МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-03-11
Дугаар 113
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Эрдэнэчулуун, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, өргөдөл гаргагч Г.А нарыг оролцуулан Сахилгын хорооны хуралдааны 705 тоот танхимд хийв.
Тус хуралдаанаар иргэн Г.А гийн өргөдөлтэй, ... шүүгч М.Б д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг, гишүүн О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн Г.А өргөдөлдөө:
“...Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар “Г п хотхон газрын эрх болон тухайлан батлагдсан ерөнхий төлөвлөгөө байхгүй ...” гэж бичгээр мэдэгдсэн. ... Барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл хуурамч байна гэж улсын байцаагч ... тайлбар бичээд, С.Н хуурамч баримт бүрдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч хүлцэл өчсөн нотлох баримтын бүрдэлтэй, хууль зөрчсөн нотлох баримт хангалттай цугларсан хэрэг захиргааны хэргийн шүүхэд хэлэлцэгддэг юм. Хэргээ хүлээсэн, нотлох баримтууд тодорхой, зөрчигдсөн хууль эрхийн актууд байхад шүүх барилга барьсан ашиглалтад оруулсан нь буруугүй гэж шийдсэн ... Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж ... Үүний дараа дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг өөрчилж барилга ашиглалтад оруулсан улсын комиссын актуудыг хүчингүй болгосон. ... Шүүгч М.Б хэргийг дахин хянуулах, задлах арга олох гэж ядсан бололтой. “Э к” ХХК-ийн захирал С.Н гаар шинээр илэрсэн нөхцөл байдал гэсэн хүсэлт гаргуулав. ... 17 хавтас баримтыг шинээр илэрсэн нөхцөл байдлаар хянуулах, ...эдгээр баримтууд мэдэх боломжгүй, мэдэгдээгүй...” гэж барилгын ажил огт мэддэггүй гэдгээ тодотгож бичсэн хүсэлт байв. Үүнийг хүлээж авах хуулийн үндэслэл байхгүй байхад шүүгч М.Б хүлээж аваад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хуулийн зөвлөх байсан одоо хэлтсийн дарга болсон И.Б өд нөлөөлж дэмжүүлсэн гэж хардах үндэслэл байгаа. ... М.Б хэргийг шүүхийн анхан шатанд нь буцааж хэргийг шүүхийн анхан шатнаас бүх шатыг дуустал нь өөрийн хяналтдаа байлгаж шийдүүлэн санасандаа хүрсэн ... Энэ олон хууль бус зүйлийг үүсгэсэн мөнхжүүлсэн хүн бол шүүгч М.Б юмаа. ... Надад захиргааны хэргийн шүүхэд хандмаар маргаантай асуудлууд байна. Дахиад энэ шүүгчээр удирдуулсан бүлэг нөхдөөр хэрэг шийдүүлнэ гэхээс дургүй хүрээд гомдол гаргаж чадахгүй явна ... хэргийг хууль зөрчин шийддэг шүүгч М.Б түүний хамааралтай нөхдийн хэргийг шалгуулах хүсэлт гаргаж байна” гэжээ
Шүүгч М.Б тайлбартаа:
“...Тус хүсэлтэд “...“М И” ХК-ийн хэргийг анхан шатанд буцааж, анхан шатнаас бүх шатыг дуустал өөрийн хяналтад байлгаж шийдүүлсэн, бүлэглэл, улс төрчдийн дохио зангаагаар ажилладаг, хувийн компанийн санхүүжилттэй, хуулийн бүх байгууллагаар сүлжээтэй, төр захиргааны байгууллагуудад ажилладаг төлөөлөгчтэй болох нь тодорхой болсон, ...энэ олон хууль бус зүйлийг үүсгэсэн, манан бүлэглэлийн хэргийг хууль зөрчин шийддэг...” гэх зэргээр үндэслэлгүйгээр буруутган, илтэд худал гүтгэсэн байна. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүний хувьд Шүүхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу “М И” ХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд даргалагч шүүгчээр оролцсон. Шүүгч хэрэг маргааны хараат бусаар, гагцхүү хуульд нийцүүлэн шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хамтын зарчмаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэж, олонхын саналаар шийдвэр гаргадаг. ... Улсын Дээд шүүхийн шүүгч нар нь захиргааны хэргийн магадлалтай холбогдуулан гаргасан эрх зүйн маргааныг талуудын гомдлын үндсэн дээр хянан шийдвэрлэхээс бус анхан болон давж заалдах шатны шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрхгүй, тухайн ажиллагаатай холбоотойгоор заавар өгөх боломжгүй, шүүгч шүүгчийнхээ хараат бус байдалд халдахыг хуулиар хориглосон байдаг учир “анхан шатнаас дуустал нь хяналтдаа байлгаж хэргийг шийдүүлсэн” гэх гомдол үндэслэлгүй. Мөн Танхимын тэргүүн нь хэдийгээр шүүх хуралдаан бүрийг даргалдаг боловч зөвлөлдөх тасалгаанд хамгийн сүүлд саналаа хэлэх хуультай учир шүүгч нарыг манлайлан хэргийн шийдлийг хийх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд, шүүгчийн болон хуульчийн ёс зүйг зөрчөөгүй бөгөөд Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудал нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Илтгэгч гишүүн О.Номуулин Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа:
... Хэргийн оролцогчийн тайлбар болон сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хянавал:
