МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-03-03
Дугаар 106
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох
саналыг шийдвэрлэх тухай
Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулинг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Тус хуралдаанаар “С П” ХХК-ний захирал Н.Б гийн өргөдлөөр, ... шүүхийн шүүгч Ч.М , ... шүүхийн шүүгч Ц.О , Д.М т холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг, гишүүн О.Номулингийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн О.Номуулин Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа:
Шүүхийн сахилгын хорооны гишүүн О.Номуулин би, “С П” ХХК-ийн захирал Н.Б гээс ... шүүхийн шүүгч Ч.М , ... шүүхийн шүүгч Ц.О , Д.М нарт холбогдуулан гаргасан өргөдөлд 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулаад ОЛСОН нь:
Өргөдөл гаргагч “С П” ХХК-ийн захирал Н.Б Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “...2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэрээний үүргээ биелүүлэлгүй манай компанийг хохироосны төлбөр болох 129.206.372 төгрөгийг анх нэхэмжилж ... шүүхэд хандсан. ... шүүхэд нэхэмжлэл гаргасан 2012 оны 9 дүгээр сараас 2021 оны 9 дүгээр сар хүртэл бүтэн 9 жил манай нэхэмжлэлтэй шүүхийн үйл ажиллагаа үргэлжилж, энэ хугацаанд манай үйлдвэр цоожтой хаалганы цаана барьцаанд байж, хуучирч, зэвэрч, муудаж, технологи нь хоцрогдож, цаашид ашиглах ямар ч боломжгүй болсон. 2013 оны 1 дүгээр сард хувьцаа эзэмшигч Италиудын хувьцааг “А ” ХХК-ийн охин компани “Т т т” ХХК худалдан авснаар манай шүүхийн маргаантай асуудлыг тус компанийхан хариуцах болж, шүүх ажиллагааг будлиантуулах бүх ажиллагааг эхлүүлсэн. Тус компани 9 жил шүүх ажиллагааг сунжруулж, шүүгч нараар өөрсдийн талд шийдвэр гаргуулж, шүүгчийн захирамжийг үл ойшоон шинжээч нарыг нэвтрүүлэхгүй олон удаа буцаан 370 хоног хүлээлгэж, өөрсдийгөө ямар ч буруугүй гэдэг илт худлаа шийдвэрийг 2 удаа шүүгч нараар гаргуулж, шүүхүүд дээрх шүүгч нарын томилгоог хүртэл хүссэнээрээ танил тал руугаа хуваарилуулж, шүүгч нар нь ч гаргах шийдвэрээ үгсэн тохирч, хуйвалдан бичиж, хугацаа сунжруулан хүлээлгэж өгч ирлээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зорчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах”, 50.1.25-д “шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих” гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71-р зүйлийн 71.1-д “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног”, 71.2-т “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно”, 76.1.1-д “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох” гэж заасан байх юм. Гэтэл шүүгч Ч.М нь 2013 оны 12 дугаар сараас хойш бүтэн 1 жил 2 сарын хугацаанд шүүх хурал хийхгүй хойшлуулж байсан нь ямар шалтгаантай байсныг хэн ч тайлбарлаж чадаагүй байна. Ерөнхий шүүгчийн зүгээс ч хурлыг хуралдуулах талаар шаардлага хүргүүлээгүй. Ямар ч шүүхийн үйл явц шалтгаангүйгээр 14 сараар хойшлох ёсгүй. Шүүх хурлыг хийхгүй байсан шалтгааныг хариуцагч талын нөлөөнд орж ажиллагаа явуулахгүй хойшлуулсан гэж үзэх бүрэн боломжтой байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “Анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ” гэж заасныг мөн уландаа гишгэсэн. Шүүгч Ц.О нь 2018 оны 12 дугаар сарын 5-нд гэм хорын нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурлыг ганцаар хийж, илтээр хариуцагч талд үйлчлэн, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан саналын дагуу дүгнэлтээ гаргаж, ямар ч нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг авч хэлэлцэлгүйгээр, хариуцагчийн буруу үйлдлийг зөвшөөрч, нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Шийдвэрээ бичгээр гаргахгүй удаа дараа шаардуулж байж 55 хоногийн дараа албажуулсан байдаг. Миний бие шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн давж заалдах шатны шүүх рүү гомдол гаргасан боловч манай гомдлыг ямар нэг шалтгаанаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх рүү явуулахгүй байсаар 45 хоносон. Ямар нэг ноцтой шалтгаан байсан болохоор явуулахгүй удсан гэж үзэж бас харддаг. Нийслэлийн шүүх дээр өөрсдийн холбоотой шүүгч рүү хуваарилах, яриа хэлэлцээгээ хийх цаг хугацааг тохируулсан гэж үзэж байгаа. Шүүгч Д.