МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-03-02
Дугаар 92
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Б.Сугар, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
....шүүхийн шүүгч Х.Э холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмгөөлөгч Н.Ц өргөдөлдөө: “...Хариуцагч “М” ХХК нь шүүх хурлаас өмнө буюу 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ... шүүхээс шүүх хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан байдаг. Улмаар 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаан дээр “М” ХХК нь нотлох баримт гаргуулах хүсэлтээсээ татгалзсан ба ийнхүү татгалзахдаа нотлох баримт гаргуулах хүсэлт гаргахаас өмнө хүсэлтийг ямар хэлбэрээр, ямар агуулгаар гаргах талаар шүүгчийн туслахаар дамжуулан шүүгчээс зөвлөгөө авсан талаараа дурдсан юм. Мөн “М” ХХК нь ... дүүргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “.М” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдааны бичлэгт (CD хэлбэртэй) үзлэг хийлгүүлэх хүсэлтийг өмнө нь гаргасан гэсэн боловч энэхүү хүсэлтийн талаар манай “Н” ХХК-д мэдэгдээгүй, хэрэгт хавсаргагдаагүй байдаг. Хэрвээ хэргийн оролцогчоос шүүхэд хүсэлт гаргах, баримт гаргаж өгөх тохиолдолд тэдгээр баримт нь хэрэгт хавсаргагдаж, хүсэлтийг албан ёсоор шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол гарах ёстой. Гэтэл шүүгч манай талд мэдэгдэхгүйгээр, хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг хэрэгт хавсаргахгүйгээр, шууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д заасан үндэслэлээр хүсэлтээ өөрчилж гаргахыг “М” ХХК-д зөвлөсөн байна. ...Шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3.1 "Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ", 3.2.1 "Шүүгч хэргийн оролцогчдод эрх тэгш, төвийг сахисан хандана" гэж заажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1.6-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын тэгш эрх, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжих ба хариуцагч тал өөрийн татгалзлаа нотлох, улмаар хүсэлтээ өөрөө тодорхойлж, хуульд нийцүүлэн гаргах ёстой. Гэтэл шүүгч “М” ХХК-д зөвлөгөө өгч, хэргийн нөгөө талд үйлчилснээрээ төвийг сахих, талуудад эрх тэгш хандах үүргээ зөрчсөн, зохисгүй байдал гаргасан гэж харагдахаар байна. Иймд шүүгч нөгөө талд зөвлөн тусалсан, хэрэгт хавсаргалгүй хүсэлтийг авч шийдсэн, манай талд мэдэгдээгүй гэх үйлдэл хийснээр Шүүгчийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн гэж тооцохоор байна.
... Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3.1 дэх заалтыг зөрчсөн талаар. Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3.1-т "Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй" гэж заажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.3-т "шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна" гэж заасан. Анхан шатны шүүхээс 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хэргийг шийдвэрлэж, шийдвэр хүчинтэй болсон. Хуульд заасны дагуу шийдвэрийг 7 хоногийн дотор бичгээр гаргах үүрэгтэй байтал шүүгч хуулийг зөрчин бүтэн сар гаруй хоногийн дараа буюу 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шийдвэрийг бичгээр гаргасан байдаг.
.....Шүүгчийн дээрх ёс зүйгүй үйлдлүүд нь шүүхэд итгэх итгэлийг алдагдуулж, шударга шүүхээр шүүлгэх, хууль хэрэгжих, эрх тэгш байж шүүхээр эрхээ сэргээлгэх, хамгаалуулах боломжид сөргөөр нөлөөлж байна. Иймд ....шүүхийн шүүгч Х.Э нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3.1, 3.2.1 болон 3.3.1 дэх заалтыг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан байх тул түүнд хуульд заасан журмын дагуу сахилгын хариуцлага хүлээлгэж өгнө үү.” гэжээ.
Шүүгч Х.Э 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тайлбартаа: “Өмгөөлөгч Н.Ц нь тус гомдлоо 2 үндэслэлээр гаргасан байна.
1. ...Тус хэргийн шүүх хуралдаан хойшилсон хугацаанд хариуцагч талын гаргасан хүсэлтийг шүүхийн зүгээс тодруулах ажиллагааг хийсэн бөгөөд хүсэлтийг шийдээгүй юм. Харин шүүх хуралдаан дээр хариуцагч уг хүсэлтээсээ татгалзсан болно. Хариуцагч талын шүүх хуралдаан хойшилсон хугацаанд гаргасан хүсэлтийг тодруулсан талаар шүүгч миний бие шүүх хуралдаан дээр талуудад тайлбарласан бөгөөд тус шүүх хуралдаанд өмгөөлөгч Н.Ц нь өөрийн биеэр оролцож байсан. Өмгөөлөгч Н.Ц нь шүүгч намайг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн бол тухайн шүүх хуралдаан дээр энэ талаар тайлбараа хийж, шүүгчээс татгалзах эрх нь нээлттэй байсан бөгөөд тухайн үед энэ эрхээ хэрэгжүүлээгүй байж хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа ийнхүү гомдол гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Энэхүү хэрэг нэхэмжлэгч талын гаргасан гомдлоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хянагдаж байгаа бөгөөд тус хэрэг давж заалдах шатны шүүхээс ирсний дараа дэлгэрэнгүй тайлбарыг нотлох баримтын хамт гаргах болно.
