info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-03-29

Дугаар 140

Улаанбаатар хот

 Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн О.Номуулин, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, өргөдөл гаргагч Ө.Э /ажиглагчаар/, шүүгч Н.Б, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч Н.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Өмгөөлөгч Ө.Э 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан өргөдөл /гомдол/-дөө: Миний бие өмгөөлөгч Ө.Э “А” ХХК, Д.Н нарын нэхэмжлэлтэй, “Н” ХК, Ц.У нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Тус хэрэг ... шүүхийн шүүгч Н.Б-д хуваарилагдаж хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа үргэлжилж байна. Шүүгч Н.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр “нэхэмжлэлийн шаардлага чинь үндэслэлгүй байна", “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-ээр биш, шууд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-ээр ганцхан Г.У-ээс шаардаач”, “Н” ХК ямар хамаатай юм”, “эд хөрөнгийн эзэмшил шаардаж байгаа бол Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-ээр шаардах чинь ямар ч хуульчийн мэдэх анхан шатны асуудал”, “...шүүхийн хууль бус шийдвэр надад хамаагүй”, “хуульчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг чинь огтоос ойлгохгүй байна”, “нэхэмжлэгчийн өмгөөлөгчөө та миний өмнөөс Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан деспозитив зарчим ярьж байгаа чинь бол сайн байна онц, гэхдээ муу байна”, “би таны өмнөөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д заасан “шударга ёсны зарчмыг гаргаж ирж байна”, “жоохон юм уншмаар юм даа” гэх зэрэг үйлдлүүдийг гаргасан. Шүүгч хэргийг хэлэлцэж эхлээгүй байхад нэхэмжлэлийн шаардлагын талаар өөрийн урьдчилсан дүгнэлт гаргаж, энэ талаар хурал дээр нээлттэй илэрхийлж, Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Шүүгчид дараах зүйлийг хориглоно” гэдгийн 50.1.4-т заасан “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх” гэж заасныг зөрчсөн. Мөн өмгөөлөгч миний ажил хэргийн нэр хүндэд халдаж, юм мэдэхгүй байна хэмээн буруутгаж, миний мэргэжлийн ур чадварын талаар муу байна хэмээн дүгнэлт хийсэн. Энэ нь өмгөөлөгч намайг хариуцагчид, тэдгээрийн өмгөөлөгчид болон үйлчлүүлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, миний туслах ажилтан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, нээлттэй шүүх хуралдаанд сууж байсан дадлагажигч оюутнууд /тус шүүхэд дадлага хийж байсан болон манай хуулийн фирмд дадлага хийж байсан тус бүр нэг/ нарын дунд эвгүй байдалд оруулж тэдэнд намайг муу өмгөөлөгч юм байна гэх ойлголтыг төрүүлж өмгөөлөгч миний төдийгүй манай хуулийн фирмийн ажил хэргийн нэр хүндэд халдсанд гомдолтой байна. Шүүгчид дээрх байдлыг Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “шүүгчид дараах зүйлийг хориглоно” гэсний 50.1.З6-д заасан “шүүгч өөрөө гэрчээр дуудагдсан, эсхүл өөрийн удирдлага дахь ажилтны талаар тодорхойлохоос бусад тохиолдолд хүний зан байдал, ёс зүй, нэр төр, чадварын талаар тодорхойлох” гэж хориглосон.

Иймд ... шүүхийн шүүгч Н.Б-гийн Шүүхийн тухай хуулийн 50.1.4, 50.1.36-г зөрчсөн үйлдлүүдэд сахилгын шийтгэл оногдуулж өгнө үү." гэжээ.

 

