МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-04-20
Дугаар 152
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, өргөдөл гаргагч Л.Б ийг ажиглагчаар оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 69 дүгээр Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн Х.Хашбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: Гомдлыг дараах 3 асуудлын хүрээнд дүгнэлээ. Нэг. “ ..анхан шатны шүүхийн хэргийн хариуцагчийг үнэн зөв, бодитой үнэлж дүгнээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв үнэлж дүгнээгүй, Энэ нь давж заалдах шатны шүүгчид тухайн хэргийг шийдвэрлэхдээ хайнга хандсан.” гэх тухайд, “Х ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Л.Б болон “Р ” ХХК-нд “81,818,182” төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. иргэний хэргийг ... шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ... дугаартай шийдвэрээр хариуцагч Л.Б ээс 81,818,182 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгож, хариуцагч “Р ” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Тус шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Л.Б ийн давж заалдах гомдол гаргасныг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 93 дугаар магадлалаар хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Хариуцагч Л.Б , өмгөөлөгч Т.Э , Д.О нараас хяналтын гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 001/ШТХ2022/00026 дугаар тогтоолоор тус гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан бөгөөд шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан хэрхэн үнэлж, хууль хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаардаг, мөн шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.2-т зааснаар хүчин төгөлдөр болдог. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэдэг бөгөөд, Улсын дээд шүүх хариуцагч талын гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх тул дээрх гомдол нь үндэслэлгүй байна. Хоёр. “...тухайн хэрэгт хамааралгүй хүнийг хэргийн хариуцагчаар татаж хууль бус шийдвэр гаргасныг хянаж үзээгүй” гэх тухайд, “Х ” ХХК нь , Л.Б болон “Р ХХК-нд холбогдуулж “81,818,182” төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг шүүх хянан шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1.-д “Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно” гэж, 28.3-т “Нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй” гэж тус тус заасан байх бөгөөд нэхэмжлэгч тал нь Л.Б т холбогдуулж нэхэмжлэл гаргасан, Л.Б нь хариуцагчаар хариу тайлбар, дээд шатны шүүхэд гомдол тус тус гаргасан байна. Давж заалдах шатны шүүх хуульд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж шийдвэр гаргасан ажиллагаанд холбогдуулж шүүгчийг буруутгах, шүүгч хуульд заасан хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Гурав. “...анхан шатны шүүх итгэмжлэлийн хугацаа нь дууссан хэргийн оролцогч биш болсон хүмүүсийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж хэргийг шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж хууль бус болохыг нь дүгнэж тогтоогоогүй.” гэх тухайд, Тус иргэний хэрэгт нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийг хэрэгжүүлж “Х ” ХХК-ийг бүрэн төлөөлөх эрхийг Хишигжаргал овогтой Б ид 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр олгожээ. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна гэж зааснаар Х.Б ид олгосон итгэмжлэл 1 жилийн хугацаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дууссан байгаа боловч тус иргэний хэрэгт “Х ” ХХК нь нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд “Х ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Х.Б гэж, мөн “Х ” ХХК-ийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн дүрмийн 3.6-д "Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2-т Х.Б ийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно" гэж тус тус заасан байна.Энэ талаар холбогдох шүүгч нар хариу тайлбартаа: “Давж заалдах шатны шүүхийн магадлалд Х.Б ийг Х ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж тодорхойлоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэлийн асуудлаар талууд маргаагүй, мэтгэлцээн явагдаагүй, давж заалдах гомдолд энэ талаар гомдол гараагүй учраас давж заалдах шатны шүүхийн магадлалд маргаагүй асуудлаар дүгнэлт хийгдээгүй болно.” гэсэн бөгөөд давж заалдах шатны шүүх нь бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэж, магадлал гаргасан шүүгчийн үйл ажиллагааг сахилгын зөрчилд тооцох боломжгүй юм. Иймд, шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой өргөдөлд дурдсан үйл баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт хамаарахгүй, 55-р зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул ... шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б , шүүгч Б.