МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-02-24
Дугаар 89
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Эрдэнэчулуун, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан Сахилгын хорооны хуралдааны 705 тоот танхимд хийв.
Тус хуралдаанаар иргэн Ш.Э гийн өргөдөлтэй, ... шүүхийн шүүгч Х.Н , А.Н , Б.М нарт холбогдох сахилгын хэргийг, гишүүн С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн Ш.Э өргөдөлдөө:
"...Б улсын төсөвт үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй, М Х Е газар болон улсын ахлах байцаагч З.М д холбогдох 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01-06-079/126 дугаартай хурц хордлогын дүгнэлтийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг шүүгч Х.Н хүлээн авч, бүрдүүлбэр хангуулахаар шүүгчийн захирамжийг хууль бусаар гаргасан. ... 01-06-079/126 дугаартай Хурц хордлогын тухай дүгнэлт нь түдгэлзүүлж болохгүй эрх зүйн акт юм. Энэ актаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлого мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас үйлдвэрлэлийн осол, хурц хордлого өвчнөөр, тэтгэвэр хөдөлмөрийн чадвараа алдсан хувь хэмжээг тогтоолгох, тэтгэмж хурц хордлого өвчнөөр цалин сарын дундаж хөдөлмөрийн хөлсөө авах, төлбөр хурц хордлогоор хөдөлмөрийн чадвараа түр алдсаныг нөхөн сэргээх эмчилгээний төлбөр, хөдөлмөрийн чадвараа алдсан осолдогч, ажилтанг сувилахад ногдох хувь зардлуудыг нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж, төлбөр гаргуулан авах захиргааны актыг осолдогч, хохирогч, даатгуулагч, нэхэмжлэгч, гуравдагч этгээд миний эрүүл мэндийн байдал “маш хүнд” байгааг нотлох баримтаар хэрэгт тусгуулж, гуравдагч этгээдийн амь нас эрсдэхэд хүргэх аюултай байгааг мэдсээр байж “үхэхийг хүлээж”, явдал даахгүй амь эрсдэхэд хүргэх зорилгоор хуулийн үндэслэлгүй нэхэмжлэлийг хүлээн авч эрүүдэн шүүж хохироосоор байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаартай захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг зөрчиж шүүгч тус байгууллагын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуулийн зохицуулалт байхад нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасныг мэдсээр байж нэхэмжлэлийг хүлээн авсан. ... Шүүгч А.Н нь “ ... хуулийн заалтгүй, шүүхээр хэлэлцэх үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэг үүсгэсэн, нийтийг хамарсан хурц хордлогыг нуун дарагдуулахад хамжигчаар оролцсон, эрүүдэн шүүсэн” ... тул шүүгчээс татгалзан гарах хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Шүүгч Б.М нэхэмжлэлээсээ татгалзаж нэхэмжлэл гаргах эрхээ алдсан хуулийн этгээдийн нэхэмжлэлээр уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байхад, хууль зөрчиж, хувийн сонирхолтой хандан дахин захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, илтэд хуулийг ноцтой зөрчсөн. Шүүгч нар нийтийг хамарсан “хурц хордлого”-ыг нуун дарагдуулж хориглосон заалтыг ноцтой зөрчиж хамжигчаар оролцон албан тушаалаа урвуулан ашиглаж хууль зөрчиж байна. ... Дээрх шүүгч нарт арга хэмжээ авч өгнө үү" гэжээ.