М нь шүүгчийн захирамжийн дагуу томилогдсон шинжээч нар эцсийн дүгнэлтээ 2020 оны 6 дугаар сарын 15-нд өгчихөөд байхад 2020 оны 12 дугаар сарын 18 хүртэлх 6 сарын хугацаанд ямар ч ажиллагаа хийхгүй, хурал зарлаагүй удсан. Хариуцагч талтай үгсэн хуйвалдах хувьсгалын тохироо хүлээж, дараа дараагийн алхмуудыг тооцож Улсын дээд шүүхээр манай хэрэг хянагдахгүй байх цаг хугацааг тохируулсан нь тодорхой юм. Учир нь хуулиас харвал Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах”, 50.1.25-т “шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих” гэснийг зөрчиж, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд шүүх хуралдааныг товлох ёстой атал хариуцагчийн талд үйлчилж, давуу байдал бий болгож байсан. Энэхүү шүүх хурлын шийдвэрээ албажуулж бичгээр өгөхгүй удаа дараа шаардуулж 22 хоног болсон нь бас л нэг тохироог хүлээж байсан гэж бодох тод нотолгоо. Шүүгч нарын эдгээр хариуцлагагүй, нэг талд үйлчилсэн, шүүхийн үйл ажиллагааг удаа дараа хойш татсан асуудлаас болж манай компани Улсын дээд шүүхээр өөрсдийн хэргийг үнэн шударгаар хэлэлцүүлж дэнслүүлэх боломжгүй болгох бүхий л ажлыг гардан зохион байгуулсан. Хэрвээ Хан-Уул дүүргийн шүүгч Д.М шинжээч нарын дүгнэлтийг хүлээн авсан даруйдаа, хуулийн хугацаандаа хурлаа хийсэн бол 2021 оны 3 дугаар сарын 01-ээс өмнө манай нэхэмжлэлтэй хэргийг Улсын дээд шүүхээр хэлэлцэх бүрэн боломжтой байсан ба ийнхүү их хэмжээний хохирлыг хүлээхээргүй байсан. Иймд 9 жилийн хугацаанд эд хөрөнгө, бие махбодь, мөнгө санхүү, сэтгэл санааны асар их хохирол амссан би дээрх шүүгч нарт маш их гомдолтой байгаа бөгөөд бүтэн 9 жил шүүхээр явсан хэргийг минь үнэн зөв, шудрагаар шийдвэрлэнэ гэж итгэж явсан шүүгч Д.М нь “хууль, шүүхийн мафи”, “хонгил”-дож Хүний эрхийн түгээмэл тунхаглал бас Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 14-т заасан “шударга шүүхээр шүүлгэх” эрхийг маань бүдүүлгээр зөрчсөн тул зохих арга хэмжээ өгнө үү” гэжээ.
Шүүгч Ч.М Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Гомдол гаргагч Н.Б нь шүүгч Ч.М нь 2013 оны 12 дугаар сараас хойш бүтэн 1 жил 2 сарын хугацаанд шүүх хурал хийхгүй хойшлуулж байсныг хэн ч тайлбарлаж чадаагүй байна гэжээ. Энэхүү гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгд, миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн зарлигаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шүүгчээр томилогдсон. Шүүгчээр томилогдож очсоны дараа “С П” ХХК-ийн нэхэмжлэлтэй “М И б” ХК-д холбогдох хугацаа хэтэрсэн хэрэг хуваарилагдан ирсэн. Би тус хэрэгт 2014 оны 7 дугаар сараас 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, Шүүх байгуулах тухай хуулийн дагуу 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр ... шүүхэд шилжүүлсэн. Тус хэрэгт нэхэмжлэгч талын хүсэлтээр учирсан хохирлын хэмжээг тооцуулахаар, хариуцагч талын хүсэлтээр ус алдсан шалтгааныг тогтоолгохоор 2 удаа шинжээч томилж түдгэлзүүлж байсан. Шүүх хуралдаан нэхэмжлэгч өмгөөлөгчөө сольсон, хариуцагч өмгөөлөгчөө сольсон, хариуцагчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гэрч асуулгах, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн зэрэг үндэслэлээр удаа дараа зохигчийн хүсэлтээр хойшилсон. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааныг үндэслэлгүйгээр хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулаагүй, талуудын хуулиар олгогдсон эрхийг хангаж ажилласан гэж үзэж байна” гэжээ.
Шүүгч Ч.М Сахилгын хороонд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Тус хэрэг нь ... шүүхэд эцэслэн шийдвэрлэгдсэн тул тайлбар гаргах үед хэрэгтэй танилцаж амжаагүй байсан. Шүүхийн тамгын газарт хүсэлт гарган Архивт байгаа “С П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “М И б” ХК-д холбогдох хэрэгтэй танилцаад нэмж тайлбар гаргалаа. Миний бие 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “С П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “М И б” ХК-д холбогдох 2 хавтас, 360 хуудас хэргийг хүлээн авсан байна. Хэрэг нэхэмжлэл хуваарилсан шүүгчдийн зөвлөгөөний тогтоол гараагүй байх тул тухайн үеийн өөртөө бүртгэл хийж байсан гар бүртгэлийг хавсаргав. Миний бие шүүгчээр томилогдоод 2014 оны 7 сарын 7-ноос 2015 оны 2 дугаар сарын 05 хүртэл 7 сар орчмын хугацаанд 343 хэрэг, нэхэмжлэл хүлээн авч, ажиллагаа явуулсан, ачаалалтай байхаас гадна, шинэ шүүгч байсан учир дадлага туршлага дутаж, уг маргаантай хэрэгт 6 сар гаруй хугацаанд тодорхой ажиллагаа хийж чадаагүй байна. Одоогоор дүүргийн шүүгч жилд дунджаар 400 орчим, хэрэг нэхэмжлэл хүлээн авч, ажиллагаа явуулж байгаа. Гэтэл би шинэ шүүгчээр томилогдоод 7 сар хүрэхгүй хугацаанд 343 хэрэг, нэхэмжлэл хүлээн авч, ажиллагаа явуулсан нь хэр их ачаалалтай байсан нь харагдах байхаа” гэжээ.