... шүүхийн шүүгч Н.Б хариу тайлбартаа: 1. ...Өмгөөлөгчийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны талаар дурдаж байна гэж ойлголоо. Учир нь тус хурал дээр миний бие тодорхой бус нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулахаар хуульд заасан арга хэмжээ авч шүүгчийн “тодруулах, сануулах чиг үүрэг”-ийн хүрээнд асуудалд хандаж асуулт хариулт өрнүүлсэн болно. Хэлсэн үг, асуусан асуулт бүр минь үг бүрчлэн тухайн өдрийн хурлын тэмдэглэл, бичлэгт тусгагдсан бөгөөд энэ тайлбарт нотлох баримтаар хавсаргах тул чухам ямар асуулт асуусан, үг хэлсэн талаар давтан бичих шаардлагагүй биз ээ. Тухайн хурлын явцад шүүгчийн хэлсэн үг бүр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нэг мөр тодорхой болгох, энэ тухайд түүнээс хамаарах арга хэмжээг нэхэмжлэгч цаг алдалгүй авах нь зүйтэй гэсэн итгэл үнэмшилд суурилсан бөгөөд зохигчдын буюу хэргийн оролцогчдод үргүй зардал гаргах, хугацаа алдах байдалд хүргэхгүй байхыг зорьсон болно. Энэ нь шүүгчийн ёс зүйн үүрэг мөн. Хамгийн энгийн үгээр тайлбарлавал нэхэмжлэгч “А” ХХК нь “Н” ХК-д холбогдуулан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар буюу гэрээнээс татгалзаж барилгыг шилжүүлэн авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэв Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу хөрөнгө, эрх шилжүүлэх харилцааг зохицуулах гэрээнээс татгалзаж байгаа бол гэрээний талууд өгсөн авсан зүйлээ буцаах үр дагавартай нь хуулийн болоод онолын илтэд тодорхой нөхцөл байдал мөн. Улмаар иргэний эрх зүй дэх үйл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлнэ гэдэг нь “бүргэл”-ээр тодорхойлогдох ойлголт бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн шилжүүлгийн харилцаанд “эзэмшил” хөдлөх хөрөнгийн нэгэн адил шийдвэрлэх ач холбогдолтой бус.

Энэ талаар Иргэний хуулийн 109, 110, 111 дүгээр зүйлүүдэд зохицуулсан, эдийн баялгийн эрх зүйн суурь боловсрол олгогдсон хуульч хүн бүрийн мэдэх учиртай асуудал билээ. Эзэмшил нь хууль зүйн факт болох хувьдаа хамгаалагдах бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйл нь өмчлөгч этгээдийн эзэмшлийг хамгаалах үндсэн хэрэгсэл болдог.

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч тал болох иргэн Д.Н/ ”А” ХХК-ийн захирал/-ийн өмчлөх эрхэд бүртгэлтэй талаараа хэргийн оролцогчид маргадаггүй, тэр ч байтугай нэхэмжлэгч энэ талаараа нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжих үндэслэл болгон тайлбарладаг. Гэтэл бусдын өмчлөлд байгаа гэх үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг “А” ХХК шаардаж байгаа учир шалтгаан, үндэслэлийг энэ хэргийг хянан шийдвэрлэж байгаа ямар ч шүүгч тодруулж асуух нь зүй ёсны асуудал байсан. Эс бөгөөс олон хоног, цаг өдөр, хөлс зардал гарган шийдвэрлүүлсэн маргаан нь дээд шатны шүүхээс үндэслэл, шаардлага тодруулаагүй гэх үндэслэлээр хүчингүй болох магадлал өндөр.

Иймд шаардлагын үндэслэлийг тодруулах ажиллагааг шүүгч хийжээ. Энэ нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны “хэргийг шударгаар шийдвэрлэх зарчим’’ буюу “шүүгчийн тодруулах, сануулах чиг үүрэг” гэж нэрлэдэг болно. Уг асуудлыг сахилгын хэргийн процесс ажиллагааны явцад үүнээс илүүгээр дэлгэрүүлэн тайлбарлах нь шүүгч хэргийг хянан шийдвэрлэх дотоод итгэл үнэмшилд хамаарах тул хязгаарлалттай хандах нь зүйтэй болов уу.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т шүүхэд нэхэмжлэлээ гаргахад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой эсэхийг шалган нэхэмжлэлийг хүлээж авах эсэхээр захирамж гаргах эрх шүүгчид бий. Уг зүйл заалтын хүрээнд шүүгч, шаардлага ба түүний үндэслэлийг нэхэмжлэл гаргах үед, хэрэв хүлээж авсан бол түүнээс хойш тодруулахыг шаардах эрх нь нээлттэй болно.

