info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-03-17

Дугаар 126

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

...шүүхийн шүүгч Х.И т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3-т энэ зүйлийн 1-т заасан үндэслэл хоёр ба түүнээс дээш удаа давтагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно гэж заасан бөгөөд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэж байсныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан үндэслэлүүд  давхцаагүй болох нь тогтоогдож байна. Мөн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод гардуулсан баримтаар шүүгч захирамжаа хуулийн хугацаанд гардуулж өгөөгүй гэсэн гомдол үгүйсгэгдэж байна...” гэжээ.

Холбогдох шүүгч тайлбартаа “Э.Э т холбогдох хэргийг хүлээн аваад 2021.10.07-ны өдөр хүлээн аваад урьдчилсан хэлэлцүүлгийг 2020.11.04-ний өдөр тогтоосон боловч засгийн газрын тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор хэд хэдэн удаа хойшлогдсон. Мөн шүүгдэгчийн зүгээс өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан, өмгөөлөгчөөсөө татгалзаж шинээр өмгөөлөгч авч хэргийн материалтай танилцуулах хүсэлтийг хүлээн авч,  шүүх хуралдааныг хойшлуулсан. Э.Э т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан, шүүгчийн захирамжийг хуульд заасан хугацаанд албажуулсан. Шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчдод гардуулах, хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ажлыг шүүгчийн туслах хариуцдаг бөгөөд энэ талаар лавлахад захирамжийг гардаж авах, гомдол, тайлбар гаргах хугацааг хүлээсэн гэсэн ба энэ үед ковид-19 өвчний шалтгаанаар тус шүүхэд хөл хорио тогтоогдсоноос ажилчдыг шүүхэд нэвтрүүлээгүй зэрэг нөхцөл байдал үүссэн байсан” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Я.С  өргөдөлдөө “...хэрэг хуваарилагдсанаас хойш шүүгч Х.И  хэргийг шийдвэрлэхгүй удааширсан, шүүх хуралдаан зарлагдсан ч санаатайгаар удаа дараа хойшлуулсан, 2021.03.09-ний өдөр хэргийг прокурорт буцаасан ч шийдвэрээ хугацаанд нь гаргаж өгөөгүй, прокурор эсэргүүцэл бичихэд хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхгүй удаасан...” гэх агуулга дурджээ.

Э.Э т холбогдох эрүүгийн хэргийг шүүгч Х.И  2020.10.07-ны өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Тодруулбал, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн “...өөр өмгөөлөгч авах” тухай хүсэлтийг хүлээн авч, шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ..., 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ... дүгээр захирамжаар мөн өдрийн шүүх хуралдааныг тус тус хойшлуулсан ба 2021 оны 03 дугаар сарын 9-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд шүүгчийн ... дугаар захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Дээрх шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчид 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан, прокурор 2021 оны 03 дугаар сарын 30-ний өдөр эсэргүүцэл бичсэн, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хэргийг хэлэлцээд 523 дугаар магадлалаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан, ...шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 30-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор хэргийг шийдвэрлэсэн болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх ба өргөдөлд дурдсан үйл баримтын зарим нь хууль хүчин төгөлдөр болохоос өмнө болжээ.  

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч солигдсон, шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар шүүх хуралдаан хойшилсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.3, 1.4-т заасныг зөрчөөгүй тул шүүх хуралдаан хойшлогдсоныг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Хэргийг прокурорт буцаасан захирамжийг шүүгч хуульд заасан хугацаанд тодруулбал, уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор бичгээр үйлдсэн, хэргийн оролцогч нар 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гардан авсан нь тогтоогдож байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлд хариу тайлбар гаргах хугацаа дуусмагц хавтаст хэрэгт гомдол, эсэргүүцэл, хариу тайлбарыг хавсаргаж, харьяалах давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасан.

Холбогдох шүүгчийн “...прокурорын эсэргүүцлийг хэргийн оролцогч нарт танилцуулж, тайлбар авч хэрэгт хавсаргах, мөн тус шүүхэд ковид-19 өвчний тохиолдол илэрч 2 удаа хөл хорио тогтоож ажилчдыг шүүхэд нэвтрүүлэхгүй байсан” гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй тул хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэлгүй удаасан гэх гомдол

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчилд хамаарахгүй болно.

Шүүгч хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх бөгөөд шүүгчийн захирамжид хэргийг прокурорт буцаасан үндэслэлийг тодорхой дурджээ. Давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасныг хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн гэж үзэхгүй.

Дурдсан үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. ...шүүхийн шүүгч Х.И т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлал уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ГИШҮҮН                                                        Ц.ДАВХАРБАЯР

Д.ЭРДЭНЭЧУЛУУН