Шүүгч Ц.О Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч “М И б” ХК-нд холбогдуулан нэхэмжлэгч “С П” ХХК 129,206,372 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд гаргаж, шүүх 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна. Уг хэргийг хянан шийдвэрлэж байсан шүүгч өвчний улмаас чөлөө авч, тус шүүх дэх ажлын ачаалал өндөр, ажилдаа орооч гэх хүсэлтийн дагуу 3 сар гаран нярай хүүхдээ харалгүй, хүүхэд асрах чөлөөгөө дуусган, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажилдаа орсон. Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 550 дугаар тогтоолоор уг хэргийг шүүгч Ц.О надад хуваарилсан. Хэргийг хүлээн авахад шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байсан. Шүүгч миний бие шинжээчийн дүгнэлт ирүүлэхийг тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 902 тоот албан бичгийг хүргүүлж ажиллагааг хийж эхэлсэн болно. Шинжээчийн дүгнэлт ирж, 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн 3597 дугаар захирамж гарган, иргэдийн төлөөлөгчийг томилуулж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 582 дугаар захирамжаар шүүх бүрэлдэхүүнийг албажуулж, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр шүүх хуралдааныг хийсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн тавин хоёрдугаар зүйлийн 1-т “Бүх шатны шүүх хэрэг маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгч дангаар хянан шийдвэрлэх хэрэг маргааныг ээдрээ төвөгтэй гэж үзвэл хамтын зарчмаар шийдвэрлэх боломжийг Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан тул хамтын зарчмаар шийдвэрлэхээр анхнаасаа хэргийг бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Гэвч нэхэмжлэгч “С П” ХХК нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа гэрээнээс учирсан хохирол нэхэмжилж байна гэж тайлбарладаг. Шүүх иргэний хэргийг үүсгэхдээ гэм хорын хохирол гаргуулахаар иргэний хэрэг үүсгээгүй, 129,206,372 төгрөг гаргуулахаар иргэний хэргийг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна. Иймээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлагад тодорхойлсон нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д зааснаар шүүгч дангаар хэргийг шийдвэрлэхээр заасан байна. Харин нэхэмжлэгч “С П” ХХК нь зөрчлийн улмаас үүссэн гэм хорын хохирол нэхэмжилж, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодорхойлсон бол хуульд зааснаар бүрэлдэхүүнтэй шийдвэрлэнэ. “С П” ХХК хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр өмгөөлөгч Н.Б , Р.О нараас хууль зүйн туслалцаа авч, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлж шүүхэд шаардах эрхээ хэрэгжүүлж байх тул шүүгч миний бие хуульд заасан эрхийнхээ хүрээнд хэргийг дангаар шийдвэрлэсэн болно. Шүүгч миний бие тус хэргийг шийдвэрлээд шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд гаргасан. Шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчид шуудангаар хүргүүлэх гардуулах, хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх техник ажиллагаа шүүгчийн туслахын ажил үүрэгт орно. Нэхэмжлэгч “С П” ХХК шүүхийн шийдвэрийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гардан авч, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг гомдлын хамт ирүүлээгүй байна. Иймд гомдлыг хуульд заасан хугацаанд давж заалдах шатны шүүхэд хүргүүлээгүй болно. Тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах хүсэлтээ шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан хүсэлт, 13801 дугаар шүүгчийн захирамжийг албажуулж 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр холбогдох баримтын хамт ирүүлсэнийг 2 дугаар сарын 02-ны өдөр хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор тэмдэгтийн хураамж төлөөгүй үндэслэлээр татгалзсан байна. Мөн “С П” ХХК нь Улсын дээд шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 174 дүгээр тогтоолыг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гардан авсан байна. Иймд шүүхээс гарсан эрхийн актыг хэргийн оролцогч гардаж авсан өдрөөр тухайн эрхийн акт гарсан гэж үзэх нь хэт өрөөсгөл юм. Шүүгч миний бие хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг шударгаар, шуурхай шийдвэрлэж, хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн бөгөөд ёс зүйн зөрчил болохоор үйлдэл, эс үйлдэхүйг гаргаагүй болно” гэжээ.
