дээр дурдсаныг дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд үүний дагуу нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргах хугацаагаа сэргээлгээд харьяа давж заалдах шатны шүүхээр гомдлоо хэлэлцүүлсэн байдаг.
Энэ талаар туслах Б.У ын урьд өмнө өгсөн тайлбарт тодорхой дурдсан ба нэхэмжлэгчийг туслахын хамт миний өрөөнд орж, гарсан бичлэгийг тус шүүхийн Тамгын газраас авах гэхэд хадгалах хугацаа дууссан байсан.
Харин утсаар ярьсан гэх асуудлын хувьд би бус, харин нэхэмжлэгч нь хэн нэгнээс миний утасны дугаарыг олж, над руу “... шүүхээс гомдлыг буцаасан талаар ярьж, чиний гаргасан шийдвэр хэвээр үлдэх тохиолдолд хувийн арга хэмжээ авна, би шоронд байсан” гэх зэргээр заналхийлсэн. Гэвч миний бие энэ талаар ямар нэгэн муу зүйл санаагүй. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э ийг хэл ам хийдэг гэж миний бие нэг ч үг яриагүй, түүнтэй уулзаагүй, нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргасныг нь хүлээн авахаас татгалзсан байсан учраас уурлаж, бухимдсан байсныг шүүгч би ойлгож, дахин гомдол гаргахад хөөн хэлэлцэх хугацааг сэргээхтэй холбоотойгоор хийвэл зохих үйл ажиллагааны тайлбарлаж, тайвшруулаад явуулсан.
Иймд, Та бүхэн дээр дурдсан тайлбар болон шүүгчийн туслахын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гурав. Шүүхийн сахилгын хорооны хянан шийдвэрлэх ажиллагаагаар шүүгчийн тайлбар, шүүгчийн туслахын тайлбар, ... шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаар шийдвэрээр Д.Б ын нэхэмжлэлтэй Б.Б д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 32.750.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийн хуулбар, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э давж заалдах гомдол гаргаж, анхан шатны шүүхээс ... шүүхэд тус хэргийг хүргүүлсэн тухай баримтын хуулбар, ... шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 435 дугаар шүүгчийн захирамжаар давж заалдах гомдлыг гаргах этгээд гэж үзэн гомдлыг хүлээн авахаас татгалзсан тухай холбогдох баримтын хуулбар зэрэг баримтууд цугларчээ.
Дөрөв. Гомдлын агуулга нь “... иргэний хэргийг хэлэлцэхдээ хариуцагч Б.Б ы талд ашигтайгаар шийдэж тэр хүний хуурамч нотлох бичиг баримтуудыг болохоор авдаг, миний нотлох бичиг баримтуудыг авдаггүй, хавтаст хэргийг шүүгчийн туслах танилцуулдаггүй, зан харьцааны ёс суртахууны доголдолтой, ёс зүйгүй харьцаа гаргадаг, хэт нэг талыг баримтлан миний эрхийг зөрчсөн шийдвэр гаргасанд би туйлын гомдолтой. ... Давж заалдах шатанд гомдол тайлбар гаргаж итгэмжлэл өгөхөд хүлээж авдаггүй, нэг талыг хэт барьсан шийдвэр гаргадаг, намайг нийслэлийн шүүх, анхан шатны шүүх хоёрын хооронд үгсэн хуйвалдаж худал ярьж 10-аад хоног явуулж чирэгдүүлдэг гэх гомдлын тухайд:
... шүүхэд давж заалдах гомдлоо өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э итгэмжлэлийн хамт өгөхөд шүүх итгэмжлэлийг аваагүйгээс энэхүү гомдол гаргах шалтгаан болсон байх бөгөөд хэдийгээр энэ гарсан алдааг залруулж шүүх давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хугацааг сэргээж уг хэргийг ... шүүхэд хүргүүлж хэрэг хянагдсан явдлыг шүүгч Б.М ыг Шүүгчийн ёс зүйн дүрмийн заалтыг зөрчөөгүй байна гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Энэхүү зөрчилд шүүгч Б.М ыг буруутгах үндэслэлтэй байх тул Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-ийн “Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй.” гэснийг зөрчсөн байна гэж үзэв.
