info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-04-20

Дугаар 156

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Б.Сугар, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

...шүүхийн Ерөнхий шүүгч Т.О , шүүгч Д.А  нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгч Т.О  тайлбартаа: “...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч "Ерөнхий шүүгч болон шүүгчийг татгалзан гаргах" тухай хүсэлт гаргасан тул уг хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.6-д заасны дагуу шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.8 дахь хэсэгт "Шаардлагатай бол энэ хуулийн 70.1-д заасан хугацааг нэг удаа 10 хүртэл хоногоор шүүгч сунгаж болно" гэж заасныг  баримтлан   шүүх  хуралдаан  товлон  зарлах  тухай   шүүхийн  урьдчилсан хэлэлцүүлгийг долоо хоногийн хугацаагаар хойшлуулан сунгаж шийдвэрлэсэн болно.

Д.Д шүүх хуралдаан товлон зарлах тухай урьдчилсан хэлэлцүүлгийн өмнө "манай гэр бүлийн хүн Д.Б ыг Аймгийн Засаг дарга байхдаа нэхэмжлэгчийг ажилд авсан тул ашиг сонирхлын зөрчилтэй, мөн нэхэмжлэгч болон түүний эхнэр өмгөөлөгч Т.У нь шүүгч Д.А ийн нөхөртэй найз нөхдийн холбоотой" гэсэн үндэслэлээр татгалзах хүсэлт ирүүлснийг ...шүүхийн 2021 оны 06 сарын 07-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хянан хэлэлцсэн болно.

Шүүгч Д.А  шүүгчдийн зөвлөгөөн дээр нэхэмжлэгч болон түүний эхнэртэй, нөхөр Б.Б нь ямар нэг найз нөхдийн болон бусад хувийн харилцаа холбоо байхгүй талаар тайлбар өгсөн болно.

... шүүхийн хувьд 2 шүүгчийн бүрэлдэхүүнтэй бөгөөд шүүгчдийн зөвлөгөөнийг хийхэд хоёр шүүгч хоёулаа оролцож байж асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.

Шүүгчдийн орон тоо, хүрэлцээнээс хамаарсан уг асуудлыг харгалзан үзэлгүй шууд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д заасныг зөрчсөн гэж буруутгах боломжгүй юм. Шүүгчдийн зөвлөгөөнд өөрсдөө оролцож шийдвэрлэсэн нөхцөл байдал нь хэргийн оролцогчдын эргэлзээг арилгах бус, харин эргэлзээ төрүүлсэн, ёс зүйн хороонд гомдол гаргахад нөлөөлсөн гэж үзэн Д.Д гийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан татгалзан гаргах тухай хүсэлтийг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Г.Ш нэхэмжлэлдээ "Албан тушаал бууруулсан захиргааны акттай холбогдуулан Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч хуульд заасан хугацаанд миний гомдлыг хянан шийдвэрлэж хариу өгөөгүй" гэж дурдаж, Төрийн албаны зөвлөлд гомдол хүргүүлснийг нотлох 2021 оны 02 дугаар 04-ний өдрийн шуудангийн баримтыг хавсарган ирүүлсэн байсан.

Иймээс шүүх нэхэмжлэгч Г.Ш нь гомдлоо захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлж, гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад хандан гомдлоо гаргасан, уг гомдлыг шийдвэрлэж хариу өгөх Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-д заасан 30 хоногийн хугацаа хэтэрсэн байсан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д зааснаар нэхэмжлэгч дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй тул нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах хуульд заасан үндэслэл байхгүй байсан болно.

...Шүүгч Д.А  болон миний хувьд хэргийн оролцогч болох нэхэмжлэгч Г.Ш , хариуцагч ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б , гуравдагч этгээд Ц.З нартай гэр бүл, төрөл садан болон хувийн харилцаа холбоо байхгүй, тэдгээртэй ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болоогүй ба өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1-84.1.6-д заасан үндэслэл байхгүй тул татгалзан гарах үүрэг үүсээгүй болно.

...Миний бие 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс ээлжийн амралтаа авч Улаанбаатар хотод амьдардаг өндөр настай /90 нас дөхөж байгаа/ 2 буурайтайгаа уулзах, золгох төлөвлөгөөтэй байсан. Гэтэл 06 сарын 11-ний өглөө шүүх хурлын өмнөхөн төрсөн эгч Т.Г утсаар ярьж аавын бие тааруу байгаа талаар хэлсэн. Ингээд яаралтай онгоцны билет бичүүлэх, утсаар ярих зэрэг шаардлага гарч урьдчилсан хэлэлцүүлэгт 10 минут хоцорч орсон. Би нисэх яваагүй ажил дээрээ байсан. Намайг шүүх хуралдааны танхимд ороход Д.Д нөгөө хаалгаар дөнгөж гараад явсан байсан. Би утас руу нь залгаж, хоцорсон шалтгаанаа хэлж, уучлал гуйж, урьдчилсан хэлэлцүүлэгтээ буцаж орж ирж оролцохыг хүссэн боловч уурлаад утсаа салгасан болно.

Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар хүрэлцэн ирсэн байсан учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.4-д заасныг баримтлан урьдчилсан хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, шүүх хуралдааныг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хийхээр товлон зарласан боловч цар тахлын нөхцөл байдлын улмаас шүүх хуралдааныг хойшлуулж 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хийсэн. Уг хуралдаанд Д.Д оролцож, дахин Ерөнхий шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийг хангаж, хэргийг Д.А  шүүгчид шилжүүлсэн. Д.А  шүүгч дээрх нөхцөл байдлын улмаас өөрөө татгалзан гарах тухай хүсэлт гаргаж, ......шүүхийн шүүгчдийн бүрэлдэхүүний бодит нөхцөл, хуулийн зохицуулалтын зөрчилтэй байдлыг харгалзан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч тухайн захиргааны хэргийг ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн” гэжээ.

Шүүгч Д.А  тайлбартаа: “...Д.Д нь 2021 оны 06 сарын 04-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн өмнө Ерөнхий шүүгч Т.О ийн нөхөр Д.Б  Аймгийн Засаг дарга байхдаа нэхэмжлэгчийг ажилд авсан тул ашиг сонирхлын зөрчилтэй, нэхэмжлэгч болон түүний эхнэр өмгөөлөгч Т.У нь шүүгч Д.А ийн нөхөртэй найз нөхдийн холбоотой гэсэн үндэслэлээр татгалзах хүсэлт ирүүлснийг ...шүүхийн 2021 оны 06 сарын 07-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хянан хэлэлцсэн болно.

Шүүгчдийн зөвлөгөөнөөр хүсэлтийг хэлэлцээд нэхэмжлэгчийг ажилд томилох, чөлөөлөх бүрэн эрхийг аймгийн Засаг даргын тамгын газрын дарга хэрэгжүүлэхээр байхад Аймгийн Засаг даргын томилсон хүн гэж үзэх боломжгүй тул Ерөнхий шүүгчийг татгалзах хуульд заасан үндэслэл байхгүй байна гэж үзсэн.Ерөнхий шүүгчийг татгалзах үндэслэлгүй тул шүүгч Д.А ийг татгалзсан татгалзах хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэж шийдвэрлэсэн.

Миний бие болон миний нөхөр нь нэхэмжлэгч Г.Ш болон түүний эхнэртэй найз нөхдийн холбоогүй юм. Зөвлөгөөнөөр Ерөнхий шүүгчийг татгалзах хүсэлтийг хүлээн аваагүй, хэрэг хянан шийдвэрлэх шүүгч Д.А  биш, нэхэмжлэгчтэй ямар нэг харилцаа холбоогүй байхад гомдолд "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас хуульд заасны дагуу татгалзан гараагүй" гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Үүний дараа итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д дахин 2021.07.19-ний өдрийн шүүх хуралдаанд Ерөнхий шүүгч Т.О ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас 4 үндэслэлээр татгалзах хүсэлт гаргасныг 2021.08.17-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хянан хэлэлцээд "Ерөнхий шүүгч Т.О ийн талаарх шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасан нь ашиг сонирхлын зөрчилтэй" гэх үндэслэлээр нь хүсэлтийг хүлээн авч ханган, шүүгч Д.А т хэргийг шилжүүлсэн.

Тус хэргийг миний бие хүлээн аваад “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мөн шүүгч Д.А  миний биеийг хууль зөрчсөн гэж үзэн шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргасан, гомдлыг шүүгч хүлээн авч хариу тайлбарыг ёс зүйн хороонд хүргүүлсэн байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй" гэсэн үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах хүсэлт гаргасныг Ерөнхий шүүгчийн 2021 оны 8 дугаар 18-ны өдрийн 37 дугаар захирамжаар хүлээн авч шийдвэрлэсэн.Ерөнхий шүүгчийн 2021 оны 8 дугаар 18-ны өдрийн 40 дугаар захирамжаар Г.Ш ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн болно” гэжээ.

Илтгэгч гишүүний саналд: “Илтгэгч гишүүнээс 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гаргасан сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 66 дугаар тогтоолоор доорх гурван үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцааж шийдвэрлэсэн бөгөөд тогтоолд дурдсан 3 үндэслэлийг дахин нягтлахад илтгэгч гишүүн саналдаа тодорхой дүгнэсэн боловч хэрэгт авагдсан баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байсныг Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 215 дугаартай албан бичгээр ... аймаг дахь шүүхийн тамгын газраас нотлох баримтын шаардлага хангуулан авч хэрэгт хавсаргасан. Иймд, сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар шүүгч нь сахилгын зөрчил гаргасан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул ...шүүхийн Ерөнхий шүүгч Т.О , шүүгч Д.А  нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Сахилгын хорооны гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдийн 96 дугаар захирамжаар холбогдох шүүгч нарт сахилгын хэрэг үүсгэн, хариу тайлбарыг авч, шалган 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ...шүүхийн Ерөнхий шүүгч Т.О , шүүгч Д.А  нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг Сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 66 дугаар тогтоолтоор сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаажээ.

Өргөдөлд “...Ш ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүгч Т.О , Д.А  нар нь шударгаар шийдвэрлэж чадахгүй гэсэн эргэлзээ байсан тул Захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 1.3.1.5 удирдлага болгон татгалзан гаргах хүсэлтээ 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ...шүүхэд гаргасан. Гэтэл татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлээгүй байхад Т.О  шүүгч шүүгчийн захирамж гарган урьдчилсан хэлэлцүүлгийг 2021 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн 10:00 цагаас хийхээр тов гаргасан”, ”..зөвлөгөөний татгалзан гаргах хүсэлтэд нэр дурдагдсан хоёр шүүгч биечлэн оролцож шийдвэрлэсэн байна. Захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т "Шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэхдээ уг шүүгчийг байлцуулахгүйгээр шийдвэрлэнэ" гэдгийг ноцтой зөрчсөн” гэх тухайд,

Ерөнхий шүүгч Т.О  2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгч Д.Д Ерөнхий шүүгч Т.О  болон Д.А  нараас татгалзан гаргах хүсэлтийг шүүхэд гаргасныг[1] уншиж сонсгож, нэхэмжлэгчээс татгалзалтай холбоотой саналыг асууж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.8-д “Шаардлагатай бол энэ хуулийн 70.1-д заасан хугацааг нэг удаа 10 хүртэл хоногоор шүүгч сунгаж болно” гэж заасныг баримтлан 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагт хийхээр товыг хойшлуулах тухай 134 дүгээр захирамж[2] гаргасан байх бөгөөд өргөдөлд дурдсан, “...татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлээгүй...” гэсэн гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй байна.

Тухайлбал: ...шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 134 дүгээр захирамжийн үндэслэх хэсэг “...захиргааны хэргийн шүүх хуралдааны товыг тогтоох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлосон боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д гээс Ерөнхий шүүгч болон тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзан гаргах тухай хүсэлтийг дурдаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.6-д заасны дагуу татгалзан гарах хүсэлтийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж тус шүүх хуралдааныг хойшлуулжээ.

Өөрөөр хэлбэл, өргөдөл гаргагч Д.Д 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3, 84.1.5 дахь заалтыг үндэслэж Ерөнхий шүүгч Т.О  болон Д.А  нараас татгалзан гаргах хүсэлтийг[3] шүүхэд гаргасныг ...шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаартай тогтоолоор[4] шүүгч нарыг “татгалзан гаргах хүсэлтийн үндэслэл тогтоогдохгүй байна” гэж үзэн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д "Шүүхэд тухайн шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөгөөн ажиллана" гэж заасан байдаг бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.6-д "Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан, эсхүл тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөгөөн олонхын саналаар шийдвэрлэнэ" гэж заасан нь шүүхийн хуулиар олгогдсон эрх тул өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т заасныг ноцтой зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байна.

“...шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54-р зүйлийн 54.1.3-д заасныг зөрчиж байна” гэх гомдлын тухайд,

Г.Ш нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ...шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлдээ Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлд заасны дагуу дээд шатны байгууллагад хандсан боловч хариу өгөөгүй талаараа дурдаж, холбогдох баримтыг [5] хавсаргажээ.

Нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-д “Гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө” гэсэн хуулийн хугацаа өнгөрсний дараа ...шүүхэд 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гомдол гаргаж, тус шүүх 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “захиргааны хэрэг үүсгэх тухай” 67 дугаартай  захирамж  гаргажээ.