Шүүгч Д.М Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Тус хэрэг 2019 оны 08 сарын 23-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөний ... дугаар тогтоолоор шүүгч миний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шилжиж ирсэн бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар захирамжаар Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийг шинжээчээр томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн байсан. Шинжээчээр томилсон сургууль шинжилгээ хийх боломжгүй гэсэн хариу ирүүлснийг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн. Хэргийг хэлэлцэхээр 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүх хуралдаан товлосон боловч хариуцагчийн өмгөөлөгч шүүгчээс татгалзсан үндэслэлээр шүүх хуралдаан хойшилсон байна. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, шинжээч томилуулах хүсэлт гаргасныг тус тус хангаж, Шинжлэх ухаан техникийн их сургуулийг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн үндэслэл арилсан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээжээ. 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэй гэж дүгнэж мөн өдрийн 138/ШТ2020/00175 дугаар шүүхийн тогтоолоор дахин шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн ба 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ШЗ/2020/12984 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн. 2020 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн үзлэг хийлгэх, хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулсан байна. 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлийн хугацаа дууссан байсан ба нэхэмжлэгч хариуцагчийг оролцуулалгүй хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд талуудын мэтгэлцэх эрхийг хангах нь зүйтэй гэж үзэн шүүх хуралдааныг 2020 оны 11 дүгээр 05-ны өдөр хүртэл хойшлуулсан. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гэрч асуулгах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хойшлуулжээ. Ковид-19 өвчний улмаас бүх нийтийн хөл хорио тогтоосонтой холбоотой мөн өдрийн хурал цуцлагдсан байна. Улмаар 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, шүүхээс шийдвэр гарсан байна. Гомдол гаргагчийн гомдлын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгч миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж хэргийн оролцогчийн хэн нэгний хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг зөрчсөн ёс зүйгүй үйлдэл гаргаагүй болно” гэжээ.
Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “С П” ХХК нь “М И б” ХК-иас 129,206,372 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхэд гаргаж, 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүссэн байх ба уг хэргийг эцэслэн шийдвэрлэсэн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан шүүгч нарын үйл ажиллагаатай холбоотой гомдол гаргаж, үндэслэлээ “...шүүгч нар хуульд заасан хугацаанд хурлаа зарладаггүй, гаргасан шийдвэрээ албажуулдаггүй удаадаг, хэргийг хугацаанд нь шийдэх талаар сэтгэл гаргадаггүй, нэг талд үйлчилж цаг алдсанаас Улсын дээд шүүхээр хэргээ хянуулах боломжгүй болгосон, 9 жилийн хугацаанд эд хөрөнгө, бие махбодь, мөнгө санхүү, сэтгэл санааны асар их хохирол амсаж Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “шудрага шүүхээр шүүлгэх” эрхийг маань бүдүүлгээр зөрчсөн” гэж тодорхойлжээ.
“С П” ХХК-ийн захирал Н.Б гийн өргөдөлд дурдсан шүүгч нар ёс зүйн зөрчил гаргасан гэх цаг хугацаа 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хамаарч байх тул 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан бол Шүүхийн ёс зүй хороо, Захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааныг Сахилгын хороонд шилжүүлнэ” гэж зааснаар 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэж, харин сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө.
Монгол Улсын Шүүхийн тухай хууль 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан, хуучин Шүүхийн ёс зүйн хороонд ирсэн өргөдөл, мэдээлэл 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гишүүдэд хуваарилагдсан тул мөн өдрөөс хугацааг тооцож сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн болно.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ 27 дугаар зүйлд Шүүгчид хориглох зүйл, 28 дугаар зүйлд Шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт, 29 дүгээр зүйлд Шүүгчийн ашиг сонирхлын зөрчил, 30 дугаар зүйлд Шүүгч түүний гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэгийн талаар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг тодорхойлсон бол хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “Шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ” гэж заасан.
Иймд нэр бүхий шүүгч нарыг дээрх хууль, дүрэмд заасан хэм хэмжээг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.
Шүүгч Ч.М нь “2013 оны 12 дугаар сараас хойш бүтэн 1 жил 2 сарын хугацаанд шүүх хурал хийхгүй хойшлуулж байсан” гэх зөрчлийн тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгч Ч.М нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 83 дугаар зарлигаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчээр томилогдсон байх ба “С П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “М И б” ХК-д холбогдох хэргийг 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээж авсан нь хэргийн хавтсан дээр дарагдсан шүүхийн дардас болон өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрээр нотлогдож байна.
Өргөдөлд дурдсанаар 2013 оны 12 дугаар сараас хойш хийгдсэн хянан шийдвэрлэх ажиллагааг шалгаж үзвэл ... шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 148 дугаар тогтоолоор тус шүүхийн шүүгчийн 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 3169 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, уг тогтоолыг нэхэмжлэгч нь 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр, хариуцагч нь 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гардаж авсан, шүүгч Ч.М ийн тухайд 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 03674 дүгээр шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан ба мөн цаг хугацаанаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулжээ.
Харин тэрээр хэргийг 2014 оны 07 дугаар сард хүлээж авсанаас хойш 2015 оны 02 дугаар сар хүртэл ямар нэг ажиллагаа хийгээгүй, энэ талаар гаргасан тайлбартаа “...шүүгчээр томилогдоод 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 7 сар орчмын хугацаанд 343 хэрэг, нэхэмжлэл хүлээн авч ажиллагаа явуулсан, ачаалалтай байснаас гадна шинэ шүүгч байсан учир дадлага туршлага дутаж, уг маргаантай хэрэгт 6 сар гаруй хугацаанд тодорхой ажиллагаа хийж чадаагүй” гэж хүлээн зөвшөөрсөн.