Сүүлийн жилүүдэд дан ганц нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэл тодорхойгүй, нэхэмжлэлд дурдсан эрх зүйн харилцаа тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэлээр нийт шийдвэр, магадлалын 40-50 хувь нь Улсын дээд шүүхээс хүчингүй болж байгаа тоон мэдээлэл бий. Энэ асуудлаар шат шатны шүүх анхаарч ажиллахыг удаа дараа сануулах, тайлбарлах, хичээл сургалт явуулах арга хэмжээ нэлээд зохиогдох болсон билээ. /тоон мэдээллийг Улсын дээд шүүхийн цахим хаяг, шүүх эрх мэдэл сэтгүүлд гарч буй судлаачийн өгүүлэл нийтлэл, иргэний шүүгчдэд зориулсан сургалтын агуулгаас бүрэн харж болно/

Иймд “нэхэмжлэлийн шаардлага чинь үндэслэлгүй” гэж хэргийг хэрхэн шийдвэрлэх талаараа урьдчилсан дүгнэлт гаргасан гэх гомдол үндэслэлгүй байна.

2. Шүүгч өөрийнх нь чадварыг дүгнэсэн гэх агуулга бүхий гомдлыг өмгөөлөгч гаргажээ. Тус тайлбарт хавсаргасан тэмдэглэлд миний хэлсэн үг бүр тодорхой тусгагдсан. Миний бие өмгөөлөгчийн, эсхүл өөр хэн нэгний чадварыг үнэлээгүй, шүүх хуралдааны явцад нэг асуултад хариулт авах замаар аль нэг хүний чадвар, зан байдлыг тодорхойлохуйц мэдээлэл олж авах боломжгүй. Тодруулбал, өмгөөлөгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмын агуулгыг зөв ойлгож, зүй ёсоор гаргаж тавьсан /шүүх хуралдаанд оролцож байгаа өмгөөлөгч нар тэр бүр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг дурдан мэтгэлцдэггүй/ явдалд нийгмийн хөгжилд хуульчийн гүйцэтгэх үүргийг чухалчлан үздэг шүүгч хүний хувьд миний бие сэтгэл хангалуун байсан. Энэ ч агуулгаар ийнхүү “чухал зарчмыг дурдаж байгаа нь нэн сайн, харин түүний эсрэг үйлчилдэг баланслуулах ёстой өөр нэг зарчмыг бас давхар мэдвэл зохино” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн болно.

 Өөрөөр хэлбэл, шүүгч шүүх хуралдаанд “Сайн өмгөөлөгч”, “муу өмгөөлөгч” гэх, эсхүл хэн нэгэн “хүн”-ийн талаар тодорхойлоогүй, харин “сайн хариулт” гэж хэлснийг ялгаж ойлгох учиртай. Миний бие өмгөөлөгчийн хэлж байгаачлан түүнийг, эсхүл өөр хэн нэгнийг “чадвар, зан байдал муу, эсхүл сайн” гэж үг хэлээгүй, харин “хариулт сайн байна, балансжуулах учиртай бусад зарчмыг анхаарахгүй байгаад харамсаж байна” гэж хэлсэн. Энэ нь хэн нэгний “чадварыг тодорхойлох”-оос ялгаагүй. Хувь хүний чадвар нь ганц асуулт, түүнд өгсөн хариулт төдийгөөр хэмжигдэх ойлголт биш. Үүний тулд цогц мэдээлэл, системтэй дүгнэлт шаардлагатай. Нэг салбар эрх зүйд хамаарах нэг асуудлыг дэвшүүлэн гаргасан тухайд тохиолдлыг сайшаасан явдлыг “Х өмгөөлөгч чадваргүй өмгөөлөгч” гэж  хэлсэн мэтээр ойлгох нь өрөөсгөл дүгнэлт болох биз ээ. Шүүгч хүн салбарын бусад хуульчиддаа зөв үлгэр үзүүлж, шийдвэрээрээ, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хөтлөн явуулах арга замаар зөв мэдлэгийг, хууль зүйн зөв хэрэглээг түгээн төлөвшүүлж, шүүхийн эрх зүй бүтээх замаар хууль зүйн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой. Шүүгч, хуульч хэн боловч ямагт сурахыг мэдэхийг эрмэлзэж байвал зохино. Энэ бол 22 жил иргэний эрх зүйн чиглэлээр судалгаа хийж ажиллаж байгаа хуульч, шүүгч миний байр суурь, баримталдаг зарчим. Энэ ч агуулгаар аливаа асуудалд хандаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд амин чухал зарчмуудыг тэнцвэрт байдлаар баримтлан хэргийн оролцогчийн тэгш байдлыг хангаж ажиллахыг эрмэлзэж ирсэн. Шүүгч Н.Б би зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа хийж буй бөгөөд  холбогдох хууль, шүүгчийн ёс зүйн, сахилгын хэм хэмжээг зөрчсөн харш үйлдэл гаргаагүй болно” гэжээ.

