МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-03-09
Дугаар 105
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Д.Эрдэнэчулуун, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
.... шүүхийн Ерөнхий шүүгч М.Э-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн Н.Б 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан гомдолдоо: “...Тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Э дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгээд хянан шийдвэрлэх ажиллагааг одоо болтол явуулж байгаа боловч, илэрхий нэхэмжлэгч талд үйлчилж Монгол улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1-р бүлгийн 1.3 дүгээр зүйлийг зөрчиж, манай гэр бүлийн гишүүдийн эрх ашгийг хохирооход хүрээд байгаа тул энэхүү гомдлыг шүүгчийн ёс зүйн хороонд гаргах нь зүйтэй гэж үзлээ. 1. 49-06 тоот сууц нь хуулийн дагуу хувьчилж авсан. Манай гэр бүлийн хууль ёсны өмч мөн /нотлох баримт шүүхийн хавтаст хэрэгт байгаа/ 2. С.Гнь Улаанбаатар хотод байр хувьчилж авсан нь хавтаст хэрэгт цугларсан дараахь баримтууд. Улаанбаатар хотын дүүргиин Улсын бүртгэлиин хэлтсээс тус шүүхэд ирүүлсэн лавлагаа, хувийн хэргийн хуулбар 2000-2004 оны үед "М" нэгдлийн орон сууцны конторын дарга байсан З.Лгуайн Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг. "М" төрийн үйлчилгээний газраас тус шүүхэд ирүүлсэн тодорхойлолт. Бийн улсын баяжуулах үйлдвэрийн орон сууцны комиссын өргөтгөсөн хурлын 2001 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар зэргээр нотлогдож байх тул Орон сууц хувьчлах тухай хуулийн 4-р зүйлийн 1-т зааснаар С.Г гуай манай байрыг авах үндэслэлгүй гэдэг нь нотлогдоод байгаа. Ийм илэрхий хэрэг дээр шүүгч нь Г.Э Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан гээд манай хэргийг түдгэлзүүлэх захирамж гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заалтыг гажуудуулж байна. Г.Э энэхүү иргэний хэргээ шийдвэрлүүлж дуусаагүй байж Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргана гэж байдаг. Үүнийг нь шүүх дэмжээд манай хэргийг түдгэлзүүлж байдаг. Тэгээд ч Г.Э нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргана гэсэн болохоос яг гаргачихсан юм байхгүй хэрэг нь хянан шийдвэрлэгдэж байгаа нотлох баримт байхгүй дээрх хуульд зааснаар хэрэг маргаан үүсээгүй байна. Шүүх анхнаасаа энэ хэргийг шийдвэрлэж болно гэж захирамж гаргаад хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаад хариуцагч талын нотлох баримт хангалттай бүрдэнгүүт одоо болохоор шийдвэрлэх боломжгүй гээд түдгэлзүүлж байгаа нь шүүгчид итгэх итгэлийг алдагдуулж байна. 2.Хариуцагч намайг нотлох баримтаа бүрдүүлж амжаагүй байхад өөрөөр хэлбэл би тус шүүхэд "М" нэгдлээс С.Г т Улаанбаатар хотод байр олгосон тухай нотлох баримт гаргуулж өгнө үү? гэсэн хүсэлт гаргаад хариу нь ирээгүй байхад хуулийн хугацаа болчихлоо хурлаа хурдан хийнэ гээд нэхэмжлэгч тал ирээгүй үед намайг 2 удаа дуудаж 5, 6 сард хурал хийсэн. Намайг материал бүрдүүлж өгөх, хүсэлт гаргахын хооронд хурдан өг гэж байнга яаруулдаг байсан мөртлөө өмнө нь түдгэлзүүлсэн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр сэргээсэн боловч ямарч ажиллагаа явуулаагүй хурал зарлахгүй нөгөө талыг яаруулахгүй хүлээсэн мэт байснаа 2020 оны 09 дүгээр сарын 14-нд Г.Э хүсэлтийг авангуутаа хэргийг түдгэлзүүлж байгаа зэрэг нь эргэлзээ төрүүлж байна. З.Шүүх миний өгсөн тайлбар, хүсэлт, нотлох баримт зэргийг нэхэмжлэгч талд мэйлээр явуулдаг Г.Э-ыг дуудаж уулзаж хэргийн материал дээр гарын үсэг зуруулж авдаггүй. Би болохоор өөрөө очин бүх баримттай танилцаж гарын үсэг зурдаг. Уг нь хэргийн оролцогч нар хуулийн өмнө ижил тэгш эрх үүрэгтэй баймаар юм. Шүүгч М.Э нь Монгол улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 3-р бүлгийн 3.2.(1), 3.3(2) заалтуудыг зөрчиж, хэргийг маань үнэн шударгаар шүүнэ гэсэн итгэл үнэмшлийг надад төрүүлэхгүй байгаа тул орон байрны асуудал шийдвэрлэх хариуцлагатай энэхүү иргэний хэргийг М.Э шүүгчээр хянан шийдвэрлүүлэхээс татгалзаж, шударгаар шийдвэрлүүлэхийг хүсч байгааг минь харгалзан үзэж гүн туслалцаа үзүүлнэ үү?. Би М.Э шүүгчтэй нэг тосгонд олон жил хамт амьдарч байгаагийн хувьд энэ хүн, биеэ авч яваа байдал, зан харьцааны соёл, архи уудаг, шударга бус байдал зэрэг нь шүүгчийн ёс зүйд нийцэхгүй байна гэдгийг сайн мэднэ. Жишээ нь: 1.Өмнө нь намайг "Ө" Хадгаламж зээлийн хоршооны захирал байхад надтай ёс зүйгүй харьцаж өрөөнөөсөө хөөж байсан. 2.3ээлээ төлөөгүй Г гэдэг хүнийг тэр үед шүүхэд өгөхөд энэ шүүгч иргэний хэргийг хариуцагч талд шийдвэрлэж байсан нь хариуцагчийн дүү нь ....прокурор байсантай холбоотой байсан юм. Тэр үед би энэ бүгдэд гомдол гаргаагүй. Ийм шударга бус, ёс зүйгүй байдлыг удаа дараа гаргаж байгаа тул нөгөөтэйгүүр амьдралын хамгийн чухал асуудлын тухай иргэний хэргийг хянахдаа шударга бус хандаад байгаа болохоор гомдол гаргаж байна.Энэ бүхнээс дүгнэхэд:
1.М.Э шүүгч нэхэмжлэгч талаас авилгал, хээл хахууль авч хамт архидан согтуурсан байхыг үгүйсгэхгүй тул шалгаж, манай хэрэг дээр яагаад ялгавартай хандаад байгааг тодруулж өгнө үү?.