Дээрхийг дүгнэвэл шүүгч Ч.М нь 7 сарын хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаа явуулаагүй нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэснийг зөрчсөн байх боловч дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Шүүгч Ц.О нь “2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэм хорын нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурлыг ганцаараа хийсэн, хариуцагчийн буруу үйлдлийг зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн, шийдвэрээ бичгээр гаргахгүй удаа дараа шаардуулж байж 55 хоногийн дараа албажуулсан, гомдлыг давж заалдах шатны шүүх рүү явуулахгүй 45 хоносон” гэх зөрчлийн тухайд:
... шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар шийдвэрээр “С П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “М И б” ХК-д холбогдох иргэний хэргийг шүүгч Ц.О дангаар шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1932 дугаар магадлалаар “...гэрээний бус үүргийн хүрээнд хамаарах гэм хорыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдааныг нэг шүүгчийн бүрэлдэхүүнтэй явуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн” гэх үндэслэл заан хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.
Анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрийг нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, хариуцагчийн өмгөөлөгч 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гардаж авсан байх бөгөөд нэхэмжлэгчээс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр давж заалдах гомдол гарган, улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулахыг хүссэний дагуу 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Хүсэлт хангах тухай” ... дүгээр шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн, ... шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/384 дүгээр албан бичгээр хэргийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Давж заалдах гомдлыг хүлээж авахаас татгалзах тухай” 141 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б гийн гаргасан давж заалдах гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан, ... шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “Гомдол хянан хэлэлцэх тухай” 183/ШТ2018/00187 дугаар тогтоолоор давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээсэн үйл баримтууд тогтоогдож байна.
Дээрхээс үзвэл шүүгч Ц.О шүүхийн шийдвэрийг 52 хоногийн дараа гардуулсан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулахыг хүссэний дагуу 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Хүсэлт хангах тухай” ... дүгээр шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн байхад 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөр хэргийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байх ба энэ нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэснийг зөрчсөн ёс зүйн зөрчилд хамаарна.
Гэвч дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т заасан хөөн хэлэлцэх хугацаа мөн дууссан байна.
Харин Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасан тул гэм хорын нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурлыг дангаар хийснийг ёс зүйн зөрчил гэж үзэхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн талаарх гомдолд Сахилгын хороо дүгнэлт өгөх эрх хэмжээгүй, шүүгч нотлох баримтыг хэрхэн үнэлж хууль хэрэглэх нь түүний хараат бус бүрэн эрхэд хамаардаг болно.
Шүүгч Д.М нь “шинжээч дүгнэлтээ 2020 оны 6 дугаар сарын 15-нд өгчихөөд байхад 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 6 сарын хугацаанд ямар ч ажиллагаа хийгээгүй, хурлын шийдвэрээ албажуулж бичгээр өгөхгүй удаа дараа шаардуулж 22 хоног болсон” гэх зөрчлийн тухайд:
... шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” ... дугаар тогтоолоор Шинжлэх ухаан технологийн их сургууль, тоног төхөөрөмжийн инженер Н.Батнасан, технологийн инженер С.Ө нарыг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, шинжээчийн дүгнэлт 2020 оны 06 дугаар сарын 29-нд шүүхэд ирсэн /шүүхийн дардас дарагдсан/, шүүгч Д.М 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэл ээлжийн амралтаа авсан, 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ... дүгээр шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааныг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ундрахын хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 10 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагт хийхээр товлож хойшлуулсан, 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэл хүчин төгөлдөр эсэхтэй маргасан тул талуудын мэтгэлцэх эрхийг хангаж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид төлөөлөх эрхтэй эсэхээ нотлох боломжийг олгож шүүх хуралдааныг 11 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цагт хийхээр товлож хойшлуулсан, 11 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гэрч асуулгах хүсэлтийг хангаж, 11 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагт хийхээр товлож хойшлуулсан, 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 16192 дугаар шүүгчийн захирамжаар “...Монгол Улсад шинэ коронавирусын 2 дахь тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан шүүгчдийн зөвлөгөөнөөр тус хугацаанд товлогдсон хурлуудыг хойшлуулж, шүүх хуралдаан товлон зарлахгүй байхаар шийдвэрлэсэн” гэх үндэслэлээр шүүх хуралдааныг жич товлон зарлахаар хойшлуулж, улмаар 12 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж хэргийг шийдвэрлэсэн байна.
Дээрх үйл баримтыг дүгнэвэл шүүгч Д.М нь хуульд заасан эрхээ эдэлж ээлжийн амралтаа авсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээснээс хойш зохигчдын, ялангуяа нэхэмжлэгч талын өөрийнх нь хэд хэдэн удаагийн хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж байсан байх бөгөөд 6 сарын хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаа хийгээгүй гэж үзэх боломжгүй.