 

Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: Шүүх хуралдааны явцад шүүгч Н.Б нь маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг илэрхийлсэн бус харин хуульд заасан чиг үүргийнхээ хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан гэж үзнэ. “Сүүлийн жилүүдэд дан ганц нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэл тодорхойгүй, нэхэмжлэлд дурдсан эрх зүйн харилцаа тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэлээр нийт шийдвэр, магадлалын 40-50 хувь нь Улсын дээд шүүхээс хүчингүй болж байгаа тоон мэдээлэл бий. Энэ асуудлаар шат, шатны шүүх анхаарч ажиллахыг удаа дараа сануулах, тайлбарлах, хичээл сургалт явуулах арга хэмжээ нэлээд зохиогдох болсон” гэж шүүгчийн тайлбарт дурдсан нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгч Н.Б-г Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх”, 50.1.36-д “шүүгч өөрөө гэрчээр дуудагдсан, эсхүл өөрийн удирдлага дахь ажилтны талаар тодорхойлохоос бусад тохиолдолд хүний зан байдал, ёс зүй, нэр төр, чадварын талаар тодорхойлох” гэж заасан шүүгчид хориглох хуулийн зүйл, заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл нотлогдохгүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна.” гэжээ.

            

                  ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 359 дугаартай захирамжаар өмгөөлөгч Ө.Э-ын өргөдлөөр ... шүүхийн шүүгч Н.Б-д холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “А” ХХК, Д.Н нарын нэхэмжлэлтэй, “Н” ХК, Ц.У нарт холбогдох иргэний хэргийг ... шүүхийн шүүгч Н.Б хянан хэлэлцсэн байна.

Өргөдөл гаргагч өргөдөлдөө “Шүүгч хэргийг хэлэлцэж эхлээгүй байхад нэхэмжлэлийн шаардлагын талаар хурал дээр нээлттэй илэрхийлж, Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Шүүгчид дараах зүйлийг хориглоно” 50.1.4-т “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх”, 50.1.З6-д заасан “шүүгч өөрөө гэрчээр дуудагдсан, эсхүл өөрийн удирдлага дахь ажилтны талаар тодорхойлохоос бусад тохиолдолд хүний зан байдал, ёс зүй, нэр төр, чадварын талаар тодорхойлох” гэж заасныг тус тус зөрчсөн гэж дурджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Нэхэмжлэлд дараахь зүйлийг тусгана” гээд мөн зүйлийн 62.1.4-т “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт” гэж, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т “энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал” нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзахаар тус тус заасан байх ба 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэг зэргээс үзвэл шүүгч нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдааны явцад тодруулж, нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Шүүгч хуульд заасан өөрийн бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсныг маргааны талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн гэж үзэх боломжгүй.

Мөн шүүх хуралдааны танхимд сууж байгаа хэргийн оролцогч нарын дунд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ажлын нэр хүндэд халдсан, мэргэжлийн ур чадварын талаар муу байна гэж эвгүй байдалд оруулсан гэх нөхцөл байдал сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

Түүнчлэн илтгэгч гишүүний “тус шүүхийн шүүгч Н.Б нь өмгөөлөгч Ө.Э-ын ажил хэргийн нэр хүндэд халдаж, мэргэжлийн ур чадварыг нь муу байна гэж үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, түүнчлэн ажиллаж буй хуулийн фирмийн ажил хэргийн нэр хүндэд халдаагүй, төдийгүй чанга дуугаар, загнаж зандарсан өнгө аясаар яриагүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч рүү чиглэж хэлсэн гэхээс илүүтэйгээр харин ч нэхэмжлэгч, хариуцагч  талд аль алинд нь хандаж ярьсан байна” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ... шүүхийн шүүгч Н.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

    ДАРГАЛАГЧ                                 Д.АРИУНТУЯА

                            ГИШҮҮН                                       Ц.ДАВХАРБАЯР

                                                                                                  О.НОМУУЛИН