Шүүгч А.Н тайлбартаа:
"...Уг хэрэг тус шүүхийн шүүгч Х.Н жирэмсний амралтаа авсантай холбоотой Шүүгчийн зөвлөгөөний 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0328 дугаар тогтоолоор надад хувиарлагдан шилжиж ирсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны явцад энэ хэргийн гуравдагч этгээд болох гомдол гаргагч Ш.Э шүүгчээс татгалзсаныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 468 дугаар захирамжаар өмнө нь адил төстэй хэрэг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.6-д “анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг тухайн шатны журмаар хянан шийдвэрлэхэд дахин оролцох болсон” гэж заасны дагуу татгалзан гарах үндэслэл болохоор байна гэж үзэж хүсэлтийг хүлээн авснаар уг хэрэг өөр шүүгчид шилжсэн байна. Өөрөөр хэлбэл миний бие энэ хэрэгт 2 сар гаруй хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд энэ хугацаанд ковид 19 цар тахалтай холбоотой шүүхийн хэвийн үйл ажиллагаа тасалдаж байсан, түүнчлэн гомдол гаргагч гуравдагч этгээд Ш.Э эрүүл мэндийн шалтгаантай гэх шалтгаанаар шүүх хуралдаан удаа дараа ирээгүй хойшилж байсан... Миний бие уг хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хууль зөрчсөн, шүүгчийн хувьд ёс зүйн зөрчил гаргасан ямар нэг үйлдэл хийгээгүй бөгөөд гомдол гаргагчийн гомдлын надад холбогдуулан бичсэн 2 дахь хэсэгт зөрчил гаргасан талаар баримт дурдагдаагүй, шүүгчийн ямар үйлдэл нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болон хууль бус болох талаар тодорхой бичээгүй ойлгомжгүй байгааг анхаарна уу...” гэжээ.
Шүүгч Б.М тайлбартаа:
“Ш.Э гаас 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан дээр шүүгч А.Н ээс татгалзах хүсэлт гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийн түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 468 дугаар захирамжаар хүсэлтийг хангаж, шүүгч Б.М надад 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Б ” УТҮГ-ын нэхэмжлэлтэй, М Х Е газрын улсын ахлах байцаагч З.М д холбогдох захиргааны хэрэг шилжин ирсэн. Миний бие тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн санаачилгаар оролцоогүй, тус шүүхийн шүүгчдийн 2021 оны 3 дугаар сарын 09-ны өдрийн 247 дугаар зөвлөгөөний тогтоолын дагуу хувиарлагдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болох “Б ” УТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулах, 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр шүүх хуралдаан хойшлуулах, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б ын хүсэлтээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гарсныг тус тус хангаж, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б аас гэрч асуулгах хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин гуравдагч этгээдээс 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр эрүүл мэндийн шалтгаантай байх тул шүүх хуралдааныг хойшлуулах, 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр шүүгч Б.М ээс татгалзсан, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан дээр мөн татгалзсан тул шүүх хуралдаан тус тус хойшилсон. Шүүхээс хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг дээрх байдлаар шийдвэрлэж байсан бөгөөд гомдолд дурдсанчлан эрүүдэн шүүсэн үйлдэл, эс үйлдэхгүй гаргаагүй. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдээс гаргасан хүсэлтийг хангаж, “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэсэн. Уг захирамж нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хянагдаагүй, хуулийн хүчин төгөлдөр болоогүй тул гомдолд дурьдсан асуудлаар дэлгэрэнгүй тайлбар өгөх боломжгүй байна. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгч Х.Н тайлбартаа:
"...... шүүхэд “Б ” улсын төсөвт үйлдвэрийн газраас Мэргэжлийн хяналтын газар, М Х Е газрын улсын ахлах байцаагч З.М д холбогдуулан “Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагч З.М ын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01-06-079/126 дугаартай хурц хордлогын дүгнэлтийг хүчингүй болгуулах, М Х Е газрын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 03/14225 дугаартай гомдол шийдвэрлэсэн хариуг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс баталсан хэрэг хуваарилах журмын дагуу шүүгч Х.Н надад системээс санамсаргүй байдлаар хуваарилагдсан. Миний бие уг нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, улмаар 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 4838 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 5262 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг татгалзах тухай захирамж тус тус гаргасан. Уг хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 5841 дүгээр шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдээр Ш.Э г шүүхийн санаачилгаар татан оролцуулж, нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан бичгээр тайлбар авсан. Тодруулбал, нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт нь гомдол гаргагч Ш.Э гийн эрүүл мэндтэй холбоотой ослын дүгнэлт байсан тул тухайн иргэнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах нь зүйтэй гэж үзсэн. Шүүгчээс хуульд заасны дагуу уг хэрэгт хамааралтай нотлох баримтыг цуглуулж, шүүх хуралдааныг товлон зарлах шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж, урьдчилсан хэлэлцүүлэгт хариуцагч Улсын М Х Е газрын ахлах байцаагч З.