info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-04-19

Дугаар 151

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал, холбогдогч шүүгч Н.Б нарыг оролцуулан, ажиглагчаар өргөдөл гаргагч П.О ыг суулцуулж тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 56 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн Д.Эрдэнэчулууны илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 56 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: Сахилгын хэргийн шалгах ажиллагааны хүрээнд 2021 оны 9 дүгээр сарын 02 болон мөн оны 9 дүгээр сарын 28-ны өдрүүдийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгүүдэд үзлэг хийн тэмдэглэл хөтөлж, мөн тус шүүхийн байранд биечлэн очин шүүх хуралдаан болсон танхимуудад үзлэг хийж, гэрч Б.М , П.П нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А ийн тайлбарыг авч сахилгын хэрэгт хавсаргасан болно. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй зүй бус харьцсан гэх тухайд, ...шүүхэд П.О ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Н д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 14 цаг 00 минутад эхэлж, 14 цаг 58 дууссан гэж шүүхийн хуралдааны тэмдэглэлд тэмдэглэгдсэн боловч бичлэгт шүүх хуралдаан нь 14 цаг 23 минут 15 секундээс эхэлж 15 цаг 09 минут 47 секундэд дуусахдаа нэхэмжлэгч талын нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг ханган, шүүх хуралдааныг хойшлуулжээ. Тухайн өдрийн шүүх хуралдааны бичлэгийн 14 цаг 33 минутаас нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбар хэлээд, нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргаж байна. Шүүх хуралдааны бичлэгийн 15 цаг 00 минутаас шүүгч “За яах вэ. Бүх юмыг өөр ямар ч арга байхгүй гэж яриад хэрэггүй. Хуульч хүн, таны хувьд ажлаа тийм ч сайн хийсэн гэж үзэхгүй байна. Энэ баримтуудыг аль хэдийн очоод авч болох байсан юмнууд байгаа ш дээ, заавал ингээд бүх юмыг шүүхээр шаарддаг юм биш ш дээ...” гэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “бид нар шаардаад авах боломжит материалуудыг авч өгсөн, ...шүүхээр гаргуулах хүсэлтээ л гаргаж байна...” гэж хэлж байгаа нь бичигджээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”, 38.6 дахь хэсэгт “хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй баримтыг ...хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтдээ дурдсан баримтуудыг өөрсдөө авах боломжтой гэдгийг шүүгч нэхэмжлэгч талд тайлбарлан хэлж, шүүх хуралдааныг хойшлуулсан гэж ойлгогдож байна. Шүүх хуралдаан даргалагч “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг аягүй удаашруулж байгаа учраас, хуралдаан болгонд багц, багц баримт шинээр авъя гээд орж ирээд байгаа чинь хуулийнхаа хугацаанд хэргийг хянан шийдвэрлэхтэй зөрчилдөөд байгаа учраас....” гэх үеэс нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А  шүүгчтэй зэрэгцэн ярих ба шүүх хуралдааны бичлэгийн 15 цаг 00 минут 52 секундэд шүүгч алхыг 3 удаа цохих үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч “ямар аймар юм бэ” гэхэд даргалагч “Айгаад байх юм байхгүй, би ч бас танаас айж байна” гэж хэлээд, хэсэг хугацааны дараа  “хуралдааныг завсарлая” гэж хэлж байна. Иргэн П.О ын өргөдөлд дурдсан “өмгөөлөгч маань ямар аймаар юм бэ гэхэд шүүгч “айгаад байх юм байхгүй, би ч бас танаас айж байна” гэж хэлснийг нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй зүй бус харьцсан гэж үзэхгүй, мөн “...хуульч хүн, таны хувьд бас ажлаа тийм ч сайн хийсэн гэж үзэхгүй байна” гэж хэлснийг нь өмгөөлөгчийн мэргэжлийн ур чадварт шууд үнэлэлт, дүгнэлт өгөх байдлаар хандаж хэлсэн үг ойлгох боломжгүй байх тул түүнийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.36-д “...хүний зан байдал, ёс зүй, нэр төр, чадварын талаар тодорхойлох” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзээгүй болно. Шүүгч “битгий чанга ярь, танхимаас хөөж гаргана” гээд алхаараа ширээгээ нүдсэн, цагдаа хүртэл орж ирсэн гэх тухайд, ...шүүхэд 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр товлон зарлагдсан шүүх хуралдаан 13 цаг 52 минутад эхэлж, 18 цаг 25 минутад дуусаж, нийт 4 цаг 33 минут үргэлжилсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт “шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, ...эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана”, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт  “шүүх хуралдааныг хойшлуулах, ...шүүгчийн захирамж бичгээр гарна” гэж тус тус заасныг удирдлага болгон “Б ” ХХК болон ...  дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтсээс нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, шүүгчийн ...  захирамж гарган, шүүх хуралдааныг хойшлуулжээ. Иргэн П.О  өргөдөлдөө “...