Түүнчлэн, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/03254 дүгээр шүүхийн шийдвэрийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагчид шуудангаар хүргүүлсэн байх тул тус хугацаанд шүүхийн шийдвэр бүрэн эхээрээ бичгээр гарсан байсан гэж үзэх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” /2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчилсөн/, 119.4-т “Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна”, 119.5-д “Хэргийг зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ” гэж заасан шүүхийн шийдвэр гардуулах нийт хугацаа зөрчигдөөгүй байна.
Иймд шүүгч Д.М нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ болон Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн зөрчил гаргаагүй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүгч Ч.М , Ц.О , Д.М нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргах нь зүйтэй гэж үзлээ.
“С П” ХХК-ийн захирал Н.Б гийн өргөдөлтэй, ... шүүхийн шүүгч Ч.М , ... шүүхийн шүүгч Ц.О , Д.М нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай гэжээ.
Шүүгч Ч.М ийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбараас, “...миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн зарлигаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шүүгчээр томилогдсон. Шүүгчээр томилогдож очсоны дараа “С П” ХХК-ийн нэхэмжлэлтэй “М И б” ХК-д холбогдох хугацаа хэтэрсэн хэрэг хуваарилагдан ирсэн. Би тус хэрэгт 2014 оны 7 дугаар сараас 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, Шүүх байгуулах тухай хуулийн дагуу 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр ... шүүхэд шилжүүлсэн. Тус хэрэгт нэхэмжлэгч талын хүсэлтээр учирсан хохирлын хэмжээг тооцуулахаар, хариуцагч талын хүсэлтээр ус алдсан шалтгааныг тогтоолгохоор 2 удаа шинжээч томилж түдгэлзүүлж байсан. Шүүх хуралдаан нэхэмжлэгч өмгөөлөгчөө сольсон, хариуцагч өмгөөлөгчөө сольсон, хариуцагчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гэрч асуулгах, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн зэрэг үндэслэлээр удаа дараа зохигчийн хүсэлтээр хойшилсон. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааныг үндэслэлгүйгээр хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулаагүй, талуудын хуулиар олгогдсон эрхийг хангаж ажилласан гэж үзэж байна” гэжээ.
Шүүгч Ч.М Сахилгын хороонд ирүүлсэн нэмэлт тайлбараас, “...Тус хэрэг нь ... шүүхэд эцэслэн шийдвэрлэгдсэн тул тайлбар гаргах үед хэрэгтэй танилцаж амжаагүй байсан. Шүүхийн тамгын газарт хүсэлт гарган Архивт байгаа “С П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “М И б” ХК-д холбогдох хэрэгтэй танилцаад нэмж тайлбар гаргалаа. Миний бие 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “С П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “М И б” ХК-д холбогдох 2 хавтас, 360 хуудас хэргийг хүлээн авсан байна. Хэрэг нэхэмжлэл хуваарилсан шүүгчдийн зөвлөгөөний тогтоол гараагүй байх тул тухайн үеийн өөртөө бүртгэл хийж байсан гар бүртгэлийг хавсаргав. Миний бие шүүгчээр томилогдоод 2014 оны 7 сарын 7-ноос 2015 оны 2 дугаар сарын 05 хүртэл 7 сар орчмын хугацаанд 343 хэрэг, нэхэмжлэл хүлээн авч, ажиллагаа явуулсан, ачаалалтай байхаас гадна, шинэ шүүгч байсан учир дадлага туршлага дутаж, уг маргаантай хэрэгт 6 сар гаруй хугацаанд тодорхой ажиллагаа хийж чадаагүй байна. Одоогоор дүүргийн шүүгч жилд дунджаар 400 орчим, хэрэг нэхэмжлэл хүлээн авч, ажиллагаа явуулж байгаа. Гэтэл би шинэ шүүгчээр томилогдоод 7 сар хүрэхгүй хугацаанд 343 хэрэг, нэхэмжлэл хүлээн авч, ажиллагаа явуулсан нь хэр их ачаалалтай байсан нь харагдах байхаа” гэжээ.