М , гуравдагч этгээд Ш.Э нар оролцсон. Улмаар уг захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг товлон зарласан боловч корона вирусын цар тахалтай холбоотой хатуу хөл хорионоос болон хэргийн оролцогчийн хүсэлтээр удаа дараа хойшлогдож байсан. 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс миний бие жирэмсний болон амаржсаны амралт авсан тул тус шүүхийн шүүгчдийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн дугаар 328 зөвлөгөөний тогтоолоор шүүгч Х.Н надад хуваарилагдсан нэхэмжлэл, өргөдөл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан захиргааны хэргийг тус шүүхийн бусад шүүгчдэд хуваарилагдсан болно. Миний бие 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр амаржсан бөгөөд үргэлжлүүлэн хүүхэд асрах чөлөө авч одоогийн байдлаар 5 сартай хүүхдээ гэрээр асарч байна. Ийнхүү “Б ” Улсын төсөвт үйлдвэрийн газраас Мэргэжлийн хяналтын газар, М Х Е газрын улсын ахлах байцаагч З.М д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт дээрх байдлаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан бөгөөд гомдол гаргагчийн гомдолд дурдсан “эрүүдэн шүүсэн” гэх ямар нэгэн Ёс зүйн зөрчил гаргаагүй тул надад холбогдуулан гаргасан иргэн Ш.Э гийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Илтгэгч гишүүн С.Энхтөр Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа:
“Шүүхийн сахилгын хорооны гишүүн С.Энхтөр би, шүүгч А.Н , Х.Н , Б.М нарт холбогдуулан иргэн Ш.Э гийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний гаргасан өргөдлийг Шүүхийн сахилгын хорооны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар зөвөлгөөний тогтоолоор баталсан өргөдөл хувиарлах журмын дагуу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 105 дугаар зүйлд зааснаар сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, 106 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийж, өргөдөлд бичсэн үйл баримт нь сахилгын хэрэг мөн эсэх талаар дүгнэж, үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал бичив.
... Өргөдөлд бичигдсэн үйл баримтад хамааралтай бүрдүүлсэн нотлох баримт: ... анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 5262 дугаар тус шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 128/ШЗ2020/5841 дугаар “Гуравдагч этгээдээр Ш.Э г татан оролцуулах тухай” шүүгчийн захирамж, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 8101 дугаар “хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1214 дугаар “Б Улсын төсөвт үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй, М Х Е газрын улсын ахлах байцаагч З.М д холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.М д шилжүүлсэн” зөвөлгөөний тогтоол, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 328 дугаар “Б Улсын төсөвт үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй, М Х Е газрын улсын ахлах байцаагч З.М д холбогдох захиргааны хэргийг шүүгч А.Н т шилжүүлсэн” зөвөлгөөний тогтоол, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 4468 дугаар “шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамж, мөн сарын 17-ны өдрийн 468 дугаар “Шүүгч А.Н ийг татгалзан гаргах тухай Ш.Э гийн хүсэлтийг хангахаас татгалзсан” Ерөнхий шүүгчийн захирамж, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 8771 дүгээр “хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж зэрэг баримтууд сахилгын хэрэгт авагджээ.
Дээрх ажиллагаатай холбоотой хууль, тогтоомжууд: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт “Нэхэмжлэл нь энэ хуулийн 52.2, 52.3, 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно.”, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “Шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш долоо хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана.”, 84 дүгээр зүйлийн 84.1.6-д “анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг тухайн шатны журмаар хянан шийдвэрлэхэд дахин оролцох болсон бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэй.”, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” 111.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана.” гэж тус тус заажээ
Санал: Шүүгч А.Н , Х.Н , Б.М нар нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлж, хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Б улсын төсөвт үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй М Х Е газрын улсын ахлах байцаагчид холбогдох хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, дээр дурьдсан шүүгчийн захирамжуудыг гаргасан байна. Энэ нь шүүгчийг сахилгын хэрэг үйлдсэнд тооцож, хариуцлага оногдуулах үндэслэл болохгүй. Тодруулбал, нэр бүхий шүүгчид өөрийн эрх хэмжээний хүрээнд холбогдох ажиллагааг явуулж, шүүгчийн захирамж гаргасан нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэсэн үндэслэлд хамаарахгүй ба хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй. Дээр дурьдсан үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулав" гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхийн ёс зүйн хороонд 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн Ш.Э гийн гомдлыг Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албанаас ... шүүхийн шүүгч Б.М, А.Н , Х.Н нарт гардуулан, шүүгч нараас тайлбар ирүүлжээ.