О , С.У нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, энэхүү саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.Шүүгч Б.М гаргасан тайлбартаа: Миний бие эрхэлж буй ажил, албан тушаалынхаа хүрээнд Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүргийнхээ дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө оруулгын мэдүүлгийг хуулийн хугацаанд үнэн, зөв мэдүүлэг бөглөх тайлбарын дагуу мэдүүлсээр ирсэн. Түрээсийн орлого мэдүүлээгүй тухайд миний хүү Х.Ц БНСУ-д ажил хийх зорилгоор явахын тулд барьцаа мөнгө байршуулах шаардлагатай болж, уг мөнгийг барьцааны 5,000,000 төгрөг байршуулахад зарцуулсан, орлого гэж орж ирээгүй учир мэдүүлээгүй. Нөхрийн дансны үлдэгдэл болон хурдан удмын адууг мэдүүлээгүй тухайд Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн 3.2.3, 3.2.6-д зааснаар зөвхөн өөрийн нэр дээрх данс болон малыг мэдүүлэх шаардлагатай гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл, мэдүүлгийн 3.1, 3.2.4, 3.2.8, 3.2.9, 3.2.10-т өөрийн болон гэр бүлийн гишүүдийн өмчлөл, эзэмшилд гэж онцгойлон зааж өгсөн байдаг. Бусад хэсгийн тайлбар хэсэгт гэр бүлийн гишүүдийн гэж заагаагүй тул өөрт хамаарал бүхий байдлыг мэдүүлнэ гэж ойлгосон гэжээ.
... шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б , шүүгч С.У нар тайлбартаа: “...Хариуцагч Л.Б нь давж заалдах шатны шүүхэд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад хуульд заасны дагуу үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй, хариуцагч талаас гаргаж өгсөн баримтуудыг ямар нэгэн байдлаар үнэлж дүгнэлт хийгээгүй, харин ч эсрэгээр баримт гаргаж өгөөгүй гэж илтэд худал дүгнэлт хийсэнд гомдолтой байна, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..." гэсэн гомдол гаргасан бөгөөд тухайн үед Х.Б ийн итгэмжлэлтэй холбоотой асуудлаар гомдолд дурдагдаагүй байсан ба давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянах зарчмын дагуу хэргийг бүхэлд хянаж анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж, хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх тухай хуульд заасан зарчмыг баримтлан шүүгчийн дотоод итгэлээр үнэлэн шийдвэрлэсэн болно. “Х ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Э нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Х ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.Б ээс бусдын зардлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох 81.818.182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Хишигжаргал овогтой Б ид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийг хэрэгжүүлж Х ХХК-ийг бүрэн төлөөлөх эрхийг олгосон итгэмжлэл олгосон байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.Б ийг “Х ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж үзээгүй. Шат шатны шүүх Х.Б ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гэж үзсэн учраас Х ХХК-ийг нэхэмжлэгч гэж тодорхойлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна гэж зааснаар Х.Б ид олгосон итгэмжлэл 1 жилийн хугацаатай энэ хугацаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дууссан харагдаж байгаа боловч Х.Б нь Х ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий субъект байгаа. Учир нь Х.Б нь Хосбаяр гэх хүний хамт анх Х ХХК-ийг үүсгэн байгуулсан /холбогдох нотлох баримтыг хэргээс хуулбарлаж хавсаргасан 1994 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Улсын бүртгэлийн гэрчилгээ/. Х.Б нь Х ХХК-ийн захирлаар 2012 оноос ажиллаж байсан ба 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс өөрийн эхнэр Д.Э г гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. Х ХХК-ийн захирлаар ажиллаж байгаа Д.Э , Х.Б нар нь нэгдмэл ашиг сонирхол бүхий этгээдүүд буюу гэр бүлийн гишүүд. Энэ хэргийн маргааны үйл баримт “Х ” ХХК-ийн Х.Б Л.Б нарын хооронд үүссэн байдаг. Х.Б нь Х ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч тул Х ХХК-ийг хэдийд ч итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй бөгөөд тухайн маргаанд хамааралгүй этгээд гэж үзэх боломжгүй юм. Нөгөө талаар Х ХХК-ийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн дүрмийн 3.6-д "Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2-т заасны дагуу Х.