намайг битгий чанга дуугаар ярь гэж сануулсан, би нэг л хэвээр ярьж байна, орилж хашхираагүй, энд микрофон алга, шилэн хаалтын цаанаас би өөрийнхөө хэлэх юмыг энд байгаа хүмүүст хүргэх хэмжээнд ярьж байна гэж хэлэнгүүт, шүүгч алхаараа ширээгээ нүдэж, хурлын протоколд тэмдэглэ, дахин нэг үг хэлбэл танхимаас хөөж гаргана гэж загнасан”, мөн “...хариуцагч талын асуултад намайг хариулж байхад тэдний өмгөөлөгч К.Б энэ хүн чанга яриад байна гэснээр шүүгч дахин уурлаж ширээгээ нүдсэн, хаалга онгойлгож журам сахиулагч цагдаа хүртэл орж ирсэн”, “...би шүүгчийн энэ байдлаас айж, бүүр хэвийн биш, шивнэж ярьж байгаад хэлэх үгээ дуусгасан. Энэ үед шүүгч болон хариуцагч тал тавлан шоолж байсан” гэж дурдсан байдаг. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага, нэмэлт тайлбараа ярихдаа (бичлэгийн 14 цаг 53 минут 20 секунд орчмоос) зарим тохиолдолд дуугаа өндөрсгөн чанга дуугаар ярих, бухимдсан өнгө аяс илэрхийлэх, хоолой нь чичрэх зэрэг сэтгэл хөдлөлийг илэрхийлж байх ба бичлэгийн 14 цаг 55 минут 52 секундэд хариуцагчийн өмгөөлөгч “жаахан аяархан ярих уу, жижигхэн заалтай, аймар чанга яриад байна” гэх үеэс талууд хоорондоо маргалдаж эхлэхэд шүүгч Н.Б шүүх хуралдааны дэгийг сахиулах зорилгоор алх хэрэглэн маргааныг зогсоож байгаа нь харагдаж байна. П.О  нь шүүгчийг шүүх хуралдааны дэг сахиулах үед шүүгчтэй зэрэгцэн “би угаас ийм тооноор ярьдаг, би ярьдгаараа л ярьж байна, тэгүүл би амандаа бувтная, энд микрофон алга” гэж хэлсэн нь шүүх хуралдааны бичлэгийн  14 цаг 56 минут, 38 секундэд, даргалагч “Би таныг бувтнаж битгий ярь гэж байна. Зүгээр энгийн тооноор, ярьдгаараа ярь, ойлгосон уу” гэж хэлсэн нь бичлэгийн 14 цаг 56 минут 48 секундэд бичигдэн үлдсэн байна. Харин өргөдөлд дурдсан шиг шүүгч болон хариуцагч тал нэхэмжлэгчийг тавлан шоолж байгаа байдал бичлэгээс харагдахгүй байна. Шүүх хуралдаан даргалагч нэхэмжлэгч П.О т хандан “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасны дагуу шүүх хуралдааны дэгийг би тогтооно. Дэгийн дагуу би таныг зүгээр энгийн тооноор яриад өгөөч ээ гэж гуйж байна. Зүгээр энгийн тооноор ярь” гэж хэд хэдэн удаа хэлж, “...хоёр дахь удаагаа энэ үйлдлийг дахиж гаргавал би энэ хүнийг хуралдааны танхимаас гаргана. Таны эзгүйд хуралдааныг үргэлжлүүлж болно” гэж хэлсэн нь шүүх хуралдааны бичлэгийн 14 цаг 56 минут, 15 секундээс 14 цаг 57 минут, шүүх хуралдааны 8993 дугаар тэмдэглэлийн 10 дугаар талд тэмдэглэгджээ. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг “ямар байдлаар дэг зөрчөөд байгааг” асуухад, хуралдаан даргалагч, шүүгч “...өмгөөлөгчөө би шалтгааныг нь танд тайлбарлая. Нэхэмжлэгчид хоёр удаа аядуу ярих талаар санууллаа. Энэ өргөтгөлийн зааланд шүүгч нар бүгдээрээ шүүх хуралдааны танхимд орж байгаа. Хажуу талын зааланд ийм тооноор ярихад бүх хуралдаанд сонсогддог. Энэ өргөтгөлийн заалнуудад дууг зохих хэмжээнд байлгахгүй бол хажуу талын хуралд саад болдог. Ийм учраас би дууг аядуу байхыг нэхэмжлэгчид болон хэргийн бусад оролцогч нарт албан ёсоор сануулж байна” гэж хэлээд шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулсан нь шүүх хуралдааны бичлэгийн 14 цаг 57 минут, 00 секунд, шүүх хуралдааны 8993 дугаар тэмдэглэлийн 10 дугаар талд тэмдэглэгдэн үлджээ. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж, шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт бэхжүүлэгдсэн шүүгч Н.Б гийн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А т хэлсэн дээрх тайлбар нь үндэслэлтэй, П.О ын өргөдөлд дурдсан шиг “шүүх хуралдаанаас хөөж гаргана” гэх зүй бус үг хэрэглээгүй, харин хууль тайлбарлан “таны эзгүйд хуралдааныг үргэлжлүүлж болно” гэж хэлсэн нь шүүх хуралдааны бичлэгээр тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг шүүгчээс дээрх асуултыг асуух үед Эргүүл хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн Эргүүл, хамгаалалтын офицер, цагдаагийн дэслэгч П.П шүүх хуралдааны танхимд ороогүй, харин түр шагайж харсан болох нь бичлэгийн 14 цаг 57 минут, 07 секундээс харагдах ба энэ нь түүний гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “шүүх хуралдааны танхимд байгаа бүх хүн шүүхийг хүндэтгэх, хуралдааны танхимд тогтоосон журмыг сахих, хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдах үүрэгтэй”, мөн зүйлийн 90.4 дэх хэсэгт “шүүх хуралдааны журам зөрчсөн этгээдэд эхний удаа шүүх хуралдаан даргалагч урьдчилан сануулна. Дахин зөрчил гаргасан этгээдийг шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны танхимаас гаргаж, энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус  заасныг цохон тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ. Гэрч ...шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М , Эргүүл хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн Эргүүл, хамгаалалтын офицер, цагдаагийн дэслэгч П.