Мөн шүүгч хэргийн оролцогчтой уулзсаны гомдлын тухайд, шүүгч болон шүүгчийн туслах Б.У нар нь иргэн Д.Б тай уулзсан талаараа өөрсдийн Шүүхийн ёс зүйн хороо, Шүүхийн сахилгын хороонд гаргаж өгсөн тайлбаруудаараа үгүйсгээгүй зөвшөөрсөн. Хэрэв хэргийн аль нэг талтай шүүгч уулзсан бол тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргах хуулийн зохицуулалттай ба энэ үйлдэл нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.2 дугаар зүйлийн 4-ийн “Шүүгч хэргийн оролцогчтой ганцаарчлан уулзаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн талаар ярилцаж болохгүй бөгөөд хэрэв ажлын зайлшгүй шаардлагын улмаас хэргийн нэг талыг байлцуулахгүйгээр нөгөө талтай уулзах бол шүүхийн туслах ажилтан байлцуулах бөгөөд уулзалтын агуулгын талаар тэмдэглэл хөтлөн хэрэгт хавсаргана” гэснийг, мөн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 6-д заасан “Шүүгч өөрийн удирдлага дор ажиллаж байгаа алба хаагчдад ажил мэргэжилдээ үнэнч байх, чин сэтгэлээсээ хандаж ажиллахыг шаардаж, өөрийн эргэн тойронд ёс зүйн эрүүл орчныг бүрдүүлнэ” гэснийг тус зөрчсөн байна гэж дүгнэв.
Харин “...Энэ Э чинь их хэл амтай хүн. Харин энэ А нь гайгүй хүн. Энэ А гаа оруул” гэж хэлсэн гэх гомдол баримтаар тогтоогдоогүй, Шүүхийн ёс зүйн хороонд 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шүүгч Б.М ын ирүүлсэн тайлбарт “...туслах Б.У ын тайлбарт тодорхой дурдсан ба нэхэмжлэгчийг туслахын хамт миний өрөөнд орж, гарсан бичлэгийг тус шүүхийн Тамгын газраас авах гэхэд хадгалах хугацаа дууссан байна..” гэжээ.
Шүүгч Б.М ын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ирүүлсэн тайлбарт: “...миний туслах Б.У нь нэхэмжлэгч Д.Б ыг энэ талаар маргаан гаргаад байна, хэрхэн шийдвэрлэх талаар надаас лавлахад нь би, нэхэмжлэгчийг туслахын хамт өрөөндөө дуудаж, дээр дурдсаныг дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд үүний дагуу нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргах хугацаагаа сэргээлгээд харьяа давж заалдах шатны шүүхээр гомдлоо хэлэлцүүлсэн байдаг.
Энэ талаар туслах Б.У ын урьд өмнө өгсөн тайлбарт тодорхой дурдсан ба нэхэмжлэгчийг туслахын хамт миний өрөөнд орж, гарсан бичлэгийг тус шүүхийн Тамгын газраас авах гэхэд хадгалах хугацаа дууссан байсан....” гэсэн тайлбарыг гаргажээ.
Иймд шүүгч Б.М ыг Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн дээр дурдсан заалтыг зөрчсөн болох нь холбогдох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв.
2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болж, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27, 28, 29 30 дугаар зүйлд шүүгчийн хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр заажээ.
Гэхдээ шүүгч Б.М т холбогдох зөрчил нь Монгол Улсын шүүхийн тухай хууль батлагдахаас өмнө болж өнгөрсөн байх тул тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэжээ.
Иймд Шүүхийн сахилгын хорооны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор ... шүүхийн шүүгч Б.М т сахилгын хэрэг үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхийн ёс зүйн хороо /хуучнаар/-ны гомдол хянан хэлэлцэх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102 дугаар тогтоолоор ... шүүхийн шүүгч Б.М т сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Уг тогтоолыг эс зөвшөөрч 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэн Д.Б гомдол гаргаж, Шүүхийн ёс зүйн хорооны 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 59 дүгээр магадлалаар ... шүүхийн шүүгч Б.М т сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн гомдлыг хангалгүй орхижээ.
Энэхүү магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргагч 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх хянан хэлэлцээд, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаар магадлалаар "Шүүхийн ёс зүйн хорооны 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 59 дүгээр магадлалыг хүчингүй болгож, иргэн Д.Б ын гомдлыг дахин шалгуулахаар Шүүхийн ёс зүйн хороонд буцаасугай" гэж гомдлыг дахин шалгуулахаар буцаажээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаар магадлалаар Шүүхийн ёс зүйн хорооны 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 59 дүгээр магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч Шүүхийн ёс зүйн хорооны 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн "... шүүхийн шүүгч Б.М т сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах тухай" 102 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчлэлтэй хэвээр байгаа болно.
Дээрх 102 дугаар тогтоол хүчинтэй байгаагаас шалтгаалан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2018/0613 дугаар магадлалд дурдсан зөрчлүүдийг арилгаж, иргэн Д.Б ын гомдлыг дахин шалгах ажиллагааг хийх боломжгүй болж, шүүхийн шийдвэр биелэгдэхгүйд хүрэх нөхцөл үүссэн байх тул Шүүхийн ёс зүйн хорооны 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн "... шүүхийн шүүгч Б.М т сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах тухай" 102 дугаар тогтоолыг, Сахилгын хорооны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Гомдол шийдвэрлэх” 01 дугаар тогтоолоор хүчингүй болгож, сахилгын хэрэг үүсгэж дахин шалгах ажиллагааг явуулахаар шийдвэрлэсэн байна.