2. ...Тус хэргийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гарах ёстой байсан. ... тус шүүхийн шийдвэрийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бичиж дуусган албажуулж, гарын үсэг зурсан. 2019 оны 11 дүгээр сарын 26-27-ны өдрүүд бүх нийтийн амралтын өдөр байсан бөгөөд нэхэмжлэгч тал нь тус шүүхийн шийдвэрийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гардаж авсан байна. Түүнчлэн, тус шүүх нь бусад дүүргийн шүүхүүдээс ачаалал ихтэй, хэргийн тоо, маргааны төрөл ихтэй байдаг бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 2019 оны 11 дугаар сарын 25-ны өдрийн хооронд шүүгч миний бие нийт 55 шүүх хуралдаан хийж, бусад шүүгчийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд болон гомдол хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд нийт 9 удаа орж, нийт 19 шийдвэр, 195 шүүгчийн захирамж, 9 гүйцэтгэх хуудас, 24 албан бичиг, 17 Ерөнхий шүүгчийн захирамж нийт 291 эрхийн акт гаргасан байна. Мөн миний бие 11 дүгээр сарын 20-22-ны өдрийн хооронд дүү А.Б Хөх хот руу эмнэлгийн шинжилгээнд хамруулахаар авч явсан тул чөлөө авсан байсан.
Дээрх ажлын ачаалал ихтэй байдал болон хувийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхийн шийдвэрийг хугацаандаа гаргаагүй бөгөөд шүүгч миний бие үүрэгт ажилдаа хайнга хандсан, ёс зүйн зөрчил гаргасан зүйл байхгүй болно...” гэжээ.
Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: ...Шүүгч 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаан дээр дурдсан хүсэлтийн талаар тайлбарласан, хариуцагч шүүхэд гаргасан 2 хүсэлтээсээ татгалзсан нь хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдааны бичлэгийн 1 дугаар сидиний 4 минут 19 секундээс 8 минут 12 секунд хүртэл бичигдсэн, мөн тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дахь хуудаст тусгагдсан болон “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.С 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 19/415 дугаар албан бичгээр тус тус нотлогдож байна. Иймд шүүгчийн Х.Э шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3.1, 3.2.1-т заасныг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна гэж үзлээ. ...шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ...дугаар шийдвэрийг хуульд заасан хугацаанд буюу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр албажуулсан гаргах ёстой байжээ. Иймд шүүгч Х.Э шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3.1-т “шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлт хяналт тавих үүрэгтэй” заасныг зөрчсөн байна гэж үзлээ.
Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй”, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар зарлигийн хавсралтаар батлагдсан Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.17-д “Шүүгчид холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, зөрчил гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй" гэж тус тус зааснаар шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул шүүгч Х.Э үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 29 дүгээр захирамжаар өмгөөлөгч Н.Ц-н өргөдлөөр ....шүүхийн шүүгч Х.Э холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй “М” ХХК-д холбогдох хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас шүүгч Ш.О-н татгалзан гарахыг хүссэн хүсэлтийг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ...дугаартай ерөнхий шүүгчийн захирамжаар хүлээн авч, тус хэргийг шүүгч Х.Э шилжүүлсэн байна.
Хариуцагч “М” ХХК-иас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 19/403 дугаар албан бичиг, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар албан бичгээр тус тус нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан бөгөөд тус хүсэлтүүдээсээ 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар албан бичгээр татгалзсан байна.
Мөн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ...дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд “хариуцагчийн төлөөлөгч ...Тус шүүхэд гаргасан 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн үзлэг хийлгэх, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нотлох баримт шүүхийн журмаар гаргуулах хүсэлтээсээ тус тус татгалзаж байна” гэх хүсэлтийг гаргажээ.
Өргөдөл гаргагчийн “Хэрвээ хэргийн оролцогчоос шүүхэд хүсэлт гаргах, баримт гаргаж өгөх тохиолдолд тэдгээр баримт нь хэрэгт хавсаргагдаж, хүсэлтийг албан ёсоор шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол гарах ёстой. Гэтэл шүүгч манай талд мэдэгдэхгүйгээр, хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг хэрэгт хавсаргахгүйгээр, шууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д заасан үндэслэлээр хүсэлтээ өөрчилж гаргахыг “М” ХХК-д зөвлөсөн байна. ...шүүгч нөгөө талд зөвлөн тусалсан, хэрэгт хавсаргалгүй хүсэлтийг авч шийдсэн, манай талд мэдэгдээгүй гэх үйлдэл хийснээр Шүүгчийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн гэж тооцохоор байна” гэх өргөдлийн үндэслэл нь тогтоогдохгүй байх тул шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон тухайн үед мөрдөгдөж байсан Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй байна гэж бүрэлдэхүүн дүгнэлээ.
Түүнчлэн ....шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ...дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Дээрх шүүхийн шийдвэрийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр буюу шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 01 сар 09 хоногийн дараа нэхэмжлэгч талд гардуулан өгсөн байна.
Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” /2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өөрчлөлт оруулахаас өмнө/ гэж заасныг шүүгч зөрчсөн байна.
Илтгэгч гишүүний саналд “шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ...дугаар шийдвэрийг хуульд заасан хугацаанд буюу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр албажуулан гаргах ёстой байжээ. Иймд шүүгч Х.Э шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3.1-т “шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлт хяналт тавих үүрэгтэй” заасныг зөрчсөн байна гэж үзлээ.
Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй”, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар зарлигийн хавсралтаар батлагдсан Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.17-д “Шүүгчид холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, зөрчил гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй" гэж тус тус зааснаар шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул шүүгч Х.Э үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүний 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч ....шүүхийн шүүгч Х.Э-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН Б.СУГАР
Х.ХАШБААТАР