П нарын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “тухайн өдрийн шүүх хуралдаан дуу чимээ ихтэй, нэхэмжлэгч чанга дуугаар ярьж байсан” гэх мэдүүлгүүдээс үзвэл шүүх хуралдаанд шүүгч Н.Б нь алхаа хэд хэдэн удаа хэрэглэж, алхны дуу нь чанга сонсогдож байсан нь тогтоогдож байх боловч хэргийн оролцогчид хоорондоо маргалдахад шүүгч хуульд заасан үүргээ биелүүлж, шүүх хуралдааны дэгийг сахиулж, уг үйлдлийг хийжээ. Түүнчлэн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ...шүүхийн шүүх хуралдааны 3, 6 дугаар танхимд үзлэг хийх явцад шүүх хуралдааны танхимд байсан өмгөөлөгч нараас гишүүн би “энэ өргөтгөлийн зааланд байрлах шүүх хуралдааны танхимуудад шүүх хуралдаанд оролцож байсан эсэх, хажуу талын шүүх хуралдааны танхимд явагдаж буй хэргийн оролцогчдын болон шүүгчийн яриа сонсогддог эсэх”-ийг асуухад: Өмгөөлөгч Г.Б : Байнга шүүх хуралдаанд оролцдоггүй тул яриа сонсогддог эсэхийг сайн мэдэхгүй байна гэв. Өмгөөлөгч Ч.Н : Би тус шүүхэд байнга шүүх хуралдаанд оролцдог. Хажуу талын шүүх хуралдааны танхимд хэргийн оролцогчид энгийнээр ярихад бүдэг, маргаж, мэтгэлцэж байгаа тохиолдолд яриа тод сонсогддог. Мөн шүүгчийн шүүх хуралдаан нээх, шүүх хуралдааныг хаах, шүүх хуралдааны дэг сахиулах үед алхаа цохиход алхны дуу чанга, тод сонсогддог гэж тус тус хариулсан. Мөн тус шүүхийн шүүх хуралдааны 5-9 дүгээр танхимууд нь стандартын бус байдлаар зассан, дуу чимээ намсгагч хавтангүй, гибсэн материалаар хийгдсэн ханатай (үзлэгээр ханыг тогшиход хөндий дуу гарч байсан), модон эсхүл вакум материалаар хийгдсэн хаалгатай, жижиг 12 м.кв орчим талбайтай, цонхгүй, агааржуулалтгүй байна. Мөн шүүх хуралдааны 3, 6 дугаар танхимуудын ширээн дээрх шүүгчийн алхны суурь нь зөөлөвчгүй тул алхыг цохиж үзэхэд дуу чанга сонсогдож байсныг тэмдэглэх нь зүйтэй. Шүүгч шүүх хуралдаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 18 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүх хуралдаанд алх хэрэглэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.2-т заасны дагуу шүүх хуралдааны дэгийг сахиулж, алх хэрэглэснийг буруутгах үндэслэлгүй юм. Нотлох баримтыг өөрөө уншиж, шинжлэн судлаагүй гэх тухайд, П.О  нь өргөдөлдөө “шүүгч Н.Б миний хоолой өвдсөн тул хүссэн бүгдийг уншиж чадахгүй, та нар өөрт байгаа материалаасаа унш би эндээс тулгая гэсэн” гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А  нь тайлбартаа “...шүүгч ямар материал болохыг тодорхой хэлээгүй атлаа энэ нотлох баримт шаардлага хангахгүй байна.... зэргээр нэлээн олон хуудсыг алгасаж орхигдуулсан” гэж дурджээ. Шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн бичлэгт шүүгч Н.Б “баримтуудаас тусгайлан уншуулах зүйлүүдээ тодорхой, тодорхой дурдаад яваарай” гээд нотлох баримтыг шинжлэн судалж байгаа нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 13 дугаар талд, бичлэгийн 15 цаг 29 минут, 02 секундэд бичигдсэн байна. Энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 110 дугаар зүйлийн 110.1, 38 дугаар зүйлийн 38.1, 44 дүгээр зүйлийн 44.2, 38 дугаар зүйлийн 38.5-д тус тус зохицуулсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангасан байдлаар шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй болно. Шүүгч Н.Б нь шүүх хуралдаанд нотлох баримтыг шинжлэн судлахдаа олон хавтастай хэрэг байсан тул аль хэсгийг нь шинжлэх судлуулах талаар, өөрсдөө баримтаа уншиж болохоор тайлбарласан нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй, бичлэгт шүүгч өөрөө нотлох баримтыг 15 цаг 29 минутаас 16 цаг 24 минутын хооронд буюу нэг цаг орчим шинжлэн судалж байгаа нь П.О ын өргөдөл, өмгөөлөгч Ц.А ийн тайлбар, шүүх хуралдааны бичлэгээр тус тус нотлогдож байх тул шүүгчийн дээрх үйлдлийг П.О ын өргөдөлд дурдсанчлан “...яаран сандран, хурдан түргэн дуусгах гэсэн, ...хариуцагчид боломж олгосон үйлдэл” гэж үзэх үндэслэлгүй юм. Хэргийн оролцогчдод ялгавартай хандан, өөрийн санаачилгаар захирамж гаргасан, мэтгэлцэх боломж олгоогүй гэх тухайд, Шүүгчийн захирамжаар нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж байгааг П.О  өргөдөлдөө “...нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй, хариуцагч талын хүсэл сонирхолд нийцсэн байж болох санхүүгийн баримтыг хэд хэдэн удаагийн хуралдааны эцэст шүүгч өөрийн санаачилгаар гаргуулах захирамж гаргаж, шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаа нь нэхэмжлэгч талыг илт ялгаварлан гадуурхсан гэж үзэж байна” гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт "шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах, буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасны дагуу шүүх хуралдааны үер хэргийн оролцогчдыг мэтгэлцэх явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах нь шүүх, шүүгчийн  бүрэн эрхэд хамаарна. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хэрэгжүүлэхтэй холбоотой бөгөөд шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шаардлагатай нотлох баримтуудыг гаргуулах, цуглуулах, бүрдүүлэх боломжийг зохигчдод олгохын тулд шүүх хуралдааныг хойшлуулж байна гэж ойлговол зохино. Шүүгч хэргийн оролцогчдын хоорондох мэтгэлцээн, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр өөрийн дотоод итгэл, үнэмшлээр дээрх хуулийн заалтыг баримтлан шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, хуулийн дагуу 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаар “Нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамж гаргасныг нэхэмжлэгч талыг илт ялгаварлан гадуурхаж, түүнийг чирэгдүүлж, хохирсон хүний эрх ашгийг өөрийн эрх мэдлээр давхар хохироон чирэгдүүлсэн гэж үзэхгүй. Нэхэмжлэгч тал шүүгчийн 08993 дугаар захирамжийг эс зөвшөөрч, гомдол гаргасныг тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаар тогтоолоор захирамжийг хэвээр үлдээжээ. Түүнчлэн уг хэргийг анхан шатны шүүхээр 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ... дүгээр шийдвэрээр шийдвэрлэж байсан байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу давж заалдах давж заалдах журмаар гомдол гаргасан байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 584 дүгээр магадлалын хянавал хэсэгт “...мөн компанийн хувьцаа эзэмшигчийн маргаанаас гадна компанийн үйл ажиллагаа өргөжүүлсэнтэй холбоотой тодорхой хөрөнгө энэ хугацаанд бий болсон эсэх, компанийн хөрөнгөд ямар хөрөнгө үлдэж байгаа, тайлан баланст хэрхэн тусгагдсан талаар талуудаас тодруулах нь зүйтэй...” гэж дурдаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.       Иймд шүүгч Н.Б нь давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгасан тодруулах ажиллагааг хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх хуралдааныг хойшлуулсан байх тул түүнийг буруутгах үндэслэлгүй юм. Мөн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 22 минут 10 секунд, нэмэлт тайлбараа 18 минут, 58 секунд, нийт 41 минут 08 секунд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 16 минут 21 секунд, нэмэлт тайлбар 14 минут 39 секунд, нийт 31 минут, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбараа 5 минут 47 секунд, нэмэлт тайлбараа 2 минут 06 секунд, нийт 7 минут, 53 секунд, хариуцагчийн өмгөөлөгч 10 минут, 11 секунд тус тус ярьсан байна. Тодруулбал, шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгээс үзвэл шүүгч өргөдөл гаргагч П.О ыг шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа болон нэмэлт тайлбараа танилцуулах, асуултын хариултын үед хангалттай хугацаагаар яриулсан байх тул түүнд мэтгэлцэх боломж олгоогүй гэж үзэх боломжгүй байна. Иргэн П.О ын өргөдөлд шүүгч Н.Б г Шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан “аливаа асуудалд төвийг сахисан, шударга байдлаар хандаж, хэргийн оролцогчдыг ялгаварлахгүй харилцана”, “шүүгчийн зан байдал үйл ажиллагаа нь шүүхийн үнэнч байдалд итгэх олон нийтийн итгэлийг бататган бэхжүүлэхэд чиглэнэ”, “ажил мэргэжилдээ хүндэтгэлтэй хандаж, зохисгүй байдал гаргахгүй, өөртөө болон бусдад зарчимч байдлаар хандана” гэж тус тус заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хэдийгээр дээрх байдал тогтоогдохгүй байгаа ч гэсэн шүүгч Н.Б нь цаашид хэргийн оролцогч нартай харилцахдаа ийнхүү ойлгогдох нөхцөл байдлыг үүсгэхгүй байх талаар анхаарч ажиллавал зохино. Харин өргөдөл гаргагч П.О  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар шүүхийг хүндэтгэх, шүүх хуралдааны танхимд тогтоосон журмыг сахих, хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдах үүрэгтэй болохыг цаашид анхаарах нь зүйтэй. Шүүхийн сахилын хорооны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 60 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасан хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах...,” зөрчилд хамаарахаар байна гэж үзсэн боловч энэ нь сахилгын хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэг, шүүх хуралдааны 3, 6 дугаар танхимд хийсэн үзлэг, гэрч нарын мэдүүлэг зэргээс дээрх нөхцөл байдалд хамаарахгүй байна гэж үзсэн болно. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “...хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх” гэж заасан нь шүүгч шүүх хуралдааны дэг сахиулах үүрэгтэй гэж ойлгож байна. Тодруулбал, шүүгч Н.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 02 болон 28-ны өдрүүдийн шүүх хуралдаанд дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар шүүх хуралдааны дэг сахиулжээ.Иймд ...шүүхийн шүүгч Н.Б д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна гэжээ.