Шүүгч Ц.О ийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбараас, “...шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 550 дугаар тогтоолоор уг хэргийг шүүгч Ц.О надад хуваарилсан. Хэргийг хүлээн авахад шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байсан. Шүүгч миний бие шинжээчийн дүгнэлт ирүүлэхийг тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 902 тоот албан бичгийг хүргүүлж ажиллагааг хийж эхэлсэн болно. Шинжээчийн дүгнэлт ирж, 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн 3597 дугаар захирамж гарган, иргэдийн төлөөлөгчийг томилуулж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 582 дугаар захирамжаар шүүх бүрэлдэхүүнийг албажуулж, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр шүүх хуралдааныг хийсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн тавин хоёрдугаар зүйлийн 1-т “Бүх шатны шүүх хэрэг маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгч дангаар хянан шийдвэрлэх хэрэг маргааныг ээдрээ төвөгтэй гэж үзвэл хамтын зарчмаар шийдвэрлэх боломжийг Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан тул хамтын зарчмаар шийдвэрлэхээр анхнаасаа хэргийг бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Гэвч нэхэмжлэгч “С П” ХХК нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа гэрээнээс учирсан хохирол нэхэмжилж байна гэж тайлбарладаг. Шүүх иргэний хэргийг үүсгэхдээ гэм хорын хохирол гаргуулахаар иргэний хэрэг үүсгээгүй, ... төгрөг гаргуулахаар иргэний хэргийг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна. Иймээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлагад тодорхойлсон нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д зааснаар шүүгч дангаар хэргийг шийдвэрлэхээр заасан байна. Харин нэхэмжлэгч “С П” ХХК нь зөрчлийн улмаас үүссэн гэм хорын хохирол нэхэмжилж, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодорхойлсон бол хуульд зааснаар бүрэлдэхүүнтэй шийдвэрлэнэ. “С П” ХХК хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр өмгөөлөгч Н.Б , Р.О нараас хууль зүйн туслалцаа авч, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлж шүүхэд шаардах эрхээ хэрэгжүүлж байх тул шүүгч миний бие хуульд заасан эрхийнхээ хүрээнд хэргийг дангаар шийдвэрлэсэн болно. Шүүгч миний бие тус хэргийг шийдвэрлээд шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд гаргасан. Шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчид шуудангаар хүргүүлэх гардуулах, хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх техник ажиллагаа шүүгчийн туслахын ажил үүрэгт орно. Нэхэмжлэгч “С П” ХХК шүүхийн шийдвэрийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гардан авч, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг гомдлын хамт ирүүлээгүй байна. Иймд гомдлыг хуульд заасан хугацаанд давж заалдах шатны шүүхэд хүргүүлээгүй болно. Тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах хүсэлтээ шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан хүсэлт, 13801 дугаар шүүгчийн захирамжийг албажуулж 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр холбогдох баримтын хамт ирүүлсэнийг 2 дугаар сарын 02-ны өдөр хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор тэмдэгтийн хураамж төлөөгүй үндэслэлээр татгалзсан байна. Мөн “С П” ХХК нь Улсын дээд шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 174 дүгээр тогтоолыг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гардан авсан байна. Иймд шүүхээс гарсан эрхийн актыг хэргийн оролцогч гардаж авсан өдрөөр тухайн эрхийн акт гарсан гэж үзэх нь хэт өрөөсгөл юм. Шүүгч миний бие хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг шударгаар, шуурхай шийдвэрлэж, хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн бөгөөд ёс зүйн зөрчил болохоор үйлдэл, эс үйлдэхүйг гаргаагүй болно” гэжээ.
Шүүгч Д.М ийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбараас, “...Тус хэрэг 2019 оны 08 сарын 23-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөний ... дугаар тогтоолоор шүүгч миний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шилжиж ирсэн бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар захирамжаар Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийг шинжээчээр томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн байсан. Шинжээчээр томилсон сургууль шинжилгээ хийх боломжгүй гэсэн хариу ирүүлснийг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/Ш32019/11672 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн. Хэргийг хэлэлцэхээр 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүх хуралдаан товлосон боловч хариуцагчийн өмгөөлөгч шүүгчээс татгалзсан үндэслэлээр шүүх хуралдаан хойшилсон байна. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, шинжээч томилуулах хүсэлт гаргасныг тус тус хангаж, Шинжлэх ухаан техникийн их сургуулийг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн үндэслэл арилсан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээжээ. 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэй гэж дүгнэж мөн өдрийн ... дугаар шүүхийн тогтоолоор дахин шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн ба 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ШЗ/2020/12984 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн. 2020 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн үзлэг хийлгэх, хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулсан байна. 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлийн хугацаа дууссан байсан ба нэхэмжлэгч хариуцагчийг оролцуулалгүй хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд талуудын мэтгэлцэх эрхийг хангах нь зүйтэй гэж үзэн шүүх хуралдааныг 2020 оны 11 дүгээр 05-ны өдөр хүртэл хойшлуулсан. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гэрч асуулгах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хойшлуулжээ. Ковид-19 өвчний улмаас бүх нийтийн хөл хорио тогтоосонтой холбоотой мөн өдрийн хурал цуцлагдсан байна. Улмаар 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, шүүхээс шийдвэр гарсан байна. Гомдол гаргагчийн гомдлын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгч миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж хэргийн оролцогчийн хэн нэгний хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг зөрчсөн ёс зүйгүй үйлдэл гаргаагүй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хорооны гишүүний шүүгч Ч.М , Ц.О , Д.М нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг бүрэлдэхүүн хянаад, илтгэгч гишүүний саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Өргөдөл гаргагч “С П” ХХК-ийн захирал Н.Б Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө:
1.“Шүүгч Ч.М нь 2013 оны 12 дугаар сараас хойш бүтэн 1 жил 2 сарын хугацаанд шүүх хурал хийхгүй ...” гэж,
2.“Шүүгч Ц.О нь 2018 оны 12 дугаар сарын 5-нд гэм хорын нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурлыг ганцаар хийж, ... Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх рүү явуулахгүй байсаар 45 хоносон” гэж,
3. “Шүүгч Д.М нь шүүгчийн захирамжийн дагуу томилогдсон шинжээч нар эцсийн дүгнэлтээ 2020 оны 6 дугаар сарын 15-нд өгчихөөд байхад 2020 оны 12 дугаар сарын 18 хүртэлх 6 сарын хугацаанд ямар ч ажиллагаа хийхгүй, хурал зарлаагүй удсан” гэжээ.