Б ийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно", мөн дүрмийн 6.1-д компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ. 6.2,-т гүйцэтгэх захирлыг хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр сонгож өөрчилнө гэж заасан. Х.Б нь “Х ” ХХК-ийг үүсгэн байгуулсан, 100 хувь хувьцаа эзэмшигч нь байгаа. Хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтаас үзэхэд Х.Б нь “Х ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэлийн асуудлаар талууд маргаагүй, мэтгэлцээн явагдаагүй, давж заалдах гомдолд энэ талаар гомдол гараагүй учраас давж заалдах шатны шүүхийн магадлалд маргаагүй асуудлаар дүгнэлт хийгдээгүй болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын маргаанаас үүдэлтэй шинжээч 2 удаа томилогдож хэрэг түдгэлзсэн зэрэг шалтгаанаар анхан шатны шүүх дээр хэрэг шийдвэрлэлт удаан үргэлжилсэн байдаг. Хяналтын шатны шүүх нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянадаг тул хуульд заасан энэ үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж тухайн хэргийг хэлэлцэхээс татгалзсан тогтоол гаргасан. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн тогтоол гарснаар давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон болно. Хяналтын шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзвэл хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоол гаргах байсан бөгөөд хэргийг хэлэлцүүлэхээс нь татгалзсан нь давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зөрчөөгүй гэж үзсэн байна. Давж заалдах шатны шүүх давж заалдсан гомдлоор хэргийг хянахдаа шүүх бүрэлдэхүүнээр хамтын зарчмын үндсэн дээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүгчийн дотоод итгэлээр үнэлж дүгнэн шийдвэрлэдэг тул Х ХХК-ийн нэхэмжлэлтэй Л.Б т холбогдох хэргийг гомдол гаргагчийн бичсэнчлэн "... тухайн хэрэгт хамааралгүй хүнийг хэргийн хариуцагчаар татаж, хууль бус шийдвэр гаргасныг хянаж тогтоогоогүй, үүрэгт ажилдаа хайнга хандсан, шүүх болон шүүгчийн нэр хүндийг унагаасан ёс зүйн алдаа гаргаагүй" тул хуульд заасан үндэслэлийн дагуу хянаж гомдол гаргагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
... шүүхийн шүүгч Б.О тайлбартаа: “Нэхэмжлэгч “Х ” ХХК-ийн захирал Д.Э нь Х.Б ид итгэмжлэл олгогдсон ба уг итгэмжлэл нь 2020 оны 12 сард дуусгавар болсон хэдий ч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Х.Б нь “Х ” ХХК-ийн үүсгэн байгуулагч тул уг компанийг итгэмжлэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй. Харин үүсгэн байгуулагч Х.Б нь хуульд заасны дагуу гүйцэтгэгч захирлаар Д.Э г томилсон нь хууль зөрчөөгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Х.Б ийг “Х ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж тодорхойлоогүй, түүнээс гадна энэ талаар талууд маргаагүй тул магадлалын үндэслэх хэсэгт заавал дурдаж бичих шаардлагагүй. Нэхэмжлэгч тал хуульд зааснаар хариуцагчийг өөрөө нэр зааж тодорхойлох эрхтэй ба уг маргаантай хэрэгт Л.Б , “Р ” ХХК тус тусдаа хариуцагчаар оролцсон, шүүх хариуцагч Л.Б ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж 81,818.182 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч компанид олгож, хариуцагч “Р ” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч Л.Б нь гомдолдоо "...хэнийг хариуцагч биш, хэнийг хэрэгт хамааралгүй хариуцагч гээд байгаа" үндэслэлээ тодорхой бичээгүй ба өөрөө хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож тайлбар гаргаж, хуульд заасны дагуу шүүхийн шийдвэрт гомдол гаргасан байгаа.Дээрх үндэслэлээр Давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.О би шүүгчийн болон шүүхийн нэр хүндийг унагаасан ёс зүйгүй зөрчил гаргаагүй гэж үзэхээр байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Л.Б ийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргасан өргөдлийг Шүүхийн сахилгын хорооны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар зөвлөгөөний тогтоолоор баталсан “Сахилгын хэрэг, өргөдөл, мэдээлэл, гомдол, санал, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон сахилгын хэрэг хянан шийдвэрлэх гишүүн, бүрэлдэхүүнийг томилох журам”-ийн дагуу Шүүхийн сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 703 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэж, шалгах ажиллагаа явуулжээ.
Шүүгч Б.Б , Б.О , С.У нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг тус хорооны гишүүн Х.Хашбаатар гаргасныг үндэслэлтэй гэж үзэв.
Өргөдөл гаргагчаас 3 үндэслэлээр өргөдлийн агуулгаа тодорхойлжээ. Нэгдүгээрт, “...давж заалдах шатны шүүгчид хэргийг шийдвэрлэхдээ хайнга хандаж, нотлох баримтыг үнэн зөв дүгнээгүй” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,
“Х ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Р ” ХХК, Л.Б нарт холбогдох 81,818,182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг ... шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ... дугаартай шийдвэрээр хариуцагч Л.Б ээс 81,818,182 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгож, хариуцагч “Р ” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Тус шийдвэрийг хариуцагч Л.Б эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргасныг ... шүүх 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн 93 дугаар магадлал гаргасан байна.
Уг магадлалыг эс зөвшөөрч хариуцагч Л.Б , өмгөөлөгч Т.Э , Д.О нараас хяналтын гомдол гаргасныг Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 001/ШТХ2022/00026 дугаар тогтоолоор тус гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан бөгөөд шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэл үнэмшилдээ тулгуурлан хэрхэн үнэлж, хууль хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаарна.
Нөгөөтэйгүүр, Иргэний хэрэг шүүхэд хяна шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.2-т зааснаар ... шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ... дугаартай шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж үзнэ. Иймд өргөдөлд дурдсан дээрх үндэслэл сахилгын зөрчилд тооцогдохгүй.
Хоёрдугаарт, өргөдөл гаргагчийн “...тухайн хэрэгт хамааралгүй хүнийг хэргийн хариуцагчаар татаж хууль бус шийдвэр гаргасныг хянаж үзээгүй” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1-д “Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно” гэж, 28.3-т “Нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч “Х ” ХХК-аас “Р ” ХХК, Л.Б нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, уг хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал зэргээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч “Х ” ХХК-аас Л.Б т холбогдуулан нэхэмжлэл гаргасан байхад шүүх өөрийн санаачилгаар хариуцагчийг өөрчлөх, солих эрх хуулиар олгогдоогүй. Иймд хамааралгүй этгээдийг хариуцагчаар татсан гэх үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй ба нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө тодорхойлно.
Гуравдугаарт, “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч бус этгээдийг оролцуулж хэрэг шийдвэрлэснийг хянаж үзээгүй” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Х ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Э гаас Х.Б ид шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг хугацаа заагаагүй олгосон байх ба Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна гэж зааснаар Х.Б ид олгосон итгэмжлэлийн хугацаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дууссан байна. Гэвч уг хэргийн нэхэмжлэгч нь “Х ” ХХК буюу хуулийн этгээд байх бөгөөд 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Х ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 01 дүгээр тогтоол, 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр компанийн нийт хувьцааг /100 хувь эзэмших, захиран зарцуулах эрхтэй/ Х.Б ид шилжүүлж, компанийн дүрэмд өөрчлөлт оруулжээ. Компанийн дүрмийн 3.6-д "Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2-т заасны дагуу Х.Б ийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно" гэж заасан.
Энэ талаар холбогдох шүүгч нар тайлбартаа “...давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэлийн асуудлаар маргаагүй тул энэ талаар магадлалд дүгнээгүй бөгөөд Х.Б ийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар бус итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан” гэж тайлбарласан. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 93 дугаар магадлалаас үзэхэд Х.Б нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хувиар оролцсон байна.
Нөгөөтэйгүүр, хариуцагч Л.Б , өмгөөлөгч Т.Э , Д.О нараас “...хэргийн оролцогч биш этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж шүүхийн шийдвэрт нөлөөлөх ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 001/ШХТ2022/00026 дугаар тогтоолоор уг гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарахгүй тул хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна. Иймд дээрх өргөдлийн үндэслэл нь хүчин төгөлдөр шүүхийн тогтоолоор тогтоогдсон үйл баримт гэж үзнэ.
Дээр дурдсан үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ... шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б , шүүгч Б.О , С.У нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Д.АРИУНТУЯА
Д.ЭРДЭНЭЧУЛУУН