Шүүгч Н.Б Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа: “...Нэхэмжлэгч П.О ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалд “...нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхой бус, ...компанийн хувьцаа эзэмшигчийн маргаанаас гадна компанийн үйл ажиллагааг өргөжүүлсэнтэй холбоотой тодорхой хөрөнгө энэ хугацаанд бий болсон эсэх, компанийн хөрөнгөд ямар хөрөнгө үлдэж байгаа, тайлан баланст хэрхэн тусгагдсан талаар талуудаас тодруулах нь зүйтэй” гэж дүгнэсэн учраас нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах ажиллагааг шүүх хийх нь зүйтэй гэж үзсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлал бус шүүгч миний дотоод итгэл үнэмшлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлага өөр хоорондоо зөрчилтэй, хууль зүйн хувьд сайтар тодруулах шаардлагатай гэж үзсэн билээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагын тодруулга ажиллагаа явуулах нь шаардлагагүй байсан, шүүх шударга бус хандсан гэх агуулга бүхий гомдол үндэслэлгүй ба нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах явдал нь хэнээс ч хараат бус хэргийг хянан шийдвэрлэх шүүгчийн бүрэн эрхэд хамаарах ажиллагаа болно.             Шүүх хуралдааны дэг сахиулах асуудлаар шүүгч зүй бус авир гаргасан гэх гомдлын тухайд: 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ...шүүгч миний бие 9 цагаас эхлэн нийт 4 шүүх хуралдаан зарласан бөгөөд нэхэмжлэгч П.О ын хуралдаан тухайн өдрийн 13.30 минутад товлогдсон, 3 дахь хуралдаан байсан. Энэ өдрийн хуралдаан зарласан хэргүүд харьцангуй ээдрээ төвөгтэй байсан ба тус бүр 2-4 хавтас нотлох баримтыг шинжлэн судлах замаар хэлэлцэгдэж, завсарлагагүй үргэлжилж байсан. Удаа дараагийн хойшлогдсон шүүх хуралдааны явцаас нэхэмжлэгчийн хэт сэтгэл хөдлөлдөө автах шинж, тайлбар, татгалзлаа гаргахдаа сэтгэлийн хөдөлгөөнөө зохих төвшинд барих чадвар сул болохыг миний бие анзаарч байсан бөгөөд энэ ч агуулгаар түүний хэргийн хэлэлцүүлгийн шүүх хурлыг тайван өрнүүлэх үүднээс сайтар яриулах нь зүйтэй гэж үзсэн. Шүүх хуралдаан 13:52 минутад эхэлснээс хойш 14:35 минутыг хүртэл нэхэмжлэгч тал шаардлагаа дэмжин анхны тайлбар гаргасан ба хариуцагч 14:35-14:51 минут хүртэл хариу тайлбараа гаргаж байна. Тус шүүх хуралдаан ... шүүхийн шүүх хуралдааны 6 дугаар танхим буюу зориулалтын бус байдлаар зассан, барилгын коридорын хэсгийг дуу чимээ намсгагчгүй нимгэн хавтангаар тусгаарлан хуваасан 12 м.кв орчим талбайтай, цонхгүй, агааржуулалтгүй өрөөнд болж байсан. Эдгээр танхимуудын шүүх хуралдаанд оролцогчдын яриа өөр хоорондоо нэвт сонсогддог, зохигчдын яриа хэт чанга байгаа үед хуралдаан даргалагч дэг сануулан, зохигчдод энэ байдлыг тайлбарлахгүй бол хажуугийн танхимд өрнөж байгаа хэлэлцүүлэг, шийдвэрээ гаргахаар төвлөрөн зөвлөлдөж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүнд саад болох явдал байнга тохиолддог билээ. Хэлэлцүүлгийн хоёр дахь удаагийн нэмэлт тайлбарыг нэхэмжлэгч талаас 14:51-15:26 минут хүртэл гаргасан байх бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч сэтгэл хөдлөлдөө улам бүр автаж дуугаа дахин өндөрсгөж эхэлсэн тул хэт жижиг танхимд өрнөж байгаа удаан хугацааны хэлэлцүүлгийн турш хэвийн бус дуу хоолойгоор тасралтгүй ярихыг сонсох нь дан ганц шүүгчид бус хуралдааны бусад оролцогч, шүүх хуралдааны нарийн бичиг, хажуугийн танхимын хэлэлцүүлэгт ч бэрхшээлтэй гэж үзэн дуугаа намсгахыг шүүхээс сануулсан. Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д "...хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй" нь шүүгчийн сахилгын зөрчилд тооцогдохоор заасан. Энэ ч үүднээс нэхэмжлэгчид дэг сануулан аядуу ярихыг шүүгчээс "гуйж байгаагаа" илэрхийлсэн болно. Гэвч тэрээр "би угаас ийм чанга ярьдаг хүн" гэх мэтээр харьцан шүүхийг эс хүндэлсэн зохисгүй авир гаргаж байсан нь энэ үеийн хуралдааны бичлэгээс харагдана. Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад сэтгэл хөдлөлдөө автан нэг асуудлыг 3-аас дээш удаа давтах зэргээр шүүх хуралдааны үргэлжлэх хугацааг удаашруулж байсан бөгөөд нэг асуудлыг хэт олон давтахгүй байхыг хүсэж, танхимын онцлог нөхцөл байдлыг тайлбарлан чанга ярих нь юуны учир зохимжгүй болохыг ойлгуулсан боловч шүүх хуралдааныг удирдан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүгчийг үл хүндэтгэж байсныг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгч шүүгчээс дэг сахиулах үүргийн хүрээнд тавьсан шаардлагыг эс биелүүлж байсан бөгөөд хуралдааны явцад нэхэмжлэгчийн чанга ярианаас шүүхийн цагдаа өөрөө орж ирсэн, цагдаагийн ажилтныг шүүгч дуудаагүй болохыг дурдаж байна. Нэгэнт шүүгчийн тогтоосон дэгийг дагаагүй, энэ талаар шүүгчээс тавьсан зүй ёсны шаардлагыг эс биелүүлсэн бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасны дагуу дэг зөрчсөн этгээдийг хуралдааны танхимаас гаргах, түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх, зөрчилд арга хэмжээ авах хууль зүйн боломжтой. Улмаар шүүгч алх цохин энэ тухай сануулсны үндсэн дээр нэхэмжлэгч энэ үеэс эхлэн дуугаа хэт намсган жүжиглэж, шүүх хуралдааны тэмдэглэл бичихэд зориудаар саад учруулан дэгийг үргэлжлүүлэн зөрчсөөр байсан. Иймд дэг сахиулах арга хэмжээ авсан шүүгчийн үйлдлийг хувийн зан авир, субьектив дүгнэлтэд тулгуурлан буруутгаж сахилгын зөрчил гаргасан гэж тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нотлох баримт шинжлэн судлахдаа өөрөө судлаагүй, хоолой өвдлөө гэж хэлэн бусдаар уншуулсан гэх тухайд: Нэхэмжлэгч ба хариуцагч нараар үйл баримтыг аль болох нарийвчилсан, дэлгэрэнгүй яриулахыг чухалчилсан бөгөөд ингэснээр тодорхойгүй байгаа нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг зөв тогтоон шийдэхэд чухал ач холбогдолтой гэсэн итгэл үнэмшил бүхий байсан. Энэ агуулгаар нотлох баримтыг миний бие өөрөө уншин шинжлэн судалсан бөгөөд энэ ажиллагаа шүүхийн хэлэлцүүлгийн 15:29 минутаас эхэлж 16:24 минутыг хүртэл нэг цаг үргэлжилсэн. Тухайн долоо хоногийн турш миний бие хоолой сэрвэгнэж, удаан хөхүүлэн ханиалгах шинжтэй байсан тул нотлох баримтыг шинжлэн судалж чанга дуугаар унших үед ханиалга эхлэхээс сэргийлж хэргийн оролцогчдод анхааруулах зорилгоор энэ тухай сануулж байгаа нь хуралдааны бичлэгийн 14:29 минутаас харагдана. Ханиалга нэгэнт эхэлбэл хэргийн оролцогчдод таатай санагдахгүй тул ийнхүү сануулан тайлбарласан бөгөөд энэ нь нэг талаас хурлын турш нэхэмжлэгч амны хаалтаа эрүүндээ зүүж өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулж байсантай холбоотой байсан. Нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй бөгөөд хариуцагч талын хүсэл сонирхолд нийцсэн байж болох санхүүгийн баримтыг хэдэн удаагийн хуралдааны эцэст өөрийн санаачилгаар гаргуулах захирамж гарсан гэх тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д "шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах ..." эрхийг шүүгч хэрэгжүүлэхээр заасан байдаг. Иргэний хэргийн шүүхийн практикт шүүхийн санаачилгаар зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг шүүх өөрийн санаачилгаар авч болох хууль зүйн үндэслэл тус зүйлээр бүрдсэн гэж үздэг бөгөөд энэ эрх хэмжээг хэрэглээгүй шалтгаанаар анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бус болох нь түгээмэл шалтгааны нэг билээ. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу баримт шаардах тохиолдолд хэрэг бүтэн хэлэлцүүлэг явсан байх хууль зүйн шаардлагатай бөгөөд хэргийн хэлэлцүүлгийн шатанд хүрээгүй буюу хүсэлт хянан шийдвэрлэх шатнаас энэ үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар баримт шаардах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн талуудын зарчмын ноцтой зөрчилд тооцогдоно. Энэ үүднээс уг баримтыг шүүх хуралдааныг хойшлуулсан бусад хуралдааны эцэст шаардах хууль зүйн боломжгүй байсан. Тус захирамжийг хууль бус болсон гэж үзэн тухайн шатны шүүхэд нэхэмжлэгчээс гомдол гарган хянуулсан бөгөөд захирамжийг хууль ёсны гэж үзэн хэвээр үлдээсэн шүүх бүрэлдэхүүний тогтоол гарсныг хавсаргав.  Шүүгч Н.Б би зөвхөн хуульд захирагдан холбогдох дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа хийж буй бөгөөд холбогдох хууль, шүүгчийн ёс зүй, сахилгын хэм хэмжээг зөрчсөн харш үйлдэл гаргаагүй болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн П.О ын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан өргөдлийг Шүүхийн сахилгын хорооны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар зөвлөгөөний тогтоолоор баталсан “Сахилгын хэрэг, өргөдөл, мэдээлэл, гомдол, санал, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон сахилгын хэрэг хянан шийдвэрлэх гишүүн, бүрэлдэхүүнийг томилох журам”-ийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 131 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэж, шалгах ажиллагаа явуулжээ.

