info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-03-03

Дугаар 100

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн С.Энхтөр, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, өргөдөл гаргагч Н.Д /ажиглагчаар/, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

...шүүхийн шүүгч Д.Э-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн Н.Д өргөдөлдөө: “...Миний бие ... шүүхэд 2016 онд хандсанаас хойш 5 жил өнгөрлөө. Зарим нэхэмжлэлийг илт худлаар хариуцагч талд шийдсэн тул ...эд хандаад хүлээж байна. Олон нэхэмжлэлийг 2 хэсэгт хуваасан боловч одоо болтол шийдэж өгөхгүй хэргийг хэт удаашруулж байна. Хэргийг ингэж удаашруулах хүсэл хариуцагч А компанид байгаа юм. Учир нь энэ компанийн 20 орчим луйврын үйлдэлд бид гомдол гаргахдаа 2-3 нэхэмжлэлээр ээлж дараатай хандана гэдгээ хэлээд хүлээж байгаа юм. Иймд хэргийг 9-10 орчим жил сунжруулж дараагийн нэхэмжлэлийг гаргуулах хугацаагүй болгох оролдлогыг хариуцагч, шүүгч нар хамтдаа хийж байна. Хариуцагчтай сонирхлын зөрчилтэй шүүгч Хан-Уул дүүргийн шүүхэд байдаг нь нэгэн хурлын үед тэр шүүгч шүүх ажиллагаанд оролцохоос татгалзсанаар илэрсэн. Тэр шүүгчээр дамжиж хэргийг илт удаашруулж байна. 3 өрөө байрны талбайг хэмжүүлэх гэж 3 жил өнгөрлөө. 3 өөр шүүгч нэг нэг жилээр талбай хэмжих ажлыг сунжруулж байна. Хамгийн сүүлд энэ хэрэг 2019 оны 12 дугаар сарын 13-нд Д.Э шүүгчид хуваарилагдаж ирсэн 3 өрөө байрны талбай хэмжүүлэх гэж 2 жил болох гэж байна. Хариуцагч, хэмжигч компаниудтай хамтран хуйвалдаж хэргийг сунжруулж байна. Энэ ажилд шүүгчийн туслах Б идэвхтэй оролцож хэргийг хамтдаа сунжруулсаар байна. Б шинжээч олдохгүй байна гэсээр олон сар болдог. Уг нь байрны талбай хэмждэг компани интернэтээр дүүрэн зар тавьсан байдаг. Зөвшөөрөлгүй компанид хүсэлт тавьж олон сар алдаж байсан. Би өөрөө утасдаад 1 минутад хэмжих компани олж өгсөн. Бичгээ өгөхгүй удна. Би өөрөө аваачиж өгнө. Хариуцагч талын захирал корона вирус туссан гээд олон сараар хөдлөхгүй. Корона туссан гэсэн бичиг аваад үзүүлээч гээд хүсэлт тавихаар хариу өгөхгүй олон сар болох юм. Д.Э шүүгчийн ёс зүйгүй үйлдэлд хариуцлага тооцож өгнө үү. Жилийн өмнө хурал дээр хариуцагч талын өмгөөлөгч ирээгүй гээд хурал хойшлох болсон. Би өмгөөлөгчийн завыг асуугаад ирэх 7 хоногт хурлаа хийе, туслахаараа одоо асуулгачих гэсэн. Гэтэл Д.Э шүүгч өмгөөлөгч рүү утасдуулахгүй байсан. Ирэх 7 хоногоос хурлаа зарлана гэж намайг хуурсан. Олон сар болсоор байна. Иймд 3 өрөө байр хэмжих ажил 2 жил сунжирч байгааг мэдсээр байж, дахин 1 жил 11 сар болгож буй, элдэв худал үг хэлж ёс зүйгүй авирлаж сунжруулсаар байгаа шүүгч Д.Э-ийг ёс зүйн болон мэргэжлийн алдааг шалгаж хариуцлага тооцож өгнө үү. Д.Э шүүгч өмгөөлөгч Б-с мөнгө авсан нь олон нийтэд илэрсэн, одоо болтол асуудал чимээгүй байна. Энэ бол хэргийг шийдэх авлигыг өмгөөлөгчөөс авсан байж болох юм гэж би хардаж байна. Иймд авлига авч 4-5 жил болж буй хэргийг 2 жил нэмж сунжруулж байна гэж бид хардаж байна. Бид олон зуун сая төгрөгийн нэхэмжлэл гаргах гээд хүлээж байна. Бөөнөөр нь нэхэмжлэхээр зарим нэхэмжлэл хангахгүй, 2 талд шийдээд байгаа учраас бараг нэг нэгээр нь нэхэмжлэх гээд хүлээж байна. Эдгээр нэхэмжлэлийн  хэлэлцэх хугацаа хугацаа / 10 жил/ өнгөртөл хэргийг Д.Э шүүгч хариуцагч; хэмжигч компаниудтай нийлж хуйвалдаж сунжруулах гэж байна гэж би хардаж байна. Дахиад 2 жил нийт 4 жил болгож сунжруулах нь хариуцагч, 2 хэмжигч компанитай хуйвалдаж /бидний хардлага/ хэргийг сунжруулж, хуурч мэхэлж ёс зүйгүй байгаа, хэргийг 60 хоногт шийдэх үүрэг, хуулиа дээдлэхгүй байгаа. ...шүүхийн шүүгч Д.Э-т сахилгын хариуцлага тооцож өгнө үү...” гэжээ.