Сахилгын хэрэгт цугларсан нотлох баримт болон ... шүүхээс ирүүлсэн “С П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “М И б” ХК-д холбогдох 6 хавтас иргэний хэргийг шинжлэн судлаад.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан “С П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “М И б” ХК-д холбогдох 2 хавтас, 360 хуудас хэргийг тус хэргийг шинээр шүүгч болсон Ч.М т /хуучин нэрээр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч/ 2014 оны 7 дугаар сарын 09-нд хүлээлгэн өгсөн, шүүгч нь томилогдсон 2014 оны 7 сарын 7-ны өдөр 343 хэрэг, нэхэмжлэл хүлээн авч, ажиллагаа явуулсан, ачаалалтай байхаас гадна, шинэ шүүгч байсан учир дадлага туршлага дутаж, уг маргаантай хэрэгт 6 сар гаруй хугацаанд тодорхой ажиллагаа хийж чадаагүй” гэдгээ тайлбартаа хүлээн зөвшөөрсөн, харин өргөдөлд ямар ч ажиллагаа хийлгүй 14 сар болсон гэж бичжээ.
Шүүгч Ч.М ийн тайлбар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 83 дугаар зарлигаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчээр томилогдсон байх ба “С П” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “М И б” ХК-д холбогдох хэргийг 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээж авсан нь хэргийн хавтсан дээр дарагдсан шүүхийн дардас болон өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрээр, мөн [o1] шүүх хуралдаан хойшлуулах тухай 03674 дугаартай захирамжийг 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гаргах хүртэл 7 сарын хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогдож байх ба энэ нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэснийг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.
2.Улмаар тус хэргийг, шүүгч Ц.О т ... шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 550 дугаар тогтоолоор хуваарилсан байх ба тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн ... дугаар шийдвэрийг нэхэмжлэгч Н.Б 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гардан авч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гомдлоо гаргасан бөгөөд ... шүүх 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/384 дугаар албан бичгээр Н.Б гийн гомдлыг давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.3-т “Анхан шатны шүүх давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гаргасан тайлбарыг хавсарган хэргийн хамт гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ” гэсэн заалт зөрчигдөж хуулийн хугацаанаас 47 хонгийн дараа хүргүүлсэн нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэснийг зөрчсөн гэж илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй байна.
Харин шүүгч Ч.М , Ц.О нарын гаргасан ёс зүйн зөрчил нь Шүүхийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
3. Шүүгч Д.М т ... шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар тогтоолоор дээрх иргэний хэргийг хуваарилж, шүүгч 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ... захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, 2019 оны 11 дүгээр сарын 29-нний өдрийн ... дугаар захирамж, шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” ... дугаар тогтоолоор ... нарыг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, шинжээчийн дүгнэлт 2020 оны 06 дугаар сарын 29-нд шүүхэд ирсэн /шүүхийн дардас дарагдсан/, шүүгч Д.М 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэл ээлжийн амралтаа авсан, 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ... дүгээр шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааныг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ундрахын хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 10 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагт хийхээр товлож хойшлуулсан, 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэл хүчин төгөлдөр эсэхтэй маргасан тул талуудын мэтгэлцэх эрхийг хангаж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид төлөөлөх эрхтэй эсэхээ нотлох боломжийг олгож шүүх хуралдааныг 11 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цагт хийхээр товлож хойшлуулсан, 11 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гэрч асуулгах хүсэлтийг хангаж, 11 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагт хийхээр товлож хойшлуулсан, 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 16192 дугаар шүүгчийн захирамжаар “...Монгол Улсад шинэ коронавирусын 2 дахь тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан шүүгчдийн зөвлөгөөнөөр тус хугацаанд товлогдсон хурлуудыг хойшлуулж, шүүх хуралдаан товлон зарлахгүй байхаар шийдвэрлэсэн” гэх үндэслэлээр шүүх хуралдааныг жич товлон зарлахаар хойшлуулж, улмаар 12 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж хэргийг шийдвэрлэсэн зэрэг баримтуудаар өргөдөл гаргагчийн шүүгч Д.М т холбогдуулан дээрх иргэний хэрэгт ямар ч ажиллагаа хийхгүй, хурал зарлаагүй удсан гэсэн гомдол нь тогтоогдохгүй байх тул илтгэгч гишүүний дүгнэлт зөв байна.
Иймд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналын дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэг, 112.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.“С П” ХХК-ийн захирал Н.Б гийн өргөдлөөр ... шүүхийн шүүгч Ч.М , ... шүүхийн шүүгч Ц.О , Д.М нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох илтгэгч гишүүний 02 дугаар саналыг хүлээн авч, хэргийг бүхэлд нь нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ДАВХАРБАЯР
ГИШҮҮН Г.ЦАГААНЦООЖ
Д.ЭРДЭНЭЧУЛУУН
[o1]Хавтаст хэрэгт баримт нь байхгүй байсан