Илтгэгч гишүүн Д.Ариунтуяа 2021 оны 01 дугаар тогтоолоор сахилгын хэрэг үүсгэсний дагуу уг сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулжээ.
Нэхэмжлэгч Д.Б ын хариуцагч Б.Б д холбогдуулсан зээлийн гэрээний үүрэгт 32,750,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01215 дугаар шийдвэрээр хэргийг хянан шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч тал 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр давах гомдол гаргаж, ... шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтанд өгөхөд, гомдлыг авч, итгэмжлэлийг нь авалгүй буцаасан, ... шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 435 дугаар захирамжаар давах гомдлыг хүлээн авахаас татгалзаж захирамж гарчээ.
Илтгэгч гишүүний ... энэ гарсан алдааг залруулж шүүх давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хугацааг сэргээж, уг хэргийг ... шүүхэд хүргүүлж, хэрэг хянагдсан явдлыг шүүгч Б.М ыг Шүүгчийн ёс зүйн дүрмийн заалтыг зөрчөөгүй байна гэж үзэх үндэслэл болохгүй юм. Энэхүү зөрчилд шүүгч Б.М ыг буруутгах үндэслэлтэй байх тул Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-ийн “Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэснийг зөрчсөн байна ... гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
Сахилгын хэрэг дэх шүүгч Б.М ын тайлбарт “...өөрийн туслах болон шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтнаас тодруулахад хэрэг маргааны товьёолж, ... шүүхэд хүргүүлэхэд бэлэн болгосон байсан тул нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхэд бэлэн болгосон байсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэлийг аваагүй, шүүгчийн туслахын зүгээс хэргийг явуулсны дараа давж заалдах шатны шүүхэд өгөх боломжтой гэж бодсон хэдий ч анхнаасаа хэрэгт итгэмжлэл авагдаагүй байсан учраас тийнхүү татгалзсан байх гэж ойлгосон” мөн шүүгчийн туслах Б.У ын тайлбарт “...уг итгэмжлэлээр өгөхөөр шүүгчийн туслах Б.У надтай уулзаж, итгэмжлэл болон тайлбар 2 хуудас материал өгөх гэснийг би аваагүй ...” гэх тайлбараар хэргийн хөдөлгөөнд хяналт тавиагүй болох нь тогтоогдож байна.
Шүүгч болон шүүгчийн туслах Б.У нар нь иргэн Д.Б тай уулзсан талаараа өөрсдийн Шүүхийн ёс зүйн хороо, Шүүхийн сахилгын хороонд гаргаж өгсөн тайлбаруудаараа үгүйсгээгүй зөвшөөрсөн. Хэрэв хэргийн аль нэг талтай шүүгч уулзсан бол тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргах хуулийн зохицуулалттай ба энэ үйлдэл нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.2 дугаар зүйлийн 4-ийн “Шүүгч хэргийн оролцогчтой ганцаарчлан уулзаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн талаар ярилцаж болохгүй бөгөөд хэрэв ажлын зайлшгүй шаардлагын улмаас хэргийн нэг талыг байлцуулахгүйгээр нөгөө талтай уулзах бол шүүхийн туслах ажилтан байлцуулах бөгөөд уулзалтын агуулгын талаар тэмдэглэл хөтлөн хэрэгт хавсаргана.” гэснийг, мөн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 6-д заасан “Шүүгч өөрийн удирдлага дор ажиллаж байгаа алба хаагчдад ажил мэргэжилдээ үнэнч байх, чин сэтгэлээсээ хандаж ажиллахыг шаардаж, өөрийн эргэн тойронд ёс зүйн эрүүл орчныг бүрдүүлнэ” гэснийг тус зөрчсөн байна гэж илтгэгч гишүүн дүгнэсэн нь зөв байна.
Гомдолд дурдагдсан үйл баримт 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шүүхийн шийдвэртэй холбогдох тул 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27, 28, 29, 30 дугаар зүйлд шүүгчийн хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр заажээ.
Шүүгч Б.М т холбогдох зөрчил нь Монгол Улсын шүүхийн тухай хууль батлагдахаас өмнө болсон, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэжээ.
Иймд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ... шүүхийн шүүгч Б.М т холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох 28 дугаартай саналыг бүрэлдэхүүн хянаад, илтгэгч гишүүний саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэг, 112.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэн Д.Б ын өргөдлөөр ... шүүхийн шүүгч Б.М т холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хорооны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ДАВХАРБАЯР
ГИШҮҮН Б.СУГАР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН