МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-03-11
Дугаар 112
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Д.Эрдэнэчулуун, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, өмгөөлөгч Л /ажиглагч/ нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
...шүүгч Ч.Т-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өргөдөл гаргагч Н.Э-н ирүүлсэн өргөдөлдөө: “...... шүүх хуралдааныг 2021 оны 01 дүгээр сарын 25-нд цахим хэлбэрээр явуулахдаа хуулиар олгосон эрхийг хязгаарлаж, шүүх хуралдааны мэтгэлцэх зарчмыг алдагдуулан, шүүх хуралдаанд оролцож миний хууль ёсны эрх ашгийг хамгаалж байгаа өмгөөлөгч болон миний зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж буй иргэн миний шүүхэд гаргаж буй тайлбарыг удаа дараа тасалдуулан зогсоож, шүүх хуралдааны эцсийн шийдвэр гаргахын өмнө иргэн миний тайлбарыг хэлүүлэлгүй шүүх хуралдааныг явуулсан. Тайлбарыг удаа дараа таслан хязгаарлаж, улмаар шүүх хуралдааны төгсгөлд нэхэмжлэгч миний бие тайлбар гаргах гэсэн боловч цахимаар явагдаж буй хуралдааныг шууд зогсоон шүүхэд тайлбар гаргах миний эрхийг зөрчсөн. Түүнчлэн шүүх хуралдаан даргалагч Ч.Т нь тухайн маргааныг хянан шийдвэрлэхдээ ... танхимын шүүгч байсан атал 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаар тогтоолд хуралдаан даргалагч, танхимын тэргүүн Ч.Т гэж бичиж, олгогдоогүй албан тушаалыг өөртөө давуу байдал олгон бичсэн нь Шүүгчийн ёс зүйг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Дээрх үйлдлүүд нь Шүүхийн тухай хуулийн 50.1.1-т “Албан тушаалын байдал эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон”, 50.1.23-т “Хуулийн илтэд тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл...”, Монгол Улсын Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Шүүгч нь...үнэнч шударга байх, аливаа асуудлыг бодитой, төвийг сахисан байр сууринаас хандах, үүрэгт ажилдаа хариуцлагатай хандах, мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх...”, 3.2 дугаар зүйлийн 1-т “Шүүгч нь хэргийн оролцогчдод эрх тэгш, төвийг сахисан, хүнлэг ёсоор хандаж, хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэхүйц харилцааны соёлыг эзэмшсэн байна” гэсэн ёс зүйн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн болно...” гэжээ.
Шүүгч Ч.Т ирүүлсэн тайлбарын агуулгаас “...2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “танхимын тэргүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ...14.1.3. хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааныг даргалах”-аар заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн ... дүгээр захирамжаар ... танхимын тэргүүнээр томилогдсон шүүгч Ч.Т миний бие иргэн Н.Э нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газар, тус газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанд холбогдох захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааныг даргалсан байна. Иймд, шүүгч надад холбогдуулан гаргасан гомдлын “...Ч.Т нь тухайн маргааныг хянан шийдвэрлэхдээ ... танхимын шүүгч байсан атал ... тогтоолд хуралдаан даргалагч, танхимын тэргүүн гэж бичиж, олгогдоогүй албан тушаалыг өөртөө давуу байдал олгон бичсэн нь шүүгчийн ёс зүйг ноцтой зөрчсөн үйлдэл юм” гэсэн хэсэгт энэ тайлбарыг нэмж өгч байна. Шүүгч миний бие хуульд заасны дагуу уг хуралдааныг даргалахдаа Монгол Улсын шүүхийн тухай хуулиар шүүгчид хориглосон зан үйлийн болон “ёс зүйн алдаатай үйлдэл” гаргаагүй, хуралдааныг удирдан явуулахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т заасныг зөрчөөгүй, Н.Э гомдолд холбогдуулж гаргах ямар нэг нотлох баримт байхгүй болно. Иймд иргэн Н.Э гомдлоор ... шүүхийн шүүгч Ч.Т надад холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: ...Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн .... дүгээр зарлигаар шүүгч Ч.Т-ийг ... танхимын тэргүүнээр томилсон байх тул тухайн шүүх хуралдааныг даргалсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн /2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан/ 14 дүгээр зүйлийн 14.1-д “Танхимын тэргүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 14.1.3 “хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааныг даргалах” гэж заасантай нийцсэн байна. Иймд өргөдөлд дурдагдсан “... танхимын шүүгч байсан атал тогтоолд хуралдаан даргалагч, танхимын тэргүүн Ч.Т гэж бичиж, олгогдоогүй албан тушаалыг өөртөө давуу байдал олгон бичсэн” гэх гомдол үгүйсгэгдэнэ. Түүнчлэн, ... шүүхийн Тамгын газрын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ... дугаар албан бичигт хавсарган ирүүлсэн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дуу дүрсний бичлэгээс үзэхэд 00:29:57-00:43:28 минут хүртэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.М, 00:43:29-00:59:49 минут хүртэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Д нар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ тайлбарлаж, 01:00:05-01:14:33 минут хүртэл нэхэмжлэгч Н.Э гомдлын үндэслэлд нэмж тайлбар хэлж байх бөгөөд даргалагч шүүгч нь нэхэмжлэгч, болон түүний өмгөөлөгч нарын тайлбар гаргах эрхийг хязгаарласан зөрчил гаргаагүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг эдлүүлж хангалттай хугацаанд тайлбар хэлэх боломж олгосон байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авна” заасан тул гомдлын үндэслэлийг давтан тайлбарлах шаардлагагүй талаар анхааруулж, зогсоосон нь шүүх хуралдааны дэг сахиулах арга хэмжээ бөгөөд ийнхүү арга хэмжээ авсан шүүгчийн үйл ажиллагааг сахилгын болон ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхгүй. Иргэн Н.Э өргөдөлтэй ... танхимын тэргүүн шүүгч Ч.Т-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Н.Э ... танхимын шүүгч Ч.Т, Г.Б, П.С, М.Б нарт холбогдуулан өргөдөл гаргажээ. Сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 80 дугаар захирамжаар ... шүүхийн шүүгч Г.Б, П.С, М.Б нарт холбогдуулан сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, ... танхимын тэргүүн шүүгч Ч.Т-т холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3-т хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн маргааныг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэхээр заасан байна.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Н.Э нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газар, тус газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас гомдол гаргажээ.
Энэхүү захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ... шүүхийн шүүгч Г.Б, П.С, М.Б, Д.М нарын бүрэлдэхүүнтэй шүүгч Ч.Т даргалан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авна” гэж заасан бөгөөд тус захиргааны хэргийг хянан хэлэлцэхдээ хуралдаан даргалагч шүүгч Ч.Т өөрийн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж хуралдааныг удирдан явуулсан болох нь шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээс тогтоогдож байна.
Иймд шүүгч Ч.Т нь хэргийн оролцогчийн шүүхэд тайлбар гаргах эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн өргөдөл гаргагч өргөдөлдөө “..тухайн маргааныг хянан шийдвэрлэхдээ ... танхимын шүүгч байсан атал 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаар тогтоолд хуралдаан даргалагч, танхимын тэргүүн Ч.Т гэж бичиж, олгогдоогүй албан тушаалыг өөртөө давуу байдал олгон бичсэн” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ... дүгээр зарлигаар шүүгч Ч.Т-ийг ... танхимын тэргүүнээр томилсон бөгөөд тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэх үед шүүгч Ч.Т нь ... танхимын тэргүүнээр ажиллаж байсан байх тул өргөдөл гаргагчийн энэхүү гомдол үндэслэлгүй юм.
Шүүгч маргаан бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаарх илтгэгч гишүүний санал хэргийн баримтад үндэслэгдсэн байна.
Дээр дурдсан үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1....шүүгч Ч.Т-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН Г.ЦАГААНЦООЖ
Д.ЭРДЭНЭЧУЛУУН