МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-01-28
Дугаар 27
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Х.Хашбаатар, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхмэнд нарыг оролцуулан Шүүхийн сахилгын хорооны хуралдааны танхимд хийв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн Д.Ариунтуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяа 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: Гомдол /өргөдөл/ гаргагч С.У-ын “2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ...-ийн шүүгч Т.Э-ын даргалан хийсэн Ч.Ц-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.У-т холбогдох шүүх хуралдааныг явуулахдаа С.У-ын өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлтийг хүлээж авалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн, шүүгчээс татгалзах татгалзал гаргасны үндсэн дээр хүсэлтийг хүлээн авч хуралдаан хойшилсон нь миний хуулиар олгогдсон өмгөөлөгчтэй оролцох эрхийг эдлүүлээгүй ...гэх гомдлын тухайд:
Шүүгч Т.Э- нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-ийн “...хууль зүйн туслалцаа авах...”гэсэн заалтад заасан эрхийг С.У-т эдлүүлээгүй хууль зөрчиж тухайн шүүх хуралдаан үргэлжилсэн боловч шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасны үндсэн дээр шүүх хуралдааныг хойшлуулжээ.
Дээрх гомдлын үндэслэл нь шүүгч Т.Э-ын “...2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч С.У- нь “... өмгөөлөгч Э.Одгэрэл нь эрүүгийн хэргийн шүүх дээр үйлчлүүлэгчийнх нь цагдан хорих эсэхээр давхар хурал зарлагдсан учраас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон ба миний бие хуулиар олгогдсон хүрээнд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт ..." зэргийг гаргасан бөгөөд "... өмгөөлөгч Э.О-ийг эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцох учраас хурал давхацсан үндэслэл заасан боловч энэхүү нөхцөл байдлаа нотолсон баримтыг ирүүлээгүй, эрүүгийн ямар хэргийн шүүх хуралдаанд аль шүүх дээр оролцож байгаа нь тодорхойгүй ...” байсан тул хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн....” гэсэн тайлбараар нотлогдож байна.
Шүүгч татгалзал гаргахад тавигдах шаардлагын талаар дурдаж байгаа хэдий ч шүүгчийн тангарагт “Шүүгч би шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж,...” хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэхээ батлан тангараг өргөдөг.
Энэхүү гомдлын хувьд хэрэг маргааныг тухайн үед шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлээгүй ч шүүгч хүн хуульд захирагдаж хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгийн чухалчлан үзэх ёстой гэж үзэж байна.
2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болж, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27, 28, 29 30 дугаар зүйлд шүүгчийн хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр заажээ.
Иймд шүүгч Т.Э- нь “...Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1- ийн “Шүүгч нь хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанарыг хүндэтгэх, ... зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ....”
3.2 дугаар зүйлийн 2-ын “Хэргийн оролцогчдын зүгээс шүүгчийг татгалзахад хүргэх нөхцөл байдлыг өөрийн үг яриа, үйлдлээр бий болгохоос урьдчилан сэргийлж, зайлсхийнэ.”... гэснийг тус тус зөрчсөн байна гэж дүгнэв.
Гэхдээ энэхүү дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-ын “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.” гэж заасныг баримтлан 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Сахилгын хорооны гишүүний 120 дугаар захирамжаар шүүгч Т.Э-д үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байх тул уг захирамжийг хүчингүй болгож, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдлийг Сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяа 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад, мөн оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 120 дугаар захирамжаар ...-ийн шүүгч Т.Э-д сахилгын хэрэг үүсгэсэн байна.
Тус сахилгын хэрэгт авагдсан, ...-ийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны 101/Ш32020/03366 дугаар шүүгчийн захирамж, тус шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 9783 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, тус өдрийн 101/Ш32020/09782, 101/Ш32020/09783 дугаар шүүгчийн захирамж, тус оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2748 дугаар Ерөнхий шүүгчийн захирамж, 6 дугаар сарын 17-ны өдрийн 101/ЕШ2020/03330, 7 дугаар сарын 8-ны өдрийн 101/Ш32020/13412, 7 дугаар сарын 24-ний өдрийн 101/Ш32020/14299, 8 дугаар сарын 03-ны өдрийн 14833, 8 дугаар сарын 14-ний өдрийн 2862 дугаар шүүхийн шийдвэр, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 8183 дугаартай шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтуудаас үзвэл, шүүх хуралдаанд өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй гэх байдлаа баримтаар нотлоогүй байх ба шүүгч хүсэлтийг хангахгүй орхисон нь хууль зөрчөөгүй байна. Ийнхүү хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь шүүгчийг татгалзан гаргах хуульд заасан үндэслэлд хамаарахгүй юм. Иймээс шүүгч тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дах хэсгийн Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэх гэсэн болон Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1-ийн “Шүүгч нь хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанарыг хүндэтгэх, ... зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ....” гэснийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгч хууль болон ёс зүйн дүрмийн хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон заалтуудыг зөрчөөгүй байна.
Шүүгч сахилгын зөрчил гаргасан гэж гишүүн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа дүгнэсэн нь үндэслэлгүй болсон гэж бүрэлдэхүүн үзэв. Харин сахилгын хэрэг гаргасан нь дээрх баримтуудаар нотлогдоогүй гэх үндэслэлээр шүүгч Т.Э-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.6, 112.8 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ... шүүхийн шүүгч Т.Э-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажпын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Х.ХАШБААТАР
Ц.ДАВХАРБАЯР