МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-03-22
Дугаар 129
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
...шүүгч Т.Э , ...шүүхийн ерөнхий шүүгч Ш.О нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд “...шүүгч Т.Э 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт нөхөр П.Б ын эзэмшлийн УАЗ 31519 маркийн ... улсын дугаартай автомашин, өөрийн нэр дээрх Хаан банкны ... дансны үлдэгдэл 41,082 төгрөг, ... дансны үлдэгдэл 608,227 төгрөг нөхөр П.Б болон хамтран эзэмшдэг Хаан банкны ... дансны үлдэгдэл 6,774 төгрөгийг тус тус мэдүүлээгүй, өөрийн нэр дээрх Төрийн банк дахь хадгаламжийн үлдэгдэл 10,461,139 төгрөгийг 10,319,144 төгрөг гэж, охин М ийн нэр дээрх хадгаламжийн үлдэгдэл 5,771,842 төгрөгийг 5,390,671 төгрөг гэж зөрүүтэй мэдүүлсэн, ...шүүгч Ш.О 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт нөхөр Б.Б ийн Хаан болон Хас банкны дансны үлдэгдэл, мөн Б.Б нь “М З” ХХК-ийн үүсгэн байгуулагч болохыг мэдүүлээгүй сахилгын зөрчил гаргасан. Гэвч дээрх зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэжээ.
Шүүгч Т.Э тайлбартаа “...лавлагаа авахад нөхрийн нэр дээр УАЗ 469 маркийн ... дугаартай машин бүртгэлтэй байсан. Тэр 2008 оноос эхлэн хуучин машиныг сэлбэж зардаг байсан ба ямар машин сэлбэж зарсныг би мэддэггүй. Энэ талаар нөхрөөс асуухад 3,500,000 төгрөгөөр зарсан боловч нэр шилжээгүй байсан гэсэн. Ингээд 2020 оны 1 сард гэрээ байгуулсан. Өөрийн болон охин Б.М ийн нэр дээрх хадгаламжийг ногдох хүүг тооцолгүй мэдүүлсэн байна...” гэжээ.
Шүүгч Ш.О тайлбартаа “...М З ХХК нь 2014 оны 3 сараас хойш үйл ажиллагаа явуулаагүй, харин ашиглаж байсан тоног төхөөрөмжийг зарж борлуулахдаа компани дансаар гүйлгээ хийж байсан. 2017, 2018 онд компаниар нэг ч төгрөгийн орлого хийгдээгүй тул мэдүүлээгүй. Нөхөр Б.Б 2014 оноос ажилгүй болж, дүүгийнхээ байгуулсан А ХХК-д ажиллаж байсан ба энэ үеэс бид санхүүгийн хувьд тусдаа болсон. Дүү Б нь 2015 оноос хойш эрүүл мэндийн шалтгаанаар захирлын ажлаа хийж чадахгүй болж Б.Б компанийн үйл ажиллагааг хариуцан ажилласан. Тэрээр энэ талаар тодорхой ярьдаггүй байснаас гадна бид 2014 оноос хойш тус тусдаа амьдрах болсон...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Авилгатай тэмцэх газрын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар албан бичигт “...шүүгч Т.Э нь гэр бүлийн гишүүний эзэмшлийн тээврийн хэрэгслийг мэдүүлээгүй, арилжааны банк дахь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хадгаламж, харилцах, картын дансны үлдэгдлийг зөрүүтэй мэдүүлсэн, шүүгч Ж.О өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хадгаламж, харилцах дансны үлдэгдлийг зөрүүтэй мэдүүлсэн, нөхрийн үүсгэн байгуулсан компанийг мэдүүлээгүй тул хариуцлага тооцож өгнө үү” гэжээ.
2018 оны хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэгт шүүгч Т.Э нөхөр П.Б ын эзэмшлийн УАЗ 469 маркийн автомашин, өөрийн нэр дээрх Хаан банкны ... дансны үлдэгдэл 41,082 төгрөг, ... дансны үлдэгдэл 608,227 төгрөг нөхөр П.Б болон хамтран эзэмшдэг Хаан банкны ... дансны үлдэгдэл 6,774 төгрөгийг тус тус мэдүүлээгүй, өөрийн нэр дээрх Төрийн банк дахь хадгаламжийн үлдэгдэл 10,461,139 төгрөгийг 10,319,144 төгрөг гэж, охин М ийн нэр дээрх хадгаламжийн үлдэгдэл 5,771,842 төгрөгийг 5,390,671 төгрөг гэж зөрүүтэй мэдүүлсэн, шүүгч Ш.О нь нөхөр Б.Б ийн Хаан болон Хас банкны дансны үлдэгдэл, мөн Б.Б ийн үүсгэн байгуулсан “М З” ХХК-ийг мэдүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан үндэслэлээр нэр бүхий шүүгч нарын хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт шалгалт хийхэд дээрх зөрчил илэрсэн, холбогдох шүүгч нар үгүйсгэж чадаагүй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэл, хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Өргөдөл гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т зааснаар шүүгч нь Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд Шүүгчийн ёс зүйн дүрмийн 4.1 дүгээр зүйлийн 1-т “шүүгч нь өөрийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ холбогдох хууль тогтоомжийн дагуу үнэн зөв мэдүүлнэ” гэж заасан.
Холбогдох шүүгч нар хууль болон шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан зөрчил гаргасан боловч Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байна.
Дээрх үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. ...шүүгч Т.Э , ...шүүхийн ерөнхий шүүгч Ш.О нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлал уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.ЦАГААНЦООЖ
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Ц.ДАВХАРБАЯР