2.М.Э шүүгч олон жил ажиллаж байгаа тул туршлагагүй дээ биш хуулийн заалтыг гажуудуулж өөрт ашигтайгаар шийдвэрлэж, иргэн бидний эрх ашгийг ноцтой зөрчихөд хүрээд байгаа тул энэхүү шүүгчээс татгалзаж байна.
З.Энэхүү шүүгч нь өргөсөн тангарагтаа үнэнч байж аливаа хэргийг шударгаар шийдвэрлэж чадахгүй хойшид олон иргэдийг хохироохыг үгүйсгэхгүй гэж үзэж байгаа тул арга хэмжээ авч таслан зогсоож өгнө үү” гэжээ.
.... Ерөнхий шүүгч М.Э хариу тайлбартаа:
“...1. Н.Б-ийн "М.Э нь Шүүгчийн ёс зүйн дүрэм зөрчсөн" гэх гомдлыг миний бие М.Э нь үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд миний бие шүүгчийн ёс зүйн дүрэм зөрчөөгүй болно.
2.Миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйл, 91 дүгээр зүйлд заасан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч дахин оролцож болохгүй, шүүгч оролцож болохгүй гэж заасан үндэслэлүүдийг зөрчөөгүй болно.
З.Ерөнхий шүүгч М.Э-ыг татгалзан гаргах хүсэлтийг хуулиар шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэдэг тул миний бие уг татгалзлыг шийдвэрлээгүй болно.
4.Уг маргаантай хэргийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн байдаг.
5.Дараа нь уг маргаантай хэргийн нэхэмжлэл 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд ирээд шүүгч Б. хянан шийдвэрлэсэн болно.
6.Нэхэмжлэгч Г.Э гэх хүн Улаанбаатар хотод оршин суудаг. Миний бие уг хүнийг танихгүй, гэр бүл, төрөл садан, найз нөхдийн холбоо огт байхгүй болно...” гэжээ.
Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “Ерөнхий шүүгч М.Э хэргийн оролцогчтой зүй бус харьцсан үйл баримт нь Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байх хэдий боловч Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-д “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй”, Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5.17-д “Шүүгчид холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, зөрчил гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй” гэж заасан байх бөгөөд гомдолд дурьдагдаж буй ёс зүйн зөрчил гаргасан гэх цаг хугацаа нь 2020 он болон түүнээс өмнөх цаг хугацаанд хамаарах үйл баримттай холбоотой байгаа болно. Иймд Шүүгчийн ёс зүйн болон Шүүхийн ёс зүйн хорооны дүрмүүдэд заасан сахилгын шийтгэл ногдуулж болохгүй хугацаа өнгөрсөн байх тул шүүгч М.Э-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Н.Б-ээс .... шүүхийн Ерөнхий шүүгч М.Э-д холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн Сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 46 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Г.Э нэхэмжлэлтэй иргэн Н.Б-т холбогдох “хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Э-д хуваарилагдсан байна. 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн .... дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Г.Э нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэж дуустал тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.
Уг захирамжид хариуцагч Н.Б гомдол гаргасан. Тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн .... дүгээр шүүхийн тогтоолоор 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн .... дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Мөн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ....дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ татан авах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Дээрх үйл баримтаас үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж заасны дагуу шүүгч зохигчийн хүсэлтийг үндэслэж өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна гэж үзэх үндэслэлтэй.
Иймд өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдсан “..Г.Э хүсэлтийг авангуутаа хэргийг түдгэлзүүлж байгаа зэрэг нь эргэлзээ төрүүлж байна” гэх үндэслэл нь тогтоогдохгүй байна.
Шүүгчийн дээрх ажиллагаа нь өргөдөл гаргах үед мөрдөж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг зөрчөөгүй байна.
Түүнчлэн өргөдөл гаргагч “..Би М.Э шүүгчтэй нэг тосгонд олон жил хамт амьдарч байгаагийн хувьд энэ хүн, биеэ авч яваа байдал, зан харьцааны соёл, архи уудаг, шударга бус байдал зэрэг нь шүүгчийн ёс зүйд нийцэхгүй байна гэдгийг сайн мэднэ...” гэсэн байх ба энэ агуулгаар Н.Б-ийг гэрчээр асуусан байна.
Шүүгчийг зүй бус харьцсан гэх үйл баримт нь гэрчийн мэдүүлгээс өөр баримтаар тогтоогдохгүй байх ба үүнийг зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд шүүгч М.Э-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. .... шүүхийн Ерөнхий шүүгч М.Э-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН Г.ЦАГААНЦООЖ
Д.ЭРДЭНЭЧУЛУУН