Иргэн Г.А гийн өргөдөл 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Шүүхийн ёс зүйн хороонд /хуучнаар/ ирсэн, өргөдөлд дурдсан захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа 2013-2016 оныг хамаарч байх тул 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан бол Шүүхийн ёс зүй хороо, Захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааныг Сахилгын хороонд шилжүүлнэ” гэж зааснаар 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэж, харин сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө.
Монгол Улсын Шүүхийн тухай хууль 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан, хуучин Шүүхийн ёс зүйн хороонд ирсэн өргөдөл, мэдээлэл 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гишүүдэд хуваарилагдсан тул мөн өдрөөс хугацааг тооцож сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн болно.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ 27 дугаар зүйлд Шүүгчид хориглох зүйл, 28 дугаар зүйлд Шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт, 29 дүгээр зүйлд Шүүгчийн ашиг сонирхлын зөрчил, 30 дугаар зүйлд Шүүгч түүний гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг тодорхойлсон бол хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “Шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ” гэж заасан.
Өргөдөл, мэдээллийн агуулгаас үзвэл “М И” ХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн үйл ажиллагаатай холбоотойгоор гомдол гаргасан байх ба энэ үндэслэл нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ болон Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн зөрчилд хамаарахгүй байна. Тодруулбал,
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “М И” ХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ..., 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар актуудыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор шийдвэр, магадлалыг өөрчилж, “М И” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс”-ын 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ..., 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар актуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Дээрх хэргийн гуравдагч этгээд С.Н гаас шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт гаргасныг хянан хэлэлцээд Улсын дээд шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор хүсэлтийг хангаж, “...”Г п” хотхоны 301, 302, 303 дугаар байруудтай холбоотой “Барилгын ил, далд ажлын акт”, “Барилгын ажлын журнал”, “Улаан шугам татсан акт” гэсэн 17 хавтас бүхий баримтууд, 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаар “Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”, 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаар “Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт” зэрэг нь гуравдагч этгээдэд мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй нөхцөл байдлыг илрүүлсэн” гэх үндэслэлээр урьд гарсан 3 шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 322 дугаар шийдвэрээр дахин “М И” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаар магадлалаар хэвээр үлдээсэн, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ... дүгээр тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Улмаар, нэхэмжлэгч “М И” ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.А гаас 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 354, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 355 дугаар албан бичгээр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ... дүгээр тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт тус тус гаргасныг Улсын дээд шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ..., 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ... дугаар тогтоолоор тус тус хангахаас татгалзаж шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдож байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн /2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан/ 14 дүгээр зүйлийн 14.1-д “Танхимын тэргүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”: 14.1.3 “хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааныг даргалах” гэж заасан тул шүүгч М.