Тус захирамжийн Үндэслэх хэсэгтээ: “Нэхэмжлэгч Г.Ш нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч хуульд заасан хугацаанд гомдлыг хянан шийдвэрлэж хариу өгөөгүй байх тул захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангасан” гэж дурдан нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн байх тул  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54-р зүйлийн 54.1.3-д заасныг зөрчсөн гэх гомдол нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн, иргэн Г.Ш нь ... аймгийн Засаг даргын Тамгын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хууль бус гэж үзэж Төрийн албаны зөвлөлд гомдлоо 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “Монгол шуудан” ХК-аар дамжуулан илгээсэн байх бөгөөд гомдлын хариуг Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаартай албан бичгээр[6] өгсөн өгсөн байна.

“...шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 2021 оны 6-р сарын 11-ний өдрийн 10 цагаас хийхээр зарласан бөгөөд би 10 минутын өмнө зааланд орж 10 цаг 15 хүртэл хүлээсэн шүүгч Т.О  ирээгүй учир цааш хүлээх боломжгүй талаараа Шүүхийн тамгын дарга н.Б болон шүүх хуралдааны нарийн бичгийн даргад хэлээд явсан, гэтэл удалгүй Т.О  утсаар залгаж би нисэх дээрээс ирчихлээ гэсэн би нэгэнт цаг өнгөрсөн тэгээд ч шүүгчтэй утсаар ярилцах нь зохимжгүй гээд тасалсан. Гэтэл намайг оролцуулалгүй урьдчилсан хэлэлцүүлэг хийгээд шүүх хуралдааны тов тогтоосон байна” гэх гомдлын тухайд,

2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр болсон урьдчилсан хэлэлцүүлгийн 55 дугаартай тэмдэглэл[7]-д эхэлсэн цаг 10 цаг 15 эхэлж, 10 цаг 20 минутад дууссан гэж тэмдэглэгдсэн байна.

Мөн урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Г.Ш , гуравдагч этгээд Ц.З нар ирсэн, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д 10 минут хүлээж байгаад явсан гэж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга танилцуулжээ.

Хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Т.О : “Миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхийн хэлэлцүүлэгт 10 минут хоцорч орж ирсэндээ хүлцэл өчье, урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хуралдааны товыг тогтоож хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д д танилцуулах боломжтой” гэж хэлээд дараагийн шүүх хуралдааны товыг тогтоосон байна”.

Шүүгч Т.О  тайлбартаа “...яаралтай онгоцны билет бичүүлэх, утсаар ярих зэрэг шаардлага гарч урьдчилсан хэлэлцүүлэгт 10 минут хоцорч орсон..., ...би утас руу нь залгаж, хоцорсон шалтгаанаа хэлж, уучлал гуйж, урьдчилсан хэлэлцүүлэгтээ буцаж орж ирж оролцохыг хүссэн ...” гэж бичжээ.

Дээрх үйл баримттай холбоотойгоор шүүгч шүүх хуралдаанд хоцорч орсон гэдгээ үгүйсгээгүй байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25-д “шүүх хуралдаан, урьдчилан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих” гэж заасан байх бөгөөд шүүгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас урьдчилсан хэлэлцүүлэгт 10 минут хоцорч хэргийн оролцогчдоос уучлал гуйсан, мөн хуульд зааснаар удаа дараа зөрчөөгүй байх тул сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй.

Илтгэгч гишүүнээс 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гаргасан сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 66 дугаар тогтоолоор доорх гурван үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцааж шийдвэрлэсэн бөгөөд тогтоолд дурдсан 3 үндэслэлийг дахин нягтлахад илтгэгч гишүүн саналдаа тодорхой дүгнэсэн боловч хэрэгт авагдсан баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байсныг Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 215 дугаартай албан бичгээр Баян-Өлгий аймаг дахь шүүхийн тамгын газраас нотлох баримтын шаардлага хангуулан авч хэрэгт хавсаргасан байна.

            Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар ...шүүхийн Ерөнхий шүүгч Т.О , шүүгч Д.А  нар нь сахилгын зөрчил гаргасан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул шүүгч нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай илтгэгч гишүүний саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ...шүүхийн Ерөнхий шүүгч Т.О , шүүгч Д.А  нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                          Д.МЯГМАРЦЭРЭН

     ГИШҮҮН                                Ц.ДАВХАРБАЯР

                                                                                           Б.СУГАР 

 

 

[1] Сахилгын хэргийн 23-25 дахь тал

[2] Сахилгын хэргийн 28-29 дахь тал

[3] Сахилгын хэргийг 154-155 дахь тал

[4] Сахилгын хэргийн 108-109 дэх тал

[5] Сахилгын хэргийн 115 дахь тал-“Монгол шуудан” ХК-аар 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Төрийн албаны зөвлөлд илгээсэн баримт”

[6] Сахилгын хэргийн 117 дахь тал

[7] Сахилгын хэргийн 106 дахь тал