Шүүхийн сахилгын хорооноос тухайн шүүгч нарт 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагааг явуулжээ. Өргөдөлд дурдсан шүүгчтэй холбоотой гэх үйл баримтыг сахилгын хэрэгт авагдсан баримттай харьцуулан хянаж үзвэл:
1. Шүүгч Х.Н ийн талаар: Өмнө нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, нэхэмжлэл гаргах эрхгүй хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хууль зөрчсөн гэх тухайд:
... шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар захирамжаар шийдвэрлэсэн захиргааны хэрэг болон 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5262 дугаар захирамжаар үүсгэсэн захиргааны хэрэг нь хэдийгээр “Б ” УТҮГ-ын химийн бодис хэрэглэсэнтэй холбоотой нэг үйл баримт боловч нэг нь химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн, технологийн горим зөрчсөн үндэслэлээр компанид торгууль ногдуулсан[1] ... мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн акт, харин нөгөө нь химийн бодисоор ариутгал хийхдээ химийн бодис хурц хордлогод өртсөн ажилтны хурц хордлогын тухай дүгнэлт гаргасан[2] М Х Е газрын улсын ахлах байцаагчийн акттай холбоотой буюу хариуцагч болон нэхэмжлэлийн шаардлагууд өөр, нэхэмжлэл гаргахдаа өмнө нь шүүхэд хандсан талаар дурдаагүй, энэ талаар шүүгч мэдэх боломжгүй тул гомдолд дурдсан “өмнө нь нэхэмжлэлээсээ татгалзаж нэхэмжлэл гаргах эрхээ алдсан этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авсан” гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Дээрх 5262 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч талаас өмнө нь 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гаргасныг шүүгчийн захирамжаар 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй тул тодруулах, мөн хариуцагчийг зөв тодорхойлсон эсэхийг тодруулахаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах 14 хоногийг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тогтоож, нэхэмжлэгч нь 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т “Нэхэмжлэгч нь энэ хуулийн 52.2, 52.3, 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно”, 52 дугаар зүйлийн 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл” гэж тус тус заасан. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон дээрх шүүгчийн захирамж нь уг хуулийн зохицуулалтын үндэслэл, хугацаанд нийцэж байна.
М Х Е газрын 01-06-079/126 дугаартай улсын ахлах байцаагчийн дүгнэлт “Б ” УТҮГ-д холбогдуулан гарсан, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол “Б ” УТҮГ нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, өмнө нь өөр улсын байцаагчийн актад гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь уг нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
Иймд нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг эдлүүлэн нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, улмаар тус хугацаанд ирүүлсэн нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэсэн нь энэ талаарх хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.
2. Шүүгч А.Н ийн талаар: Өмнө нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгч хууль зөрчиж үүсгэсэн захиргааны хэргийг дахин шийдвэрлэхээр болсон гэх тухайд:
... шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ220/0140 дугаар захирамжаар ... мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн акттай холбоотой “Б ” УТҮГ-ын нэхэмжлэлийг шүүгч А.Н шийдвэрлэжээ.
Харин М Х Е газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлттэй холбоотой “Б ” УТҮГ-ын нэхэмжлэлийг Х.Н шүүгч жирэмсний амралт авсантай холбоотойгоор ... шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 328 дугаар тогтоолоор шүүгч А.Н т шилжүүлсэн байна.
Тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон өргөдөл гаргагч Ш.Э нь 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шүүгч А.Н ийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ерөнхий шүүгчийн захирамжаар “нэг үйл баримтад шийтгэл ногдуулсан улсын байцаагчийн актыг шийдвэрлэсэн шүүгч уг асуудлын хурц хордлогын улсын байцаагчийн дүгнэлтэд холбогдох хэргийг шийдвэрлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.6-д заасан үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болохоор байна” гэж хүсэлтийг хангасан байна. Ийнхүү нэгэнт үүсгэсэн захиргааны хэрэг шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шүүгч А.Н т шилжсэн нь тус хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасанд нийцсэн ба үүний дагуу захиргааны хэргийг хянан шийдвэрлэхээр болсон нь шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй.