Б нь Улсын дээд шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 39, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 113, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 110 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт шийдвэрлэсэн шүүх хуралдаанд, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 259 дүгээр тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн шүүх хуралдаанд даргалагчаар оролцсон нь хуульд нийцсэн байх бөгөөд ийнхүү хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлснийг зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 133 дугаар зүйлийн 133.4-д “Шүүх хуралдаанаар шинээр илэрсэн нөхцөл байдлыг баталж байгаа шинэ нотлох баримтыг үндэслэн шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоох, уг нөхцөл байдал нь шийдвэрийг гаргахад хэрхэн нөлөөлсөн, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянан шийдвэрлэх хууль ёсны үндэслэл байгаа эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан хэрхэн үнэлж, хууль хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаарна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзээд гуравдагч этгээд С.Н гийн хүсэлтийг хангасан, “М И” ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.А гийн хүсэлтийг хангаагүй нь зөв, буруу эсэх, нотлох баримтыг зөв, буруу үнэлсэн эсэхийг тогтоох, дүгнэлт өгөх эрх хэмжээгүй. Дээр дурдсан үндэслэлээр шүүгч М.Б д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргах нь зүйтэй гэж үзлээ." гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Илтгэгч гишүүний гаргасан сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд өргөдөлд дурдсан нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж, хэргийн оролцогчийн тайлбар болон нотлох баримтуудыг сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх хуульд заасан шаардлагыг хангасан байх тул саналыг хүлээн авч, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Өргөдөл гаргагч Г.А нь “М И” ХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон байх ба тус захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуралдаануудыг даргалсантай нь холбогдуулж “эрх мэдлээ урвуулан ашигласан, хууль буруу хэрэглэсэн, хууль зөрчиж хүн хохироосон” гэх агуулгаар шүүгчийг зөрчил гаргасан гэжээ.
Сахилгын хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
1. Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр иргэн Г.А гийн гомдлыг Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлснийг, тус хорооны 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаар тогтоолоор сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байх ба түүнд өргөдөлд гаргагч нь гомдол гаргасан. Монгол Улсын Шүүхийн тухай хууль /2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан/-ийн дагуу Шүүхийн сахилгын хороо 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсанаар, гомдлыг Шүүхийн сахилгын хорооны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар тогтоолоор өргөдөлд дурдсан гомдлыг бүрэн гүйцэт шалгаагүй, хэлэлцэхгүй орхигдуулсан үндэслэлээр сахилгын хэрэг үүсгэн, илтгэгч гишүүн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
2. Өргөдөлд, холбогдох шүүгчийг “хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт гаргуулсан” гэх боловч “М И” ХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт холбогдох захиргааны хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг гуравдагч этгээд 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр, хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тус тус шүүхэд гаргахад холбогдох шүүгч нь хэргийн оролцогчтой аливаа хэлбэрээр уулзсан, харилцсан буюу “хүсэлт гаргуулсан” гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.
3. Дээрх гуравдагч этгээдийн гаргасан хүсэлт болон бусад нэхэмжлэгчийн гаргасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлт, нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг Улсын дээд шүүхээр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг албажуулсан тус шүүхийн Ерөнхий шүүгч /З/-ийн 2014 оны ... дугаар захирамж, Танхимын тэргүүн /Б /-ий 2014 оны ... дүгээр захирамж, Танхимын тэргүүн /Б /-ий 2015 оны ... дугаар захирамжаар нийт 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй, Танхимын тэргүүн, шүүгч Б ийг даргалагчаар томилсон нь Монгол Улсын Шүүхийн тухай хууль /2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан/-ийн 13 дугаар зүйлд заасан Ерөнхий шүүгчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийн 13.1.3-т “шүүх хуралдааныг даргалах, шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах”-аар, мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан Улсын дээд шүүхийн танхимын тэргүүний хэрэгжүүлэх бүрэн эрхийн 14.1.3-т “хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааныг даргалах”-аар, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан/-ийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэг , 54 дүгээр зүйлийн 52.4-т “Хяналтын журмаар хэргийг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхим 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ” гэсэн зохицуулалтад тус тус нийцсэн байна.