Шүүгч Д.Э тайлбартаа: “...тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2000 оны 00 дугаар сарын 18-ны өдрийн 007 дугаар тогтоолоор М-н үндсэн нэхэмжлэлтэй “А” ХХК-д холбогдох хэрэг хуваарилагдан ирсэн. 2019 оны ээлжийн амралт дуусгаад 2019 оны 10 дугаар сарын 01-нд ажилд орсон, зохигчийн хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож байсан, мөн шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлсэн, энэ ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Ар гэрийн гачигдлаар 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс чөлөө авч, үргэлжлүүлээд ээлжийн амралтаа эдэлж, 2020 оны 07 дугаар сарын 20-нд ажилдаа орсон. Түдгэлзүүлсэн шалтгаан арилсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн боловч талууд дүгнэлтийг эс зөвшөөрсөн тул шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дахин түдгэлзүүлсэн. 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хуралдаан товлосон, зохигч талууд хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан. 2021 оны 04 дүгээр сарын 02-нд  шинжээч дахин томилуулах хариуцагчийн хүсэлтийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 15-нд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдаан товлосон боловч нэхэмжлэгчийн хүсэлтээр хойшилсон. Дээрх хугацаанд удаа дараа хөл хорио тогтоосон, шинжээчийн дүгнэлт хугацаандаа ирдэггүй бөгөөд хэмжигч компаниудтай хуйвалдсан гэх нэхэмжлэгчийн гомдол  үндэслэлгүй, тус шүүхийн хэргийн ачаалал их, одоо 150 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа бөгөөд удааширсан асуудалд шүүхээс шалтгаалсан зүйл байхгүй, хэвийн бус ачааллын дор шүүн таслах ажиллагааг тасалдуулахгүй ажиллаж байгаа болно” гэжээ.

Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: ...Шүүгч хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг тухай бүр хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж байсан байх ба энэхүү ажиллагааг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь Сахилгын хороо нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл гомдлыг хэрхэн шийдвэрлүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зохицуулсан, зохигчийн гаргасан гомдлын дагуу шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар тухайн шатны шүүх дүгнэлт хийж шийдвэрлэж байжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор шийдвэрлэхээр заасан хэдий ч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчим дээр үндэслэн явагддаг өөрөөр хэлбэл зохигчийн гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж байсныг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй гэж үзэх нь учир дутагдалтай болно. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд сахилгын зөрчил гаргасан гэж үзэх ба холбогдох шүүгч нь хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т нэрлэн заасан хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэх байдал, мөн хэмжигч байгууллагатай нийлж хуйвалдсан гэсэн нь тогтоогдоогүй болно. Харин өргөдөлд “...шүүгч Д.Э нь өмгөөлөгч Б-с мөнгө авсан нь олон нийтэд илэрсэн, ...энэ хэргийг шийдэх авлигыг өмгөөлөгчөөс авсан байж болох юм, авлига авч 4-5 жил болж буй хэргийг 2 жил нэмж сунжруулж байна гэж хардаж байна” гэсэн нь сахилгын хороонд хамаарахгүй тул уг асуудлыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4-т зааснаар холбогдох байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.