3. Шүүгч Б.М ийн талаар: Өмнө нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад хууль зөрчиж үүсгэсэн захиргааны хэргийг дахин үүсгэх, хянан шийдвэрлэхэд дахин оролцсон гэх тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 54 дүгээр зүйлийн 54.2-т “Нэхэмжлэлийг энэ хуулийн 54.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзахдаа шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, уг нэхэмжлэлийг дахин гаргах, эсхүл хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж, нэхэмжлэлийг буцаана”, 55 дугаар зүйлийн 55.1-т “Шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш долоо хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж заасан.
2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5262 дугаар захирамжаар үүсгэсэн захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон өргөдөл гаргагч Ш.Э нь шүүгч А.Н ийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг ерөнхий шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн тул шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хэргийг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шүүгч Б.М д шилжүүлжээ.
Шүүгч Б.М нь тус хэргийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэлд 01-06-079/126 дугаар дүгнэлттэй холбоотой нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах эрх олгогдоогүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Улмаар 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дахин гаргасан нэхэмжлэлийг тус шүүхийн хэрэг хуваарилах журмын дагуу анх хуваарилагдсан шүүгчид дахин хуваарилагдах зохицуулалтын дагуу шүүгч Б.М хүлээн авч захиргааны хэрэг үүсгэжээ. Иймд тус шүүхийн хэрэг хуваарилах журам, шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу шилжиж ирсэн нэхэмжлэл болон захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шүүгчийн үйл ажиллагаанд хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Өргөдөл гаргагчаас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэмэлт өргөдөл ирүүлсэн. Түүндээ “Шүүгч нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ захирамжид гомдол гаргах эрх олгосон нь нэхэмжлэгчид хууль зөрчих нөхцөлөөр нь бүрдүүлж, бусдад эргэлзээ төрүүлсэн” гэх агуулга илэрхийлжээ. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 1-т зааснаар гомдол гаргах эрхтэй захирамжид хамаарах тул энэ нь шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй.
Түүнчлэн өргөдөлд шүүгч нарт холбогдуулан “түдгэлзүүлж болохгүй эрх зүйн актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг дахин дахин хүлээн авч хуулийн 66.2, 66.4, 69.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн” гэх агуулга дурдсан. Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх зохицуулалт нь хэргийн оролцогчоос энэ талаар хүсэлт гаргасныг үндэслэн шүүгчийн захирамж гарч захиргааны актыг түдгэлзүүлэх ойлголт бөгөөд харин захиргааны хэрэг үүсгэснийг маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн гэж үзэхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Дээрхээс дүгнэвэл, өргөдөлд дурдсан шүүгч нарын үйл ажиллагаа нь хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байх ба ийнхүү шүүгч хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлснийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Тиймээс Сахилгын хорооны илтгэгч гишүүний “нэр бүхий шүүгчид өөрийн эрх хэмжээний хүрээнд холбогдох ажиллагааг явуулж, шүүгчийн захирамж гаргасан нь сахилгын зөрчилд хамаарахгүй ба хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй” гэж дүгнэн, шүүгч А.Н , Х.Н , Б.М нарт холбогдуулж үүсгэсэн сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох санал ирүүлсэн нь үндэслэл бүхий байна.
Иймд Сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд, сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэг, 112.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ... шүүхийн шүүгч А.Н , Х.Н , Б.М нарт холбогдох Сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ДАВХАРБАЯР
ГИШҮҮН Д.ЭРДЭНЭЧУЛУУН
Г.ЦАГААНЦООЖ
[1] Энэ нь “Биокомбинат” УТҮГ-ын малын халдварт өвчний үед цэвэрлэгээний бодисыг тун хэтрүүлж хэрэглэсэн, үүнээс үүдэж тодорхой ажилтнууд хордсон гэх зөрчилд шийтгэл ногдуулсан улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах агуулга бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг байна.
[2] Энэ нь “Биокомбинат” УТҮГ-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч З.Мөнхтуулд холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01-06-079/126 дугаартай хурц хордлогын дүгнэлтийг хүчингүйд тооцуулах агуулга бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэг байна.