            Шүүгч Н.Б д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг үндэслэлтэй гэж үзэв.

            ...шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар П.О ын нэхэмжлэлтэй Э.Н д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаж, мөн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар уг иргэний хэргийг хянан хэлэлцэж, нэр бүхий байгууллагуудаас нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг тус тус хойшлуулжээ.

            Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 60 дугаар тогтоолоор 2021 оны 9 дүгээр сарын 02 болон 28-ны өдрүүдийн шүүх хуралдаанд шүүгч Н.Б гийн алх хэрэглэсэн болон хэргийн оролцогчдтой харьцсан байдал нь сахилгын зөрчилд хамаарч болзошгүй гэж үзэж сахилгын хэргийг дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаасан.

            Дээрх тогтоолын хүрээнд илтгэгч гишүүн 2021 оны 9 дүгээр сарын 02 болон 28-ны өдрүүдийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгүүдэд үзлэг хийн тэмдэглэл хөтөлж, мөн тус шүүхийн байранд биечлэн очиж шүүх хуралдаан болсон танхимуудад үзлэг хийж, гэрч Б.М , П.П нараас гэрчийн мэдүүлэг авч сахилгын хэрэгт нэмэлтээр хавсаргажээ.

            Сахилгын хэрэгт авагдсан шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд шүүгч Н.Б хэргийн оролцогчтой зүй бус харьцсан болон сахилгын зөрчил гаргасан гэх байдал тогтоогдохгүй байна.

            Тодруулбал, 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгийн 15 цаг 00 минут 52 секундээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.А  шүүгчтэй зэрэгцэн ярих ба шүүгч алхыг 3 удаа цохих үед нэхэмжлэгчийн өмгөөлөгч “ямар аймар юм бэ” гэхэд даргалагч “айгаад байх юм байхгүй, би ч бас танаас айж байна” гэж хэлээд, хэсэг хугацааны дараа  “хуралдааныг завсарлая” гэж хэлсэн байна. 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 14 цаг 56 минутаас нэхэмжлэгч П.О  шүүгчийг шүүх хуралдааны дэг сахиулах үед шүүгчтэй зэрэгцэн “би угаас ийм тооноор ярьдаг, би ярьдгаараа л ярьж байна, тэгүүл би амандаа бувтная, энд микрофон алга” гэж хэлэхэд, шүүгчээс “Би таныг бувтнаж ярь гэж хэлээгүй. Зүгээр энгийн тооноор, ярьдгаараа ярь, ойлгосон уу” гэж хэлсэн байна. Үргэлжлүүлэн шүүгчээс “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасны дагуу шүүх хуралдааны дэгийг би тогтооно. Дэгийн дагуу би таныг зүгээс энгийн тооноор яриад өгөөч ээ гэж гуйж байна. Зүгээр энгийн тооноор ярь” гэж хэд хэдэн удаа хэлж, “...хоёр дахь удаагаа энэ үйлдлийг дахиж гаргавал би энэ хүнийг хуралдааны танхимаас гаргана. Таны эзгүйд хуралдааныг үргэлжлүүлж болно” гэж хэлэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “ямар байдлаар дэг зөрчөөд байгааг” асуухад, шүүгч “...өмгөөлөгчөө би шалтгааныг нь танд тайлбарлая. Нэхэмжлэгчид хоёр удаа аядуу ярих талаар санууллаа. Энэ өргөтгөлийн зааланд шүүгч нар бүгдээрээ шүүх хуралдааны танхимд орж байгаа. Хажуу талын зааланд ийм тооноор ярихад бүх хуралдаанд сонсогддог. Энэ өргөтгөлийн заалнуудад дууг зохих хэмжээнд байлгахгүй бол хажуу талын хуралд саад болдог. Ийм учраас би дууг аядуу байхыг нэхэмжлэгчид болон хэргийн бусад оролцогч нарт албан ёсоор сануулж байна” гэж хэлжээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна.” гэж заасан. Нөгөө талаар, хэргийн оролцогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.5-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг сахих, 90 дүгээр зүйлийн 90.1-т шүүх хуралдааны танхимд байгаа бүх хүн шүүхийг хүндэтгэх, хуралдааны танхимд тогтоосон журмыг сахих, хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдах үүрэгтэй байхаар тус тус зохицуулсан.

            Түүнчлэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Шүүх хуралдаанд алх хэрэглэх журмыг баталсан байх бөгөөд 2.1-т шүүх хуралдаан даргалагч алхыг дараах тохиолдолд хэрэглэнэ. Үүнд: 2.1.1. Шүүх хуралдааныг нээх, 2.1.2. Шүүх хуралдааны дэг сахиулах, 2.1.3. Шүүх хуралдааныг завсарлуулах, 2.1.4. Шүүхийн шийдвэр уншиж сонсгох, 2.1.5. Шүүх хуралдааныг хаах гэжээ. Алхыг хэдэн удаа, чанга, сул дуу гарахаар хэрэглэх хэмжээг тусгайлан зохицуулаагүй байна.

            Энэхүү хууль, тогтоомжийн хүрээнд шүүгч Н.Б нь шүүх хуралдааны дэгийг сахиулж, ингэхдээ алх хэрэглэсэн байх ба энэ нь хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх боломжгүй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.4-т “Шүүх хуралдааны журам зөрчсөн этгээдэд эхний удаа шүүх хуралдаан даргалагч урьдчилан сануулна. Дахин зөрчил гаргасан этгээдийг шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны танхимаас гаргаж энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан бөгөөд шүүгч уг зохицуулалтыг нэхэмжлэгч талд тайлбарлаж, “дахин уг үйлдлээ гаргавал түүний эзгүйд хуралдааныг үргэлжлүүлж болох” талаар хэлжээ. Харин өргөдөлд дурдсанчлан “шүүх хуралдаанаас хөөж гаргана” гэж хэлсэн болох нь шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг, түүнд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдохгүй байна.

            Түүнчлэн, өргөдөл гаргагчаас өргөдөлдөө “...нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй баримтыг хариуцагч талын хүсэл сонирхолд нийцүүлэн шүүх өөрийн санаачилгаар гаргуулахаар 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан” гэх агуулгаар тайлбарласан нь үндэслэлгүй. Учир нь шүүгч 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаар “Нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасны дагуу хуулиар олгосон бүрэн эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан байх бөгөөд хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх боломжгүй. Уг захирамжаар нэхэмжлэгч талыг илт ялгаварлан гадуурхаж, түүнийг чирэгдүүлж, хохирсон хүний эрх ашгийг өөрийн эрх мэдлээр давхар хохироож чирэгдүүлсэн гэж үзэхгүй. Нэхэмжлэгчээс уг шүүгчийн захирамжид гомдол гаргаж, уг гомдлыг тус шүүхийн 2021 оны 11 дүгээр 04-ний өдрийн ... дугаар тогтоолоор хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн байна.

Өргөдөл гаргагчаас “...2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлах үед хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн” гэжээ. Мөн өдрийн шүүх хуралдааны бичлэг /15:29:56-15:30:12/-т шүүгч Н.Б талуудын мэтгэлцэх зарчмын хүрээнд хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлахдаа нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзлаа нотлох зорилгоор хэрэгт авагдсан баримтаас аль хэсгийг шинжлэн судлуулах талаар буюу хэргийн оролцогчдын эрхийг хангаж, өөрсдөө баримтаа уншиж болох талаар тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. Энэ талаар Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 60 дугаар тогтоолд дүгнэсэн болно. Шүүгч хуралдааны дэгийг сахиулах явцад дээрх нөхцөл байдал үүсэх болсон шалгаан нь өргөдөл гаргагчийн тайлбар хэлж байгаа байдал, тухайн шүүхийн байрны зохион байгуулалттай холбоотойгоор үүссэн  болох нь шүүх хуралдааны дүү дүрсний бичлэг, байр танхимд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Б.М , П.П ын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Хурлын явцад хэргийн талуудын тайлбар хэлсэн хугацаа, шинэ нотлох баримт нэмж бүрдүүлэх ажиллагааг явуулах шаардлагатай гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах захирамж гаргасан зэрэг нь бусдад давуу байдал бий болгох, дарамт үүсгэсэнд тооцогдохгүй.

Харин 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгийн 15 цаг 00 минутад “...хуульч хүн, таны хувьд ажлаа тийм ч сайн хийсэн гэж үзэхгүй байна. Энэ баримтуудыг аль хэдийн очоод авч болох байсан юмнууд байгаа, заавал ингээд бүх юмыг шүүхээр шаарддаг юм биш...” гэж хэлсэн нь өргөдөл гаргагчид хандаж хэлсэн үг биш байх ба энэ үйл баримтын талаар бусдыг төлөөлж өргөдөл, мэдээлэл гаргах эрхийг түүнд олгосон итгэмжлэл, баримтыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-д зааснаар хавсаргаагүй байх тул зөрчил мөн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй.

Шүүхийн сахилгын хорооны хуралдаанаас өргөдөл, мэдээлэлд заасан үйл баримтыг зөрчилд тооцохгүй гэж дүгнэж байх боловч шүүгч Н.Б нь хуулиар хүлээсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэргийн оролцогчтой зохистой хэмжээнд харьцаж, бусдад зүй бус авирласан гэх ойлголтыг төрүүлэхгүй байхад анхаарах нь зүйтэй.

Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 56 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ...шүүгч Н.Б д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                    С.ЭНХТӨР

 ГИШҮҮД                                            Д.АРИУНТУЯА

 Х.ХАШБААТАР