info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-03-15

Дугаар 119

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн О.Номуулин, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

.... шүүхийн шүүгч Ц.Э-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

“С” ХХК-ийн захирал П.Г өргөдөлдөө: “.... давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 11-ны өдрийн .... дугаартай магадлалаар “С” ХХК-иас зээл, зээлийн хүү, ажилгүй байсан хугацааны тэтгэмж нийт 36581451 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн хэргийг хариуцагч тал “С” ХХК нь хяналтын журмаар гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад ... шүүхийн шүүгч Ц.Э нь 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр дууссан гэж гүйцэтгэх хуудас бичиж шийдвэр гүйцэтгэл рүү явуулсан бөгөөд хариуцагч миний бие 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өөрийн биеэр хяналтын журмаар гомдол гаргахаар очиход манайх гүйцэтгэх хуудас бичээд явуулсан гэж шүүхийн бичиг хэрэг нь хэлэхэд би гомдлын хугацаа дуусаагүй байхад яахаараа явуулдаг юм бэ гэж хэлэхэд гомдлыг авсан. Анхан шатны шүүх нь гомдлын хугацаа дуусаагүй байхад гүйцэтгэх хуудас бичсэн нь иргэний хэргийн оролцогч миний хяналтын журмаар гомдол гаргах эрхэд халдсан үйлдэл болсон бөгөөд хугацаа дуусаагүй байхад шийдвэр гүйцэтгэл рүү гүйцэтгэх хуудас бичиж явуулан, нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэлд ажиллагааны зардлын мөнгөө тушаасан зэрэг нь хуульд нийцэхгүй байх тул энэ асуудлыг шалгаж, буруутай хүмүүст хариуцлага тооцож өгнө үү” гэжээ.       

 .... шүүхийн шүүгч Ц.Э тайлбартаа: ....... шүүхийн шүүгч Ц.Э би нэхэмжлэгч Ж.С нэхэмжлэлтэй, хариуцагч “С” ХХК-д холбогдох “39 263 451 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ....дугаартай шийдвэр гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн

Уг шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор .... давж заалдах шатны шүүх хэргийг хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ....дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Магадлалыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ц 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр тус тус гардан авсан болох нь .... давж заалдах шатны шүүхийн “Явуулсан баримт бичгийн бүртгэл-2020”-ийн 21, 23 дугаарт бүртгэгдсэн байна. Нэхэмжлэгч Ж.С магадлалд гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлтээ 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн тул зохигчдын магадлалд хяналтын журмаар гомдол гаргах хугацаа дууссан эсэхийг шүүгчийн туслахаас тодруулахад гомдол гаргах хугацаа дууссан” гэсэн тул 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гүйцэтгэх хуудас бичиж шүүгчийн туслахад шилжүүлснийг мөн өдөр нь нэхэмжлэгчид олгосон байна. Гэтэл хариуцагчаас магадлалд хяналтын журмаар гомдол гаргах сүүлчийн хугацаа 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байсан бөгөөд хариуцагч нь хяналтын гомдлоо хуульд заасан хугацааны дотор анхан шатны шүүхэд ирүүлсэн тул шүүх гомдлыг хүлээн авч  2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 1/170 тоот албан бичгээр ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дээрх гүйцэтгэх хуудастай холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг мэдэгдсэн. Улмаар шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт заасан ажиллагааг хийж гүйцэтгэн гомдлыг хэргийн хамт 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1/190 дугаартай албан бичгээр Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд хүргүүлсэн бөгөөд хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхийг зөрчөөгүй болно. ...Нэхэмжлэгч Ж.С магадлалд гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлтээ 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн тул “талууд магадлалд хяналтын журмаар гомдол  гаргах хугацааг шалгаад дууссан бол гүйцэтгэх хуудас бичих”-ийг шүүгчийн туслах Б.Э даалгасан. Шүүгчийн туслах Б.Э 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гүйцэтгэх хуудас бичиж шүүгчээр хянуулаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсний дараагаа мөн өдрийн 16 цагийн орчимд хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч П.Г-ас “хяналтын шатны шүүхэд хэрэг хянуулах тухай” гомдол ирүүлснийг мэдээлэл лавлагааны мэргэжилтэн хүлээн авч шүүгчид хуваарилсантай танилцаж, шүүгчийн туслах Б.Э-ээс тодруулахад “Давж заалдах шатны шүүхийн явуулсан баримт бичгийн бүртгэлд “нэхэмжлэгч Ж.С болон хариуцагч “С” ХХК-д 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 04 дугаартай магадлалыг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гардуулсан, хүлээн авсан гэсэн гарын үсэг зурагдсан байсан тул гардаж авсан хугацаанаас тоолоод талуудын хяналтын журмаар гомдол гаргах хугацаа дуусгавар болсон байна гэж тооцоод гүйцэтгэх хуудсыг бичсэн. Гэтэл дээрх бүртгэлд хариуцагч “С” ХХК-ийн магадлал хүлээн авсан хүний гарын үсэг зурах хэсэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э гарын үсэг зурснаас андуурагдаж, гомдол гаргах хугацаа буруу тоологдсон байна гэж тайлбарласан. Хариуцагч тал магадлалыг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсан байх бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах эрх нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөр дуусгавар болж байсан...гэжээ.

Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “... Шүүгч Ц.Э нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасанчлан .... давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ....дугаартай магадлалыг хэргийн зохигчид гардан авснаас хойш хяналтын журмаар гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад буюу гомдол гаргах боломжтой сүүлийн 14 дэх хоног дээр гүйцэтгэх хуудас бичиж, Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-т “Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэж заасан ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдож байна.

Гэхдээ Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1.3-т “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй”, Шүүхийн ёс зүйн дүрмийн 5.17-д Шүүгчид холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, зөрчил гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй” гэж заасан хугацаа өнгөрсөн байх тул шүүгч Ц.Э-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна” гэжээ.

                     ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 41 дүгээр захирамжаар “С” ХХК-ийн захирал П.Г өргөдлөөр .... шүүхийн шүүгч Ц.Э-д холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл иргэн Ж.С нэхэмжлэлтэй “С” ХХК-д холбогдох “39,263,451 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүгч Ц.Э 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ....дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

.... давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ....дүгээр магадлалаар маргаан бүхий хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. /хх 16-26/

....дүгээр магадлалыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр, хариуцагч “С” ХХК,  хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ц-д 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр тус тус гардуулсан болох нь .... давж заалдах шатны шүүхийн явуулсан бичгийн бүртгэл, магадлалыг хэргийн оролцогчдод гардуулсан буюу хүргүүлсэн баримт зэргээс харагдаж байна. /хх58-60/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно” гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э-ийн хяналтын журмаар гомдол гаргах хугацаа 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дууссан байх ба харин хариуцагч “С” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Ц-гийн хяналтын журмаар гомдол гаргах хугацаа 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дуусахаар байжээ.

Гэтэл шүүгч Ц.Э нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 08 дугаартай гүйцэтгэх хуудас бичиж, нэхэмжлэгч Ж.С хүлээлгэн өгсөн байх бөгөөд уг өдөр хариуцагч “С” ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргасан байна.

Шүүхээс 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/170 дугаар албан бичгээр ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар луу хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргасантай холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоохыг мэдэгдэж, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1/190 дугаар албан бичгээр Ж.С нэхэмжлэлтэй “С” ХХК-д холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд хүргүүлсэн байна.

Түүнчлэн өргөдөл гаргагч “С” ХХК-ийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хяналтын шатны журмаар гомдол гаргах эрхийг эдлүүлж, Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ... дугаар тогтоолоор уг хэргийг хянан хэлэлцэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Дээрхээс нэгтгэн үзвэл илтгэгч гишүүний “..шүүгч Ц.Э нь .......дугаартай магадлалыг хэргийн зохигчид гардан авснаас хойш хяналтын журмаар гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад буюу гомдол гаргах боломжтой сүүлийн 14 дэх хоног дээр гүйцэтгэх хуудас бичсэн үйлдэл нь Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-т “Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн ...” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.  

Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ....” гэж заасан.

Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1.3-т “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй”, Шүүхийн ёс зүйн дүрмийн 5.17-д “Шүүгчид холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, зөрчил гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй” гэж зааснаар шүүгч Ц.Э-гийн гаргасан сахилгын зөрчилд шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. .... шүүхийн шүүгч Ц.Э-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

    ДАРГАЛАГЧ                                 Д.АРИУНТУЯА

                            ГИШҮҮН                                       Ц.ДАВХАРБАЯР

                                                                                                  О.НОМУУЛИН