Иймд шүүгч Д.Эт үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

                     ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 55 дугаар захирамжаар иргэн Н.Д-ийн өргөдлөөр ...шүүхийн шүүгч Д.Э-т холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчийн тайлбар зэргээс үзвэл М сургуулиас “А” ХХК-тай холбогдуулан 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Тус хэргийг шүүгч Д.Эт 2019 оны 07 сард зөвлөгөөний тогтоолоор шилжүүлжээ. М-н нэхэмжлэлтэй “А” ХХК-д холбогдох иргэний хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс ....дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ....дугаартай шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ....дугаартай шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ....дугаартай шүүгчийн захирамжаар  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, мөн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ....дугаартай шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн .... дугаартай шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ....дугаартай шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тус тус түдгэлзүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн .... дугаартай шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээжээ. Үүнээс хойш шүүх хуралдаан хойшилсон байна.

Мөн тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч Д.Э нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл  ээлжийн амралт эдэлсэн. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 01 сарын хугацаанд цалинтай чөлөө авчээ.

Дээрх баримтуудаас үзвэл шүүгч Д.Э нь М-н нэхэмжлэлтэй “А” ХХК-д холбогдох иргэний хэрэгт 2 жил 7 сарын хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 5 удаа түдгэлзүүлж, шүүгч ээлжийн амралтаа эдлэх, цалинтай чөлөө авч байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно”, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно”, 80 дугаар зүйлийн 80.1.8-т  “энэ хуулийн 39, 41, 47 дугаар зүйлд заасан ажиллагаа явуулж байгаа бол” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх талаар заажээ.

Өргөдөл гаргагчийн “...Хариуцагч, хэмжигч компаниудтай хамтран хуйвалдаж хэргийг сунжруулж байна...авлига авч 4-5 жил болж буй хэргийг 2 жил нэмж сунжруулж байна гэж бид хардаж байна...” гэх өргөдлийн үндэслэл нь тогтоогдохгүй байна.

Зохигчдын хүсэлт, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал зэргээс шалтгаалан шүүгч шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, шүүх хуралдааныг хойшлуулж байсан байх тул шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийг зөрчөөгүй байна гэж бүрэлдэхүүн дүгнэлээ.

Илтгэгч гишүүний саналд “Сахилгын хороо нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл гомдлыг хэрхэн шийдвэрлүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зохицуулсан, зохигчийн гаргасан гомдлын дагуу шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар тухайн шатны шүүх дүгнэлт хийж шийдвэрлэж байжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор шийдвэрлэхээр заасан хэдий ч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчим дээр үндэслэн явагддаг, өөрөөр хэлбэл зохигчийн гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж байсныг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй гэж үзэх нь учир дутагдалтай. Энэ хэргийг шийдэх авлигыг өмгөөлөгчөөс авсан байж болох юм, авлига авч 4-5 жил болж буй хэргийг 2 жил нэмж сунжруулж байна гэж хардаж байна гэсэн нь сахилгын хороонд хамаарахгүй тул уг асуудлыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4-т зааснаар холбогдох байгууллагад шилжүүлэх нь зүйтэй” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Харин өргөдөл, мэдээлэл гаргагч нь авилгийн асуудлаар эрх бүхий байгууллагад гомдол эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч ...шүүхийн шүүгч Д.Э-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

    ДАРГАЛАГЧ                                 Д.АРИУНТУЯА

                  ГИШҮҮН                                       С.ЭНХТӨР

                                                                                                Х.ХАШБААТАР