4. Мөн нэхэмжлэгч талаас дахин гаргасан 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлтийг Улсын дээд шүүхээр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг албажуулсан тус шүүхийн Ерөнхий шүүгч /З/-ийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ... дүгээр захирамжаар нийт 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй, Танхимын тэргүүн, шүүгч Б ийг даргалагчаар томилсон нь Монгол Улсын Шүүхийн тухай хууль /2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан/-ийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.1.3 дахь хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан/-ийн 72 дугаар зүйлийн 72.1-т “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна”, 133 дугаар зүйлийн 133.1-т “Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг энэ хуульд заасан журмын дагуу тухайн шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчөөгүй байна.
5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан/-ийн 67 дугаар зүйлийн 67.3-т “Шүүх бүрэлдэхүүн асуудал бүрийг олонхын саналаар шийдвэрлэнэ”, 67.4-т “Хуралдаан даргалагч өөрийн саналыг бусад шүүгчийн дараа гаргана” гэж заасан. Энэхүү зохицуулалтууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан/-ийн 87 дугаар зүйлийн 87.3, 87.4 дэх хэсэгт мөн тусгагдсан байна. Иймд Улсын дээд шүүхийн шүүх бүрэлдэхүүн нь хамтын зарчмаар:
а/ 2014 оны 39 дүгээр тогтоолоор “гуравдагч этгээдийн хүсэлтийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж”,
b/ 2014 оны ... дүгээр тогтоолоор “М И” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн ... дугаар шүүхийн шийдвэр, ... дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон”,
c/ 2015 оны ... дугаар тогтоолоор “нэхэмжлэгчийн гаргасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг хангахаас татгалзаж”,
d/ 2016 оны 110 дугаар тогтоолоор “нэхэмжлэгчийн дахин гаргасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг хангахаас татгалзаж” шийдвэрлэсэн тул тус шийдвэрийн үндэслэл, хууль хэрэглээтэй холбогдуулан даргалагч шүүгчийг буруутгах нь үндэслэлгүй юм. Мөн шүүгч шүүх хуралдааныг даргалах нь бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрхийг олгосон хэрэг биш тул эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэх үндэслэл болохгүй.
Өргөдөлд “хэргийг анхан шатнаас бүх шатыг дуустал нь өөрийн хяналтдаа байлгаж шийдүүлэн санасандаа хүрсэн” гэх боловч анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх явцад холбогдох шүүгч нь бусад шүүгчийн шүүн таслан ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон буюу нөлөөлсөн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байх тул өргөдлийн энэ хэсэг үндэслэлгүй байна.
6. Нөгөө талаар, шүүхийн сахилгын хороо нь өргөдөлд дурдсан шүүгчтэй холбоотой үйл баримт шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэх зөрчилд хамаарах эсэх хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Өргөдөлд, шүүгчид холбогдуулан 2014-2016 оны үйл баримтыг дурдсан байх тул 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ ...” гэж зааснаар шүүгч нь зөрчил гаргасан эсэхийг дүгнэхдээ 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэнэ. Тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр” заасан бол Монгол улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж ёс зүйн зөрчилд хамаарах хүрээ хязгаарыг тодорхойлсон байна. Шүүгчид холбогдуулсан хяналтын шатны шүүхийн тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг шийдвэрлэх, хяналтын шатны журмаар гаргасан гомдлоор хэргийг хянан хэлэлцэх үйл ажиллагаа нь хуульд заасан Улсын дээд шүүхийн шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх чиг үүрэг, эрх хэмжээнд хамаарах тул шүүгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй, энэ талаар илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Иймд илтгэгч гишүүний 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаартай шүүгч М.Б д холбогдох сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэг, 112.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ... шүүхийн шүүгч М.Б д холбогдох сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ДАВХАРБАЯР
ГИШҮҮН Д.ЭРДЭНЭЧУЛУУН
Г.ЦАГААНЦООЖ